Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 221

 

Д.Пү-, Ч.Эр-, Р.Ба-

нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Ч.Эр-, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр шийтгэх тогтоол, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаар магадлалтай 201508000235 дугаар эрүүгийн хэргийг Говьсүмбэр аймгийн ерөнхий прокурор С.Батсүрэнгийн гаргасан эсэргүүцэл болон шүүгдэгч Д.Пү-, Ч.Эр- нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1973 онд төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй Д.Пү-,

2. Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын инженер мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй Ч.Эр-нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан “Бүлэглэн бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлэн онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

3. Монгол Улсын иргэн, 1971 онд төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, шаварчин, будагчин мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй Р.Ба- нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлэн үлэмж хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Пү-ийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг завшиж онц их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Ч.Эр-ыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлэн онц их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Р.Ба-г бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлэн үлэмж хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3, тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д.Пү-ээс 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ял, шүүгдэгч Ч.Эр-аас 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Пү-, Ч.Эр- нарт оногдуулсан ялыг тус тус өршөөн хэлтрүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүгдэгч Р.Ба-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Д.Пү-ээс 15.716.524 төгрөгийг, шүүгдэгч Ч.Эр-аас 15.716.524 төгрөг, шүүгдэгч Р.Ба-гээс 10.839.396 төгрөг тус тус гаргуулж, “БҮ” ХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан” гэснийг хасаж, тогтоох хэсгийн 2, 3, 4 дүгээр заалтыг “2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Пү-, Ч.Эр- нарт Эрүүгийн хуулийн /2002 он/ ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, мөн тогтоох хэсгийн дугаарлалтыг өөрчилж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Говьсүмбэр аймгийн ерөнхий прокурор С.Батсүрэн гаргасан эсэргүүцэлдээ “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ. Учир нь шүүгдэгч Р.Ба- нь анхан шатны шүүх хуралдаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа мэдүүлсэн. Гэтэл шүүгдэгч Ч.Эр-, Д.Пү- нар нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд удаа дараа мэдүүлсэн байдаг. Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ч.Эр-, Д.Пү- нар нь гэм буруугийн асуудлаар маргаж байгаа бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байсаар байхад дээрх шүүгдэгч нарт холбогдох хэргийг 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй буюу Давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна. Энэ нь 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсгийг зөрчжээ. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч Д.Пү- гаргасан гомдолдоо “Миний бие “ТХ”, “БҮ” компаниудад ямар нэгэн ажил хийж гүйцэтгэж байгаагүй ба ямар нэгэн гэрээгээр ажиллаж байгаагүй билээ. Гэтэл намайг хэрэгт хамааруулж яллахдаа тухайн байгууллагын итгэмжлэгдэн хариуцсан этгээд байсан мэтээр үзэж ял оноосон нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Намайг хэрэгт хамруулж шалгахдаа зөвхөн хохирогч талын хуурамч мэдүүлэгт үндэслэсэн нь хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Хохирогч хуурамч мэдүүлэг өгч байгааг Дорноговь аймгийн давж заалдах шатны шүүх олж хараад дахин шалгах шаардлагатай гэж буцаасан байхад шалгах ажиллагааг явуулахгүй байгаа нь хэргийг мөрдөн шалгах, шүүхийн шатанд үгсэн хуйвалдаж байна гэж харагдаж байна. Миний бие бусдын мөнгийг авч ашигласан зүйлгүй, хэдийгээр мөнгөний баримтад гарын үсэг зурсан боловч өөрөө мөнгийг авч байгаагүй гэдгийг худалдагч Р.Ба- болон Ч.Эр- нар мэдүүлсэн байхад намайг авч ашигласан гэж хийсвэрээр үзэж байгаа нь хэргийг шийдвэрлэхдээ гарцаагүй баримт мэдүүлэгт үндэслэхгүй байна гэж үзэж байна. Намайг эрүүгийн хэрэгт хамруулан ял оноох хэсэг бүлэг хүмүүсийн үгсэн хуйвалдсан явдал гэж үзэж байгаа бөгөөд үүндээ хуулийг буруу ашиглаж байна гэж үзэж байгаа тул хэргийг хянаж үнэн зөвийг тогтоон Д.Пү- намайг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч Ч.Эр- гаргасан гомдолдоо “Иргэний хэрэгт зориудаар эрүүгийн хэрэг үүсгэн ялласан. Хохирогч тал нь Иргэний хуульд заасны дагуу хөлс төлөхөөс зайлсхийсэн. Хохирлын хэмжээг тогтоохдоо хохирогчийн нэхэмжилсэн дүнг санаатайгаар нэмэгдүүлж, эрүүгийн хэрэг үүсэхээс өмнө тооцоо нийлэхээс өмнө төлсөн мөнгийг хохиролд оруулж тооцсон. Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлд заасны дагуу үүссэн нөхцөл байдалд яллагдагч Д.Пү-, Ч.Эр-, Р.Ба- нар нь тухайн байгууллагын гэрээгээр итгэмжлэгдсэн ажилтан байсан мэтээр үзэж хуулийг буруу хэрэглэсэн. Хохирогч нь анхнаасаа хуурамч мэдүүлэг өгч Ч.Эр-ыг танихгүй цагдаад хандаад хэрэг үүссэний дараа гарч ирсэн гэх боловч цагдаад хандахаас өмнө 2 тал уулзаад төлбөрийг Ч.Эр- хариуцаж барагдуулахаар, зөрүүтэй тооцоог хамт нийлэхээр үйлдсэн баримт, Ч.Эр-аас барааны үнэ хүлээн авч байсан төлбөрийн баримт, хохирогч талын гэрч Б.Цэцэгдэлгэрийн мэдүүлэг зэргээр нотлогдож байхад авч хэрэгсээгүй.

