Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2020/00609

 

С.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/01409 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1276 дугаар магадлалтай,

С.А-гийн нэхэмжлэлтэй,

Н,

“А” ХХК-иудад холбогдох,

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, төлбөрт төлөгдсөн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалангийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.А нь “А” ХХК-иас зээл авахдаа намайг хамтран зээлдэгчээр оруулаад зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Миний бие хамтран зээлдэгч болж зээлийг Д.А авсан. Зээлийн төлбөрийг төлөөгүй байсныг тухайн үед миний бие мэдээгүй байсан. Гэтэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01-р сарын 05-ний өдрийн 102/ШШ2017/00120 дугаарт захирамжаар 60 000 00 төгрөгийг Д.А болон С.А нараас гаргуулан “А” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

Энэхүү төлбөрийг уг нь Д.А төлж барагдуулна гэсэн. Төлбөрийг төлөөгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч н.Ариунзаяа нь хууль бус үйл ажиллагаа явуулан зөвхөн миний эд хөрөнгөөр төлбөрийг хааж, зөвхөн урамшууллын төлбөр авч хэргийг дуусгавар болгох хүсэл сонирхол байсныг тухайн үед нь миний бие хуулийн мэдлэггүй байсны улмаас төөрөгдөлд орж өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг “А” ХХК-д шилжүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үе шаттай хийгдэх ёстой байсан боловч уг ажиллагаа явагдаагүй.

Шүүхийн шийдвэрт Д.Ааас мөнгө гаргуулахаар заасан байтал зөвхөн өөрийн урамшуулал төлбөрийг хурдан шуурхай олж авахын тулд намайг шахалт дарамтад оруулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна. 2017 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль шинэчлэн өөрчлөгдөж, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс урамшуулал гэх зүйлгүй болсныг олж мэдлээ. Шүүхийн шийдвэрт Д.А гэсэн хариуцагч байсаар байтал зөвхөн миний эд хөрөнгөөр төлбөрийг төлсөн нь миний хувьд асар их хохиролтой байна. Миний ойлгож байгаагаар Д.Ааас төлбөр гаргуулах бүхий л боломжит арга хэмжээг авах ёстой байсан. Гэтэл энэ талаар ямар ч ажиллагаа хийгээгүй зөвхөн миний эд хөрөнгийг төөрөгдөлд оруулан н.Ариунзаяа нь зөвхөн өөрийн авах урамшууллын төлбөрийн төлөө иргэн намайг хохироосонд гомдолтой байна.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу төлбөрт шилжүүлсэн миний өмчлөлийн Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байр, 103 тоот орон сууцыг надад буцаан шилжүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Нрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 156 дугаар захирамжаар С.А, Д.А нараас 60 000 000 төгрөг гаргуулж “А” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж гарч, манай байгууллагад 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ирсэн бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч С.А нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлт гаргасан. Уг хүсэлт нь С.А би тус албанд хандаж үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 хороолол, 16 байр, 103 тоот 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг төлбөрийн үнийн дүнд шилжүүлж өгөхөөр төлбөр авагчтай харилцан тохирсон тул “А” ХХК-д шилжүүлж өгнө үү гэх хүсэлтээ гаргасан. Уг хүсэлтээ гаргаад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргаж өгсөн байгаа. Тэгэхээр төлбөр төлөгч төлбөрөө төлөхөөр хүсэлтээ гаргаад ирж байхад шийдвэр гүйцэтгэгч нь төлбөрийг тооцож, Д.Ад холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу дуусгавар болгосон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцсон тул уг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Нэхэмжлэгч нь өөрөө нотариатаар гэрчлүүлсэн хүсэлтээ өгсөн байх тул уг хүсэлт нь түүний хүсэл зоригийг бүрэн илэрхийлж байгаа гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.А болон Д.А нар нь хариуцагч “А” ХХК-ийн зээлийн гэрээтэй холбоотой иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг 60 000 000 төгрөг болгож С.А нь өөрөө Д.Аыг давхар итгэмжлэлээр төлөөлөөд шүүх хуралдаанд оролцож, зохигчид эвлэрээд эвлэрлийн гэрээ байгуулж байсан. Уг зээлийн гэрээний барьцаанд байсан Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 хороолол, 16 байр, 103 тоот 18 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууц болох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах болно гэж эвлэрсэн байдаг.

Ингээд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсан тул “А” ХХК нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх үед С.А өөрөө хүсэлтээ гаргасан байгаа. Уг хүсэлт нь төлбөр төлөгч С.А, Д.Аын төлбөрийг төлж чадахгүй байх тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр төлөх болно гэж хүсэлтээ гаргасан. Уг хүсэлтээ дан ганц С.А биш, н.Д.Аын төлбөрийг төлөхөөр хамт нэрээ бичиж нотариатаар гэрчлүүлсэн байх тул уг хүсэлт нь хуулийн шаардлага хангаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас төлбөр авагчийн өмчлөлд уг байрыг шилжүүлж шүүхийн шийдвэрийг гүйцэтгэсэн. Уг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдаж, төлбөрийг барьцаа хөрөнгөөр тооцож авсан бөгөөд нэхэмжлэгч нь уг ажиллагааг өөрөө мэдэж байсан, хүсэл зоригийнхоо хүрээнд хүсэлтээ бичиж өгсөн ба үүсэх үр дагаврыг нь бүрэн мэдэж байсан. Тиймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/01409 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 оны/-ийн 29 дүгээр дугаар зүйлийн 29.1.4-т заасныг баримтлан хариуцагч Н, хариуцагч “А” ХХК нарт холбогдох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, төлбөрт төлөгдсөн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгч С.Агийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1276 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/01409 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: С.А нь НИХДЗШШүүхэд 2019 оны 06-р сарын 24-ний өдөр гомдлыг гаргасан. Давж заалдах шатны шүүхэд хэргийг шүүгчид хуваарилахдаа хамгийн багадаа 14 хоног болдог учир гомдлыг ИХШХШТХуулийн 163 дугаар зүйлийн 163.1-д заасан танилцуулж гардуулах ажиллагааг хийдэг. Үүний дараа шүүгчид хуваарилагдаж шүүгч шүүх хуралдааныг товлодог. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тов нь 7 хоногийн өмнө товлогдог. Гэтэл энэхүү гомдол өгсөн өдрөөс 11 хоногийн дотор шүүх хуралдаан болсон нь маш гайхалтай хурдан болсон. Ямар ч хэрэг маргаан нь ийм хурдан хугацаанд шүүгчид хуваарилагдаж шүүх хуралдаан болж байсан гэж миний бие үзэхгүй байна. Учир нь давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдлын хүрээнд бус ИХШХШТХуулийн 166 дугаар зүйлийн 166.4-д зааснаар хэргийг бүхэлд нь хянан үнэн зөв бодит талаас нь шийдвэрлэх ёстой байсан. Энэхүү хуулийг баримталж шүүх бүрэлдэхүүн ажиллаагүй гэж үзэж байгаа болно.

Мөн С.Ариутуяагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгаланд шүүх хуралдааны товыг 2019 оны 07-р сарын 02-ны өдөр мэдэгдсэн. Миний бие нь У.Байгальмаагийн нэхэмжлэлтэй хэрэгт гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан болно. Энэ хэргийн шүүх хуралдаан нь удаа дараа хойшлогдож байсан тул анхан шатны шүүх хуралдааныг явагдах боломжоор хангаж давж заалдах шатны шүүх хуралдааныг 1 удаа хойшлуулах хүсэлт гаргаж, шүүх хуралдаан давхацсан болохоо 2019 оны 07-р сарын 02-ны өдөр шүүгчийн туслахаас мэдэгдэх хуудсаа авсан. Гэтэл шүүх бүрэлдэхүүн ИХШХШТХуулийн 165 дугаар зүйлийн 165.2-т заасныг баримтлан хүсэлтийг хангаагүй байна. ИХШХШТХуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д зааснаар миний бие нь шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтээ давж заалдах шатны шүүхэд хүргүүлэн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцож чадахгүй болохоо нотлох баримтаар хавсаргаж өгсөн. Гэтэл ИХШХШТХуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т заасныг ноцтой зөрчиж хэргийг шийдвэрлэсэн.

Мөн 2002 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлд Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах, 83.1-д Шүүхийн шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийг төлбөрийн шаардлагыг хангахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,5-10 хүртэлх хувиар урамшуулна. 83.2-т Энэ хуулийн 83.1-д заасан урамшууллыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэсэгчлэн биелсэн болон дуусгавар болсны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна.

Энэхүү хуулийн заалтаас үзвэл урамшууллын төлбөрийг төлбөр авагч нь төлөх ёстой байсан гэтэл хариуцагч буюу төлбөр төлөгчөөр төлөхөөр шийдвэрлэсэн нь буруу болсон. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд урамшууллын төлбөрийг төлбөр төлөгдсөн тухай бүрт нь урамшууллыг авч байхаар хуульчилсан байхад төлбөр төлөгдөөгүй байхад урамшууллын төлбөрийг төлбөр төлөгч нараас авч байсан нь хууль зөрчсөн болох нь нотлогдсон. Гэтэл үүнийг дүгнэж үзэлгүй төөрөгдөлд орсон болохоо нотлоогүй гэсэн. Төлбөр төлөөгүй байхад яагаад урамшууллыг төлбөрийг төлүүлж байсан талаар тайлбар дүгнэлтийг анхан болон давж заалдах шатны шүүх тайлбарлахгүй байгаа нь хачирхалтай байна.

Түүнчлэн тухайн үед шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хариуцан ажиллаж байсан шийдвэр гүйцэтгэгч нь нэхэмжлэгч С.Аг төөрөгдөлд оруулсан нь шүүх хуралдааны явцад нотлогдсон гэж үзэж байгаа учир шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тогтоол 2017 оны 09-р сарын 19-ний өдөр гарсан. Гэтэл 2017 оны 10-р сард төлбөр төлөгч Д.Атай холбоо барьж уулзсан тэмдэглэл шийдвэр гүйцэтгэх материалаас гарч ирсэн энэ талаар шүүх тайлбар дүгнэлт хийгээгүй. Энэ талаар тайлбарыг гаргах ёстой байсан. Шийдвэр гүйцэтгэгчийн материалаас энэхүү баримт гарч ирсэн болох нь анхан шатны шүүх хуралдааны бичлэгээс харагдаж байгаа болно.

Миний бие нь төөрөгдсөн дарамтанд орсон болохоо баримтаар нотолж өгсөн учир 2002 онд батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 зүйлд Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах, 83.1-д Шүүхийн шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийг төлбөрийн шаардлагыг хангахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,5-10 хүртэлх хувиар урамшуулна. 83.2-т Энэ хуулийн 83.1-д заасан урамшууллыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэсэгчлэн биелсэн болон дуусгавар болсны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна. гэж заасан. Шүүхийн шийдвэрийг бодитоор нэг ч төгрөг төлөгдөөгүй байхад буюу 2017 оны 09-р сарын 08-ны өдөр анх урамшууллын төлбөр төлүүлсэн, мөн 2017 оны 09-р сарын 09-ны өдөр, 2017 оны 09-р сарын 15-ны өдөр урамшууллын төлбөр төлсөн болохоо нотлох баримтаар өгсөн. Төлбөр төлөгч С.А нь өөрийн өмчлөлийн орон сууцыг 2017 оны 09-р сарын 15-ны өдөр нэр шилжүүлэн өгөх хүсэлт өгч 2017 оны 09-р сарын 19-ний өдрийн 17/751 дүгээр тогтоолоор төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж шийдвэрт тусгасан байна. Энэхүү хугацааг харах юм бол төлбөрийг төлөхөөс өмнө урамшууллын төлбөрийг төлүүлж байсан нь нотлогдож байна.

Шүүх 2017 онд батлагдсан ШШГТХуулийн 29.1.3-т заасныг баримталж ажиллагаа дуусгавар болгосон тул энэ хуулийн 86, 89-р зүйлд заасан ажиллагааг явуулах шаардлагагүй гэж дурджээ. Шүүхийн шийдвэрээр 2 хүнээс төлбөр гаргуулахаар заасан, гэтэл нэгийг нь хохироож нөгөөд нь ямар ч үүрэг хариуцлага ногдуулахгүйгээр шийдвэр гүйцэтгэгч нь зөвхөн өөрийн эрх ашиг сонирхлын үүднээс хийсэн ажиллагаа болох нь нотлогдож байгаа. Миний хувьд илтэд хохиролтой үлдсэн, гэтэл нөгөө төлбөр төлөгч нь ямар ч өр төлбөргүй үлдсэн. ШШГТХуулийн 86-р зүйлд заасан ажиллагааг явуулахгүй шүүхийн шийдвэр болон албадан гүйцэтгэх захирамж хуудсанд заагдаагүй байхад шууд дарамтанд оруулж шүүхийн шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийг ...хэсэгчлэн биелсэн болон дуусгавар болсны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас... үнийн дүнгээс гаргуулна гэснийг зөрчиж ямар ч төлбөр төлөөгүй байхад урамшууллын төлбөр гэх зүйлийг урьдчилан авч төлбөрийг миний эд хөрөнгөөр хаахаар төөрөгдөлд оруулж дарамталсан. Яг ийм үйл баримт гарч болзошгүй гэдэг үүднээс ШШГТХуулийн 86, 89-р зүйлд нарийвчилсан оруулж өгсөн. Гэтэл шүүхийн шийдвэрийг биелүүлдэг байгууллагын албан хаагч үүнийг зөрчсөнд туйлын харамсалтай байна.

ШШГТХуулийн 29.1.3-т төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн гэж заасан байна. Хууль хэрэгжүүлэгч хүн нь намайг төөрөгдөлд, дарамт шахалтанд оруулж өөрт ногдох урамшууллын төлбөрийг авах гэж миний байраар төлбөрийг төлсөн мэтээр ажиллагааг дуусгавар болгосон байна. Гэтэл Д.А гэх хүн ямар ч төлбөр төлөөгүй, төлбөр төлөлгүй хуулиас гадуур үлдсэн. Миний бие анхнаасаа энэ зээлийг авахад ямар ч мөнгө аваагүй, Д.А гэх хүн л энэ мөнгийг авч ашигласан, гэтэл би авч ашигласан юм шиг хохироод байгаа. Мөн ШШГТХуулийн 29.1.3-т төлбөрийг бүрэн төлсөн гэж заажээ. Харилцан тохиролцож төлбөрийг авсан гэсэн утга байхгүй байна. Мөн 2 хүнээс төлбөр гаргуулах байтал нэгнээс нь аваад нэгнээс нь авахгүй байх нэгийг нь хохироогоод нөгөөхийг нь ямар ч гэм буруугүйгээр үлдээх гэсэн ямар ч хуульд байхгүй зарчим ярьж байгаа нь байж боломгүй хэрэг юм. Хууль хүн бүхэнд тэгш үйлчлэх ёстой байтал намайг хохироож байгаад гомдолтой байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон давж заалдах шатны шүүх хуралдаан 2 асар богино хугацаанд шийдвэрлэж, өөрийн хүч хөдөлмөрөөрөө худалдан авсан хөрөнгийг бусдад шилжүүлж, шилжүүлсэн үйлдлийг хамгаалан Монгол Улсын иргэнийг хохироож байгаад туйлын гомдолтой байна.

Иймд 2019 оны 07-р сарын 05-ны өдрийн 1276 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.А Нт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, төлбөрт төлөгдсөн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан гаргуулж өгнө үү гэснийг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж маргажээ.

С.А, Д.А нар нь 60 000 000 төгрөгийг “А” ХХК-д гэрээгээр тохирсон хугацаанд төлж барагдуулах, тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулалгүй албадан гүйцэтгүүлсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн зардал, урамшууллын хөлсийг хариуцагч нараас гаргуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн шийдвэрийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгчээс албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж, 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхлэхэд төлбөр төлөгч С.А зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо 4 дүгээр хороололд байрлах 16 дугаар байрны 103 тоот, нэг өрөө орон сууцыг төлбөрт шилжүүлж өгөхөөр төлбөр авагчтай харилцан тохиролцсон үндэслэлээр дээрх орон сууцыг төлбөр авагчид шилжүүлэх хүсэлт гаргасан, төлбөр авагчаас төлбөр төлөгчийн хүсэлтийг хүлээн авч, орон сууцыг шилжүүлж авахаар тохирсон тул барьцааны хөрөнгийг төлбөр авагчийн нэр дээр шилжүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохыг хүссэн хүсэлтийг үндэслэн, шийдвэр гүйцэтгэгч орон сууцыг төлбөр авагчийн өмчлөлд бүртгэхийг Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст мэдэгдэж, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй гэж анхан шатны шүүх дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4.-т төлбөр төлөгч төлбөр авагчтай эвлэрч, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлт гаргасан бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоно гэж, 29.3.-т ...энэ хуулийн 29.1.1., 29.1.2., 29.1.3., 29.1.4., 29.1.8.-д заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай шийдвэрт гомдол гаргах эрхгүй гэж тус тус зохицуулсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул “...шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, эхнээс нь дахин явуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангажээ.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүх гомдол гаргаснаас хойш 11 хоногийн дотор буюу маш хурдан хэргийг шийдвэрлэсэн нь шүүх бүхэлд нь хянан үзэж, үнэн бодит талаас нь шийдвэрлэх хуулийг баримталж ажиллаагүй, ...шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтийг гаргаж, хүндэтгэн үзэх үндэслэлээ нотолж, нотлох баримтаа хүргүүлсэн байхад хүсэлтийг хангалгүй, шүүх хуралдаанд оролцож, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй, эрхийг ноцтой зөрчсөн, ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчиж, шийдвэр гүйцэтгэгч С.Аг дарамталж, төөрөгдөлд оруулсан байхад шүүх нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн үйлдлийг хамгаалсан шийдвэр гаргасан...” гэх үндэслэл заажээ.

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.3., 166 дугаар зүйлийн 166.2.-т зааснаар анхан шатны шүүх давж заалдах ...гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ, давж заалдах гомдол гарсан хэргийг шүүх хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр давж заалдах гомдол гаргасан, давж заалдах шатны шүүх 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, гомдол гаргаснаас хойш 11 хоногийн хугацаанд хэргийг шийдвэрлэсэн нь давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан, үнэн зөв талаас нь үнэлээгүй гэж үзэх үндэслэл болохгүй.

  1. Шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдсэн бөгөөд тухайн үед өөр шүүх хуралдаан давхацсан талаар ямар нэг тайлбар хэлээгүй, хуралдааны товыг өөрчлөх хүсэлт гаргаагүй байна.

Иймд Б.Баясгаланг шүүх хуралдаанд оролцож мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах үндэслэлгүйгээс гадна Б.Баясгалан нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч бус түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өөр шүүх хуралдаан давхацсан нь нэхэмжлэгчийн хувьд хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй, тэрээр өөрөө сонгож сүүлд зарлагдсан шүүх хуралдаанд оролцсон байна.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 6 дугаар зүйлийн 6.4., 105 дугаар зүйлийн 105.2., 165 дугаар зүйлийн 165.2. дахь заалтыг зөрчөөгүй болно.

  1. Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч С.Аг төөрөгдүүлэн, дарамталсан гэх тайлбар, үндэслэлээ баримтаар нотлоогүй, зохигч шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн зардлыг хариуцагч нь төлөхөөр харилцан тохиролцсон тул шийдвэр гүйцэтгэлийн урамшууллыг төлбөр авагчаас бус төлбөр төлөгчөөс гаргуулсан нь хууль зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй байна.
  1. Шүүхийн шийдвэрт төлбөр төлөгч С.А, Д.А нарын төлбөрийн үүргийг тусгайлан зааглаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа төлбөр төлөгч С.Агийн хүсэлт, талуудын тохиролцоонд үндэслэж дуусгавар болсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй тул “...дан ганц С.Агийн хөрөнгөөр төлбөрийг барагдуулсан, зээлийн мөнгийг Д.А авсан, шүүхийн шийдвэрт 2 хүнээс төлбөр гаргуулах байтал нэгнээс нь гаргуулж хохироогоод, нөгөөхийг нь үлдээж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй, хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстой...” гэх гомдол үндэслэлгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2019/01409 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1276 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалангийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч С.Агаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                     Х.СОНИНБАЯР      

                           ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД