Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 1102

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2017/00927/И

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч Б- нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: О- холбогдох 

 

9.420.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэхмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б- түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н- нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Сосор овогтой Батсүх нь 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн Лхагваа овогтой Одончимэг нийтдээ 9.420.000 төгрөгийг зээлүүлсэн. Ингэхдээ өөрийнхөө 5046304578 дугаартай ХААН банкны дансанд 2015 оны 01 дүгээр сарын 23-нд 500.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 05-нд 200.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 15-нд 500.000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 15-нд 2.780.000, 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 170.000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 22-нд 2.370.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 500.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 6-нд 300.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1.000.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 100.000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр 1.000.000 төгрөг авсан бөгөөд бид нар хүү алданги тооцоогүй.  О- нь одоог хүртэл зээлсэн мөнгөө эргүүлж төлөхгүй байгаа тул дээрх мөнгийг Одончимэгээс гаргуулж өгнө үү. Одончимэгийн ааваас 50 толгой хонь авсаны мөнгийг Одончимэгийн дансанд шилжүүлж байсан. Гэтэл аав Лхагваа нь 7 740 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч Нийслэлийн шүүхийн магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 7 740 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу  5 005 413 төгрөгийг төлбөрт шилжүүлсэн, үлдэгдэл төлбөрийг төлсөн. Хонины мөнгө гэсэн утгатайгаар О-ийн дансанд 2 800 000 төгрөг шилжүүлсэн, түүнээс өмнө 9 удаа 6 620 000 төгрөг шилжүүлсэн тул нийт 9 420 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч О- түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О- миний бие нь Б-ийн нэхэмжлэлтэй танилцаад доорх тайлбарыг гаргаж байна. Би Б-ээс гэрээ хэлцэл хийж огт мөнгө зээлж аваагүй.  Б- самрын наймаа хийдэг гээд Дарханд самар бөөндөн авч бөөгнүүлж өгөөч гэж надаас гуйж мөнгөө миний данс руу хийдэг байсан.  Шилжүүлсэн мөнгөөр нь Бугант Хүдэрээс самар бөөндөн авч айлд хурааж байгаад Б-ийг ирэхэд нь кг, тонноор нь хийн сахараа  тэр ачааад явдаг байсан. Энэ талаараа бичээгүй байсан болохоор мөнгө зээлсэн мэт нэхэмжлэл гаргасан байна. Самар авахуулах мөнгөө зээлдэв гэж хийдэг байсныг нь би сая хуулгыг нь хараад мэдэж авсан. Хэрэв тэр надад мөнгө зээлдүүлж авч чаддагүй байсан юм бол яагаад дахин дахин мөнгө нэмж шилжүүлээд байхав дээ. Үнэнд нийцэхгүй нэхэмжлэл гаргасан байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй.  Б- нь самар хориотой гэдгийг мэдэж байгаад надаар авахуулдаг байгаагаа нуух зорилгоор дурдаагүй, мөнгө зээлдүүлсэн гэж заль гаргаж, надаас үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байна. Түүний хууль бус үйлдлүүдийн талаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргах болно. Мөнгө шилжүүлж байсан нь үнэн. Гэхдээ үүнийг зээлүүлээгүй, самар авах зорилгоор шилжүүлэхдээ 2 удаагийн шилжүүлэгт мөнгө зээлдэв гэсэн агуулгаар шилжүүлсэн байдаг. Гэтэл эд мөнгө зээлэх шаардлага байгаагүй мөнгөөр нь самар авч бөөгнүүлж байгаад Батсүх өөрөө ирж авдаг байсан. Нэг удаагийн шилжүүлэгт 40 000 төгрөг тээврийн зардал гэж шилжүүлсэн байдаг. Үүгээр мөнгө зээлж байгаагүй болох нь тогтоогдож байгаа. Ааваас нь 50 толгой хонь авсны мөнгөнөөс 2 800 000 төгрөгийг Одончимэгийн дансанд шилжүүлснийг зөвшөөрч байна. бусад 6 620 000 төгрөгийг шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Б- нь хариуцагч О-т холбогдуулан 9.420.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч О- нь би мөнгөө зээлээгүй тул хонины үнэ гэж шилжүүлсэн 2.800.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, үлдэх 6.620.000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Нэхэмжлэгч Б- нь хариуцагч О-ийн Хаан банкны 5046304578 тоот дансанд 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл дансаар нийт 9.420.000 төгрөг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгч Б-ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулбар, хариуцагч О-ийн Хаан банкны депозит дансны хуулбар, талуудын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 5-14, 63-68 дугаар хуудас/,

 

Нэхэмжлэгч Б- нь дээрхи 9.420.000 төгрөгийг зээлсэн, хариуцагч О-ийн аав Э.Лхагваад хонины үнэ 7 740 000 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэр гарсан шүүхийн шийдвэрийн дагуу 5 005 413 төгрөг, үлдэгдэл төлбөрийн хамт төлсөн, хонины үнэ гэж шилжүүлсэн боловч 2 800 000 төгрөгийг О-т зээлсэн гэж нотлох баримтаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2017/00709 дугаартай шийдвэр, шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мөнгөнтуяагийн гаргасан гомдол, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны дансанд, гүйлгээний утга Лхагваа гэж 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Б-ээс 5 005 413 төгрөг шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлэгийн баримт ирүүлжээ.

 

Дээрхи баримтуудаар нэхэмжлэгч Б- нь Э.Лхагваад хонины үнэ 7 740 000 төгрөг төлөх асуудал бүрэн шийдэгдсэн болох нь тогтоогдож, энэ талаар талууд маргаагүй тул хариуцагч О-ийн дансанд хонь худалдан авснаас хойш буюу 2015 оны 7 сараас хонины үнэ гэж шилжүүлсэн 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 300 000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 15-нд 500 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 23-нд 1 000 000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын 14-нд 1 000 000 төгрөг нийт 2 800 000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-д ...хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй  бол хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Б- нь шаардах эрхтэй байх тул хариуцагч О- 2 800 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Б- нь 6 620 000 төгрөгийг зээлсэн гэж тайлбарлаж байгаа боловч  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд Б-ийн гаргасан тайлбарт ...О-ийн аавынд очиход ах, дүү нараасаа нийлүүлж надад хонь 20, төлөг 20, ямаа 10, нийт 50 толгой малыг 6 850 000 төгрөгөөр худалдан авсан. ...Ингээд малын мөнгийг Э.Лхагваагийн дансанд хийе гэхэд О- би аавтай тохирсон байгаа миний дансанд хийчих гэж хэлсэн тул мөнгийг О-ийн дансанд 2015 оны 1 дүгээр сарын 23-нд 500 000 төгрөг, 2 дугаар сарын 15-ны өдөр  200 000 төгрөг, 2 дугаар сарын 10-ны өдөр 100 000 төгрөг, 2 дугаар сарын 15-ны өдөр 500 000 төгрөг, 5 дугаар сарын 15-ны өдөр 2 750 000 төгрөг, 6 дугаар сарын 17-ны өдөр 170 000 төгрөг, 6 дугаар сарын 27-ны өдөр 1 440 000 төгрөг, 6 дугаар сарын 22-ны өдөр 2 370 000 төгрөг, 8 дугаар сарын 06-ны өдөр 300 000 төгрөг, 8 дугаар сарын 13-ны өдөр 500 000 төгрөг, 12 дугаар сарын 23-ны өдөр 1 000 000 төгрөг  төлсөн гэсэн тайлбараар хариуцагч О-тэй зээлийн гэрээ байгуулж мөнгө шилжүүлсэн шаардлага нь үгүйсгэгдэж, нэхэмжлэгч нь шаардлагаа нотолж чадаагүй, зээлийн гэрээ байгуулсан талаар нотлох баримт ирүүлээгүй байх тул 6 620 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О-ийн хүсэлтээр гэрчээр Л.Жавзанхүү, Б.Бат-Өлзий нарыг асууж мэдүүлэг авсан байх бөгөөд гэрчүүд нь О-, Б- нар нь хамтарч самрын бизнес эрхэлж байсан талаар мэдүүлсэн мөн хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдаанд гэрчээр Б.Батсайханаас тайлбар авсан бөгөөд гэрч нь ...нэхэмжлэгч Б- самрын ченж хийдэг, Одончимэг, Батсайхан нараар Ерөө, Дарханаас самар авахуулж бэлдсэн үед нь өөрөө ирж машинтай ачдаг, мөнгийг нь О-ийн дансанд шилжүүлдэг талаар мэдүүлсэн болно. /хх-ийн 32-35 дугаар хуудас/

 

Нэхэмжлэгч Б-, хариуцагч О- нар нь шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон бөгөөд тэднийг төлөөлж шүүх хуралдаанд Н-, Л.Оюунсувд нар оролцсон болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч О-2.800.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б-эд олгож, 6.620.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 165.670 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О-59.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.АЛТАНТУЯА