| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамын Мягмаржав |
| Хэргийн индекс | 188/2018/1109/Э |
| Дугаар | 161 |
| Огноо | 2019-02-21 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 161
О.Д-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Гансүлд,
шүүгдэгч О.Д-ын өмгөөлөгч Б.Лхагвацэрэн,
нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Д-ын өмгөөлөгч Б.Лхагвацэрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор О.Д-т холбогдох эрүүгийн 1808022231207 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.
................... овгийн ...................... ......................., 19.... оны ... дугаар сарын ...-ний өдөр .......... аймгийн ......... суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ах, эгч, дүү нарын хамт ................ дүүргийн 26 дугаар хороо, ................ 22 дугаар гудамжны 09 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд 2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхээс 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 1 сарын хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар ялуудыг багтаан биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сарын хорих ялаар тогтоож, 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 2 cap 8 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД:................../;
О.Д нь 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянхошууны тойргийн зүүн талын автобусны буудал дээр иргэн Л.Хөлөгөөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж “айфоне 7 плас” загварын гар утсыг нь дээрэмдэж, 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: О.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Д-ыг 3 жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар О.Д-ын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар О.Д-ын урьдчилан цагдан хоригдсон 21 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, О.Д-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч О.Д-ын өмгөөлөгч Б.Лхагвацэрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д нь хохирогчийн утсыг автобуснаас буухдаа арын халааснаас нь хулгайлж сэм авч буусан болох нь Дарханбаатарын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн “автобуснаас бууж байхад нь араас нь шахаж байгаад халааснаас нь айфоне-7 гар утасыг нь аваад буусан” гэсэн мэдүүлгүүд болон хохирогчийн “автобуснаас буухад айфоне-7 маркийн гар утсаа халааснаасаа хулгайд алдсан” гэсэн өргөдөл /хэргийн 10 хуудас/, “автобуснаас буугаад утсаа үзэхэд миний гар утас байхгүй болчихсон байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 19 хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Хохирогч нь утсаа хулгайлсныг автобуснаас буусан хойноо мэдэж, Д-ыг зам гарсан явж байхад нь хойноос нь очиж утсыг өг гэхэд нь Д аваагүй гээд гэдэс рүү нь цохиод, түлхчихээд явсан болох нь хохирогчийн “автобуснаас буугаад утсаа үзэхэд миний гар утас байхгүй болчихсон байсан. Нөгөө хүний араас гүйж очоод бариад автал миний гэдэс рүү цохисон. Тэр нөхөр л авсан” /хэргийн 19 хуудас/, “араас нь явж очоод утсаа авья гэтэл миний гэдэс рүү цохиод явчихсан” /хэргийи 20 хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон Д-ын “гар утсыг аваад зам гараад явж байхад нөгөө утасны эзэн охин хүрч ирээд надаас утсаа авъя гэхээр нь би аваагүй гэж хэлээд түлхчихсэн” гэсэн мэдүүлэг хэргийн 84-85 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл, дээрх баримтуудаас дүгнэхэд хулгайн үйлдэл нь хохирогчийн утсыг халааснаас нь авч, өөртөө авч явснаар төгссөн. Үүний дараа хохирогч зам хөндлөн гарсан хойно араас нь очиж утсаа нэхэхэд Д түүнийг түлхсэн, цохисон аль нэг хэлбэрээр хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн болох нь нотлогдож байна. Гэтэл Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон бол” гэж заасан нь хүч хэрэглэсэн эсхүл хүч хэрэглэхээр довтолсон үйлдэл эд хөрөнгийг авахаасаа өмнө, түүнийг авах зорилгоор хийгдсэн байхыг тодорхойлсон байна. Иймд энэ хэрэгт Д-ын гэм бурууг тодорхойлж зүйлчлэхдээ түүний хүч хэрэглэсэн үйлдэл утсыг нь авахаас өмнө үйлдэгдсэн үү, хойно үйлдэгдэв үү гэдгийг зөв дүгнэж үзэж зүйлчлэх ёстой байтал анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэлт хийгээгүйгээс хэргийн зүйлчлэлийг буруу тогтоосон байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан. Энэ хэргийн хувьд утсыг илээр авсан гэх үү, нууцаар хулгайлсан гэж үзэх үү, зам хөндлөн гарсан хойно араас нь очиж утсаа нэхэх үед хүч хэрэглэсэн гэх үйлдлийг дээрмийн гэмт хэрэгт тооцох уу, үгүй юу гэдэгт Эрүүгийн хуулийг хэрэглэхэд эргэлзээ гарч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д заасныг журамлаж шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл байгаа зэргийг анхан шатны шүүх харгалзаж хэргийн зүйлчлэлийг зөв тогтоогоогүй, хүнд зүйл ангиар нь гэм буруутайд тооцож, хүнд ял оногдуулж , миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж гомдолтой байна.
Давж заалдах шатны шүүхээс гомдлыг хянан үзэж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 сарын 03-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолд, Д-т холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгож өөрчилж, ялыг хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Прокурор Ц.Гансүлд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “О.Д-ын үйлдэл нь хулгайлах гэмт хэрэг гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэг нь хоорондоо ялгаатай. Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан байхыг шаарддаг. О.Д-т холбогдох хэргийн нөхцөл байдлыг харахад нууц, далд аргаар буюу бусдын эд хөрөнгийг нууцаар авсан гэх шинж үгүйсгэгддэг. Өөрөөр хэлбэл тухайн хохирогч автобуснаас буух үед гар утсыг нь авч байгаа гэдгийг мэдсэн. Учир нь хохирогч утсаараа дуу сонсоод явж байхад нь утас татах үед чихэвч нь салж утсыг нь авч байгааг мэдсэн. Тэгээд тухайн хүний араас очсон байдаг. Энэ байдлаар хулгайлах гэмт хэргийн шинж нь үгүйсгэгддэг. Мөн О.Д-ын гар утсыг хууль бусаар авч байгаа үйлдэл нь бүрэн төгсөөгүй нөхцөл байдал тогтоогддог. Учир нь О.Д тухайн гар утсыг захиран зарцуулах боломж, нөхцөл бүрдээгүй. Дээрх байдлууд нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг үгүйсгэж байна. Хэргийн нөхцөл байдлаас харахад хохирогч О.Д-ыг утас авч байгаа гэдгийг мэдээд араас нь очиж утсаа авах шаардлага тавихад хүч хэрэглэж буюу гэдэс рүү нь цохиж гар утсыг нь аваад цааш явсан байдал тогтоогдсон. Тийм учраас тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
О.Д нь 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянхошууны тойргийн зүүн талын автобусны буудал дээр иргэн Л.Хөлөгөөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар “айфоне 7 плас” загварын гар утсыг нь дээрэмдэж, 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Л.Хөлөгөөгийн “...ойролцоогоор 170 см өндөртэй, хар царайтай, хар савхин куртиктэй, хар хөх өнгийн өмдтэй хүн “утасныхаа дугаарыг өгөөч” гээд миний чихэвчийг чихнээс салгасан. Тэгээд би автобуснаас буугаад утсаа үзэхэд гар утас байхгүй байсан. Тухайн хүний араас гүйж очоод бариад автал миний гэдэс рүү цохисон...” гэх мэдүүлэг /хх-19-20/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-13/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-14/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-15-16/, эд зүйлийн үнэлгээ /хх-31/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.
Шүүгдэгч О.Д-ын өмгөөлөгч Б.Лхагвацэрэн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан учир хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлээр зүйлчилж, ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.
Хэргээс үзэхэд О.Д-ын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн гол шинж болох нууц далд аргаар бусдын эд хөрөнгийг авсан байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэргийн шинжтэй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.Д нь иргэн Л.Хөлөгөөгийн гар утсыг авахдаа түүнд хүч хэрэглээгүй бөгөөд гар утсыг О.Д авсныг хохирогч хожим мэдэж гэмт хэрэг үйлдэгдсэний дараа хэргийн газраас зайлж зам хөндлөн гарч явахад нь араас нь очиж гар утсаа авах гэхэд нь хохирогчийн гэдэс рүү цохисон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэж авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч О.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, гэм буруу, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан 2 жил 6 сар хорих ял оногдуулж, энэ талаар тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас О.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Боржигон овгийн Оюунбилэгийн Дарханбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Б овгийн О-гийн Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Д-ыг 3 жил хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Д-ыг 2 жил 6 сар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.
3. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Д-ын өмгөөлөгч Б.Лхагвацэрэнгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