Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 58

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, шүүгч Т.Энхмандах нарын бүрэлдхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Э.Бат-Оргил,

Улсын яллагч Д.Ганчимэг,

Шүүгдэгч Д.Пүрэвцэцэг,

Шүүгдэгч Ч.Эрдэнэжаргал, шүүгдэгч нарын өмгөөлөгч: С.Ганбат, Г.Энхтүвшин, Ч.Отгонбаатар,

Хохирогчийн төлөөлөгч П.Оюунхүү, түүний өмгөөлөгч Б.Батчимэг,

Гэрч Д.Эрдэнэбилэг

Иргэдийн төлөөлөгч Д.Чанцал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Түмэн овгийн Дашцэрэнгийн Пүрэвцэцэг, Зуун цагаан гэрт овогт Чимэдгочоогийн Эрдэнэжаргал нарт холбогдох 201508000235 тоот хэргийг 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Увс аймгийн Улаангом суманд 1973 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ам бүл 7, нөхөр 5 хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын 3 дугаар баг 6 дугаар байрны 42 тоотод оршин суух, Говьсүмбэр аймгийн Боловсролын газрын дарга ажилтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Түмэн овгийн Дашцэрэнгийн Пүрэвцэцэг /РДЕЙ73033129/

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Завхан аймгийн Отгон суманд 1972 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын инженер мэргэжилтэй, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сумын 3 дугаар баг, 6 дугаар байрны 42 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Зуун цагаан гэрт овгийн Чимэдгочоогийн Эрдэнэжаргал /РДИЦ72080273/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Шүүгдэгч Д.Пүрэвцэцэг нь шунахайн сэдэлтээр, давтан үйлдлээр, өөрийн нөхөр Ч.Эрдэнэжаргалтай бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан Говьсүмбэр аймгийн Боловсролын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт 2014 оны 08 дугаар сарын 21-нээс 10 дугаар сарын 21-ний өдрүүдэд Бүтээлч үйлс ХХК-ний захирал Д.Эрдэнэбилэгтэй ажил гүйцэтгэх 3 талт гэрээ байгуулан Бүтээлч үйлс ХХК болон Торгон хийц ХХК-ниудын үйлдвэрлэн нийлүүлсэн 180.933.740 төгрөгийн үнэ бүхийн сурагчийн дүрэмт хувцасыг борлуулсан орлогоос 97.533.049 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бусдад онц их хэмжээний хохирлыг учруулсан

Яллагдагч Ч.Эрдэнэжаргал нь шунахайн сэдэлтээр, давтан үйлдлээр, өөрийн эхнэр Д.Пүрэвцэцэгтэй бүлэглэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт 2014 оны 08 дугаар сарын 21-нээс 10 дугаар сарын 21-ний өдрүүдэд Бүтээлч үйлс ХХК-ний захирал Д.Эрдэнэбилэгтэй ажил гүйцэтгэх 3 талт гэрээ байгуулан Бүтээлч үйлс ХХК болон Торгон хийц ХХК-ниудын үйлдвэрлэн нийлүүлсэн 180.933.740 төгрөгийн үнэ бүхийн сурагчийн дүрэмт хувцасыг борлуулсан орлогоос 97.533.049 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бусдад онц их хэмжээний хохирлыг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ

 

Шүүгдэгч Д.Пүрэвцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ 2014 онд сурагчдын дүрэмт хувцсыг орон даяар улсын хэмжээд борлуулан нийлүүлэхтэй холбоотойгоор Боловсролын яамны сайдын тушаал, заавар, зөвлөмж гарсан. Үүний дагуу 2014 оны 08 дугаар сарын 10-ны өдөр намайг Улаанбаатар хотод ажлаар явж байхад Торгон хийц ХХК-ийн захирал ирж уулзаад энэ жил танай аймагт дүрэмт хувцсаа нийлүүлнэ гэсэн. Тэгээд би энэ талаар Эрдэнэбилэг захиралтай ярилцаад гурван талт гэрээ байгуулсан. Би 2013 онд манай аймагт борлуулалтын тал дээр их хэцүү байсан. Тиймээс танай байгууллагаас борлуулагч манай аймагт тавьж өгөх юм бол хамтарсан гэрээний дагуу гүйцэтгэх үүргээ биелүүлнэ гэж Эрдэнэбилэг захиралтай ярилцсан. Гэтэл Эрдэнэбилэг захирал бид нар орон нутагт борлуулагч ажилтан өгөх хүндрэлтэй байна. Тиймээс та орон нутгаасаа найдвартай хүнээ олоод ажиллуул бид нар сарын үндсэн цалинг 3,000,000 төгрөгийн төсөвт багтааж өгнө. 50 метр квадратаас дээш талбай түрээслээд байраа олсон байгаарай гэсэн үүрэг даалгаврыг надад өгсөн. Тухайн үед би өөрийн нөхөр болох Ч.Эрдэнэжаргалд энэ талаар хэлсэн. Гэтэл Ч.Эрдэнэжаргал чи төрийн албан хаагч ийм ажил хийж болохгүй. Энэ ажлыг чинь би өөрөө хариуцаад хийе гэсэн саналыг надад тавьсан. Би Эрдэнэбилэг захиралд богино хугацаанд итгэлтэй найдвартай хүн олдохгүй байна. Манай нөхөр энэ ажлыг хариуцаад хийе гэж байна гэдгийг утсаар хэлсэн. Тэгээд 1 дүгээр арван жилийн хажуу талд байр түрээслээд ажлаа эхлүүлсэн. Ч.Эрдэнэжаргал, Р.Баасанхүү, Гөлгөө нартай холбогдож худалдагчаар авч ажиллуулсан. Эхний бараа 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ирсэн. 97,500,000 төгрөгийг намайг залилан авсан гэж байна. Тухайн үед би Ч.Эрдэнэжаргалыг мөнгө төгрөгөө алдчихвы гэсэн үүднээс хяналт тавьж ажилладаг байсан. Борлуулалтын мөнгийг Ч.Эрдэнэжаргал тоолж авдаг байсан. Би баримт дээр гарын үсэг зураад тухайн мөнгийг Ч.Эрдэнэжаргалд компаний данс руу тушаагаарай гээд өгдөг байсан. Би 97,500,000 төгрөгөөс нэг ч мөнгө идэж завшсан зүйл байхгүй. Гурван талт гэрээнд заасны дагуу би хяналтаа тавиад ажиллаж, мөнгийг Ч.Эрдэнэжаргалд өгөөд тушаалгадаг байсан. Улсын яллагчийн яллах дүгнэлт дээр гурван талт гэрээг Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт Ч.Эрдэнэжаргал, Д.Эрдэнэбилэг, Д.Пүрэвцэцэг нар 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан гэж байна. Энэ худал зүйл юм. Гурван талт гэрээг тухайн аймгийн сургууль, Боловсролын газар, бэлтгэн нийлүүлэх үйлдвэр гурвын гэрээ байдаг. Энэ гэрээг 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт яамны сайдын тушаалын дагуу байгуулсан. Говьсүмбэр аймагт эхний ээлжинд 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Торгон хийц ХХК-ийн нийлүүлсэн бараа ирсэн. Торгон хийц ХХК-ийн борлуулагч Өсөхбаярын өгсөн мэдүүлэг дээр би барааг Д.Пүрэвцэцэг гэдэг хүнд хүлээлгэж өгөөд баримт авсан гэж мэдүүлсэн байдаг. Би бараа ирэхэд хажууд нь байсан. Гэхдээ худалдагч Р.Баасанхүү барааг хүлээж аваад дараа нь Өсөхбаяр, Р.Баасанхүү нар над дээр ирээд хүлээж авсан бараа тоо ёсоороо бүрэн байна гэсэн. Тэгээд би баримт дээр гарын үсэг зурж, тамга дарсан. Барааг би өөрөө хүлээж аваагүй гэсэн мэдүүлэг.

 

     Шүүгдэгч Ч.Эрдэнэжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ  Би энэ ажлыг хариуцаж ажиллаж байсан үнэн. Хариуцаж ажиллаж байхдаа тухайн газар байнга байдаггүй байсан. Гадуур зар сурталчилгааны ажил, барааг татаж нийлүүлэх зэрэг зохион байгуулалтын ажлыг хийдэг байсан. Мөн худалдагчаас мөнгийг тоолж авч компаний дансанд тушаадаг байсан. Өдөр болгон очиж мөнгө авдаггүй байсан. Заримдаа 2-3 өдрийн орлогыг нийлүүлж авдаг байсан. Нийт борлуулсан бараанаас 33,543,049 төгрөгийн үлдэгдэл гарсан. Би Эрдэнэбилэг захиралтай энэ мөнгөнөөс чинь хоёр худалдагчид өгсөн цалин миний ажлын хөлс бас логоны асуудлыг яаж шийдвэрлэх юм бэ? энэ гэрээ байгуулах шаардлагатай байна гэж хэлсэн. Гэтэл Эрдэнэбилэг захирал энэ талаар ярилцахыг хүсээгүй. Тиймээс тооцоо нийлж чадаагүй гэсэн мэдүүлэг.

 

Хохирогчийн төлөөлөгч П.Оюунхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ Д.Пүрэвцэцэгийн нийт 180,933,740 төгрөгийн бараа авсан. Үүнээс 63,356,710 төгрөгийн буцаалт хийсэн. Тушаасан мөнгө нь 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 19,000,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 20-н өдөр 19,000,000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 19,000,000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 4,000,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 3,000,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 1,600,000 төгрөг, нийт 65,600,000 төгрөг тушаасан. Одоо үлдэж байгаа 31,933,049 төгрөг үлдэж  байгаа. Энэ мөнгийг нэхэмжилж байна гэсэн мэдүүлэг.

 

Гэрч Д.Эрдэнэбилэг мөрдөн байцаалтын шатад мэдүүлэхдээ  2013 онд эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцас гэсэн төсөл эхлээд манай Бүтээлч үйлс компани Говьсүмбэр аймагт нийлүүлэхээр шалгарсан. Говьсүмбэр аймагт Боловсролын газрын дарга, сургуулиудын захирал нартай гурвалсан гэрээ байгуулсан. 2014 онд Боловсролын газрын дарга нарын сургалт Улаанбаатар хотод болоход Боловсролын яамнаас аймгуудын Боловсролын газрын дарга нарт хариуцсан компанитайгаа сурагчийн дүрэмт хувцас зарах гэрээ хий гэсэн чиглэл өгсний дагуу Говьсүмбэр аймгийн Боловсролын газрын дарга Д.Пүрэвцэцэгтэй уулзаад 2014 онд дүрэмт хувцас нийлүүлэх гэрээ хийж гэрээний дагуу 2014 оны 08 дугаар сард эхний хувцсаа нийлүүлж эхэлсэн. Анх боловсролын газрын дарга Д.Пүрэвцэцэгтэй ярьж тохирохдоо би өөрийн 5020903660 гэсэн дансны дугаар өгөөд энэ дансруу борлуулалтын орлогоо хийж байгаарай гэж хэлсэн. Говьсүмбэр аймгийн Боловсролын газраас борлуулалтын орлого орж ирэхгүй байхаар нь Пүрэвцэцэг даргаруу ярихад дансанд мөнгө хийж эхэлсэн. 19 сая төгрөгөөр 3 удаа хийсэн. Тэгээд дахиад орлого зогсчихоор нь Пүрэвцэцэгрүү залгахад борлуулалт байхгүй байна гэхээр нь компаний зүгээс хүмүүс явуулаад тооллого хийсэн чинь 117.577.025 төгрөгийн бараа дутсан. Худалдагч хийж байсан Баасанхүү гэх эмэгтэй Пүрэвцэцэгт хүлээлгэн өгсөн гэсэн. Тэгээд үлдсэн бараагаа тоолж буцаалт хийсэн. Пүрэвцэцэгрүү яриад бараа дутсан байна гэсэн чинь миний бие тааруу байна, биеэ гайгүй болохоор уулзаж учраа ольё түр хүлээж байгаач гэсэн. Ингэж явсаар байгаад 1 жил орчим болсон. Пүрэвцэцэгийн хариуцсан сурагчийн дүрэмт хувцаснаас 49.265.350 төгрөгийн дутагдлыг төлөх талаар Пүрэвцэцэгээс удаа дараа шаардсан боловч зугатаад утсаа авахгүй байсан болохоор арга буюу хуулийн байгууллагад хандах болсон  гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23-24 дүгээр хуудас/

 

Гэрч Р.Цэрэнсүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ...2014 онд Боловсролын газрын дарга Д.Пүрэвцэцэгт 180.933.740 төгрөгийн үнэ бүхий сурагчийн дүрэмт хувцас заруулахаар хүлээлгэн өгсөн. Анх бараа 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр борлуулалтын менежир Өсөхбаяр 135.078.690 төгрөгийн сурагчийн дүрэмт хувцас Говьсүмбэр аймагт аваачиж Пүрэвцэцэгт хүлээлгэн өгсөн. Мөн 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 4.350.000 төгрөгийн сурагчийн дүрэмт хувцсыг Пүрэвцэцэг өөрөө ирж борлуулалтын менежер Түвшинбаатараас авсан байна. Мөн Пүрэвцэцэгийн нөхөр Эрдэнэжаргал 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нярав Цэцэгдэлгэрээс 41.505.050 төгрөгийн сурагчийн дүрэмт хувцас хүлээн авсан байна. 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр үлдсэн дүрэмт хувцас буцаан татахад 63.356.715 төгрөгийн бараа ирсэн. 117.577.025 төгрөгийн бараа зарагдсан байсан гэсэн мэдүүлэг /х.х-ийн 25-26 дугаар хуудас/

 

Гэрч Ө.Өсөхбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ Би 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Бүтээлч үйлс, Торгон хийц компаниудын үйлдвэрлэсэн 135.078.690 төгрөгийн үнэ бүхий сурагчийн дүрэмт хувцасыг Говьсүмбэр аймгийн Боловсролын газрын дарга Пүрэвцэцэгт хүлээлгэн өгсөн гэсэн мэдүүлэг /х.х-ийн 27-28 дугаар хуудас/ 

 

Гэрч А.Түвшинбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ 2014 онд Боловсролын газрын дарга Д.Пүрэвцэцэг Говьсүмбэр аймагт сурагчийн дүрэмт хувцас зарах ажлыг хариуцсан юм. Надаас 2014 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Пүрэвцэцэг нөхөр гэх хүнтэйгээ ирээд 90 дугаартай падаанаар бага ангийн эрэгтэй зангиа 300ш, бага ангийн эмэгтэй зангиа 200ш, бага ангийн сорочкан цамц 100 ш, дунд ангийн сорочкан цамц 100ш, нийт 4.350.000 төгрөгийн бараа авсан гэсэн мэдүүлэг /х.х-ийн 30-31 дугаар хуудас/ 

 

Гэрч Б.Цэцэгдэлгэр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Говьсүмбэр аймгаас зарж борлуулаагүй сурагчийн дүрэмт хувцасыг буцаан татахад намайг явуулсан юм. Би Говьсүмбэр аймагт ирээд Баасанхүү гэх хүнээс 60.225.631 төгрөгийн сурагчийн дүрэмт хувцас хүлээн авсан. Мөн ахлах эм цээж 30ш, ахлах эр өмд 30 ширхэгийг хүлээн авсан. Энэ 60 ширхэг хувцас үнийн дүнд ороогүй гэсэн мэдүүлэг /х.х-ийн 33-34 дүгээр хуудас/ 

 

Гэрч Р.Гөлгөө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ...анх сурагчийн дүрэмт хувцас 2014 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс бараа нь ирээд зарагдаж эхэлсэн. Эхний сард хувцас нилээн гүйлгээтэй байсан. Пүрэвцэцэг дарга өдөр болгон ирж орлогоо авдаг байсан. Пүрэвцэцэг ярихдаа би өөрөө компанитай гэрээтэй учраас өөрөө орлого авч байна гээд бэлэн мөнгөөр авдаг байсан. Би 2014 оны 09 сарын сүүл хүртэл ажиллаад төрөх болоод ажлаасаа гарсан. Надад Пүрэвцэцэг дарга нэг сарын цалин гэж 500.000 төгрөг өгсөн. Тухайн үед надтай хамт миний төрсөн өгч Баасанхүү ажилладаг байсан. Намайг ажлаасаа гарахад Баасанхүү эгч сурагчийн дүрэмт хувцас зарах ажлаа хариуцаад үлдсэн гэсэн мэдүүлэг /х.х-ийн 38 дугаар хуудас/ 

 

Гэрч Ц.Бөхбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ 2014 оны хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө Пүрэвцэцэг манай эхнэр Баасанхүүг сурагчийн дүрэмт хувцас борлуулаад өгөөч сарын цалин 500.000 төгрөг өгье гэсэн юм. Тэгээд сурагчийн дүрэмт хувцас зарах ажилд худалдагчаар 2014 оны 08 дугаар сарын 20-ны үед ороод бараагаа хүлээж аваад зарж эхэлсэн. Сурагчийн дүрэмт хувцас зараад өдөрт орсон орлогоо Пүрэвцэцэгт тушаагаад зарлагын падаан дээр гарын үсэг зуруулж авдаг байсан. Сүүлдээ 2014 оны 10 дугаар сар хүрээд сурагчийн дүрэмт хувцас зарагдахаа болиод мөнгө төгрөггүй хүмүүс хүүхэд хичээлд нь суулгахүй байна гээд зээлээр нилээн хүн авсан гэсэн. Тухайн үед сурагчийн сандал ширээ хийх тендерт би шалгарсан юм. Урьдчилгаа мөнгө захиргаанаас олгохгүй байсан болохоор 7 сая төгрөгийг сандал ширээ авах материалд хэрэглэсэн. Үлдсэн мөнгийг манай эхнэр мэдэх байх гэсэн мэдүүлэг /х.х-ийн 39 дүгээр хуудас/ 

 

Гэрч Ч.Нарантуяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдэ 2014 оны намар Боловсролын газрын мэргэжилтэн Болормаа гэх эмэгтэй ирээд сурагчийн дүрэмт хувцас зарж борлуулах байр хэрэгтэй байна. Та дэлгүүрийнхээ байрыг түрээслэх үү гэсэн. Тэгээд Болормаатай ярьж тохиролцоод 1 сарын 250.000 төгрөгөөр түрээсэлсэн. Тухай үед худалдагчаар нь Баасанхүү гэх эмэгтэй ажиллаж байсан гэсэн мэдүүлэг /х.х-ийн 40 дүгээр хуудас/ 

 

Гэрч Б.Болормаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ 2014 онд аймаг болгоны Боловсролын газрын дарга, дүрэмт хувцас хариуцсан мэргэжилтнүүдийг цуглуулаад шинэ сурагчийн дүрэмт хувцас танилцуулаад бид 2 хамт очиж гэрээ хийсэн. Сурагчийн дүрэмт хувцас зарах ажлыг Пүрэвцэцэг өөрөө зохион байгуулсан. Сурагчийн дүрэмт хувцас зарах байр хэрэгтэй байна гэхээр нь 1 дүгээр сургуулийн зүүн талд байдаг Нараа гэх хүний хуучин дэлгүүр байсан байрыг олж өгсөн. Түрээсийн асуудлыг Нараа Пүрэвцэцэг 2 өөрсдөө тохирсон байх. Тухайн үед би худалдагч Р.Баасанхүүгээс хүмүүст сурагчийн сурагчийн дүрэмт хувцас зээлж авч өгсөн нь үнэн гэсэн мэдүүлэг /х.х-ийн 242 дугаар хуудас/

 

Депозит дансны харилцагчийн хуулга /х.х-ийн 83-98, 186-189, 215-228 дугаар хуудас/

 

Д.Пүрэвцэцэгт бэлэн мөнгө хүлээлгэн өгч байсан зарлагын баримт /хх-ийн 100-122 дугаар хуудас/

 

Ажил гүйцэтгэх гурван талт гэрээ / хх-ийн 124-173 дугаар хуудас/

                                                                                                                                                                                                                                                         

Торгон хийц ХХК-иас сурагчийн дүрэмт хувцас зарлагын баримтаар хүлээлгэн өгсөн баримт, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 2 дугаар хавтас 35-40 дугаар хуудас/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 75-80 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 007/065 дугаар дүгнэлтэнд

Шинжилгээнд хүргүүлж байгаа 201508000235 дугаартай хэргийн 1 дүгээр хавтасны 101-119 дугаар хуудсанд байх нотариатаар батлуулсан 37 ширхэг зарлагын баримтны хүлээн авагчийн хэсэгт байгаа гарын үсэг нь эх хувиар бус учир харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. Зарлагын баримт №1-37 хүртэл дугаарлан эх хувиар ирүүлсэн байх тул гар бичвэр болон Ч.Эрдэнэжаргал, Д.Пүрэвцэцэг нараар өөрсдөөр нь цагаан цаасан дээр зуруулж авсан гарын үсэг, гар бичвэр нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

Хэрэв тэнцэж байвал 201508000235 дугаартай хэргийн 1 дүгээр хавтасны 101-119 дугаар хуудсанд байх нотариатаар батлуулсан 37 ширхэг зарлагын баримт буюу Зарлагын баримт №1-37 хүртэл дугаарласан баримтны хүлээн авагчийн хэсэгт байгаа гарын үсэг, гар бичвэр болон зуруулж авсан гарын үсэг, гар бичвэртэй болон Ч.Эрдэнэжаргал, Д.Пүрэвцэцэг нарын мэдүүлэг дээр байгаа гарын үсэгтэй тохирч байна. Ч.Эрдэнэжаргал, Д.Пүрэвцэцэг нарын гарын үсэг мөн байна. Говьсүмбэр аймгийн ШШАлбаны криминалистикийн ахлах шинжээч цагдаагийн ахлах дэслэгч Г.Мөнхсайхан гэсэн дүгнэлт / хх-ийн 2 дугаар хавтас 76-89 дүгээр хуудас/

 

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц гэм судлалын 624, 625 дугаар дүгнэлтэнд:

Ч.Эрдэнэжаргал, Д.Пүрэвцэцэг нар нь урьд ямар нэгэн сэтгэцийн өвчингүй, өөрийнхөө үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна гэсэн дүгнэлт гарсан байна.

 

           Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Эрдэнэжаргал нь шунахайн сэдэлтээр, давтан үйлдлээр, өөрийн эхнэр Д.Пүрэвцэцэгтэй Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт 2014 оны 08 дугаар сарын 21-нээс 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрүүдэд Бүтээлч үйлс ХХК-ний захирал Д.Эрдэнэбилэгтэй ажил гүйцэтгэх 3 талт гэрээ байгуулан Бүтээлч үйлс ХХК болон Торгон хийц ХХК-ниудын үйлдвэрлэн нийлүүлсэн 180.933.740 төгрөгийн үнэ бүхийн сурагчийн дүрэмт хувцасыг борлуулсан орлогоос 97.533.049 төгрөгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бусдад онц их хэмжээний хохирлыг учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Учир нь шүүгдэгч Ч.Эрдэнэжаргал нь Бүтээлч Үйлс ХК, Торгон Хийц ХХК-ний захирал Д.Эрдэнэбилэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд биш байна. Харин шүүгдэгч Ч.Эрдэнэжаргал нь сурагчийн дүрэмт хувцасыг борлуулсан орлогыг шүүгдэгч Д.Пүрэвцэцэгээс авч байсан талаар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг боловч энэ нь гэр бүлийн гишүүдийн хооронд хийгдсэн ахуйн шинжтэй харилцаа байна. Иймд шүүгдэгч Ч.Эрдэнэжаргалын үйлдэл нь бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн бүрэлдхүүнгүй, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авахаар хуурч мэхэлсэн, бодит байдлыг гуйвуулсан, нуун дарагдуулсан, зохиомол байдлыг зориуд бий болгосон бусдын эд хөрөнгийг авахаар санаатай үйлдэл хийсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй, гэмт хэргийн бүрэлдхүүнгүй байх тул Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Харин шүүгдэгч Д.Пүрэвцэцэг нь албан тушаалын байдлаа ашиглан Говьсүмбэр аймгийн Боловсролын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт 2014 оны 08 дугаар сарын 21-нээс 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрүүдэд Бүтээлч үйлс ХК-ний захирал Д.Эрдэнэбилэгтэй ажил гүйцэтгэх 3 талт гэрээ байгуулан Бүтээлч үйлс ХК болон Торгон хийц ХХК-ниудын үйлдвэрлэн нийлүүлсэн 180.933.740 төгрөгийн үнэ бүхий сурагчийн дүрэмт хувцасыг борлуулсан орлогоос 33.533.049 төгрөгийг хувьдаа завшиж их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэргийн бүрэлдхүүнтэй байна. Учир нь шүүгдэгч Д.Пүрэвцэцэг нь 2014 оны 05 сарын 15-ны өдөр байгуулсан Бүтээлч Үйлс ХК-тай Ажил Гүйцэтгэх Гурван Талт гэрээ байгуулж зохион байгуулагчийн эрх, үүргийг хүлээж оролцсон байх ба гэрээний 2.1.2 дахь хэсэгт зааснаар Нийлүүлсэн дүрэмт хувцасыг захиалагчтай хамтран хүлээн авах эрхтэй ба энэ эрхийхээ дагуу Бүтээлч Үйлс ХК-аас нийт 180.933.740 төгрөгний сурагчийн дүрэмт хувцасыг хүлээж авсан байх бөгөөд уг барааны орлого болох 33.533.049 төгрөгийг шүүгдэгч Ч.Эрдэнэжаргалд өгч байсан. Өөрөөр хэлбэл Бүтээлч Үйлс ХК-аас өөрийн өмчийг гэрээгээр итгэмжлэн хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн байхад бусдын эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан хувьдаа завшиж үрэгдүүлсэн байна. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Д.Эрдэнэбилэгийн мөрдөн байцаалтын шатанд ...Говьсүмбэр аймгийн Боловсролын газрын дарга Д.Пүрэвцэцэгтэй уулзаад 2014 онд дүрэмт хувцас нийлүүлэх гэрээ хийж гэрээний дагуу 2014 оны 08 дугаар сард эхний хувцсаа нийлүүлж эхэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, гэрч Р.Цэрэнсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд ..2014 онд Б.Пүрэвцэцэгт 180.933.740 төгрөгний знэ бүхий сурагчийн дүрэмт хувцас заруулахаар хүлээлгэн өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/, гэрч Ө.Өсөхбаярын мөрдөн байцаалтанд Би 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Бүтээлч үйлс, Торгон хийц компаниудын үйлдвэрлэсэн 135.078.690 төгрөгийн үнэ бүхий сурагчийн дүрэмт хувцасыг Говьсүмбэр аймгийн Боловсролын газрын дарга Пүрэвцэцэгт хүлээлгэн өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/, гэрч А.Түвшинбаатарын мөрдөн байцаалтын шатанд ...Надаас 2014 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Пүрэвцэцэг нөхөр гэх хүнтэйгээ ирээд 90 дугаартай падаанаар бага ангийн эрэгтэй зангиа 300ш, бага ангийн эмэгтэй зангиа 200ш, бага ангийн сорочкан цамц 100 ш, дунд ангийн сорочкан цамц 100ш, нийт 4.350.000 төгрөгийн бараа авсан... гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, гэрч Р.Гөлгөөгийн мөрдөн байцаалтанд ...Эхний сард хувцас нилээн гүйлгээтэй байсан. Пүрэвцэцэг дарга өдөр болгон ирж орлогоо авдаг байсан. Пүрэвцэцэг ярихдаа би өөрөө компанитай гэрээтэй учраас өөрөө орлогоо авч байна гээд бэлэн мөнгөөр авдаг байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/, яллагдагч Баасанхүүгийн мөрдөн байцаалтын шатанд ...нийт 180.933.740 төгрөгийн бараа ирсэн. Пүрэвцэцэг орлогоо надад өгч байгаарай гэдэг байсан. Дандаа бэлнээр орлогын мөнгийг авдаг байсан... гэх /хх-ийн 59-60 дугаар хуудас/ мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Иймд Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Пүрэвцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлж өөрчлөх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Пүрэвцэцэг нь анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохиролыг нөхөн төлөөгүй зэрэг байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар түүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс 200.000 /хоёр зуун мянган/ төгрөг хурааж хорих ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пүрэвцэцэгт оногдуулсан 200.000 /хоёр зуун мянган/ төгрөгний эд хөрөнгө хураах нэмэгдэл ял болон хорих ялыг  өршөөн хэлтэрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Хохирогч байгууллагын төлөөлөгч П.Оюунхүү нь шүүгдэгч Ч.Эрдэнэжаргал, Д.Пүрэвцэцэг нараас хохирол төлбөрт мөрдөн байцаалтын шатанд 33.533.049 төгрөгийг нэхэмжилж байгаа ба шүүгдэгч нар нь шүүгдэгчийн төлсөн 1.600.000 төгрөгийг хасч нийт 31.933.049 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч Д.Пүрэвцэцэгээс гаргуулж Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Баруун 4 зам, 11 дүгээр сургуулийн урд байрлах Бүтээлч үйлс ХК, Торгон Хийц ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ч.Эрдэнэжаргал, Д.Пүрэвцэцэг нар нь цагдан хоригдоогүй, энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.1. 283,  286, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Зуун цагаан гэрт овогт Чимэдгочоогийн Эрдэнэжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шунахайн сэдэлтээр, давтан үйлдлээр, бүлэглэн, хуурч мэхлэн, итгэл эвдэн бусдын 97.533.049 төгрөгийн эд зүйлийг залилан мэхэлсэн гэх хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Шүүгдэгч Түмэн овгийн Дашцэрэнгийн Пүрэвцэцэгийг шунахайн сэдэлтээр, давтан үйлдлээр, бүлэглэн, албан тушаалын байдлаа ашиглан хуурч мэхлэн, итгэл эвдэн бусдын 97.533.049 төгрөгийн эд зүйлийг залилан мэхэлсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг мөн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

3. Шүүгдэгч Түмэн овгийн Дашцэрэнгийн Пүрэвцэцэгийг бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлэн бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

4. Шүүгдэгч Д.Пүрэвцэцэгт Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь

хэсэгт зааснаар хувьд ногдох эд хөрөнгөнөөс 200000 /хоёр зуун мянган/ төгрөгийг хурааж, 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

5. Шүүгдэгч Д.Пүрэвцэцэгт оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

6. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Түмэн овгийн Дашцэрэнгийн Пүрэвцэцэгт оногдуулсан 200000 /хоёр зуун мянган/ төгрөгийг хураах болон 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.

 

7. Шүүгдэгч Ч.Эрдэнэжаргал, Д.Пүрэвцэцэг нар нь цагдан хоригдоогүй, энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Пүрэвцэцэгээс 31.933.049 /гучин нэгэн сая есөн зуун гучин гурван мянга дөчин есөн/ төгрөгийг гаргуулж, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Баруун 4 зам, 11 дүгээр сургуулийн урд байрлах “Бүтээлч үйлс” ХК, “Торгон Хийц” ХХК-д олгосугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар  шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Эрдэнэжаргалд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Пүрэвцэцэгт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                              О.ОДНЯМАА

                                             ШҮҮГЧ                              Ш.ГАНДАНСҮРЭН

                                                                                       Т.ЭНХМАНДАХ