Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 179

 

В.Ш-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс:135/2017/00937

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Оюунцэцэг даргалж, шүүгч Л.Амарсанаа, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1099 дүгээр  шийдвэртэй,  

           Нэхэмжлэгч В.Ш-ийн  нэхэмжлэлтэй,

           Хариуцагч С.Д-ид  холбогдох    

          “худалдах худалдан авах гэрээний үүрэг 8.250.000 төгрөг гаргуулах”  тухай иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттунсагийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч С.Энхжаргалын  илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Булган, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттунсаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Мандуул нар оролцов. 

Нэхэмжлэгч В.Ш- итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Булган нараас: 

2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр  Дархан сум 15-р баг Мангиртын 4-р хэсэгт байршилтай 100 тонн багтаамжтай, Ү-2003014217 тоот улсын бүртгэлийн дугаартай ногооны зоорио, 3 айлын өмчлөлийн газрын хамт С.Д-ид 40 сая төгрөгөөр худалдахаар тохирч 21,2 сая төгрөгийг нь бэлнээр авч үлдэгдэл 18,8 сая төгрөгийг нь 2015 оны 8 дугаар сарын 01-нд барагдуулахаар гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн юм. Энэ хугацаандаа өгөөгүй тул 2015 оны 9 дүгээр сарын 15-ны дотор үлдэгдэл 15 500 000 төгрөгийг өгнө гэж С.Д-ид шинэчилсэн гэрээ хийсэн боловч мөн л өгөөгүй. 2015 оны 9 дүгээр сарын 24-ний дотор хүүтэй нь төлнө гэж баталгаа бичгээр гаргаж өгсөн. 2015 оны 11 сард 5 500 000 төгрөг төлөлгүй одоо хүртэл зайлсхийж байгаа тул хугацаа хэтэрсэн алданги тооцож нийт 8 250 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч С.Д-,  итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттунсаг нараас:

Анх наймаа хийхдээ 120 тн багтаамжтай зоорь, 5 айлын газрыг 40 сая төгрөг гэж тохирсон. Би хэмжилт хийгээгүй итгээд тохирсон. 2015 оны 7 сард 2 айлын газар  хүнийх гэдэг нь мэдэгдсэн. Би тэр дор нь наймаа буцья гэхэд зөвшөөрөхгүй явсаар өдий хүрсэн. Тэр өгсөн гэх газар дээрээ айл буулгачихсан. Би захиран зарцуулах эрхгүй байгаа. Ийм учраас би өгсөн авснаа буцаах хүсэлтэй байна. 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хийсэн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл. Энэ нь зоорь худалдах, худалдан авах гэрээ тул энэ гэрээний дагуу алданги нэхэх эрхгүй. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д доголдолтой эд хөрөнгө тул үлдэгдэл төлбөр, алдангийг зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх  2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1099 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч С.Д-оос 8.250.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч В.Ш-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 146.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Д-оос 146.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттунсаг давж заалдсан гомдолдоо:

2015 оны 7 дугаар сард 2 айлын газар нь бусдын барьцаанд байгаа гэдгийг мэдэж үнийн асуудал дээр ярилцах, эсвэл наймаагаа буцаая гэсэн боловч хариу өгөхгүй байсаар шүүхэд өгсөн учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Алданги тооцох гэрээ нь хуулийн шаардлагыг зөрчиж  хийсэн. /Иргэний хуулийн 56.1/ хүчин төгөлдөр биш учраас тэрхүү гэрээг үндэслэж алданги нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. С.Д-ийн хувьд газрын хэмжээний талаар жичдээ нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлнэ гэж байгаа тул алданги гэж тооцсон 2.750.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэв.

ХЯНАВАЛ:

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг  хангахгүй  орхиж байна.

          Нэхэмжлэгч  В.Ш-  хариуцагч С.Д-ид  холбогдуулан  ногооны  зоорийн үнийн  үлдэгдэл 5.500.000 төгрөг, алданги  2.750.000 төгрөг, нийт 8.250.000 төгрөг  гаргуулах  шаардлага гаргасныг,  хариуцагч  эс  зөвшөөрч  маргажээ.

          Зохигчдын хооронд 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр  Дархан сумын 15 дугаар баг, 4 дүгээр хэсэг, 34А тоотод  байрлалтай, 120 мкв талбайтай, зоорийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг  40.000.000 төгрөгөөр  худалдах, гэрээ байгуулсан өдөр  21.200.000  төгрөг, үлдэх  18.800.000 төгрөгийг  2015 оны  08 дугаар сарын  01-ний өдөр төлж  дуусгахаар  харилцан  тохиролцсон  бөгөөд талуудын хооронд  Иргэний хуулийн  243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний  харилцаа  үүссэн  байна.

          Хариуцагч  С.Д- нь 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл хугацаанд  төлвөл зохих 18.800.000 төгрөгийн  13.300.000 төгрөгийг төлж, үлдэх  5.500.000 төгрөг  төлөх  үүргээ  биелүүлээгүй  нь  хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул   нэхэмжлэгч  В.Ш-  гэрээний дагуу  5.500.000 сая төгрөгийг,  алдангийн хамт  гаргуулахаар  шаардах  эрхтэй байна.

          Хариуцагч С.Д-ийн татгалзлын агуулгаас үзвэл  худалдсан эд хөрөнгө нь эрхийн  зөрчилтэй байсан гэж  мөн  зоорь  худалдан авсан байхад  орон сууц худалдах худалдан  авах гэрээ  хийж  хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл  гэж маргажээ.

          Гэвч  хариуцагчийн  дээрх татгалзал нь  нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй  байгаа тайлбартаа  бичснээс  өөрөөр  сөрөг нэхэмжлэл, нотлох баримт гаргаж  маргаагүй   байна.

          Гэрээний зүйл болох   120,0 мкв  талбайтай зоорь, 2273,0 мкв талбайтай газрын өмчлөгчөөр  С.Д-ийг  улсын бүртгэлд бүртгэж  000311453, 000402606 тоот гэрчилгээг  2015 оны 05 дугаар сарын 22, 21-ний өдөр  олгосон баримт хэрэгт авагджээ.

          Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар  В.Ш- нь  Худалдах худалдан авах гэрээгээр  худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг  худалдан авагчийн  өмчлөлд шилжүүлэх үүргээ  биелүүлсэн харин  худалдан авагч  С.Д- нь   худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг   хүлээсэн  боловч  хэлэлцэн тохирсон  үнийг   бүрэн  төлөөгүй  байна.

          Иргэний хуулийн 254 дүгээр  зүйлийн 254.1-д зааснаар  Худалдан авагч нь  эд хөрөнгийн  доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа  төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай  шаардлага гаргах эрхтэй, мөн хуулийн  254.6-д  зааснаар  Худалдагч  эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш  зургаан сарын дотор  доголдлыг илрүүлсэн худалдан  авагч  энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг   гаргах эрхтэй  бөгөөд   2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр   С.Д-ийн эзэмшилд  эд хөрөнгө  шилжсэнээс үзвэл   2015 оы 11 дүгээр сарын 22-ны дотор  гомдлын шаардлага гаргах  боломжтой байсан  байна.

          Анхан шатны  шүүх  зохигчдын хооронд  үүссэн маргааны  харилцааг хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн дүгнэж, холбогдох хуулийг  зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг  зөрчөөгүй  байна.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гаргасан давж заалдах гомдлын үндэслэлд  “...2 айлын газар нь  бусдын барьцаанд байгаа гэдгийг  мэдэж үнийн асуудал дээр ярилцах, эсхүл наймаа буцаая гэсэн боловч хариу өгөөгүй,  алданги тооцох гэрээ нь  хуулийн  шаардлагыг зөрчиж хийсэн  хүчин төгөлдөр биш учраас  алданги нэхэмжлэх эрхгүй,  алдангийн  2.750.000  төгрөгийг  хэрэгсэхгүй  болгох...”  гэж  заажээ.

          Иргэний  хуулийн  196 дугаар зүйлийн 196.1.1-д  эд хөрөнгө шилжүүлснээр  гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр  гэрээг  байгуулсанд тооцдог  тул  талууд  гэрээний  нэрийг  “орон сууц худалдах худалдан авах”  гэснээр  хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэрээ  гэж  үзэхгүй,  гэрээг хүчин төгөлдөр бусд тооцоогүй тул  гэрээний дагуу алданги  гаргуулсан нь  хуулийн үндэслэл  бүхий  байх тул  шийдвэрийг хэвээр  үлдээх  нь  зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн  дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1099 дүгээр  шийдвэрийг хэвээр үлдээсүгэй. 

          2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  59.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ОЮУНЦЭЦЭГ                   

                                       ШҮҮГЧИД                                                Л.АМАРСАНАА

                                                                                                        С.ЭНХЖАРГАЛ