Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2017/03000

 

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2017/03000

                  Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: 

Хариуцагч:       

Даатгалын нөхөн төлбөр 1.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2017 оны 10 дугаар сарын 12 өдөр иргэний хэрэг үүсгэснийг, хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Одонтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Удвал, нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өлзийхутаг овогтой Г нь 2017 оны 05 дугаар сарын 14-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар сургуулийн МТ шатахуун түгээх станцын зүүн замд замын хөдөлгөөнд оролцож явахад 8453 УНР улсын дугаартай Hyundai HD 250 маркийн автомашин араас мөргөж зам тээврийн осол гаргасан. Осол гарсан даруйд уг тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Чинзориг бид хоёр Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэст дуудлага өгсөн бөгөөд осол гаргасан тээврийн хэрэгслийн жолоочийн даатгуулсан даатгал болох "Мандал даатгал”-ын шуурхай албатай холбогдон даатгалын баталгаа болон даатгалын гэрээг шалгуулсан. Ө.Г нь Мандал даатгалын санал болгосон даатгалын хохирол үнэлэгч "Вендо” ХХК-аар автомашины хохирлын үнэлгээг хийлгэсэн бөгөөд уг ослын үед миний унаж явсан Toyota Landcruiser 200 маркийн автомашинд нийт 1 693 200 /нэг сая зургаан зуун ерэн гурван мянга хоёр зуун/ төгрөгийн дор дурдсан гэмтэл учирсан болох нь тогтоогдсон. Үүнд:

1. Автомашины хойд буфер хагарч зурагдсан

2. Хойд буферын зүүн гэрэл хагарсан

3. Хойд улсын дугаарын хүрээ хагарсан

4. Тээшний таг чихэгдэж хунирсан зэрэг болно.

2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ням гараг байсан тул 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Ө.Г нь Мандал даатгалд очиж даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар холбогдох баримт бичгийг бүрдүүлж өгсөн бөгөөд даатгалын компаниас хохирлын үнэлгээний тайланд дурдсан 1 693 000 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр болох 58 000 төгрөг, нийт 1 751 200 төгрөгийн нөхөн төлбөр олгохоор тохиролцсон. Гэтэл Мандал даатгалаас 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 951 200 /есөн зуун тавин нэгэн мянга хоёр зуун/ төгрөгийг миний Хаан банкин дах дансанд шилжүүлсэн бөгөөд утсаар холбогдож лавлахад нөхөн төлбөрийн мөнгийг 951 200 төгрөг олгохоор шийдвэрлэсэн гэж хэлсэн. Нөхөн төлбөрийг багасгаж олгохоор шийдвэрлэсэнд гомдолтой байгаа талаар хэд хэдэн удаа очиж уулзсан боловч, 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 17/860 тоот албан бичгээр “Жолоочийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т “Хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээний талаар хохирогч, даатгуулагч, даатгагч талууд санал нэгдсэн бол тэдгээрийн харилцан тохиролцсон хэмжээгээр хохирлын хэмжээг тодорхойлно” гэж заасанд нийцсэн тохиролцооны дагуу нөхөн төлбөрийг шилжүүлсэн гэсэн хариу ирүүллээ. Мөн уг албан бичигт Хохирогч болон даатгагчийн хоорондын энэхүү тохиролцоо нь 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 14 цаг 24 минутын ярианы бичлэгээр баталгаажсан болно гэжээ. Мөн уг албан бичигт...’’Даатгалаар олгож буй нөхөн төлбөр нь учирсан бодит хохирлыг барагдуулж, гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээхэд чиглэдэг бөгөөд даатгалаар илүү нөхөн төлбөр авч, ашиг хийхгүй байх зарчимтай байдаг. Хохирлын хэмжээний талаар талуудын санал зөрсөн бол Иргэний хуулийн 510 дугаар зүйлд заасны дагуу хохирлын хэмжээг тодорхойлно”, Иргэний хуулийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд сэргээх /адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасныг тус тус баримтлан гэм хор учруулахаас өмнө байдалд нь сэргээхэд гарсан зардлын хэмжээгээр нөхөн төлбөр олгохоор санал нэгдэж, харилцан тохиролцсон гэжээ. Гэтэл Ө.Г нь Мандал даатгалтай ямар ч тохиролцоо хийгээгүй бөгөөд нөхөн төлбөрийг хэзээ шилжүүлэхийг лавлаж хэд хэдэн удаа утсаар холбогдсон болно. Зам тээврийн ослын үед миний машины тээшний таг чихэгдэж, хунирснаас болж хааж, онгойлгоход хүндрэл үүссэн, ачаа тээвэрлэх боломжгүй болсон, машины битүүмж алдагдсанаас болж, тоос шороо ихээр орж ирэх болсон, 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр миний бие Дорноговь аймаг руу албан томилолтоор явах болсон зэрэг үндэслэлээр тээшний тагийг яаралтай хэвийн байдалд оруулах хэрэгтэй байсан тул 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр тээшийн тагийг ЧД-ийн 5-р хороонд байрлах вьетнам автозасварын газраар засуулж, төлбөрт 450.000 төгрөг төлсөн. Мандал даатгалын төлбөрийн дүгнэлтийн хуудсанд “Хойд тээшний хаалгыг даатгуулагч 450 000 төгрөгөөр засварласан гэх бөгөөд үнэлгээний тайланд солих дүнгээр орсон байна. Иймд үнэлгээний дүн болон засварын дүн 2-ын зөрүү 750.000 төгрөг, мөн эд анги солих зардал 50 000 төгрөгийг тус тус хасаж тооцсон юм. Гэтэл Мандал даатгалын Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээнд даатгалын нөхөн төлбөрөөс хасалт хийх нөхцөл огт тусгагдаагүй бөгөөд энэ тухай хохирогчид /надад/ урьдчилан мэдэгдээгүй байж хасалт хийсэн нь хуульд нийцэхгүй үйлдэл гэж үзэж байна. Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 3.2.4-т “даатгалын хохирол үнэлэгч” гэж даатгагч болон даатгуулагчийн нэрийн өмнөөс даатгалын гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг хянан шалгах, бодит хохирлыг тогтоох, талуудын хооронд хэлэлцээ хийх чиг үүргийг бие даан хэрэгжүүлэх, ийнхүү хэрэгжүүлсний төлөө цалин хөлс болон бусад төлбөр авах эрх бүхий этгээдийг хэлнэ гэжээ. Хөрөнгийн үнэлгээг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий этгээд гүйцэтгэх бөгөөд тухайн автомашины хохирлын үнэлгээг үнэлгээний арга аргачлал, стандартын дагуу автомашины марк, үйлдвэрлэгдсэн он, монголд орж ирсэн он, явсан гүйлт, ашиглалтын чанар байдал, сэлбэг хэрэгслийн зах зээлийн үнэ, засварын зэрэглэл, үнэ, ханшид тулгуурлан холбогдох тооцооллыг хийж тогтоодог. Вендо хөрөнгийн үнэлгээний компаниас хийсэн автомашины үнэлгээний тайланд үнэлгээ хийхдээ сэлбэгийн зах зээлийн дундаж үнэ, 4-р зэрэглэлийн автомашины засварын ажлын дундаж үнийг үндэслэв. Үнэлгээчин хөрөнгийн байдалтай биечлэн танилцаж, үнэлгээг гадны нөлөөгүйгээр, уг хөрөнгийг хувийн ямар нэгэн сонирхолгүйгээр, зах зээлийн мэдээлэл, захиалагч болон захиалагч талын өгсөн баримтанд тулгуурлан, холбогдох тооцоог хийсэн бөгөөд үнэлгээгээр 1 693 200 /нэг сая хоёр зуун ерэн гурван мянга хоёр зуун/ төгрөгийн бодит хохирол учирсан байна гэжээ. Иргэний хуулийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд сэргээх /адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан байдаг боловч автомашины хувьд гэм хор учруулахаас өмнө байсан байдалд сэргээх ямар ч боломжгүй юм. Осолд орж, сэв суусан машины зах зээлийн үнэ осолд ороогүй ижил төрлийн машинаас доогуур байдаг. Ө.Г нь даатгалаар илүү нөхөн төлбөр авч, ашиг хийх зорилго байхгүй бөгөөд зөвхөн өөрт учирсан бодит хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Хамгийн өндөр ёс зүй, шударга зарчим үйлчилж байх учиртай бизнес бол даатгал. Даатгалын компаниуд мэргэжлийн хохирол үнэлгээний компаниудын гаргасан үнэлгээг дур мэдэн хасаж, аль болох бага нөхөн төлбөр төлөх эрмэлзэлтэй байвал иргэдийг цаашлаад дахиж ямар ч даатгалын үйлчилгээ авах сонирхолгүй болгох эрсдэл бий болж байна. Мдаатгуулагчтай хийсэн гэрээгээ зөрчин хохирогч миний хохирлын нөхөн төлбөрөөс хасч байгаа нь хуульд нийцээгүй үйлдэл гэж үзсэн учраас миний бие Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан бөгөөд СЗХ-аас уг тохиолдлыг хянаж үзээд 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 9/2504 тоот албан бичгийг ирүүлсэн. Уг албан бичигт хохирогч миний автомашинд учирсан хохирлын нөхөн төлбөрийг гүйцээн олгож, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор эргэн мэдэгдэнэ үү гэсэн байгаа боловч өнөөдрийн байдлаар Мандал даатгалаас ямар нэгэн арга хэмжээ аваагүй болно. Иймд Санхүүгийн зохицуулах хорооноос 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 9/2504 дугаар бүхий албан тоотоор гаргасан захиргааны актыг биелүүлэхийг МХХК-д даалгаж, хохирогч миний биед учирсан хохирлын нөхөн төлбөр болох 800.000 төгрөгийг гүйцээн олгуулах, энэхүү нэхэмжлэлтэй холбогдуулан хуульч Н.Одонтуяатай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хөлс болох 500 000 төгрөг, нийт 1 300 000 төгрөгийг МХХК-аар нөхөн төлүүлж өгнө үү гэв.

Хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан тайлбартаа: Иргэн Ө.Гаас МХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 800 000 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хөлсөнд 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасны дагуу дараах хариу тайлбарыг гаргаж байна. МХХК-ийн №16211101403382 тоот Албан журмын даатгуулагч Эрдэнэдрийлинг ХХК-ийн 8453УНР улсын дугаарын Hyundai HD250 маркийн тээврийн хэрэгслийг 2017 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар сургуулийн МТ шатахуун түгээх станцын зүүн замд тус компанийн жолооч Э.Чинзориг нь жолоодон зам тээврийн хөдөлгөөнд оролцож явах үедээ МУ-ын ЗХД-ийн 8, 11 дүгээр заалтыг зөрчин, иргэн Ө.Гын жолоодон явсан Toyota LandCruiser 200 маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөн зам тээврийн осол гаргасан. Энэхүү ослын улмаас Ө.Гын тээврийн хэрэгсэлд гарсан эвдрэлийг засах, эд ангийг солиход 1,693,000.00 төгрөгийн зардал гарна гэж Вендо ХХК нь урьдчилсан үнэлгээ хийсэн байсан. Гэвч 2017 оны 5 сарын 29-ний өдөр хохирогч Ө.Гтай холбогдоход, хохирогч тээврийн хэрэгслээ дээрх хохирол үнэлгээний тайланд заасан хэмжээнээс бага дүнтэй зардлаар өөрөө засуулж, тээврийн хэрэгслийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээсэн буюу 450 000 төгрөгөөр учирсан бодит хохирлоо арилгасан байсан. Нэхэмжлэгч өөрөө ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...2017 оны 5 сарын 17-ны өдөр тээшний тагийг ЧД-ийн 5-р хороонд байрлах вьетнам автозасварын газраар засуулж, төлбөрт 450 000 төгрөг төлсөн” гэж энэ талаараа хүлээн зөвшөөрсөн байдаг. Даатгалаар олгож буй нөхөн төлбөр нь учирсан бодит хохирлыг барагдуулж, гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээхэд чиглэдэг бөгөөд даатгалаар илүү нөхөн төлбөр авч, ашиг хийхгүй байх зарчимтай байдаг. Үүний эрх зүйн үндэслэл нь: Жолоочийн даатгалын тухай хуулийн 17.1.4-т "Хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээний талаар хохирогч, даатгуулагч, даатгагч талуудын санал зөрсөн бол Иргэний хуулийн 510 дугаар зүйлд заасны дагуу хохирлын хэмжээг тодорхойлно" гэж, Иргэний хуулийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө" гэж заасныг тус тус баримтлан гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээхэд гарсан зардлын хэмжээгээр нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн болно. Учир нь хохирол үнэлгээний тайлангаар гарсан хэмжээ нь зах зээлийн судалгааны үндсэн дээр гарсан, урьдчилсан дундаж үнэлгээ байдаг. Харин, яг засварын газар очоод засварлуулсан зардал нь бодит хохирлын хэмжээг илэрхийлж байгааг энэ жишээнээс харж болохоор байна. Ийнхүү хохирогч Ө.Гад хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 1,693,200.00 төгрөгөөс:

* Тээшний таг солих- 1,200,000.00 төгрөг гэх дүнгээс нь хохирогчийн тус тээшний хаалгаа 450,000.00 төгрөгөөр засварласан гэсэн тул 750,000.00 төгрөг хасаж,

* Тээшний хаалгыг солих зардал 50,000.00 төгрөгийг хасаж,

* хохирол үнэлгээний зардал болох 58,000.00 төгрөгийг нэмж бусад гарсан дүнг үнэлгээний дагуу тооцож, нийт 951,200.00 төгрөгийн нөхөн төлбөрийг хохирогчид олгосон. 450,000.00 төгрөгөөр хаалгаа засуулсан гэж хэлсээр байтал Даатгалын компани илүү мөнгө төлж, ашиг өгөх үүрэггүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

            Шүүх зохигч талуудаас гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ө.Г нь хариуцагч МХХК-д холбогдуулан 1.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

            Хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Тухайн хэргийн хариуцагч “Мандал даатгал” ХХК нь Эрдэнэдрийлинг ХХК-тай “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ”-г 2016 оны 05 сарын 18-ны өдрөөс 2016 оны 05 сарын 18-ны өдрийг хүртэл хугацаатай, KMFDB18YPSU004345 арлын номертой, HYUNDAI маркийн цагаан өнгийн 8453 УНР улсын дугаартай суудлын тээврийн хэрэгслийг даатгуулсан болох нь хэрэгт авагдсан 16211101403382 дугаартай гэрээ, гэрээний мэдүүлгийн маягт, зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.

            16211101403382 тоот гэрээний дагуу нэхэмжлэгч Ө.Г нь хариуцагч МХХК-аас даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрхтэй ба уг гэрээ нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээ байна.

            Эрдэнэдрийлинг ХХК-ийн HYUNDAI маркийн цагаан өнгийн 8453 УНР улсын дугаартай суудлын тээврийн хэрэгслийг 2017 оны 05 сарын 14-ний өдөр тус компаний жолооч Э.Чинзориг нь жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, иргэн Ө.Гын жолоодож явсан 03-00 УБЧ улсын дугаартай Toyota LandCruiser 200 маркийн тээврийн хэрэгслийн араас нь мөргөж, түүний тээврийн хэрэгсэлд нийт 1 693 200 төгрөгийн эвдрэл /гэмтэл/ учруулсан болох нь “Вендо” ХХК-ийн 2017 оны 05 сарын 15-ны өдрийн Авто машин техникийн үнэлгээний 07492365 дугаартай тайлан, нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбараар нотлогдсон, зохигчид энэхүү даатгалын гэрээ болон, хохиролын үнэлгээний талаар маргаангүй байна.

            Нэхэмжлэгч Ө.Г нь Санхүүгийн зохицуулах хороонд даатгалын нөхөн төлбөрийн холбоотой маргааны талаар хандахад тус хороо 2017 оны 08 сарын 21-ний өдрийн 9/2504 дугаар албан бичгээр ...иргэн Ө.Г нь хохирол учирсан тээврийн хэрэгслээ Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасны дагуу өмнө байсан байдалд нь сэргээсэн гэх мөн даатгагч, хохирогч нар хохирлын мөнгөн дүнг хоорондоо тохиролцсоноо дууны бичлэгээр баталгаажсан гэсэн боловч тухайн нотлох баримтуудаа ирүүлээгүй байх тул нөхөн төлбөрийн зарим хэсгийг хасаж олгосон нь тогтоогдохгүй байна. Иймд ...гэрээний дагуу хохирогч Ө.Гын эд хөрөнгөд учирсан хохирлын нөхөн төлбөрийг гүйцээн олгож, хороонд ...эргэн мэдэгдэнэ үү” гэжээ.

            Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.

            Талууд даатгалын тохиолдол бий болсон талаар маргаагүй, нэхэмжлэлээр шаардсан нөхөн төлбөрийн хэмжээ 1 200 000 төгрөгийн 450 000 төгрөгийг төлсөн, төлөөгүй үлдсэн 750 000 төгрөг ба эд анги солих зардал 50 000 төгрөг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хөлс 500 000 төгрөгийн нөхөн төлбөрийг тус тус төлөх үүрэг үүсэхгүй гэж маргаж байна.

            Гэрээний 10 дугаар зүйлд: Даатгалын нөхөн төлбөр олгох, олгохоос татгалзах нөхцөл. 10.1.4-т “Хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээний талаар хохирогч, даатгуулагч, даатгагч талуудын санал зөрсөн бол Иргэний хуулийн 510 дугаар зүйлд заасны дагуу тодорхойлно” гэжээ.

            Иргэний хуулийн 510 дугаар зүйлд “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж, Жолоочийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т “Хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээний талаар хохирогч, даатгуулагч, даатгагч талууд санал нэгдсэн бол тэдгээрийн харилцан тохиролцсон хэмжээгээр тодорхойлохоор тус тус заасан байна.

             Нэхэмжлэгч Ө.Г нь 03-00 УБЧ улсын дугаартай Toyota LandCruiser 200 маркийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, гэмтлийн ...тээшний таг чихэгдэж хунирсан хэсгийг нь 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймаг руу албан томилолтоор явах болсон үндэслэлээр тээшний тагийг яаралтай хэвийн байдалд оруулах хэрэгцээ шаардлага /энэ талаархи бичгийн баримт хэрэгт авагдсан/-ын улмаас 2017 оны 05 сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5-р хороонд байрлах Вьетнам автозасварын газраар засварлуулж, 450 000 төгрөгийн төлбөр төлсөн талаар талууд харилцан тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийн автомашиныг засварлуулсан тээшний таг нь хааж, онгойлгоход хүндрэл үүссэн, ачаа тээвэрлэх боломжгүй болсон, машины битүүмж алдагдсанаас болж, тоос шороо ихээр орж байгаа байдал нь хуульд заасан гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээгдсэн гэж дүгнэх боломжгүй нөхцөл болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, Вендо ХХК-ийн “техникийн үнэлгээний тайлан, түүний хавсралтад: ...тээшний таг /доод/ их эвдрэлтэй, солих 1 200 000 төгрөг, эд анги солих зардал 50 000 төгрөг...” гэж тус тус тогтоосноор нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.

            Хариуцагч нь албан журмын даатгалын гэрээ болон Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.4-т зааснаар нөхөн төлбөр төлөх үүрэгтэй.

            Иймээс, нэхэмжлэлийн шаардлагаас үнэлгээний тайлангаар тогтоогдсон тээшний таг чихэгдэж хунирсан хэсгийг солих үнэ 1 200 000 төгрөгөөс хариуцагчийн төлөөгүй 750 000 төгрөг, мөн эд ангийг солих зардал 50 000 төгрөг, нийт 800 000 төгрөгийг нөхөн төлбөрт тооцож хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

            Тэрээр, нэхэмжлэгчийн гаргасан “Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 08 сарын 21-ний өдрийн 9/2504 дугаартай захиргааны актыг биелүүлэхийг МХХК-д даалгах” шаардлагыг хангах нь хуульд нийцнэ.

Даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар даатгагч, даатгуулагчийн хооронд үүсэх гэрээний харилцааг Иргэний хуулиар зохицуулах, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар аливаа этгээдийн даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд давж заалдахаар зохицуулснаас үзэхэд даатгалын гэрээний талуудын хороонд үүссэн маргааныг иргэний шүүх шийдвэрлэх учиртай.

Хариуцагч нь Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 08 сарын 21-ний өдрийн 9/2504 дугаартай захиргааны актын талаар шүүхэд гомдол гаргаагүй байна.

            Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хөлс 500 000 төгрөгийг гаргуулах хэсгийг хангах үндэслэлгүй байна гэж дүгнэв.   

            Тодруулбал, хэрэгт авагдсан “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-ний 1.2-т “Гэрээгээр тохиролцсон хууль зүйн үйлдлийг хийсний дараа төлбөрт 500 000 төгрөгийн хөлс олгоно”, 2.1-т “Б талын А талын нэрийн өмнөөс гаргасан нэхэмжлэлийн дагуу иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гарснаас хойш ажлын 3 хоногийн дотор А тал нь төлбөрийг Б талд төлнө” гэж тус тус заасан байх ба уг гэрээнээс өөр бичгийн нотлох баримт байхгүй байна.

Иймд Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 08 сарын 21-ний өдрийн 9/2504 дугаартай захиргааны актыг биелүүлэхийг МХХК-д даалгаж, МХХК-иас 800.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Гад олгуулж,  нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 500.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон       

  ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 359 дүгээр зүйлийн 359.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.4-т заасныг баримтлан Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 08 сарын 21-ний өдрийн 9/2504 дугаартай захиргааны актийг биелүүлэхийг МХХК-д даалгаж, МХХК-иас 800.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.Гад олгуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 500.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ө.Гаас улсын тэмдгийн хураамжид төлсөн 35.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч МХХК-иас хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 23.750 төгрөгийг гаргуулж Ө.Гад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

            

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.ТҮМЭНЦЭЦЭГ