Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 159

 

 

 

 

 

 

 

 

 

 

      Б.Б-д холбогдох эрүүгийн

    хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:                                              

            прокурор О.Пүрэвсүрэн,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1030 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1808013591062 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

................ овгийн ................. ....................., 19.. оны ... дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., ... хамт ......... дүүргийн .. дугаар хороо, ........ ....... дугаар гудамжны 1 тоотод оршин суух бүртгэлтэй,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 365 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 325 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 359 дүгээр шүүгчийн захирамжаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсныг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нийцүүлж, түүний 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 15 хоногийн хорих ялаас чөлөөлсөн, /РД:.................../;

 

Б.Б нь 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппорогийн автобусны буудал дээр автобусанд суух гэж байсан насанд хүрээгүй хохирогч Ж.Энхзулын “I phone-5s” загварын гар утсыг гэдэс рүү нь цохин хүч хэрэглэн дээрэмдэж авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овгийн Баярын Батжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б-ыг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын цагдан хоригдсон 30 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр бусдад төлөх төлбөрүй болохыг тус тус дурдаж, шийтгэл тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Б-ын эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр  сарын 29-ний өдрийн 1030 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлэхээр шийтгүүлсэн. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, хэргээ үнэн зөвөөр нь хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо барагдуулсан. Би аав А.Баярын хамт амьдардаг ба аав А.Баяр нь 2 удаа тархины цус харвалт өгч хөдөлмөрийн чадвараа алдан байнгын асаргаанд байдаг болсон. Иймд ар гэрийн аргагүй байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Б.Б-ын өмгөөлөгч А.Очбадрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Б.Б-д 2 жил 6 сарын хорих ял оногдуулсан. Б.Б нь зүйлчлэл болон гэм буруугийн талаар анхнаасаа маргадаггүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, учруулсан хохирлыг арилгасан, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

 

Прокурор О.Пүрэвсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн оногдуулсан ял шийтгэл нь үндэслэлтэй гэж үзэж байна. Тийм учраас гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

Б.Б нь 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппорогийн автобусны буудал дээр автобусанд суух гэж байсан насанд хүрээгүй хохирогч Ж.Энхзулын “I phone-5s” загварын гар утсыг гэдэс рүү нь цохиж хүч хэрэглэн дээрэмдэж авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Насанд хүрээгүй хохирогч Ж.Энхзулын “Би 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Саппорогын ар талын автобусны буудал дээр автобус хүлээгээд утасны чихэвчээр гар утаснаасаа дуу сонсоод зогсож байсан. Удалгүй автобус хүрээд ирэхээр нь суух гэж байхад гэнэт сонсож байсан дуу зогсоод утасны чихэвч хойшоогоо татагдахаар нь гайхаад эргээд харахад 30 гаран насны намхан, хардуу царайтай, дунд зэргийн биетэй, жартгар нүдтэй, хар өнгийн савхин куртиктэй, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй танихгүй ах зогсож байсан. Тэр ах миний утсыг гартаа барьчихсан харагдсан. Намайг эргээд харангуут тэр ах миний гэдэсний орчимд гараараа нэг удаа хүчтэй цохиод би доошоо гэдсээ дараад суухад нөгөө хулгайч миний утсыг аваад зугтаагаад явсан.” гэх мэдүүлэг /хх-25/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-15-17/, нас тоолсон тухай тэмдэглэл /хх-21/, эд зүйлийн үнэлгээ /хх-42-43/, зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

          Анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцсэн байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, мэдүүлэг, дүгнэлт, шинжлэн судалсан бусад нотлох баримтад тулгуурлаж, шүүгдэгч Б.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж, дээрэмдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч Б.Б-ын бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж, дээрэмдсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхээс Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул “оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1030 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1030 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 ДАРГАЛАГЧ,

                         ШҮҮГЧ                                                        М.ПҮРЭВСҮРЭН

 

                         ШҮҮГЧ                                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                         ШҮҮГЧ                                                        Д.МЯГМАРЖАВ