Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 1099

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2017/00937/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ш- нэхэмжлэлтэй

                                                                                        

Хариуцагч: Д- холбогдох 

 

8.250.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттунсаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш-түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б- нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Ш-миний бие Дархан сум 15-р баг Мангиртын 4-р хэсэгт байршилтай 100 тонн багтаамжтай, Ү-2003014217 тоот улсын бүртгэлийн дугаартай ногооны зоорио 3 айлын өмчлөлийн газрын хамт Д- 40 сая төгрөгөөр худалдахаар тохирч 21,2 сая төгрөгийг нь бэлнээр авч үлдэгдэл 18,8 сая төгрөгийг нь 2015 оны 8 дугаар сарын 01-нд барагдуулахаар гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн юм. Энэ хугацаандаа өгөөгүй тул 2015 оны 9 дүгээр сарын 15-ны дотор үлдэгдэл 15 500 000 төгрөгийг өгнө гэж Д- шинэчилсэн гэрээ хийсэн боловч мөн л өгөөгүй. 2015 оны 9 дүгээр сарын 24-ний дотор хүүтэй нь төлнө гэж баталгаа бичгээр гаргаж өгсөн. 2015 оны 11 сард 5 500 000 төгрөг төлөлгүй одоо хүртэл зайлсхийж байгаа тул хугацаа хэтэрсэн алданги тооцож нийт 8 250 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д- түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттунсаг нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Анх наймаа хийхдээ 120 тн багтаамжтай зоорь, 5 айлын газрыг 40 сая төгрөг гэж тохирсон. Би хэмжилт хийгээгүй итгээд тохирсон. 2015 оны 7 сард 2 айлын газар нь хүнийх гэдэг нь мэдэгдсэн. Би тэр дор нь наймаа буцья гэхэд зөвшөөрөхгүй явсаар өдий хүрсэн. Тэр өгсөн гэх газар дээрээ айл буулгачихсан. Би захиран зарцуулах эрхгүй байгаа. Ийм учраас би өгсөн авснаа буцаах хүсэлтэй байна. 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хийсэн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл. Энэ нь зоорь худалдах, худалдан авах гэрээ тул энэ гэрээний дагуу алданги нэхэх эрхгүй. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д доголдолтой эд хөрөнгө тул үлдэгдэл төлбөр, алдангийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч В.Шинэнгэрэл, хариуцагч Д- холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 5.500.000 төгрөг, гэрээнд зааснаар алданги 2.750.000 төгрөг нийт 8.250.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Д- нь хууль зөрчсөн гэрээ байгуулсан, 5 айлын газар шилжүүлэхээс 3 айлын газар шилжүүлсэн эд хөрөнгийн доголдолтой тул үлдэгдэл төлбөр болон алдангийг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Хариуцагч Д- нь гэрээний дагуу нийт 34.500.000 төгрөг төлбөрт төлсөн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч В.Шинэнгэрэл, хариуцагч Д- нар нь харилцан тохиролцож Дархан сумын Мангирт 15-р баг, 4-р хэсэгт байрлах, 120 м2 талбайтай зоорь, Дархан сумын Мангирт 15-р баг, 4-р хэсэг 34а тоот, 080126585 нэгж талбарын дугаартай, 2273,0 мкв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг  40 сая төгрөгөөр худалдаж, 2015 оны 5 дугаар сарын 21, 22-ний өдөр өмчлөх эрхийг шилжүүлсэн байна.

 

Талууд дээрхи тохиролцооны дагуу 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан, Дархан сумын Мангирт 15-р баг, 4-р хэсэгт байрлах, 120 м2 талбайтай орон сууцыг шилжүүлнэ, үлдэгдэл төлбөр 18 800 000 төгрөгийг, 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 8 800 000 төгрөгийг, 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 10 000 000 төгрөгийг төлөхөөр, хугацаа хэтэрвэл өдрийн 0,5 хувиар алданги тооцохоор гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч Д- нь үлдэгдэл төлбөрийг төлөх талаар удаа дараа хугацаа тогтоож тайлбар бичиж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 5-6/

 

Хариуцагч Д- нь үлдэгдэл төлбөр 5 500 000 төгрөг дээр маргадаггүй боловч доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн, гэрээ хүчин төгөлдөр бус тул гэрээний дагуу шаардах эрхгүй гэж маргаж байгаа бөгөөд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг аригахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах шаардлага гаргах эрхтэй” гэж зааснаар шаардах эрхтэй боловч мөн хуулийн 254 дугаар зүйлийн 254.6-д “Худалдагч нь эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэсэн хуулинд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй, мөн хариуцагч нь 255 дугаар зүйлийн 255.1.1-д “эд хөрөнгө хүлээн авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдагч шаардлага гаргах эрхээ алдана” гэж зааснаар доголдлын талаар мэдэх боломжтой байсан тул татгалзах эрхгүй байна.

 

Мөн хариуцагч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр хэлцэл гэж маргаж байгаа бөгөөд гэрээг Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулан, 120 мкв талбайтай орон сууц гэж гэрээнд тусгасан боловч энэ хэлцлийн дагуу өмчлөх эрх шилжсэн, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан”, 43.2.3-д “хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн бол хэлцэл хийсэн гэж үзнэ” гэсэн хуулийн шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдан авагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ”, 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль буюу гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, 232.4-д “...Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар хариуцагч Д-оос үлдэгдэл төлбөр 5.500.000 төгрөг, алданги 2.750.000 төгрөг нийт 8.250.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч В.Шинэнгэрэлд олгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д-оос 8.250.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш- олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 146.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д-оос 146.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.АЛТАНТУЯА