Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 180

 

С.Б-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс:135/2017/00927

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Амарсанаа  даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

          Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1102 дугаар шийдвэртэй,  

           Нэхэмжлэгч С.Б-ийн  нэхэмжлэлтэй,

           Хариуцагч Л.О-т  холбогдох

          “Зээлийн төлбөр 9.420.000 төгрөг гаргуулах  хүссэн” иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүгч С.Энхжаргалын  илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч С.Б-,  итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнэ нараас: 

2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн Л.О-т нийтдээ 9.420.000 төгрөгийг зээлүүлсэн. Ингэхдээ өөрийнхөө 5046304578 дугаартай ХААН банкны дансанд 2015 оны 01 дүгээр сарын 23-нд 500.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 05-нд 200.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 15-нд 500.000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 15-нд 2.780.000, 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 170.000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 22-нд 2.370.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 500.000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 6-нд 300.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1.000.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 100.000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 14-ны өдөр 1.000.000 төгрөг авсан бөгөөд бид нар хүү алданги тооцоогүй.  Л.О- нь одоог хүртэл зээлсэн мөнгөө эргүүлж төлөхгүй байгаа тул дээрх мөнгийг Л.О-ээс гаргуулж өгнө үү. Л.О-ийн ааваас 50 толгой хонь авсаны мөнгийг Л.О-ийн дансанд шилжүүлж байсан.

Гэтэл аав Лхагваа нь 7 740 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч Нийслэлийн шүүхийн магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 7 740 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу  5 005 413 төгрөгийг төлбөрт шилжүүлсэн, үлдэгдэл төлбөрийг төлсөн. Хонины мөнгө гэсэн утгатайгаар Л.О-ийн дансанд 2 800 000 төгрөг шилжүүлсэн, түүнээс өмнө 9 удаа 6 620 000 төгрөг шилжүүлсэн тул нийт 9 420 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.О-  итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувд нараас

Би С.Б-ээс гэрээ хэлцэл хийж огт мөнгө зээлж аваагүй.  С.Б- самрын наймаа хийдэг гээд Дарханд самар бөөндөн авч бөөгнүүлж өгөөч гэж надаас гуйж мөнгөө миний данс руу хийдэг байсан.  Шилжүүлсэн мөнгөөр нь Бугант, Хүдрээс самар бөөндөн авч айлд хурааж байгаад С.Б-ийг ирэхэд нь кг, тонноор нь хийн самараа  тэр аваад явдаг байсан. Энэ талаараа бичээгүй байсан болохоор мөнгө зээлсэн мэт нэхэмжлэл гаргасан байна. Самар авахуулах мөнгөө зээлдэв гэж хийдэг байсныг нь би сая хуулгыг нь хараад мэдэж авсан. Хэрэв тэр надад мөнгө зээлдүүлж авч чаддагүй байсан юм бол яагаад дахин дахин мөнгө нэмж шилжүүлээд байхав дээ. Үнэнд нийцэхгүй нэхэмжлэл гаргасан байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй.  С.Б- нь самар хориотой гэдгийг мэдэж байгаад надаар авахуулдаг байгаагаа нуух зорилгоор дурдаагүй, мөнгө зээлдүүлсэн гэж заль гаргаж, надаас үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байна. Түүний хууль бус үйлдлүүдийн талаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргах болно. Мөнгө шилжүүлж байсан нь үнэн. Гэхдээ үүнийг зээлүүлээгүй, самар авах зорилгоор шилжүүлэхдээ 2 удаагийн шилжүүлэгт мөнгө зээлдэв гэсэн агуулгаар шилжүүлсэн байдаг. Гэтэл эд мөнгө зээлэх шаардлага байгаагүй мөнгөөр нь самар авч бөөгнүүлж байгаад С.Б- өөрөө ирж авдаг байсан. Нэг удаагийн шилжүүлэгт 40 000 төгрөг тээврийн зардал гэж шилжүүлсэн байдаг. Үүгээр мөнгө зээлж байгаагүй болох нь тогтоогдож байгаа. Ааваас нь 50 толгой хонь авсны мөнгөнөөс 2 800 000 төгрөгийг Л.О-ийн дансанд шилжүүлснийг зөвшөөрч байна. бусад 6 620 000 төгрөгийг шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1102 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Л.О-ээс 2.800.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Б-эд олгож, 6.620.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165.670 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.О-ээс 59.750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Номин-Эрдэнэ давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 6.620.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгчээс хэрэгт нотлох баримтаар өгсөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 709 дүгээр шийдвэртэй иргэний хэрэгт хариуцагчааар татагдсан энэ хэрэгт нэхэмжлэгчээр оролцсон С.Б-ийн гаргасан хариу тайлбарыг үндэслэл болгосон нь нэг талыг барьсан шийдвэр болсон гэж үзэж байна. Шүүх зохигчдын тайлбараар хэргийг шийдвэрлэх бус харин хэрэгт авагдсан нотлох баримтаар зохигчдын тайлбар нотлогдож байгаа тохиолдолд тайлбарыг үндэслэлтэй гэж үзэх нь зүйтэй. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр биш юм. Энэ нь  энэ хэрэгт авагдсан Э.Лхагваагийн өмгөөлөгч Н.Мөнгөнтуяагийн давж заалдах гомдлоор нотлогдоно. Анхан шатны шүүх 6.620.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хүчин төгөлдөр болоогүй эцсийн шийдвэр биш шүүхийн шийдвэрт гаргасан тайлбарыг үндэслэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон 6.620.000 төгрөгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны  шүүх  зохигчдын хооронд  үүссэн  маргааныг  хянан  шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Иргэний хуулийн  холбогдох зүйл, заалтыг  зөв тайлбарлан  хэрэглэсэн байх тул  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгчийн гаргасан давж заалдсан  гомдлыг   хангах үндэслэлгүй гэж үзлээ.

          Нэхэмжлэгч С.Б- хариуцагч Л.О-т холбогдуулан зээлүүлсэн  9.420.000 төгрөгийг   гаргуулахаар  шаарджээ.

          Хариуцагч Л.О-  түүний  итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувдаас  “би  гэрээ, хэлцэл хийж  мөнгө зээлж аваагүй, самрын наймаа  хийдэг гээд  самар бөөгнүүлж өгөөч гээд миний данс руу  мөнгө  хийдэг,  шилжүүлсэн мөнгөөр нь  самар бөөндөн авч айлд хурааж байгаад  тэр ирээд  ачиж авч явдаг байсан, ...үнэнд нийцээгүй  нэхэмжлэл гаргасан байна, ааваас нь  50 толгой хонь авсны  мөнгө   2.800.000  төгрөгийг   зөвшөөрч байна  бусад  6.620.000 төгрөгийг зөвшөөрөхгүй  гэж  маргажээ.

          Шүүх хариуцагчаас хонины үнэд шилжүүлсэн 2.800.000  төгрөгийг  Л.О-ээс  буцаан гаргуулж,  нэхэмжлэлийн шаардлагаас  6.620.000 төгрөгт  холбогдох хэсгийг  нотлогдоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн  байна.

          Нэхэмжлэгч  шүүхэд  нэхэмжлэл  гаргахдаа  2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны  01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд   С.Б-ийн  эзэмшдэг  данснаас  Л.О-ийн эзэмшдэг данс руу   11 удаа  нийт  9.420.000 төгрөг  шилжүүлсэн гэж нотлох баримтаар  ХААН банкны дансны  хуулгыг  ирүүлсэн.

          Хэдийгээр  дээрх  мөнгө шилжүүлснээр  зохигчдын хооронд  Иргэний хуулийн  282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар  зээлийн гэрээ байгуулагдсанд тооцож  болох боловч хариуцагч  нэхэмжлэгчээс мөнгө  зээлээгүй, ямар ч зээлийн харилцаа  үүсээгүй  гэсэн  тайлбарыг  нэхэмжлэгч үгүйсгээгүйгээс гадна  тэдний хооронд  самар  бөөндөж  өгч авч байсан  талаарх  хариуцагчаас  гаргасан  нотлох баримтыг  нэхэмжлэгч мөн  няцаагаагүй байна.

          Иймд нэхэмжлэгчийн  хариуцагчаас  зээлийн гэрээний үүрэг  шаардсан шаардлага нь  нотлогдоогүй  байх бөгөөд  анхан шатны  шүүхийн  энэ  талаар  хийсэн  дүгнэлтийг  буруутгах  үндэслэл хэрэгт авагдсан  нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

          Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гаргасан  нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 6.620.000 төгрөгийн шаардлагыг   бүрэн хангаж өгнө үү гэсэн  давж заалдах гомдлыг  хүлээн авах боломжгүй  гэж шүүх бүрэлдэхүүн  үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 1102 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй. 

          2.Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн   162 дугаар зүйлийн 162.4-т   заасныг баримтлан  нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120.870 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Л.АМАРСАНАА           

                                      ШҮҮГЧИД                                                С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                       С.ЭНХЖАРГАЛ