Лого захиалсан тухайд илт үгүйсгэсэн боловч энэ тухай ярьж байснаа хүлээсэн Д.Эрдэнэбилэгийн шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, лого захиалсан майл аваагүй гэх худал мэдүүлэг зэргээс нотлогдож байхад огт хэлэлцээгүй. Дорноговь аймгийн давж заалдах шатны шүүхээс гаргасан магадлалын дагуу шалгаж нотлох зайлшгүй ажлуудыг хийж гүйцэтгээгүй. Ч.Эр- намайг хэргээ хүлээхгүй байгаа мэтээр үзсэн. Миний хувьд бусдад хохирол учруулсан, түүнийгээ төлж барагдуулна гэдгээ удаа дараа мэдэгдсэн бөгөөд зөвхөн хуулийн зүйл заалт буруу, хохирлын хэмжээ буруу байна гэснийг хэргээ хүлээхгүй байна гэж үзэж шийдвэрлэсэн. Миний бие цалин хөлс, үйл ажиллагааны зардал зэргийг иргэний журмаар шийдүүлэх хүсэлтэй байна. Иймд уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, гэм буруугийн талаар маргаж байгаа Д.Пү-, мөн хохирол төлбөрийн талаар маргаж байгаа Ч.Эр- нарыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийг үндэслэж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулсан нь буруу бөгөөд энэ нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасныг зөрчиж байгаа юм. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Говьсүмбэр аймгийн ерөнхий прокурор С.Батсүрэнгийн гаргасан эсэргүүцэл болон шүүгдэгч Д.Пү-, Ч.Эр- нарын гаргасан гомдлыг үндэслэн Д.Пү-, Ч.Эр-, Р.Ба- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, түүнчлэн шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Д.Пү- нь өөрийн нөхөр Ч.Эр-тай бүлэглэн, Говьсүмбэр аймгийн Боловсролын газрын даргаар ажиллаж байхдаа “БҮ” ХК-ийн захирал Д.Эрдэнэбилэгтэй ажил гүйцэтгэх гурван талт гэрээ байгуулан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутагт 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрүүдэд тус компани үйлдвэрлэн нийлүүлсэн 180.933.740 төгрөгийн үнэ бүхий сурагчийн дүрэмт хувцсыг итгэмжлэгдэн хариуцаж байхдаа иргэн Р.Ба-гийн зарж борлуулсан орлогоос 40.533.049 төгрөгийг хувьдаа завшиж, онц их хэмжээний хохирол учруулсан,

Р.Ба- нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутагт 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрүүдэд “БҮ” ХК-аас үйлдвэрлэн нийлүүлсэн 180.933.740 төгрөгийн үнэ бүхий сурагчийн дүрэмт хувцсыг итгэмжлэгдэн хариуцаж байхдаа сурагчийн дүрэмт хувцас борлуулсан орлогоосоо 14.131.666 төгрөгийг завшиж, үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх Д.Пү-, Ч.Эр- нарыг бүлэглэж, бусдын эд хөрөнгийг завшиж онц их хэмжээний хохирол учруулсан хэргийг үйлдсэн гэж дүгнэн, тэдний үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч тус бүрт 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийтгэхдээ Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Р.Ба-г 180.933.740 төгрөгийн үнэ бүхий сурагчийн дүрэмт хувцсыг итгэмжлэгдэн хариуцаж байхдаа сурагчийн дүрэмт хувцас борлуулсан орлогоос 14.131.666 төгрөгийг хувьдаа завшиж үлэмж хэмжээний хохирол учруулсан хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Өршөөл үзүүлэх тухай дээрх хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Харин давж заалдах шатны шүүх Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар прокуророос шүүгдэгч Д.Пү-, Ч.Эр- нарт 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсэгт “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний эцэст энэ хуулийг хэрэглэнэ” гэж хуульчилсан байх бөгөөд шүүгдэгч Д.Пү-, Ч.Эр- нар гэм буруугийн талаар маргаж байхад дээрх хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар тэдний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Пү-, Ч.Эр- нарт холбогдох хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм бурууг тогтоож, хуульд заасан ял шийтгэл оногдуулсны үндсэн дээр тухайн оногдуулсан ялаас өршөөн хэлтрүүлсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  дээд шатны прокурорын эсэргүүцлийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 06 дугаар магадлалыг хүчингүй болгож, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Пү-, Ч.Эр- нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                       ДАРГАЛАГЧ                                              Б.ЦОГТ

                                       ШҮҮГЧ                                                       С.БАТДЭЛГЭР

                                                                                                          Д.ГАНЗОРИГ

                                                                                                          Ч.ХОСБАЯР

                                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН