Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2019/00723

 

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 181/ШШ2019/00723

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: С.О-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: НШШГГ-т холбогдох

үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, түүний өмгөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, нарийн бичгийн даргад Ж.Мөнхжаргал нар оролцов.

                                                                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч С.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 181\ШШ2018\00888 дугаартай шийдвэрээр С.О, Л.Ц нараас 41.337.657 төгрөг гаргуулж Ариг банк ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураан авсан төлбөр төлөгч С.О, Л.Ц нарын эмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2204019830, Г-2204002178 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Төв гудамжны, 216 тоот 376 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай газар, гражийг Иргэний хуулийн 177-р зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 113.814.456 төгрөгийн 70%-иар тооцон 79.670.120 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болох доод үнийг тогтоосон нь зураг төсөвтэй хийсэн ажлын гүйцэтгэл санхүүгийн тайлан тэнцэлд зардал нь тодорхой тусгагдсан обектын үнийг үндэслэлгүй тогтоосон тул шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 00888 дугаартай шийдвэрээр Санжаажавын Отгонсайхан, Лувсанбалдангийн Цэ нараас 41.104.833 төгрөгийг гаргуулж Ариг банк ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн.

Төлбөр төлөгч С.О, Л.Ц нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204019830, Г-2204002178 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, төв гудамж, 216 тоот 376 м.кв талбайтай хувийн сууц, 700 м.кв талбайтай газрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасны дагуу битүүмжилж, хураасан.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгөнд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу 2018 оны 4/18759 тоот албан бичгээр үнийн санал ирүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдэхэд үнийн саналаа 330.000.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагчид танилцуулахад шинжээч томилох талаар хүсэлт гаргасан тул хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийг томилоход 113.814.456 төгрөгөөр үнэлсэн.

Хөрөнгийн үнэлгээг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4/19559, 4/19558 тоот албан бичгээр төлбөр төлөгч нарт гардуулан өгч, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарлаж албадан дуудлага худалдаанд оруулах тухай 4/435 дугаар мэдэгдэл, 12/35 дугаар тогтоолыг төлбөр төлөгчийн оршин суух хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1,4-д заасны дагуу үнэлгээчний тогттоосон үнэлгээ 113.814.456 төгрөгийн 70 хувиар тооцон 79.670.120 анхны албадан дуудлага худалдаанд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр оруулахад үнийн санал ирээгүй тул 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдаанд үнэлгээчний тогттоосон үнэлгээ 113.814.456 төгрөгийн 50 хувиар тооцон 56.907.228 төгрөгөөр нийтэд зарлаж албадан дуудлага худалдаанд оруулахад 58.407.228 төгрөгөөр худалдан борлогдсон байна.

Төлбөр төлөгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд үнэлгээний талаархи гомдлоо гаргаагүй, хуулийн хугацаа хэтэрсэн, хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                             ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

            Нэхэмжлэгч С.О нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, мөн хуулийн 11.2-т Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 00888 дугаартай шийдвэрээр С.О, Л.Ц нараас 40.974.833 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 362.824 төграгийн хамт гаргуулж Ариг банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.

            Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолоор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 00888 дугаартай шүүгчийн захирамж, уг захирамжийг албадан биелүүлэх тухай захирамж, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0001 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна./х.х-ийн 39-45-р хуудас/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 3/01, 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 3/02, 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 3/02, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 3/02 тоот мэдэгдэлүүдээр ... шүүхийн 00888 дугаартай шийдвэрийг биелүүлэхийг шаардаж, тэмдэглэл үйлдэн, анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4/19559, 4/19558 тоот мэдэгдлээр С.О, Л.Цэцгээ нарт мэдэгджээ. /х.х-ийн 49-51,54,55,63,85-87-р хуудас/

Мөн тус мэдэгдлүүдээр С.О, Л.Ц нарыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хулийн 62 дугаар зүйлд заасны дагуу хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гараагүй тохиолдолд төлбөр төлөгч шинжээчийн үнэлгээний мэдэгдлийг хүлээн авсанаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг шинжээчийн үнэлсэн үнээс багагүй үнээр бие даан худалдан борлуулах саналыг гаргаж болохыг мэдэгдсэн байна. /хх-ийн 85,87-р хуудас/

2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 18280290/01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 18280290 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоолыг хөндлөнгийн гэрч байлцуулан тус тус үйлдэж, тэмдэглэл хөтөлсөн байна. /хх-ийн 56-62-р хуудас/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч нар харилцан тохирч тогтооно гэсэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасан шаардлагыг биелүүлэхээр төлбөр төлөгчийг үнийн санал ирүүлэхийг шаардахад төлбөр төлөгч С.О, Л.Цэцгээ нар нь Баянзүрх дүүргийн Гачуурт 20 дугаар хороо, Төв гудамжны 21б тоотод байрлах 90%-ийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204019830 дугаартай үл хөдлөх хөрөнгө, 360 м.кв талбайтай газрын хамт 330.000.000 төгрөгийн үнэтэй болно гэсэн саналыг ирүүлжээ./хх-ийн 64-67-р хуудас/

Төлбөр авагч Ариг банк ХХК нь төлбөр төлөгч нарын ирүүлсэн дээрх үнэлгээг үл зөвшөөрч хөндлөнгийн шинжээч томилж үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоож өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлжээ./хх-ийн 69-р хуудас/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Шинжээч томилох тухай 228 дугаартай тогтоолоор Вендо ХХК-ийг шинжээчээр томилж 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр үнэлгээний тайлан гарч Шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлсэн байна./хх-ийн 70-84-р хуудас/

Хэрэгт цугларсан баримт болох эд хөрөнгө битүүмжилэх, эд хөрөнгө хураах тогтоолууд, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг мэдэгдсэн мэдэгдэл болон зохигчдын тайлбар, мэдүүлгээс дүгнэж үзэхэд төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр битүүмжилж, 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Эд хөрөнгийг хураах тухай тогтоол гаргаж, төлбөрийг яаралтай төлөхийг удаа дараа шаардаж улмаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 113.814.456 төгрөгийн 70 хувиар тооцон 79.670.120 төгрөгөөр, анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг мэдэгдэж төлбөр төлөгч С.О, Л.Ц нарт 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4/19558, 4/19559 тоот мэдэгдлүүдийг мөн оны 11 дүгээр сарын 30-ны өдөрт нь төлбөр төлөгч нарт гардуулан өгсөн байна. /хх-ийн 85,87-р хуудас/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т албадан дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дуудлага худалдаа явуулах тухайгаа нийтэд мэдээлнэ гэсний дагуу дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө буюу 2018 оны 12 дугаар сарын сарын 06-ны өдрийн Үндэсний шуудан сонинд энэ тухай нийтэлсэн байна./хх-ийн 89-р хуудас/

Төлбөр төлөгч С.О, Л.Ц нар нь эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу шинжээчийн үнэлгээг мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах байтал 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр буюу 41 хоногийн дараа хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлэн гомдол гаргасан байна.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 00888 дугаартай шийдвэрээр С.О, Л.Ц нараас 40.974.833 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 362.824 төгрөгийн хамт гаргуулж Ариг банк ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.,49 дүгээр зүйлийн 49.4.1., 55 дугаар зүйлийн 55.2.2., 56 дугаар зүйлийн 56.1., 62 дугаар зүйл, 70 дугаар зүйлийн 70.1.-д заасан шаардлагатай нийцжээ.

Нэхэмжлэгч С.О, Л.Ц нар нь ...шинжээч Баянзүрх дүүргийн Гачуурт 20 дугаар хороо, Төв гудамжны 21б тоотод байрлах 90%-ийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204019830 дугаартай үл хөдлөх хөрөнгө, 360 м.кв талбайтай газрын хамт бага үнээр үнэлсэн байна... гэж маргаж байгаа боловч, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 00888 дугаартай шийдвэрээр С.О, Л.Ц нараас 40.974.833 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 362.824 төгрөгийн хамт гаргуулж Ариг банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл, зохигчийн тайлбар, болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Оы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д тус тус заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                     ТОГТООХ НЬ:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 00888 дугаартай шийдвэрээр С.О, Л.Ц нараас 40.974.833 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 362.824 төгрөгийн хамт гаргуулж Ариг банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу явагдсан ажиллагаа болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Ч.ИЧИНХОРЛОО