Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 20 өдөр

Дугаар  2018/ШЦТ/68

 

 

 

 

 

     2018.05.22                                             2018/ШЦТ/68

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Бямба-Эрдэнэ,

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил, Ж.Жаргалсайхан, 

Шүүгдэгч А.М, Д.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ч, А.М нарт холбогдох эрүүгийн 1819000000042 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар  сарын 14-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

Монгол Улсын иргэн, Д.Ч

 

Монгол Улсын иргэн, А.М

             

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Д.Ч, А.М нар нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг Дампилын 1-107 тоот хашаанд байрлах иргэн Л.Оын гражийн цоожыг лапатак төмрөөр эвдлэн нэвтэрч 33 кг 500 грамм ноолуур хулгайлан түүнд 3182500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүгдэгч А.Мгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн : 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Зургаанбаатарын хойно сагс тоглож байсан. Тэгэхэд Ч ах гар утас руу залгаад хаана байна гэж асуусан. Тэгэхээр нь би Зургаанбаатарын хойно сагс тоглож байна гэж хэлсэн. Тэгээд Д.Ч ах надтай уулзъя гэхээр нь би гар утсаа салгасан. Тэгээд орой 21 цаг өнгөрч байхад хамт сагс тоглож байсан найзууд явсан. Тэгээд би гэр рүү явж байгаад гар утсаа асаахад Д.Ч ах над руу залгасан байсан. Тэгээд би Д.Ч ах руу залгахад намайг хаана явж байна гэхээр нь гэр рүү явж байна гэж хэлсэн. Хуучин котокийн хойно хаусын  тэнд уулзъя гэсэн. Тэгээд би тэнд очиход  Д.Ч ах гэрээсээ тавчиктай, цэнхэр ноосон цамцтай ирсэн. Энэ лапатакыг цамцныхаа ханцуйд хийчихсэн байсан. Тэгээд бид хоёр Хооёо ахын хашааны гадаа очсон. Тэгээд намайг ороод ноолуур аваад ир, би хүн харж байя гэсэн. Тэгэхээр нь би хоёулаа хамт оръё гэхэд Д.Ч ах гадаа хүн харахгүй бол болохгүй гэж хэлсэн. Тэгээд намайг ороход том гражийн хаалга нь дээрээ завсартай байсан. Тэгээд би буцаж очоод Д.Ч ахад хэлсэн. Тэгэхэд Д.Ч ах доод талыг хөшиж онгойлго гэсэн. Тэгээд би баруун талын цоожийг эвдэж орсон. Тэгээд гражид 7-8 шуудай ноолуур байсан, 2 том шар шуудайтай ноолуур байхаар нь авсан. Баруун талын хашаанд хүн байхгүй байна тийшээ  давуулаад шидчих гэж хэлсэн. Би тэгээд хашаа давуулж шидсэн. Нэг шуудайтай ноолуурыг Хооёо ахын 00 тэнд нуугаад Д.Ч ахын араас хашаа даваад явсан. Д.Ч ах ноолуураа аваад явж байсан. Тэгээд Д.Ч ах шатахуун түгээгүүрийн тэндээс ноолуур аваад гүйсэн. Төмөрбаатар гэдэг хүүхэд дугуй засварын тэндээс бид хоёрыг араас дагаад явсан. Худагын тэнд зогсож байхад Төмөрбаатар бид хоёрын хажуугаар зөрөөд гэр рүүгээ явсан.Тэгээд Д.Ч ах энэ ноолуурыг аваад эхнэртэйгээ Улаанбаатар хот явлаа. Намайг хамт явах уу гэхээр нь би явахгүй гэж хэлсэн. Тэгээд энэ ноолуурыг манай хашаа руу давуулаад өгчих гэхээр нь үгүй та одоо өөрөө аваад яв гэж хэлсэн. Тэгээд ийм тиймээ зүйл болвол надад хамаагүй шүү гэж Д.Ч ах хэлсэн. Чи Цагдаагийн газарт хэргээ битгий хүлээгээрэй гэж хэлсэн. Би бас хэргээ хүлээхгүй гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гэр гэр рүүгээ салаад явсан.  Би ээжийнхээ гэрээс хоёр хүүхдээ авч ирээд байж байхад Д.Ч ах над руу утсаар залгаад чи бид хоёрын араас дагаад байсан бацаан чинь хоёр цагдаа дагуулаад манайд ирлээ. Ноолуур аваад явж байсан хоёр хүнийг харсан уу гэж байна. Би мэдэхгүй гэж хэлсэн. Чи бас мэдэхгүй гэж хэлээрэй гэсэн. Тэгэхээр нь би та бид хоёрыг цагдаа андахгүй ш дээ гэж хэлэхэд тэгвэл чи надтай дахиж уулзаагүй гээд хэлчих гэсэн. Тэгээд охиноо усанд оруулаад байж байхад Д.Ч ах миний гар утас руу дохиод байсан. Тэгээд би Д.Ч ах руу буцаагаад залгахад утсаа салгаад байсан. Тэгээд гэрийн гадаа машин ирээд намайг  Цагдаагийн газар руу аваад явсан гэсэн мэдүүлэг.

Шүүгдэгч Д.Чын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:” А.М худлаа мэдүүлж байна.  Эхнэрийн төрсөн өдрийг тэмдэглээд бид нар унтаж амрах гээд орондоо ороод хэвтэж байхад  А.М над руу утсаар яриад та төмрийн зүйл аваад яаралтай гараад ир гэж хэлсэн. Тэгээд би гэрийн гаднаас лапатак төмөр аваад  очиход хоёулаа ийшээ  явъя гэж хэлсэн. Би А.Мг дагаад явахад Хооёогийн граж руу ороод та наана байж бай гэж хэлсэн. Тэгэхээр нь би энд байж байхаар гэж бодоод урагшаа Далангийн дэлгүүр рүү нэгжинд явсан. Тэгээд би А.М руу утсаар ярихад намайг баруун хашааны урд гараад ир гэж хэлсэн.  Би  нэг шуудайтай ноолуур  авсан. Цагдаа надад хоёр шуудайтай ноолуур байх ёстой хаана байна гэж асуусан. Тэгэхээр нь Мөнгөншагай надад 1 шуудай ноолуур өгсөн, дахиад нэг шуудайтай ноолуурыг мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд А.Мг байцааж байхдаа нөгөө шуудайтай ноолуурыг  олсон байсан...”гэсэн мэдүүлэг

 

            Хохирогч Л.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Сайншанд сумын 1 дүгээр баг, Дампилын 1-107 тоотод нөхөр хүүхдийн хамтаар амьдардаг бөгөөд 2012 оноос эхлэн арьс, түүхий эд, ноос ноолуурын ченж хийж байгаа. 2018 оны 03 дугаар сарын 28-ны орой би Нарлаг шанд хорооололд хүү Ундрах-Эрдэний гэрт нь очоод байж байтал 96966272 дугаарын утсаар миний утас руу залган та ноолуур алдсан уу, танай хашаанд байх гражийн хаалга онгорхой байна гэж хэлсэн. Тухайн үед манай нөхөр хөдөө явчихсан манай гэрт хүнгүй байсан юм. Тэгээд би хүү Ундрахбаярын хамтаар хашаандаа очиход манай гражийн цоожыг эвдлэн гражид байсан 50 кг-н шар өнгийн 2 ширхэг шуудайтай нийт 33 кг 500 гр ноолуур алдагдсан байсан. Тухайн өдөр надад Эрдэнэцогт гэж хөдөөний хүн 2 ширхэг шар өнгийн шуудайтай 33 кг 500 гр ноолуур өгч, би 1 кг нь 95.000 төгрөгөөр худалдаж авсан байсан. Тухайн ноолуур алдагдсан байсан. Мөн тухайн өдөр Ганзориг гэж хүн 70 гаруй кг ноолуур өгсөн. Тухайн ноолуур бол гражид байсан. Намайг гэрт очиход гражийн ойр орчимд гутлын мөр байсан бөгөөд пүүзны байж болох гутлын мөр нь хулгай хийсэн хүний гутлын мөр шиг байсан, бас нэг арзгар мөр байсан. Тэр нь манайд ноолуур өгсөн хүмүүсийн мөр байх...үнэлгээ гаргуулахад үнэлгээний газарт 20.000 төгрөг өгсөн байгаа, тухайн мөнгөө нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 39- 41 дүгээр хуудас/,

 

Гэрч Ж.Эрдэнэцогтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 33.5 кг ноолууртай ирж О гэж хүнд 1 кг 95.000 төгрөгөөр тохирч өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Сугармаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2018 оны 03 дугаар сарын 28-ны орой хэдэн цагийн үед гэдгийг санахгүй байна, 21 цагийн орчим болов уу гэрээс гараад явчихсан. Би Чыг урд гэрт орсон юм болов уу гээд хүлээгээд байсан ирээгүй. Тэгтэл шөнө Ч гаднаас гэрт орж ирэхдээ шар өнгийн шуудайтай ноолуур авч орж ирсэн. Би хэний ноолуур юм гэж асуухад Мөөнөө өгч явуулсан юм гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-58 дугаар хуудас/

 

Гэрч Ө.Төмөрбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...2018 оны 03 дугаар сарын 28-ны орой цагийг нь сайн санахгүй байна. Орой болсон байсан, би гэрлүү явж байтал 10 дугаар цэцэрлэгийн хойд талд Ч ах Мөнгөншагай хоёр шар өнгийн шуудайтай зүйл бариад явж байсан. Эхлээд Мөнгөншагай ах барьж явж байгаад Ч ахад шар өнгийн шуудайтай зүйлийг өгөөд гэр лүүгээ яваад өгсөн. Ч ах нөгөө шуудайтай зүйлийг аваад гэр лүүгээ орсон. Би Ч ах Мөнгөншагай нартай тухайн үед уулзаагүй явж байхыг нь л харсан. Би хулгайн эд зүйл авч явж байж магадгүй гэж бодоод Доржрагчаа цагдаад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69 дүгээр хуудас/

           

Гэрч Г.Доржрагчаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 пугаар сарын 28-ны орой 23 цагийн орчим шиг санаж байна. Төмөрбаатар гэх хүн над руу утсаар яриад Д.Ч, Мөнгөншагай нар шуудайтай ноолуур бариад авж байна гэж хэлсэн. Тэгээд би Д.Чын гэрийн гаднаас мөр дагаж явахад Сайншанд сумын 6 дугаар баг, Дампилын 1-107 тоот хашааны гадаа очсон...........” гэсэн мэдүүлэг / хх-ийн 74-75 дугаар хуудас/,

           

            Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл/ хх-ийн 28 дугаар хуудас/,

 

Ашид билгүүн ХХК-ний 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ДГО 802 дугаартай хохирлын үнэлгээ /хх-ийн 77 дугаар хуудас/,

 

Шинжээч Л.Баярмаа, Д.Болормаа, Б.Гэрэлмаа нарын 4 дугаартай “...Д.Ч нь гэмт хэрэг үйлдэхээс өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчин үгүй байсан болно. Д.Ч нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож, удирдан жолооодох чадвартай. Д.Ч нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчин үгүй  байна. Д.Ч нь хэрэг хариуцах чадвартай болно...” гэсэн дүгнэлт /хх-ийн 83-84 дүгээр хуудас/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5- 14 дүгээр хуудас/,

 

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 19 дүгээр хуудас/,

 

Гар утсанд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийш шалгасан хуудас / хх-ийн 124-125 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

          

           Шүүгдэгчийн гэм буруу болон  эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Д.Ч, А.М нар нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг Дампилын 1-107 тоот хашаанд байрлах иргэн Л.Оын гражийн цоожыг лапатак төмрөөр эвдлэн нэвтэрч 33 кг 500 грамм ноолуур хулгайлан 3182 500 төгрөгийн хохирол учруулсан болох нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу олж авсан нотлох баримтууд болох  хохирогч Л.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 28-ны орой ...хүү Ундрахбаярын хамтаар хашаандаа очиход манай гражийн цоожыг эвдлэн гражид байсан 50 кг-н шар өнгийн 2 ширхэг шуудайтай нийт 33 кг 500 гр ноолуур алдагдсан байсан...”гэсэн мэдүүлэг, гэрч Б.Сугармаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн  “...2018 оны 03 дугаар сарын 28-ны орой хэдэн цагийн үед гэдгийг санахгүй байна, 21 цагийн орчим болов уу гэрээс гараад явчихсан. Би Чыг урд гэрт орсон юм болов уу гээд хүлээгээд байсан ирээгүй. Тэгтэл шөнө Ч гаднаас гэрт орж ирэхдээ шар өнгийн шуудайтай ноолуур авч орж ирсэн. Би хэний ноолуур юм гэж асуухад Мөөнөө өгч явуулсан юм гэж хэлж байсан...”гэсэн мэдүүлэг,гэрч Ө.Төмөрбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...2018 оны 03 дугаар сарын 28-ны орой цагийг нь сайн санахгүй байна. Орой болсон байсан, би гэрлүү явж байтал 10 дугаар цэцэрлэгийн хойд талд Ч ах Мөнгөншагай хоёр шар өнгийн шуудайтай зүйл бариад явж байсан. Эхлээд Мөнгөншагай ах барьж явж байгаад Ч ахад шар өнгийн шуудайтай зүйлийг өгөөд гэр рүүгээ яваад өгсөн. Ч ах нөгөө шуудайтай зүйлийг аваад гэр рүүгээ орсон...”гэсэн мэдүүлэг,                        гэрч Г.Доржрагчаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Д.Чын гэрийн гаднаас мөр дагаж явахад Сайншанд сумын 6 дугаар баг, Дампилын 1-107 тоот хашааны гадаа очсон байдалтай байсан. Чын хашаанд байх амбаараас ноолуур хураан авахад шаргал өнгийн 50 кг шуудайтай ноолуур байсан бөгөөд тухайн ноолуураас тасдаж жижиг гялгар уутанд хэсэг хэсэг болгосон байсан..” гэсэн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гар утасанд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, 01/044 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Чын өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа “...Ч нь өөрөө гар биеэрээ гардаж гүйцэтгээгүй, орон байранд нэвтрэн орсон гэх үндэслэл нь нотлогдох боломжгүй учир хуулийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл  урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцохоор хуульчилсан байна.

 

Шүүгдэгч Д.Ч нь хэдийгээр өөрөө гардаж хохирогч Л.Оын гражийн хаалгыг эвдэж ороогүй боловч гэрээсээ гражийн цоожийг эвдлэх лапатик төмөр авч ,улмаар хулгай хийх объект руу А.М хоёулаа хамт явсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон  байна. Иймд уг гэмт хэргийг үйлдэхэд шүүгдэгч Д.Ч нь  үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцсон байх тул уг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэн хуулийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлгүй байна.

 

Иймд гэмт үйлдлийн талаарх  прокурорын дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнээд Д.Ч, А.М нарыг агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн хэр хэмжээ, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  шүүгдэгч нарын хувийн байдал /шүүгдэгч А.М нь  хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувиар, шүүгдэгч Д.Ч нь хөдөлмөрийн чадвар алдалтын 79 хувиар  группэд байдаг/, бусдад учруулсан эд материалын хохирлыг биет байдлаар буцаан өгсөн зэргийг харгалзан  шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Хохирогч Л.О нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...би эрүүгийн хэрэг шалгах явцад үнэлгээ гаргуулахад үнэлгээний газарт 20000 төгрөг өгсөн байгаа тухайн мөнгөө нэхэмжилж байна...” гэсэн ба уг хохирол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарагдах тул шүүгдэгч Д.Чоос төлөгдөөгүй 10000 төгрөгийг гаргуулан олгох нь зүйтэй. Шүүгдэгч А.М нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын 10000 төгрөгийг шүүхийн шатанд төлж барагдуулсан байна.

 

Шүүгдэгч нар нь хохирогч Л.От учруулсан хохирлыг биет байдлаар нь буцаан өгсөн тул  шүүгдэгч А.М, Д.Ч нарыг хулгайн гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг төлж барагдуулсан гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь  цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын эрхийг хязгаарлаагүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав .

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 60 см урт 1 ширхэг лапатик төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.Ч, А.М нарыг агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1-д зааснаар шүүгдэгч А.М, Д.Ч нарт тус бүр 1 жил хорих ял шийтгэсүгэй.

 

           3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М, Д.Ч нарт оногдуулсан тус бүрийн 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

           4.Шүүгдэгч А.М, Д.Ч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын эрхийг хязгаарлаагүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

           5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 60 см урт 1 ширхэг лапатик төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

            6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Д.Чоос 10000 төгрөг гаргуулан хохирогч Л.От олгосугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар А.М, Д.Ч нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ  авсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                              Д.АДЪЯАСҮРЭН