Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 1006

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2017/00799/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: О-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох,

 

“Ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ё.Ринзаан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч-, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзориг, гэрч М.Мандалхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О- нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...миний бие Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс Дархан сумын 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажил албан тушаалд түр томилогдон ажиллаж байгаад 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Боловсролын газраас зарлагдсан 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтанд орж хамтгийн өндөр оноо авч 1 дүгээрт орсноор Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/61 дугаар захирамжаар 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон. ...Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/107 дугаартай захирамжаар намайг ажлаас чөлөөлсөн бөгөөд Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1468 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, О- намайг 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон.

Гэвч Засаг дарга С.Насанбат шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсаар 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр намайг ажилд минь томилсон юм.

Шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа ороод миний бие ажлаа хэвийн үргэлжлүүлж байхад мэргэжлийн хяналт, боловсролын байгууллага зэрэг газруудаас ажил шалгаж байгаа нэрийдлээр ажлыг минь хийлгэхгүйсаад төвөг учруулж байсан ба Засаг даргаас 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1-1109 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” гэх албан тоот ирүүлсэн. Үүний дараа 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/36 дугаартай захирамж гардуулж О- миний ажлыг хүлээж авсан. Тус захирамжтай танилцахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дахь заалтыг үндэслэсэн байх бөгөөд тус заалт нь ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй болсон гэх заалт байдаг. Гэтэл О- намайг ажлаас чөлөөлөх дээрх үндэслэлийн аль нь ч тогтоогдохгүй байхад ямар ч үндэслэлгүйгээр намайг ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

Иймд хууль бус захирамж гаргаж нэхэмжлэгч О- миний хөдөлмөрлөх эрхийг минь удаа дараа ноцтой зөрчсөн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/36 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж иргэн миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Дархан-Уул аймгийн Боловсрол соёл урлагийн газрын даргын 2017 оны А/28 дугаар тушаалаар томилогдсон тухайн салбарын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлтээр тус аймгийн Дархан сумын 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан иргэн О- нь сургалтын хөтөлбөр төлөвлөгөө болон байгууллага хөгжүүлэх стратеги төлөвлөгөөтэй танилцаагүй, СӨБайгууллагын мэргэжлийн сургуулийг төгсөөгүй, тухайн салбарт ажиллаж байгаагүй, байгууллагын удирдлагаар мэргэшээгүй, ажлын байрны тодорхойлолтын тавигдах шаардлагыг үзүүлэлтийн болон Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийг сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэдэг их, дээд сургууль, коллеж төгссөн, ажлын туршлагатай байх” гэсэн заалтыг хангаагүй, БСШУ-ны сайдын 2014 оны А/112 дугаар тушаалаар батлагдсан Цэцэрлэгийн ажилтны ажлыг үнэлэх дүгнэхэд баримтлахад чиглэлд заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэх чадваргүй мэргэжил арга зүй, мэргэшлийн байдал нь хангалтгүй буюу мэргэжил ур чадвар гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон байна.

Иймд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэл болгон ажлаас чөлөөлсөн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/36 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.                           

ҮНДЭСЛЭХ нь:

 

                   Нэхэмжлэгч О- нь хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан Дархан сумын 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

                   Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

                   Хэрэгт авагдсан баримтаар

 

                   Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1468 дугаартай шийдвэрийг үндэслэн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/19 дугаартай захирамжаар О-ийг тус аймгийн Дархан сумын 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилжээ.

                   Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/26 дугаарт “Ажлын хэсэг томилох тухай” тушаалаар “Монгол  Улсын Боловсролын тухай хуулийн 281.1.4 дүгээр заалт, Монгол Улсын Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалт, БСШУ-ны сайдын 2013 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/315 тоот тушаал, БСШУ-ны сайдын 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/112 дугаар тушаалыг тус тус үндэслэн Дархан сумын 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч О-ийн цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэх, цэцэрлэгийн эрхлэгчийн мэргэжлийн ур чадварын түвшинг тогтоох, дүгнэлт гаргах ажлын хэсгийг ахлагчаар М.Мандалхүү /СӨБ хариуцсан мэргэжилтэн/, гишүүдэд М.Уранчимэг /22 дугаар цэцэрлэгийн эрхлэгч/, Ж.Цэцгээ /18 дугаар цэцэрлэгийн эрхлэгч/, Ш.Болдбаатар /БСУГ-ын мэргэжилтэн/ нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ. /хх/

                   2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Дархан сумын 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч О-ийн эрхлэгчийн мэргэжлийн ур чадварын түвшин тогтоосон тухай дүгнэлтэд “...Эрхлэгч О- нь Сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр мэргэшээгүй, мэргэжлийн бус тул БСШУ-ны сайдын 2014 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/112 дугаар тушаалаар батлагдсан “Цэцэрлэгийн ажилтны ажлыг үнэлэх, дүгнэхэд баримтлах чиглэл”-д заасан дөрөвдүгээр шалгуур үзүүлэлтийн 3 дугаар зүйлд заасны дагуу ажил үүргийг гүйцэтгэх чадваргүй, мэргэжил, арга зүй, мэргэшлийн байдал хангалтгүй буюу мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй гэж дүгнэж байна” гэжээ. /хх/

                  

                   Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/36 дугаартай захирамжаар “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалт, Эрүүл мэнд нийгмийн хамгаалалын сайдын 2000 оны 166 дугаар тушаалаар батлагдсан “ээлжийн амралт олгох заавар”-ын 15-ыг тус тус үндэслэн захирамжлах нь:

                   Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргын 2017 оны А/26 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтээр тус аймгийн Дархан сумын 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Дамдинсүрэнгийн Оюунчимэг нь мэргэжил ур чадварын хувьд тухайн албан тушаалд тэнцэхгүй болсон нь тогтоогдсон тул 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсүгэй” гэж шийдвэрлэсэн байна. /хх/

 

                   Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”,  Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-т “аймгийн Засаг дарга нь аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх эрхтэй”, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-т “хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцалсан”, 38 дугаар зүйлийн 38.1.2-т “хөдөлмөрийн гэрээг ажил олгогч санаачилснаар цуцлана”,  40 дүгээр зүйлийн 40.1.2-т “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийг гэрээг цуцлаж болно” гэж тус тус заасан байна.

                  

             Дархан сумын 24 дүгээр цэцэрлэгчийн эрхлэгчид тавигдах ерөнхий шаардлага нь :

             Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийг сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэдэг их, дээд сургууль, коллеж төгссөн, ажлын туршлагатай эрхлэгч удирдах бөгөөд түүнийг үүсгэн байгуулагч томилно”, тус цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтод “...дээд боловсролтой /бакалавр/, Сургуулийн өмнөх боловсролын багш арга зүйч мэргэжилтэй, Байгууллагын удирдлагаар мэргэшсэн, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 5 аас дээш жил ажилласан...” байхаар тус тус заажээ.

 

                   Нэхэмжлэгч О- нь дээд боловсролтой, бага ангийн багш болон англи хэлний орчуулагч мэргэжилтэй, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад урьд нь ажиллаж байгаагүй, сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр суралцаагүй болох нь хэрэгт авагдсан түүний Улсын багшийн их сургуулийн 2000 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн D 2000/2191 дугаартай бакалаврын  диплом, Дархан дээд сургуулийн 2004 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №С200402029 дугаартай диплом зэрэг баримтууд болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байх тул  нэхэмжлэгч О-ийг Дархан сумын 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажил, албан тушаалд тавигдах ерөнхий шаардлагыг хангаагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

                  

                   Өөрөөр хэлбэл Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга нь 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Дархан сумын 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч О-ийн эрхлэгчийн мэргэжлийн ур чадварын түвшин тогтоосон тухай дүгнэлтийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

                   Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх...” гэж заасны дагуу хариуцагч тал 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг нэхэмжлэгч О-т хүргүүлсэн байна.

                   Иймд нэхэмжлэгч О-ийн гаргасан Дархан сумын 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.        

 

                  

    Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

    1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан О-ийн хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч О-ийг тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор   Дархан-Уул аймгийн Иргэний  давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

          

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      З.ТУНГАЛАГМАА