Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2018/ШЦТ/1030

 

                                   

 

 

 

 

     2018            11             29                                        1030

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч О.Пүрэвсүрэн,

шүүгдэгч Б.Б..............л, түүний өмгөөлөгч А.Очбадрал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2185) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт Б..............рын Б..............лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1808 013591062 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Б..............рын Б..............л, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, 30 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын ................ оршин бүртгэлтэй боловч тухайн хаягт оршин суудаггүй, регистрийн дугаар УП88112511, урьд;

- Нийслэлийн Сонгинохайрхан дүүрийн шүүхийн 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 365 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 325 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял шийтгүүлж, Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 359 дүгээр шүүгчийн захирамжаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсоныг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нийцүүлж, түүний 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 15 хоногийн хорих ялаас чөлөөлсөн.

Прокуророос тогтоосон хэргийн агуулга (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч Б.Б..............л нь 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Саппорогийн автобусны буудал дээр автобусанд суух гэж байсан насанд хүрээгүй хохирогч Ж.Э................лын “I phone 5s” маркийн гар утсыг илээр хүч хэрэглэн гэдэс рүү нь цохин довтолж хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлэхдээ:

Шүүгдэгч Б.Батжарагл мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Ж.Э................лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 16 цаг 50 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппорогийн ар талын автобусны буудал дээр автобус хүлээгээд зогсож байхдаа чихэвчээр утаснаасаа дуу сонсоод зогсож байсан. Удалгүй “ХО-12” чиглэлийн автобус хүрээд ирэхээр нь суух гэж байхад гэнэт сонсож байсан дуу зогсоод утасны чихэвч хойшоогоо татагдахаар нь гайхаад эргээд харахад миний хойд тад 30 гаран насны намхан хар дуу царайтай, дунд зэргийн биетэй, жартгар нүдтэй, хар өнгийн савхин куртиктэй цэнхэр өнгийн жинсэн өмдтэй танихгүй ах зогсож байсан. Тэр ах миний утсыг гартаа барьчихсан харагдсан. Тэгээд намайг эргээд харангуут тэр ах миний гэдэс орчим гараараа нэг удаа хүчтэй цохиод би доошоо гэдсээ дараад суухад нөгөө хулгайч миний утсыг аваад зугтаагаад явсан. Миний гар утас куртикны зүүн талын халаасанд байсан...миний алдагдсан гар утас “iphone 5s” маркийн хар өнгийн гэртэй, утас байсан...би 2017 оны 2 дугаар сард 450.000 төгрөгөөр худалдан авч байсан...надад ямар нэгэн өвчин зовиур байхгүй...би хохирлоо барагдуулж авмаар байна.. ” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25)

“...би тухайн үед гар утсаараа дуу сонсоод...автобус ирэхээр нь хаалгаар орох үед утасны чихэвч татагдахаар нь эргээд харсан чинь миний гар утсыг 30 гаран насны хар дуу царайтай, намхан, жартгар нүдтэй нэг ах авчихаар нь “хөөе” гэсэн чинь тэр хүн миний гэдэс рүү гараараа цохиод цаашаа зугтаад явсан...миний гэдэс рүү цохиод зугтаад явж байхдаа эргэж хараад инээсэн...утасныхаа хохирлыг төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27),

2. Гэрч Д.Д................рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр манай нөхрийн дүү Ж.Э................л нь бусдад зодуулж гар утсаа дээрэмдүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34),

3. Хөрөнгө үнэлгээний “Дамно” ХХК-ийн тайланд “...iphone 5s маркийн гар утас 256.000 төгрөг...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 42-43)

4. Зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан ажиллагаанд “...Б..............р овогтой Б..............лын фото зургийг түүнтэй ижил төстэй бусад гурван эрэгтэй хүний фото зурагтай хамт 1-4 хүртэл дугаарлан тавьж, танигдагч Б.Б..............лын зургийг 3 дугаарт тавьж, бусад гурван хүний зургийг 1, 2, 4 дугаарт тавив. Хохирогч Ж.Э................лыг таньж олуулах ажиллагааны өрөөнд оруулж...2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр...гар утсыг чинь авсан хүн эдгээр хүмүүсийн зурган дунд байна уу, хараад таних уу, хэрэв таних бол ямар онцлог шинж тэмдэгээр нь таних вэ гэхэд хохирогч “би шууд хараад танина. Тэр хүн жартгар нүд, царайны ерөнхий төрх байдлаар нь хараад” танина гэв. Ингээд хохирогчоос эдгээр зурагнууд дундаас гар утсыг чинь авсан хүн байна уу гэхэд тэрээр ...3 дугаарт тавьсан Б..............р овогт Б..............лын зургийг заав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15-17)

4. Гэрч Б.О................гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын ................ 3 жил амьдарч байна. Энэ хашааг манайх худалдаж авсан. Манай хаягт Б.Б..............л гэдэг хүн бүртгэлгүй, амьдардаггүй. Өмнө нь энэ хаягт сууж байгаад хасалт хийлгээгүй шилжсэн хүмүүсийн бүртгэл манайхтай заримдаа давхцаад байдаг юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 89-90),

 

5. Шүүгдэгч Б.Б..............лын мөрдөн шалгах ажиллагаанд;

- гэрчээр 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн: “...би 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Саппорогийн автобусны буудлын орчим найзуудтайгаа архи уусан. Тэгээд орой 16 цагийн үед архины мөнгөгүй болоод мөнгө олох санаатай буудал дээр зогсож байсан. Тэгтэл нэг охин утасны хөгжмөө сонсож байхаар нь тухайн охиныг автобусанд суух гээд явахаар нь араас нь сэмээрхэн очоод хармаанаас нь утсыг нь аваад чихэвчийг нь салгасан чинь тэр охин эргээд харчихсан. Тэгэхээр нь би тэр охины гэдсэн тус газар гараараа нэг цохисон. Тэгээд би автобусыг тойроод Миний дэлгүүр талруу гүйсэн. Би архины мөнгөгүй болсон байсан болохоор мөнгө олох санаатай байсан. ...уг охин эргэж харахаар нь би сандарсандаа хашаа нь мэдэхгүй цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-31),

- яллагдагчаар 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын дундуур...14-15 цагийн үед төмөр замаас алахаад Саппорогийн автобусны буудал дээр ирээд автобусанд суух гээд хүлээж байтал нэг охин Саппорогийн автобусны буудал дээрээс автобусны хаалгаар ороод зогсож байсан. Тэгэхээр нь хойноос нь очоод куртикны баруун талын халааснаас нь гар утсыг нь хулгайлж аваад зугтаасан. Утсыг нь хулгайлж аваад зугтаах явцдаа халаасандаа хийж яваад хаячихсан...тэр охиноос утсыг нь аваад Саппорогийн хойшоо зугтаасан...би тэр охины гэдэс рүү цохиогүй, тэр охин утсаараа хөгжим сонсоод автобусны хаалгаар орох гэж байхаар нь би халааснаас нь утсыг нь авахад чихэвч нь залгаатай байсан. Тэгэхээр нь чихэвчийг нь сэм салгаад утсыг нь авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-54),

6. Шүүгдэгч иргэний бүртгэлд хамрагдаагүй талаарх баримт (хавтаст хэргийн 57), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 60), шүүхийн шийдвэрийн хуулбар (хавтаст хэргийн 62-65, 66-69, ял дүйцүүлэх тэгштгэл 125), хохирлын мөнгө төлсөн талаар баримт (хавтаст хэргийн 121) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Б..............лыг бусдад хүч хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг,

- Шүүгдэгч өмгөөлөгч: шүүгдэгч Б.Б..............л нь хохирогч Ж.Э................лд хүч хэрэглэж түүний эд хөрөнгийг дээрэмдсэн гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдохгүй мөн энэ талаараа шүүгдэгч яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өсгөн мэдүүлэгтээ дурдаж байгаа байгаа тул зүйлчлэлийг өөрчилж бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Б..............лд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

  1. Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б.Б..............л нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппорогийн автобусны буудал дээр, 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр, архи уух мөнгө олох зорилгоор, автобусын буудал дээр гар утсаараа хөгжим сонсоод зогсож байсан иргэнийг автобусанд суух үед нь араас дагаж улмаар түүний халааснаас “Iphone 5S” маркийн гар утсыг авах явцад хохирогч нь эргэж харсан байна. Ийнхүү хохирогчийг эргэж харахад Б.Б..............л нь түүний хэвлийн тус газар нь цохин зугтааж бусдад 265.000 төгрөгийн хохирол учруулсан  болох нь:

-Хохирогч Ж.Э................лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 16 цаг 50 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо Саппорогийн ар талын автобусны буудал дээр автобус хүлээгээд зогсож байхдаа чихэвчээр утаснаасаа дуу сонсоод зогсож байсан. Удалгүй “ХО-12” чиглэлийн автобус хүрээд ирэхээр нь суух гэж байхад гэнэт сонсож байсан дуу зогсоод утасны чихэвч хойшоогоо татагдахаар нь гайхаад эргээд харахад миний хойд тад 30 гаран насны намхан хар дуу царайтай, дунд зэргийн биетэй, жартгар нүдтэй, хар өнгийн савхин куртиктэй цэнхэр өнгийн жинсэн өмдтэй танихгүй ах зогсож байсан. ...Тэгээд намайг эргээд харангуут тэр ах миний гэдэс орчим гараараа нэг удаа хүчтэй цохиод би доошоо гэдсээ дараад суухад нөгөө хулгайч миний утсыг аваад зугтаагаад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25)

“......автобус ирэхээр нь хаалгаар орох үед утасны чихэвч татагдахаар нь эргээд харсан чинь миний гар утсыг 30 гаран насны хар дуу царайтай, намхан, жартгар нүдтэй нэг ах авчихаар нь “хөөе” гэсэн чинь тэр хүн миний гэдэс рүү гараараа цохиод цаашаа зугтаад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27),

-Гэрч Д.Д................рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхрийн дүү Ж.Э................л нь бусдад зодуулж гар утсаа дээрэмдүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34),

-Хөрөнгө үнэлгээний “Дамно” ХХК-ийн тайланд “...iphone 5s маркийн гар утас 256.000 төгрөг...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 42-43)

-Зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан ажиллагаанд “...Б..............р овогтой Б..............лын фото зургийг түүнтэй ижил төстэй бусад гурван эрэгтэй хүний фото зурагтай хамт 1-4 хүртэл дугаарлан тавьж, танигдагч Б..............лын зургийг 3 дугаарт тавьж, бусад гурван хүний зургийг 1, 2, 4 дугаарт тавив. Хохирогч Ж.Э................лыг таньж олуулах ажиллагааны өрөөнд оруулж...2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр...гар утсыг чинь авсан хүн эдгээр хүмүүсийн зурган дунд байна уу, хараад таних уу, хэрэв таних бол ямар онцлог шинж тэмдгээр нь таних вэ гэхэд хохирогч “би шууд хараад танина. Тэр хүн жартгар нүд, царайны ерөнхий төрх байдлаар нь хараад” танина гэв. Ингээд хохирогчоос эдгээр зурагнууд дундаас гар утсыг чинь авсан хүн байна уу гэхэд тэрээр ...3 дугаарт тавьсан Б..............р овогт Б..............лын зургийг заав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 15-17) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Б.Б..............л нь хууль зүйн хувьд шунхайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө болох зорилгоор, хохирогч Ж.Э................лд хүч хэрэглэж түүний хэвлийн тус газар цохиж хохирогчийн “I phone 5S” маркийн гар утсыг авахаар довтолж, дээрэмдсэн болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч Б.Б..............лыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Харин шүүгдэгч түүний өмгөөлөгчөөс “хүч хэрэглэсэн” үйлдлийг гаргаагүй гэх боловч гэрч Д.Д................рын мэдүүлэг, хохирогчийн удаа дараагийн тогтвортой нотлох баримтын эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлэг болон шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг зэргээр “...хүч хэрэглэсэн” болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч түүний өмгөөлөгчийн гэм буруугийн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв.

 

II. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас Б.Б..............л нь хохирогч Ж.Э................лд 256.000 төгрөгний хохирол учруулсан байх бөгөөд хохирогч Ж.Э................лд учруулсан хохирлыг мөнгөн хэлбэрээр барагдуулсан болох нь (хавтаст хэргийн 121) авагдсан баримтаар тогтоогдсон. Түүнчлэн насанд хүрээгүй хохирогч Ж.Э................лд “...шүүгдэгчийн эгчээс нь хохирлын мөнгө гэж 256.000 төгрөгийг авсан. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 119) тус тус авагдсан байх тул шүүгдэгч Б.Б..............л нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

III. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б..............лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргаж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч Б.Б..............л нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байгааг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн болно.

Шүүгдэгч Б.Б..............л нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх Б.Б..............лд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим буюу эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэснийг үндэслэн, шүүгдэгчийг хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Тиймээс шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлсөн байгааг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,  оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.Б..............л нь 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс (хавтаст хэргийн 109-110) 30 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний 30 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг эдлэх ялд нь оруулан тооцож, эдлэх ялаас хасах хууль зүйн үндэслэлтэй.

 

Харин түүний өмгөөлөгчийн хорих ялын доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийг хувийн байдал буюу дээрэмдэх гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн, мөн тэрээр өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон эрүүгийн хариуцлага хүлээн 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр суллагдсанаасаа хойш дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтууруулах ундааны зүйл авах зорилгоор гэмт хэрэг үйлдсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байсан зэрэг түүний хувийн байдлыг харгалзан дээрх эрүүгийн хариуцлагыг шүүхээс оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

IV. Бусад асуудлаар

Эрүүгийн 1808 01359 1062 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ургийн овог тодорхойгүй Б..............рын Б..............лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Б..............лыг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б..............лд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б..............лын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 30 (гуч) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Б..............лын эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б..............лд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                          

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХЗУЛ