Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 1061

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2017/00147/И

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, шүүгч Д.Алтантуяа, Д.Оюундарь нарын бүрэлдэхүүнтэйгээр,

 

Нэхэмжлэгч: Н-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: М-д холбогдох

 

 “Гэм хорын хохирол 3,424,000 төгрөг гаргуулах тухай”  нэхэмжлэлтэй,

“Гэм хорын хохирол 2,300,000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г-, хариуцагч М-, иргэдийн төлөөлөгч С-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Нолхоосүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар баг 1 дүгээр хэсгийн иргэн С.Нолхоосүрэн миний бие нь 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Хиагт хот орчихоод Алтанбулаг сумаас Сүхбаатар сум руу гэр лүүгээ ирж явах замд иргэн М-гийн андуу нь ганцаараа машины урдуур гэнэт гарч ирэн дайрагдсан. Үүнээс болж миний машинд шинжээчийн дүгнэлтээр 3,293,000 төгрөгний хохирол учирсан. Замын цагдаагийн шинжээчийн дүгнэлтээр “Адууны эзэн М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасан ...Засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно гэсэн заалтыг зөрчснөөс зам тээврийн осол гарах нөхцлийг бүрдүүлсэн” буруутай гэж гарсан ба уг заалтыг малын эзэн М- нь хүлээн зөвшөөрч тухайн үед Замын цагдаагийн байцаагчид тайлбар мэдүүлэг өгч байхдаа “эхнэр бид хоёр тэтгэврийн улс, банкнаас тэтгэвэрээ барьцаалаад олон сараар нь зээл авчихсан. Одоогоор төлбөрийн чадваргүй тул ах нь нэг адуу, хоёр настай гахай өгье” гэхээр нь М- түүний эхнэр хоёр нь манай байгууллагад надтай цуг ажиллаж байсан, сайн таньдаг болохоор өгье гэсэн зүйлийг чинь аваад өр салъя” гээд зөвшөөрсөн. Гэтэл М- нь замын цагдаагийн байцаагч нарын дэргэд тохирчихоод өгнө гэсэн зүйлээ өгөөгүй болохоор нийт учирсан 3.293.000 төгрөг дээр үнэлгээ хийлгүүлсний хөлс 131.000 төгрөгийг нэмээд 3.424.000 төгрөг нэхэмжилж байна. Уул нь уг машиныг бүрэн засуулахад 5.230.000 төгрөгний зардал гарсан боловч зөвхөн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон дүнг болон үнэлгээний зардлаа нэхэмжилж бас л нийт нэхэмжлэх дүнгээ багасгаж байна. Би энэ хүнд анхнаасаа төлбөрийг багасгаж төлөх их боломж олгосон. Зөндөө ч харлаа. Одоо болохоор өгөхгүй гэдэг болсон тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.” гэжээ.

 

Хариуцагч М- шүүхэд гаргасан тайлбартаа:

“...М- миний хүрэн зүсмийн 8 настай хээлтэй гүүг иргэн С.Нолхоосүрэн нь 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Алтанбулагаас Сүхбаатар явах замдаа Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2-ийн шаардлагыг жолооч биелүүлээгүй, үзэгдэх орчин харагдаж байгаа нөхцөлд зам дээр гарч ирсэн адууг мөргөлгүй зогсоох үүргийг биелүүлээгүй, хувийн өмчийг хайхрамжгүйгээсээ болж дайрч устгасан, мал төрийн хяналт хамгаалалтанд байга гэсэн үндсэн хуулийн заалтыг зөрчиж, төрийн албан хаагчийн ёс зүй, Монгол хүний ёс жудгийг уландаа гишгэсэн гэж авч үзэв.

Мөн “Замын хөдөлгөөний дүрмийн 1.21 Мал тууж гарах газар гэсэн анхааруулах тэмдгийг зөрчсөн, 1.24 Хөдөлгөөний хурдыг 50 км/цаг гэсэн тэмдэгт зааснаас хэтрүүлэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн,  Замын хөдөлгөөний дүрмийн 3.3.б-д туслах зам нийлгэс гэсэн анхааруулах тэмдгийг тус тус зөрчиж осол гаргасан нь илт байна.

Иймээс би иргэн С.Нолхоосүрэнгийн нэхэмжлэлийг биелүүлэхээс татгалзаж хариуцахгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна ” гэжээ.

Хариуцагч М- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“Хүн бүр шүүхийн өмнө тэгш эрхтэй гэсэн заалтыг үндэслэн өөрт учирсан хувийн өмчийн доор дурдсан хохирлыг иргэн С.Нолхоосүрэнгээр төлүүлэхээр нэхэмжилж байна. Үүнд: 8 настай хээлтэй гүү 800,000 төгрөг, Эвдэрсэн авто машиныг Сүхбаатар сумаас Улаанбаатар хот хүртэл автомашинаар тээвэрлэсэн тээврийн хөлс 1,500,000 төгрөг, нийт 2,300,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч С.Нолхоосүрэн сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа:

“Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн иргэн С.Нолхоосүрэн би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багийн иргэн М-гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг гардаж аваад нэхэмжлэлийн шаардлага болох 2.300.000 төгрөгийг үндэслэлгүй нэхэмжилсэн байна эс зөвшөөрч дараахь тайлбарыг гаргаж байна. Учир нь Тухайн үйл явдал болсон шөнө хариуцагч М- нь өөрийн өмчлөлийн адуу малыг хариуллагагүй, малалгаагүй явуулсан, уг адуу нь юмнаас үргэж цочсон байдалтай гэнэт тээюрийн хэрэгслийн урдуур давхиж орж ирсэн бөгөөд миний зүгээс шаардлага зохих бүхий л арга хэмжээг авсан. Тэр адуу маш хурдтай давхиж гэнэт орж ирснээр тээврийн хэрэгсэлд мөргөгдөж улмаар миний машинд гэм хор учирч эвдрэл гэмтэл гарсан тул үхсэн гүүний би төлөх учиргүй. Харин ч миний эрүүл мэндэд тодорхой гэм хор учирсныг би нэхэмжлэлдээ дурьдаагүйг анхаарах. Мөн осол гарахад миний гэм буруутай үйлдэлд, эс үйлдэл байхгүй, би нэхэмжлэл гаргахдаа хот руу эвдэрсэн тээврийн хэрэгслийг тээвэрлэсэн зардлыг нэхэмжлээгүй, уг зардал надаас гарах ёсгүй зардал гэж үзэж байна. Иймд М-гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, миний гаргасан үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. ” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Нолхоосүрэн нь хариуцагч М-д холбогдуулан автомашинд учирсан хохирол 3,293,000 төгрөг, үнэлгээ хийлгүүлсний хөлс 131,000 төгрөг, нийт 3,424,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг,

Хариуцагч М- нь нэхэмжлэгч С.Нолхоосүрэнд холбогдуулан 8 настай хээлтэй гүүний үнэ 800,000 төгрөг, С.Нолхоосүрэнгийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг тээвэрлэсний зардал 1,500,000 төгрөг, нийт 2,300,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

Хариуцагч М- нь “...С.Нолхоосүрэн нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2-т заасан шаардлагыг жолооч биелүүлээгүй, үзэгдэх орчин харагдаж байгаа нөхцөлд зам дээр гарч ирсэн адууг мөргөлгүй зогсоох үүргийг биелүүлээгүй, хувийн өмчийг хайхрамжгүйгээсээ болж дайрч устгасан...” гэсэн үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг ,

Нэхэмжлэгч С.Нолхоосүрэн нь  “...Осол гарахад миний гэм буруутай үйлдэл, эс үйлдэл байхгүй...” гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбарыг тус тус гаргасан болно.

 

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр Алтанбулагаас Сүхбаатар чиглэлийн төв асфальтан замаар 2016 оны 09 дүгээр сарын 04-ний орой 21 цагийн орчим С.Нолхоосүрэн нь “Т.Клугер маркийн 9898 СБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад 1 тооны адуу мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байна.

 

            Хэрэгт авагдсан баримтаар

 

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас томилсон шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 93 дугаартай дүгнэлтээр “...1. Нийтийн хэрэгцээний зам дээр гарсан тул зам тээврийн осол мөн.

2. Тоёота Клугер маркийн 9898 СБА улсын дугаартай тээврийн жолооч Монгол овогт Сэвжидийн Нолхоосүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй гэж үзэв.

3. Адууны эзэн Гарам овогтой Бадамцэрэнгийн Мөнхөө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23-т “Унадаг дугуй, мопед, ердийн хөсгөөр зорчих, мал туухад тавих нэмэлт шаардлага : 23.7-т ...Засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв.

4. М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23, 23.7 дахь заалтыг зөрчснөөс зам тээврийн осол гарах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэв” гэжээ./хх-5/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М-гийн гаргасан хүсэлтийг хангаж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 83 дугаартай тогтоолоор томилогдсон шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 416 дугаартай дүгнэлтэнд “...Т.Клугер маркийн 98-98 СБА улсын дугаартай автомашины жолооч С.Нолхоосүрэн нв МУ-ын ЗХД-ийн ямар нэг заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Адууны эзэн М- нь МУ-ын ЗХД-ийн 23.7 дахь заалт “...Засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно” гэснийг зөрчсөн үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ.  /хх-/

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,  510 дугаар зүйлийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.

 

            Нэхэмжлэгч С.Нолхоосүрэн нь М-д холбогдуулан 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхэд Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх нэхэмжлэлийг гаргасан боловч уг нэхэмжлэлд нэхэмжлэгч С.Нолхоосүрэн гарын үсэг зураагүй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 –т “Нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд нэхэмжлэгч, эсхүл түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж буй этгээд гарын үсгээ зурсан байна” гэж заасны дагуу гарын үсэг зураагүй боловч Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 1019 дугаартай захирамжаар С.Нолхоосүрэнгийн нэхэмжлэлтэй М-д холбогдох гэм хорын хохирол гаргуулахыг хүссэн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн, тус шүүхээс хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гаргуулж, зохигч талуудад хуульд заасан эрх үүргийг танилцуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд С.Нолхоосүрэнг нэхэмжлэгчийн эдлэх эрх, үүргийг эдлүүлж оролцуулсан байна.

            Нэгэнт шүүх С.Нолхоосүрэнгийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан, С.Нолхоосүрэн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан эсэх талаар маргаагүй байх тул шүүх бүрэлдэхүүн энэхүү шийдвэрт нэхэмжлэгч нэхэмжлэлдээ гарын үсэг зураагүй болохыг дурдаж, уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

            Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр хариуцагч М- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.7-т заасан засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно гэснийг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч С.Нолхоосүрэн нь өөрт учирсан хохирлоо гаргуулахаар шаардлага гаргах эрхтэй болно.

            зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т тус тус заасан.

            Нэхэмжлэгч С.Нолхоосүрэн нь өөрийн эзэмшлийн 9898 СБА улсын дугаартай Тоёота Клугер маркийн авто машинд ослын улмаас учирсан хохирлыг Ашид билгүүн ХХК-ний Автомашин техникийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон хэмжээгээр буюу 3,293,000 төгрөг, үнэлгээний хөлс 131,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэрэгт Ашид билгүүн ХХК-ний 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 219 дугаартай үнэлгээний тайлан, 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн мөнгөний орлогын баримтыг тус тус нотлох баримтаар ирүүлсэн болно.

            Хэдийгээр нэхэмжлэгч С.Нолхоосүрэн нь өөрт учирсан гэм хорын хохиролыг тодорхойлж Ашид билгүүн ХХК-ний үнэлгээний тайланг шүүхэд ирүүлсэн боловч уг Ашид билгүүн ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх эрх бүхий этгээд мөн эсэх талаар нотлох баримт хэрэгт байхгүй байна.

            Мөн  нэхэмжлэгч С.Нолхоосүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Уг машиныг бүрэн бүтэн засуулахад 5,230,000 төгрөгийн зардал гарсан боловч зөвхөн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон дүнг болон үнэлгээний зардлаа нэхэмжилж бас л нийт нэхэмжлэх дүнгээ багасгаж байна...” гэсэн тайлбарыг гаргасан.

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас зам тээврийн осолтой холбогдуулан талуудын гэм буруугуйн талаар байцаан шийтгэх ажиллагаа явуулах үедээ Ашид билгүүн ХХК-ий даарх дүгнэлтийг гаргуулсан бөгөөд нэхэмжлэгч дээрх дүгнэлтийг нэхэмжлэлийн шаардлагад хавсарган ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д зааснаар нэхэмжлэлийн үнэ тодорхойлсон гэж үзнэ.

Иймд   Ашид билгүүн ХХК-ий дүгнэлт нь иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлт биш бөгөөд нэхэмжлэгч С.Нолхоосүрэнд 3,424,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдохгүй, уг авто машиныг завсарлахад гарсантай холбоотой зардлын талаарх нотлох баримтыг ирүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тухайд:

Хариуцагч М- нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...С.Нолхоосүрэн нь Замын хөдөлгөөний дүрмийн 9.1, 9.2-т заасан шаардлагыг жолооч биелүүлээгүй, үзэгдэх орчин харагдаж байгаа нөхцөлд зам дээр гарч ирсэн адууг мөргөлгүй зогсоох үүргийг биелүүлээгүй, хувийн өмчийг хайхрамжгүйгээсээ болж дайрч устгасан...” гэж тайлбарлаж, нэхэмжлэгч С.Нолхоосүрэнгээс 2,300,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ба нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын үнийн зөвшөөрлийн комиссын эд хөрөнгийн үнэлгээгээр “Хүрэн зүсмийн хээлтэй гүү 800,000 төгрөгийг үнэтэй” гэж тогтоосон баримт /хх-31/, машин тээвэрлэсэн иргэн Д.Мандахбаярын тодорхойлолт зэрэг бичгийн баримтыг шүүхэд ирүүлсэн болно.

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын үнийн зөвшөөрлийн комиссын эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон баримтаар “Хүрэн зүсмийн хээлтэй гүү 800,000 төгрөгийг үнэтэй” гэж тогтоосон боловч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын үнийн зөвшөөрлийн комисс болон комиссын бүрэлдэхүүнд орсон албан тушаалтнууд нь хөрөнгийн үнэлгээ тогтоох эрхтэй этгээд мөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, машин тээвэрлэсэн иргэн Д.Мандахбаярын тодорхойлолт нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д зааснаар нэхэмжлэлийн үнэ тодорхойлсон байх тул шүүх уг баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

            Иймд хариуцагч М-д 2,300,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байх тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний  хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н- гаргасан хариуцагч М-гөөс гэм хорын хохирол 3,424,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, хариуцагч М-гийн гаргасан нэхэмжлэгч Н- 2,300,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,734 төгрөгийг, хариуцагч М-гөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,750 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Дархан-Уул аймгийн Иргэний  давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                З.ТУНГАЛАГМАА

 

                                          ШҮҮГЧИД                                                Д.АЛТАНТУЯА