Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2020/00607

 

С.О-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2019/00723 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 979 дүгээр магадлалтай,

С.О-ы нэхэмжлэлтэй,

Н-т холбогдох,

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болдбаярын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч С.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/00888 дугаартай шийдвэрээр Сын С.О, Лгийн Ц нараас 41 337 657 төгрөг гаргуулж “А” ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураан авсан төлбөр төлөгч С.О, Л.Ц нарын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204019830, Г-2204002178 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Төв гудамжны, 216 тоот 376 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай газар, гаражийг Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 113 814 456 төгрөгийн 70%-иар тооцон 79 670 120 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болох доод үнийг тогтоосон нь зураг төсөвтэй хийсэн ажлын гүйцэтгэл санхүүгийн тайлан тэнцэлд зардал нь тодорхой тусгагдсан обектын үнийг үндэслэлгүй тогтоосон тул шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Оюунбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 00888 дугаартай шийдвэрээр Сын С.О, Лгийн Ц нараас 41 104 833 төгрөгийг гаргуулж “А” ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

Төлбөр төлөгч С.О, Л.Ц нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204019830, Г-2204002178 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, төв гудамж, 216 тоот 376 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасны дагуу битүүмжилж, хураасан.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгөд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу 2018 оны 4/18759 тоот албан бичгээр үнийн санал ирүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдэхэд үнийн саналаа 330 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагчид танилцуулахад шинжээч томилох талаар хүсэлт гаргасан тул хөрөнгийн үнэлгээний “В” ХХК-ийг томилоход 113 814 456 төгрөгөөр үнэлсэн.

Хөрөнгийн үнэлгээг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4/19559, 4/19558 тоот албан бичгээр төлбөр төлөгч нарт гардуулан өгч, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарлаж албадан дуудлага худалдаанд оруулах тухай 4/435 дугаар мэдэгдэл, 12/35 дугаар тогтоолыг төлбөр төлөгчийн оршин суух хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.4-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон үнэлгээ 113 814 456 төгрөгийн 70 хувиар тооцон 79 670 120 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр оруулахад үнийн санал ирээгүй тул 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд үнэлгээчний тогтоосон үнэлгээ 113 814 456 төгрөгийн 50 хувиар тооцон 56 907 228 төгрөгөөр нийтэд зарлаж албадан дуудлага худалдаанд оруулахад 58 407 228 төгрөгөөр худалдан борлогдсон байна.

Төлбөр төлөгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд үнэлгээний талаарх гомдлоо гаргаагүй, хуулийн хугацаа хэтэрсэн, хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2019/00723 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар Нт холбогдох Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 00888 дугаартай шийдвэрээр С.О, Л.Ц нараас 40 974 833 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 362 824 төгрөгийн хамт гаргуулж “А “ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу явагдсан ажиллагаа болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 979 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2019/00723 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Оаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болдбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2019/00723 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 979 тоот магадлалыг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 888 дугаар шийдвэрээр С.О, Л.Ц нараас 41 337 657 төгрөг гаргуулж “А” ХХК-д олгож шийдвэрлэсэн. Нраас томилогдсон шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог зохицуулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заасны дагуу үнэлгээг гаргаагүй.

С.Оы өмчлөлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Төв гудамжны 216 тоотод байрлах 376 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбай бүхий газар, гаражийг үнэлэхдээ зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн, зураг төсөвтэй хийсэн ажлын гүйцэтгэл санхүүгийн тайлан тэнцэлд зардал нь тодорхой тусгагдсан объектын үнийг үндэслэлгүй багасгаж тухайн хөрөнгүүдийн үнийг судлаагүй, харьцуулалт хийгээгүй дүгнэлт гаргасан, бодитойгоор хийсэн үнэлгээ гэж үзэх боломжгүй бөгөөд анхан шатны шүүх энэ баримтад үнэлэлт өгөөгүй байхад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг дутуу шалгаж бүрэн гүйцэд тодруулах арга хэмжээ аваагүйгээс болж шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, түүнчлэн уг шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлал дээрх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч С.О Нт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн “В” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцаг эс зөвшөөрч, маргажээ.

С.О нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...зураг төсөвтэй, хийсэн ажлын гүйцэтгэл, санхүүгийн тайлан, тэнцэлд зардал нь тодорхой тусгагдсан объектын үнийг үндэслэлгүй тогтоосон...” гэж тайлбарлажээ.

С.О, Д.Ц нараас 41 337 657 төгрөгийг гаргуулан “А” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШШ2017/00888 дугаар шийдвэр, гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөр төлөгчид төлбөрөө төлөхийг мэдэгдэж, улмаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, төв гудамж, 21б тоотод байрлах 376 м.кв талбай бүхий хувийн сууц, гараж, 700 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөлийн газрыг төлбөрт битүүмжлэн, хурааж, албадан дуудлага худалдаан оруулахаар үнийн санал авахад талууд тохиролцоогүй үндэслэлээр шинжээчээр хөрөнгийн үнэлгээний “В” ХХК-ийг томилж, шинжээч үл хөдлөх эд хөрөнгийг 113 814 456 төгрөгөөр үнэлжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ ...шинжээч үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1., 8.2.-т заасны дагуу үнэлээгүй, тухайн хөрөнгүүдийн үнийг судлалгүй үндэслэлгүй багасгасан, харьцуулалт хийгээгүй байхад шүүх энэ баримтад үнэлэлт өгөөгүй, ...нотлох баримтыг дутуу шалгасан, тодруулах арга хэмжээ аваагүйгээс шийдвэр, магадлал үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй...” гэжээ.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-д хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2.-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж, 8.2.-т санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дангаараа, эсхүл төрийн холбогдох эрх бүхий байгууллагатай хамтран тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, зориулалтад нийцсэн, хөрөнгийн үнэлгээний аргачлалыг баталж, мөрдүүлнэ гэж заасан.

Шинжээч үнэлгээг хийхдээ барилгын шинж байдал, хэмжээний талаар бодит тоо, мэдээ, материалд нарийвчлан судалгаа хийж, үнэлүүлж буй объектын өртгийн дүгнэлтийг гаргахдаа эрэлт хэрэгцээний, өөрчлөлтийн, орлуулах, хувьсах порпорцын, туйлын бүтээмжийн, эрчимт ашиглалтын, хүлээлтийн зэрэг зарчмыг баримталж, зардлын хандлагаар үнэлэхдээ Үнэлгээний Олон Улсын Консулаас нийтээр хүлээн зөвшөөрсөн стандартын хүрээнд боловсруулсан аргачлалыг баримталж, зардлын хандлагын аргаар үнэлж, зах зээлийн үнийг тодорхойлсон нь хөрөнгийн үнэлгээний тайланд тусгасан  байх тул шинжээчийн үнэлгээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Шүүх нэхэмжлэгч нь шинжээчийн үнэлгээг баримтаар үгүйсгээгүй, үнэлгээг зөвшөөрөхгүй гэх нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэхдээ хэрэгт байгаа нотлох баримтад тулгуурласан байх тул нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй гэх гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн шийдвэр гүйцэтгэгч “В” ХХК-ийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч С.Од  2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр танилцуулсан байхад нэхэмжлэгч нь үнэлгээний талаарх гомдлыг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан нь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д заасан “талууд үнэлгээний талаарх гомдлоо шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэсэн заалтыг зөрчсөн, нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэх дүгнэлт хуульд нийцжээ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй болохыг дурдаж, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тайлбараа баримтаар нотлоогүй, нотлох үүргээ биелүүлээгүй, үнэлгээний талаарх гомдлоо хуульд заасан хугацаанд гаргаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7. дахь заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэн шийдвэрийг хэвээр үлдээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх заалтад нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2019/00723 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 979 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Болдбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч С.Оаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД