Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 145

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, Амарсанаагийн гудамж, 40с байрны 81 тоотод оршин суух, Цорс овогт Санжаагийн Ариунтуяа /РД: ШЕ75062265/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 5, өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Сөүлийн гудамж, Солонго төвд байрлах, Арвижих капитал банк бус санхүүгийн байгууллага ХХК /РД: 5787211/ нарт холбогдох,

 

Төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулж, ажиллагааг эхнээс нь явуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ариунтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Солонго, хамтран хариуцагч Арвижих капитал банк бус санхүүгийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Ариунтуяагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Д.Азжаргал гэх танил маань надаас банк бусаас зээл авахад туслаад хамтран зээлдэгчээр ороод өгөөч гэж гуйхаар нь би байраа барьцаалахыг зөвшөөрч зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсгээ зурсан, мөнгийг Д.Азжаргал авсан. Тэрээр зээлээ төлөөгүй учир 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн шүүхийн шийдвэрээр Д.Азжаргал, С.Ариунтуяа нараас 60,000,000 төгрөг гаргуулж Арвижих капитал банк бус санхүүгийн байгууллага ХХК-нд өгөхөөр шүүхийн шийдвэр гарсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн. Уг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь ердөө 14 хоногийн дотор явагдсан. Яагаад ийм богино хугацаанд ажиллагаа явагдсан гэвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай шинэ хууль 2018 оны 01 дүгээр сарын 01-ээс хэрэгжиж эхлэх байсантай холбоотой. Өөрөөр хэлбэл өмнөх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн урамшууллын мөнгө олгох зохицуулалт шинэ хуулиар байхгүй болж байсан бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэгч н.Ариунзаяа нь надад дарамт үзүүлж Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 хороолол, 16 байр, 103 тоот 18 м/кв 1 өрөө байраа Арвижих капитал банк бус санхүүгийн байгууллагад шилжүүлж өгөөд хугацаа авч болно гэж хэлж, хугацаа авах гэхэд төлбөр авагч байгууллага нэр шилжүүлэхийг шаардаж байна гэж хэлсээр байгаад миний орон сууцыг төлбөр авагч байгууллагын нэр дээр шилжүүлүүлж байсан. Тиймээс миний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж байгаа. Учир нь шүүхийн шийдвэрээр Д.Азжаргал болон С.Ариунтуяа нараас 60,000,000 төгрөг гаргуулах шийдвэр гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан бөгөөд шийдвэр гүйцэтгэгч нь зөвхөн С.Ариунтуяа миний эд хөрөнгөөс шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлж, надаар урамшууллын мөнгө төлүүлж, миний байрыг төлбөр авагчид шижлүүлсэн байдаг. Нөгөө төлбөр төлөгч болох н.Азжаргалтай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдээгүй бөгөөд нэг удаа дуудаж уулзаж тайлбар авсан байсан. Д.Азжаргалын дансыг нь шалгах, хөрөнгийн лавлагаа авах зэрэг ажиллагаа хийгдээгүй бөгөөд намайг зөөлчлөөд миний байрыг шилжүүлж өгч төлбөрийг гаргуулсан. Тиймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг буруу, дутуу хийгдсэн гэж үзэж уг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг буюу Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 хороолол, 16 байр, 103 тоот 18 м/кв 1 өрөө байрыг Арвижих капитал банк бус санхүүгийн байгууллага ХХК-д шилжүүлж өгсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, ажиллагааг эхнээс нь явуулж өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэв.

 

 Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Солонгын шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байгаа. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 156 дугаар захирамжаар С.Ариунтуяа, Д.Азжаргал нараас 60,000,000 төгрөг гаргуулж Арвижих капитал банк бус санхүүгийн байгууллага ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж гарч, манай байгууллагад 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ирсэн бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч С.Ариунтуяа нь 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлт гаргасан. Уг хүсэлт нь С.Ариунтуяа би тус албанд хандаж үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 хороолол, 16 байр, 103 тоот 18 м/кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг төлбөрийн үнийн дүнд шилжүүлж өгөхөөр төлбөр авагчтай харилцан тохирсон тул Арвижих капитал ББСБ ХХК-нд шилжүүлж өгнө үү гэх хүсэлтээ гаргасан. Уг хүсэлтээ гаргаад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргаж өгсөн байгаа. Тэгэхээр төлбөр төлөгч төлбөрөө төлөхөөр хүсэлтээ гаргаад ирж байхад шийдвэр гүйцэтгэгч нь төлбөрийг тооцож, Д.Азжаргалд холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу дуусгавар болгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцсон тул уг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Нэхэмжлэгч нь өөрөө нотариатаар гэрчлүүлсэн хүсэлтээ өгсөн байх тул уг хүсэлт нь түүний хүсэл зоригийг бүрэн илэрхийлж байгаа гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хамтран хариуцагч Арвижих капитал банк бус санхүүгийн байгууллагын ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Оюунцэцэгийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч С.Ариунтуяа болон Д.Азжаргал нар нь хариуцагч Арвижих капитал банк бус санхүүгийн байгууллага ХХК-ийн зээлийн гэрээтэй холбоотой иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг 60,000,000 төгрөг болгож С.Ариунтуяа нь өөрөө Д.Азжаргалыг давхар итгэмжлэлээр төлөөлөөд шүүх хуралдаанд оролцож, зохигчид эвлэрээд эвлэрлийн гэрээ байгуулж байсан. Уг зээлийн гэрээний барьцаанд байсан Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 хороолол, 16 байр, 103 тоот 18 м/кв талбай бүхий 1 өрөө орон сууц болох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах болно гэж эвлэрсэн байдаг. Ингээд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй байсан тул Арвижих капитал банк бус санхүүгийн байгууллага ХХК-иас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байх үед С.Ариунтуяа өөрөө хүсэлтээ гаргасан байгаа. Уг хүсэлт нь төлбөр төлөгч С.Ариунтуяа, Д.Азжаргалын төлбөрийг төлж чадахгүй байх тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр төлөх болно гэж хүсэлтээ гаргасан. Уг хүсэлтээ дан ганц С.Ариунтуяа биш, н.Азжаргалын төлбөрийг төлөхөөр хамт нэрээ бичиж нотариатаар гэрчлүүлсэн байх тул уг хүсэлт нь хуулийн шаардлага хангаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас төлбөр авагчийн өмчлөлд уг байрыг шилжүүлж шүүхийн шийдвэрийг гүйцэтгэсэн. Уг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдаж, төлбөрийг барьцаа хөрөнгөөр тооцож авсан бөгөөд нэхэмжлэгч нь уг ажиллагааг өөрөө мэдэж байсан, хүсэл зоригийнхоо хүрээнд хүсэлтээ бичиж өгсөн ба үүсэх үр дагаврыг нь бүрэн мэдэж байсан. Тиймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Ариунтуяа нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Арвижих капитал банк бус санхүүгийн байгууллага ХХК-д холбогдуулан Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 хороолол, 16 байр, 103 тоот 18 м/кв 1 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Арвижих капитал банк бус санхүүгийн байгууллага ХХК-д шилжүүлж өгсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхнээс нь явуулж өгөхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, төлбөр төлөгч С.Ариунтуяа нь орон сууцаа өөрөө төлбөртөө тооцож өгөхийг сайн дураараа зөвшөөрч, хүсэлтээ гаргасан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2017/00120 дугаар захирамжаар нэхэмжлэгч Арвижих капитал банк бус санхүүгийн байгууллага ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 66,222,600 төгрөгийн 6,222,600 төгөргийн шаардлагаасаа татгалзаж, үлдэх 60,000,000 төгрөгийг хариуцагч С.Ариунтуяа, Д.Азжаргал нар нь 2017 оны 1 дүгээр сарын 20-ноос 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хүртэл 6 сарын хугацаанд төлж барагдуулах, хэрэв хугацаандаа төлөөгүйгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан тохиолдолд зардал, урамшууллын төлбөрийг хариуцагч нар хариуцахаар харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 01010 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 17251051 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ. Ажиллагааны явцад буюу 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төлбөр төлөгч С.Ариунтуяа нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 16 дугаар байрны 103 тоот 1 өрөө орон сууцаа нийт төлбөрт тооцон шилжүүлэн өгөхөөр төлбөр авагчтай тохиролцсон тул тус орон сууцыг Арвижих капитал банк бус санхүүгийн байгууллага ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэх хүсэлтийг гаргасны дагуу орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн. Тус албаны 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 17/751 дүгээр тогтоолоор төлбөр төлөгч төлбөрийг бүрэн төлж барагдуулсан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2017 оны/ хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-д төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн; гэх үндэслэлээр буюу төлбөр төлөгч өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөө сайн дураараа төлбөртөө тооцож шилжүүлэх хүсэлт гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тул хуулийн 17 дугаар бүлэгт Төлбөр төлөгч-иргэнээс төлбөр гаргуулах буюу төлбөр төлөгч С.Ариунтуяа, Д.Азжаргал нараас эхний ээлжинд бэлэн мөнгө, банк, эрх бүхий этгээд дэх хадгаламжийн болон харилцах дансан дахь мөнгөн хөрөнгө, үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөнөөс гаргуулна гэх хуулийн дарааллыг заавал баримтлах шаардлагагүй юм.

Мөн нэхэмжлэгч С.Ариунтуяа нь шийдвэр гүйцэтгэгч Ариунзаяа нь урамшуулал авдаг хууль нь байхгүй болох гээд байсан учраас надаас урамшууллын мөнгө авахын тулд маш хурдан ажиллагааг гүйцэтгэсэн, намайг дарамталсан гэжээ. Гэвч хэрэгт авагдсан баримтаар төлбөр төлөгчийг дарамталсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах нь 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар зөвшөөрөгдсөн тул энэ үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2017 оны/ хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ариунтуяагийн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Арвижих капитал банк бус санхүүгийн байгууллага ХХК-д холбогдуулан гаргасан Төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулж, ажиллагааг эхнээс нь явуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

       

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР