Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 174

 

Д.О-ийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2017/00799/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1006 дугаар шийдвэртэй,  

           Нэхэмжлэгч Д.О-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох

           “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин  гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай”  иргэний хэргийг

           Нэхэмжлэгчийн  давж заалдсан гомдлыг үндэслэн

            2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр  хүлээн авч, шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чагнаадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.О-ээс:

Миний бие Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжаар 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс Дархан сумын 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажил албан тушаалд түр томилогдон ажиллаж байгаад 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Боловсролын газраас зарлагдсан 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтанд орж хамтгийн өндөр оноо авч 1 дүгээрт орсноор Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/61 дугаар захирамжаар 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон. ...Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/107 дугаартай захирамжаар намайг ажлаас чөлөөлсөн бөгөөд Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1468 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Д.О- намайг 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон. Гэвч Засаг дарга С.Насанбат шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсаар 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр намайг ажилд минь томилсон юм. Шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа ороод миний бие ажлаа хэвийн үргэлжлүүлж байхад мэргэжлийн хяналт, боловсролын байгууллага зэрэг газруудаас ажил шалгаж байгаа нэрийдлээр ажлыг минь хийлгэхгүйсаад төвөг учруулж байсан ба Засаг даргаас 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1-1109 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай гэх албан тоот ирүүлсэн. Үүний дараа 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/36 дугаартай захирамж гардуулж Д.О- миний ажлыг хүлээж авсан. Тус захирамжтай танилцахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2 дахь заалтыг үндэслэсэн байх бөгөөд тус заалт нь ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй болсон гэх заалт байдаг. Гэтэл Д.О- намайг ажлаас чөлөөлөх дээрх үндэслэлийн аль нь ч тогтоогдохгүй байхад ямар ч үндэслэлгүйгээр  ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Иймд хууль бус захирамж гаргаж нэхэмжлэгч Д.О- миний хөдөлмөрлөх эрхийг  удаа дараа ноцтой зөрчсөн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/36 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чагнаадоржоос:

Дархан-Уул аймгийн Боловсрол соёл урлагийн газрын даргын 2017 оны А/28 дугаар тушаалаар томилогдсон тухайн салбарын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комиссын дүгнэлтээр тус аймгийн Дархан сумын 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан иргэн Д.О- нь сургалтын хөтөлбөр төлөвлөгөө болон байгууллага хөгжүүлэх стратеги төлөвлөгөөтэй танилцаагүй, СӨБайгууллагын мэргэжлийн сургуулийг төгсөөгүй, тухайн салбарт ажиллаж байгаагүй, байгууллагын удирдлагаар мэргэшээгүй, ажлын байрны тодорхойлолтын тавигдах шаардлагыг үзүүлэлтийн болон Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийг сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэдэг их, дээд сургууль, коллеж төгссөн, ажлын туршлагатай байх гэсэн заалтыг хангаагүй, БСШУ-ны сайдын 2014 оны А/112 дугаар тушаалаар батлагдсан цэцэрлэгийн ажилтны ажлыг үнэлэх дүгнэхэд баримтлахад чиглэлд заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэх чадваргүй мэргэжил арга зүй, мэргэшлийн байдал нь хангалтгүй буюу мэргэжил ур чадвар гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон байна.Иймд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэл болгон ажлаас чөлөөлсөн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/36 дугаар захирамж нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1006 дугаар  шийдвэрээр.

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Д.О-ийн хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан  ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай  нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож, 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлдийн 57.1, Улосын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7  дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.О-ийг тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.О- давж заалдсан гомдолдоо:

Шүүх 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1468 дугаар шийдвэрээр  ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж шийдвэрлэсэн. Гэтэл Засаг дарга шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж ухамсараараа биелүүлэхгүй байсаар байхад шүүхэд дахин хүсэлт гаргаж захирамж гаргуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/19 дугаар захирамж гаргаж 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилсон. Ингээд ажилдаа ороод ажилтайгаа бүрэн танилцаж амжаагүй байхад Аймгийн засаг дарга 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Б/36 дугаартай захирамж гаргаж ажлаас чөлөөлсөн. Энэ хугацаа бол миний бие Засаг даргатай үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй хугацаа юм. Бүх цэцэрлэгийн эрхлэгч нар цэцэрлэгийн багшийн сургууль төгсөөгүй мэргэжлийн бус багш нар ажиллаж байна. Намайг халаад миний оронд томилогдсон багш мөн л мэргэжлийн бус монгол хэл уран зохиолын багшийг томилон ажиллуулж байна.  Шүүхэд нөхцөл байдлыг танилцуулсаар байтал, байдлыг үнэлж амьдралд нийцтэй бодитой дүгнэлт хийхгүйгээр нэг талыг барьж Боловсролын тухай хууль, ажлын хэсгийн үндэслэлгүй дүгнэлтийг хууль ёсны үндэслэлтэй дүгнэлт мөн гэсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн шүүхэд гомдолтой байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д “Ажил олгогч, албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэл оногдуулж ажлаас халахаар заажээ. Гэтэл би хөдөлмөрийн гэрээ, дотоод журмыг зөрчөөгүй, зөрчсөн болохыг шалгаж тогтоогоогүй. Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.2-т “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэх байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон  гэдгийг ажилтны энэ байдлын талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын эрх зүйн байдалд үнэлэлт өгсөнгүй. Иймд хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт өгч, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх  Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан  хэрэглэсэн байх тул   нэхэмжлэгчийн  энэ үндэслэлээр гаргасан давж заалдсан гомдлыг  хангах нь зүйтэй.

            Нэхэмжлэгч Д.О- нь хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б\36 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажил үүргээ гүйцэтгэх чадваргүй, мэргэжил арга зүй, мэргэшлийн байдал нь хангалтгүй буюу мэргэжил ур чадвар гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа  тэнцэхгүй болсон нь  тогтоогдсон  гэж  маргажээ.

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд  нэхэмжлэгч  Д.О-ийг  2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б\107 дугаар захирамжаар 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас  чөлөөлсөн бөгөөд  Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1468 дугаар шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт  1.713.417  төгрөг  гаргуулж  шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр  хүчин төгөлдөр болсон байна.

            Шүүхийн дээрх шийдвэрийг биелүүлж , Дархан-Уул аймгийн Засаг даргын  2017 оны 04 дүгээр  сарын 12-ны өдрийн  Б\19 дүгээр  захирамжаар Д.О-ийг ажилд нь буцаан  томилсон, 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн  Б\36 дугаар захирамжаар  ажлаас чөлөөлжээ.

            Д.О-ийг ажлаас чөлөөлөхдөө Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалт, мөн Дархан-Уул аймгийн  Боловсрол, соёл, урлагийн газрын даргын  2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А\26 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтийг  үндэслэл болгосон  байна.

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны  12 дугаар сарын 23-ны өдрийн А\505 дугаар захирамжаар Д.О-ийг 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилсон   Засаг даргын  Б\52, Б\61  дүгээр захирамжуудыг   хүчингүй болгосныг Д.О-  нэхэмжлэл гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнөөр  Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн  анхан шатны шүүхийн шүүгчийн  2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 38 дугаар захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож байсан, Д.О-ийг  ажилд томилсоноос хойш 28 хоногийн дараа ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгах ажлын хэсгийг  томилж байжээ.

Талууд  маргааны гол үндэслэлээр ажлын хэсгийн дүгнэлтийг  заасан бөгөөд   Хөдөлмөрийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.2- т заасан “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон”  гэсэн  зохицуулалтад  нийцсэн , эс нийцсэн талаар тайлбарласан байна.

Боловсрол, соёл, урлагийн газрын даргын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А\26 дугаар тушаалаар  4 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилж, тус ажлын  хэсэгт “...Д.О- цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагыг  хангаж байгаа эсэх, ...түүний мэргэжлийн ур чадварын түвшинг тогтоох  үүрэг  өгч, мөн өдөр  ажлын хэсэг  дүгнэлт  гаргажээ.

Дүгнэлтэд: Боловсролын тухай хууийн 10 дугаар зүйлийн 10.1-д  “Төрийн болон төрийн бус  өмчийн цэцэрлэгийг  сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэдэг их, дээд сургууль, коллеж  төгссөн, ажлын туршлагатай эрхлэгч  удирдах...” гэсэн заалтыг  24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Д.О- хангаагүй  байна. Цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтын дагуу  СӨБ-ын чиглэлээр мэргэжил эзэмшиж, тухайн чиглэлээр мэргэшсэн ажилтан  боловсролын бодлогыг хэрэгжүүлэх, сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулах  ажлыг удирдан зохион байгуулах, багш нарт зөвлөн туслах, ажлыг хийж гүйцэтгэх үүрэгтэй гэжээ.

Боловсролын тухай хуулийн дээрх заалтын агуулгаас үзэхэд ажилтанд үүрэг болгоогүй харин ажил олгогч буюу Дархан-Уул аймгийн Засаг дарга нь цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд  ажилтанг томилоход тавигдах шаардлага байна.

Ажил олгогч 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн орон тоонд сонгон шалгаруулалт явуулахдаа Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд заасан журмыг  баримтлаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн харилцааг зохих журмын дагуу  үүсгээгүйд  ажилтны буруу  байхгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт нь хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан мэргэжил ур чадварын хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болох тухай зохицуулалт, үүнийг ажилтныг анх ажилд авахад мэргэжил, мэргэшлийн хувьд  хуулиар тавигдах шаардлагын адил хэрэглэх боломжгүй юм.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны  олговор,, нийгмийн даатгал нөхөн гаргуулах шаардлагыг хангахад  шаардлагатай нотлох баримтууд хэрэгт бүрэн  авагдсан тул  ажлаас  халагдсан өдрөөс  шүүхийн  шийдвэр гарах өдөр хүртэл буюу   гурван сарын олговорт 2.133.620  төгрөг  \нэг сарын цалин 711.230 төгрөг\ -ийг  хариуцагчаас гаргуулж шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулав. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1006 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг, “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1-д  заасныг  баримтлан нэхэмжлэгч Д.О-ийг Дархан-Уул аймгийн Дархан сумын 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Дархан-Уул аймгийн Засаг даргаас 2.133.620 төгрөг гаргуулж, Д.О-т олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг  даалгасугай.” гэж тогтоох хэсгийн  2 дахь заалтыг, “Иргэний хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар  улсын тэмдэгтийн хураамжид Дархан-Уул аймгийн Засаг даргаас 49.088 төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулсугай.” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн   59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар  нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  70.200 төгрөг төлснийг төрийн сангийн орлогоос  захирамжаар гаргаж, буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              О.НАРАНГЭРЭЛ           

                            ШҮҮГЧИД                                                                  С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                               С.ЭНХЖАРГАЛ