Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 372

 

Ө.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/03000 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ө.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “М д-” ХХК-д холбогдох

 

Даатгалын нөхөн төлбөр 1 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Г- нь 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар сургуулийн МТ шатахуун түгээх станцын зүүн замд замын хөдөлгөөнд оролцож явахад 84-53 УНР улсын дугаартай Hyundai HD 250 маркийн автомашин араас мөргөж зам тээврийн осол гаргасан. Осол гарсан даруйд уг тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч н.Ч бид хоёр Сүхбаатар дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтэст дуудлага өгсөн бөгөөд осол гаргасан тээврийн хэрэгслийн жолоочийн даатгуулсан даатгал болох “М д-”-ын шуурхай албатай холбогдон даатгалын баталгаа болон даатгалын гэрээг шалгуулсан. Ө.Г- нь М д-ын санал болгосон даатгалын хохирол үнэлэгч “Вендо” ХХК-аар автомашины хохирлын үнэлгээг хийлгэсэн бөгөөд уг ослын үед унаж явсан Toyota Landcruiser 200 маркийн автомашинд нийт 1 693 200 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон. 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ням гараг байсан тул 15-ны өдөр Ө.Г- нь М д-д очиж даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар холбогдох баримт бичгийг бүрдүүлж өгсөн бөгөөд даатгалын компаниас хохирлын үнэлгээний тайланд дурдсан 1 693 000 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр болох 58 000 төгрөг, нийт 1 751 200 төгрөгийн нөхөн төлбөр олгохоор тохиролцсон. Гэтэл М д-аас 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 951 200 төгрөгийг миний Хаан банкин дах дансанд шилжүүлсэн бөгөөд утсаар холбогдож лавлахад нөхөн төлбөрийн мөнгийг 951 200 төгрөг олгохоор шийдвэрлэсэн гэж хэлсэн. Нөхөн төлбөрийг багасгаж олгохоор шийдвэрлэсэнд гомдолтой байгаа талаар хэд хэдэн удаа очиж уулзсан боловч, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 17/860 тоот албан бичгээр Жолоочийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалтад нийцсэн тохиролцооны дагуу нөхөн төлбөрийг шилжүүлсэн гэсэн хариу ирүүллээ. Мөн уг албан бичигт хохирогч болон даатгагчийн хоорондын энэхүү тохиролцоо нь 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 14 цаг 24 минутын ярианы бичлэгээр баталгаажсан болно гэжээ. Мөн уг албан бичигт “Даатгалаар олгож буй нөхөн төлбөр нь учирсан бодит хохирлыг барагдуулж, гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээхэд чиглэдэг бөгөөд даатгалаар илүү нөхөн төлбөр авч, ашиг хийхгүй байх зарчимтай байдаг. Хохирлын хэмжээний талаар талуудын санал зөрсөн бол Иргэний хуулийн 510 дугаар зүйлд заасны дагуу хохирлын хэмжээг тодорхойлно”, Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг тус тус баримтлан гэм хор учруулахаас өмнө байдалд нь сэргээхэд гарсан зардлын хэмжээгээр нөхөн төлбөр олгохоор санал нэгдэж, харилцан тохиролцсон гэжээ. Гэтэл Ө.Г- нь М д-тай ямар ч тохиролцоо хийгээгүй бөгөөд нөхөн төлбөрийг хэзээ шилжүүлэхийг лавлаж хэд хэдэн удаа утсаар холбогдсон. Зам тээврийн ослын үед миний машины тээшний таг чихэгдэж, хунирснаас болж хааж, онгойлгоход хүндрэл үүссэн, ачаа тээвэрлэх боломжгүй болсон, машины битүүмж алдагдсанаас болж, тоос шороо ихээр орж ирэх болсон, 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр миний бие Дорноговь аймаг руу албан томилолтоор явах болсон зэрэг үндэслэлээр тээшний тагийг яаралтай хэвийн байдалд оруулах хэрэгтэй байсан тул 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр тээшийн тагийг вьетнам автозасварын газраар засуулж, төлбөрт 450 000 төгрөг төлсөн. М д-ын төлбөрийн дүгнэлтийн хуудсанд “Хойд тээшний хаалгыг даатгуулагч 450 000 төгрөгөөр засварласан” гэх бөгөөд үнэлгээний тайланд солих дүнгээр орсон байна. Иймд үнэлгээний дүн болон засварын дүн 2-ын зөрүү 750 000 төгрөг, мөн эд анги солих зардал 50 000 төгрөгийг тус тус хасаж тооцсон юм. Гэтэл М д-ын Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээнд даатгалын нөхөн төлбөрөөс хасалт хийх нөхцөл огт тусгагдаагүй бөгөөд энэ тухай хохирогчид /надад/ урьдчилан мэдэгдээгүй байж хасалт хийсэн нь хуульд нийцэхгүй үйлдэл гэж үзэж байна. Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 3.2.4-т “даатгалын хохирол үнэлэгч” гэдгийг тодорхойлсон. Хөрөнгийн үнэлгээг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий этгээд гүйцэтгэх бөгөөд тухайн автомашины хохирлын үнэлгээг үнэлгээний арга аргачлал, стандартын дагуу автомашины марк, үйлдвэрлэгдсэн он, монголд орж ирсэн он, явсан гүйлт, ашиглалтын чанар байдал, сэлбэг хэрэгслийн зах зээлийн үнэ, засварын зэрэглэл, үнэ, ханшид тулгуурлан холбогдох тооцооллыг хийж тогтоодог. Вендо хөрөнгийн үнэлгээний компаниас хийсэн автомашины үнэлгээний тайланд “үнэлгээ хийхдээ сэлбэгийн зах зээлийн дундаж үнэ, 4 дүгээр зэрэглэлийн автомашины засварын ажлын дундаж үнийг үндэслэв. Үнэлгээчин хөрөнгийн байдалтай биечлэн танилцаж, үнэлгээг гадны нөлөөгүйгээр, уг хөрөнгийг хувийн ямар нэгэн сонирхолгүйгээр, зах зээлийн мэдээлэл, захиалагч болон захиалагч талын өгсөн баримтанд тулгуурлан, холбогдох тооцоог хийсэн бөгөөд үнэлгээгээр 1 693 200 төгрөгийн бодит хохирол учирсан байна” гэжээ. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу автомашины хувьд гэм хор учруулахаас өмнө байсан байдалд сэргээх ямар ч боломжгүй юм. Осолд орж, сэв суусан машины зах зээлийн үнэ осолд ороогүй ижил төрлийн машинаас доогуур байдаг. Ө.Г- нь даатгалаар илүү нөхөн төлбөр авч, ашиг хийх зорилго байхгүй бөгөөд зөвхөн өөрт учирсан бодит хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Хамгийн өндөр ёс зүй, шударга зарчим үйлчилж байх учиртай бизнес бол даатгал. Даатгалын компаниуд мэргэжлийн хохирол үнэлгээний компаниудын гаргасан үнэлгээг дур мэдэн хасаж, аль болох бага нөхөн төлбөр төлөх эрмэлзэлтэй байвал иргэдийг цаашлаад дахиж ямар ч даатгалын үйлчилгээ авах сонирхолгүй болгох эрсдэл бий болж байна. М д- даатгуулагчтай хийсэн гэрээгээ зөрчин хохирогч миний хохирлын нөхөн төлбөрөөс хасч байгаа нь хуульд нийцээгүй үйлдэл гэж үзсэн учраас миний бие Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан бөгөөд СЗХ-оос уг тохиолдлыг хянаж үзээд 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 9/2504 тоот албан бичгийг ирүүлсэн. Уг албан бичигт хохирогч миний автомашинд учирсан хохирлын нөхөн төлбөрийг гүйцээн олгож, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дотор эргэн мэдэгдэнэ үү гэсэн байгаа боловч өнөөдрийн байдлаар М д-аас ямар нэгэн арга хэмжээ аваагүй болно. Иймд Санхүүгийн зохицуулах хорооноос 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 9/2504 дугаар бүхий албан тоотоор гаргасан захиргааны актыг биелүүлэхийг “М д-” ХХК-д даалгаж, хохирогч миний биед учирсан хохирлын нөхөн төлбөр болох 800 000 төгрөгийг гүйцээн олгуулах, энэхүү нэхэмжлэлтэй холбогдуулан хуульч Н.О-тай байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хөлс болох 500 000 төгрөг, нийт 1 300 000 төгрөгийг “М д-” ХХК-аар нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М д-” ХХК-ийн 16211101403382 тоот албан журмын даатгуулагч “Эд” ХХК-ийн 84 53УНР улсын дугаарын Hyundai HD250 маркийн тээврийн хэрэгслийг 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар сургуулийн МТ шатахуун түгээх станцын зүүн замд тус компанийн жолооч Э.Ч нь жолоодон зам тээврийн хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8, 11 дүгээр заалтыг зөрчин, Ө.Г-ын жолоодон явсан Toyota LandCruiser 200 маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөн зам тээврийн осол гаргасан. Энэхүү ослын улмаас Ө.Г-ын тээврийн хэрэгсэлд гарсан эвдрэлийг засах, эд ангийг солиход 1 693 000 төгрөгийн зардал гарна гэж “Вендо” ХХК нь урьдчилсан үнэлгээ хийсэн байсан. Гэвч 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Ө.Г-тай холбогдоход, хохирогч тээврийн хэрэгслээ дээрх хохирол үнэлгээний тайланд заасан хэмжээнээс бага дүнтэй зардлаар өөрөө засуулж, тээврийн хэрэгслийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээсэн буюу 450 000 төгрөгөөр учирсан бодит хохирлоо арилгасан байсан. Нэхэмжлэгч өөрөө ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...2017 оны 5 сарын 17-ны өдөр тээшний тагийг ЧД-ийн 5 дугаар хороонд байрлах вьетнам автозасварын газраар засуулж, төлбөрт 450 000 төгрөг төлсөн” гэж энэ талаараа хүлээн зөвшөөрсөн байдаг. Даатгалаар олгож буй нөхөн төлбөр нь учирсан бодит хохирлыг барагдуулж, гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээхэд чиглэдэг бөгөөд даатгалаар илүү нөхөн төлбөр авч, ашиг хийхгүй байх зарчимтай байдаг. Үүний эрх зүйн үндэслэл нь Жолоочийн даатгалын тухай хуулийн 17.1.4, Иргэний хуулийн 510.1-т заасныг тус тус баримтлан гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээхэд гарсан зардлын хэмжээгээр нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн болно. Учир нь хохирол үнэлгээний тайлангаар гарсан хэмжээ нь зах зээлийн судалгааны үндсэн дээр гарсан, урьдчилсан дундаж үнэлгээ байдаг. Харин яг засварын газар очоод засварлуулсан зардал нь бодит хохирлын хэмжээг илэрхийлж байгааг энэ жишээнээс харж болохоор байна. Ийнхүү хохирогч Ө.Г-ад хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 1 693 200 төгрөгөөс тээшний таг солих 1 200 000 төгрөг гэх дүнгээс нь хохирогчийн тус тээшний хаалгаа 450 000 төгрөгөөр засварласан гэсэн тул 750 000 төгрөг хасаж, тээшний хаалгыг солих зардал 50 000 төгрөгийг хасаж, хохирол үнэлгээний зардал болох 58 000 төгрөгийг нэмж бусад гарсан дүнг үнэлгээний дагуу тооцож, нийт 951 200 төгрөгийн нөхөн төлбөрийг хохирогчид олгосон. 450 000 төгрөгөөр хаалгаа засуулсан гэж хэлсээр байтал даатгалын компани илүү мөнгө төлж, ашиг өгөх үүрэггүй тул нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 359 дүгээр зүйлийн 359.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.4-т заасныг баримтлан Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 08 сарын 21-ний өдрийн 9/2504 дугаартай захиргааны актийг биелүүлэхийг М д- ХХК-д даалгаж, М д- ХХК-иас 800.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.Г-ад олгуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 500.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ө.Г-аас улсын тэмдгийн хураамжид төлсөн 35 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М д- ХХК-иас хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 23 750 төгрөгийг гаргуулж Ө.Г-ад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/03000 тоот шийдвэрииг эс зөвшөөрч, давж заалдах гомдлыг гаргаж байна. “М д-” ХХК-ийн 16211101403382 тоот албан журмын даатгуулагч “Эд” ХХК-ийн 84 53УНР улсын дугаарын Hyundai HD250 маркийн тээврийн хэрэгслийг 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр тус компанийн жолооч Э.Ч нь жолоодон зам тээврийн хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8, 11 дүгээр заалтыг зөрчин, Ө.Г-ын жолоодон явсан Toyota LandCruiser 200 маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөн зам тээврийн осол гаргасан. Энэхүү ослын улмаас Ө.Г-ын тээврийн хэрэгсэлд гарсан эвдрэлийг засах, эд ангийг солиход 1 693 000 төгрөгийн зардал гарна гэж “Вендо” ХХК нь урьдчилсан үнэлгээ хийсэн байсан. Гэвч 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Ө.Г-тай холбогдоход хохирогч тээврийн хэрэгслээ дээрх хохирол үнэлгээний тайланд заасан хэмжээнээс бага дүнтэй зардлаар өөрөө засуулж, тээврийн хэрэгслийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээсэн буюу 450 000 төгрөгөөр учирсан бодит хохирлоо арилгасан байсан. Нэхэмжлэгч өөрөө ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр тээшний тагийг ЧД-ийн 5 дугаар хороонд байрлах вьетнам автозасварын газраар засуулж, төлбөрт 450 000 төгрөг төлсөн.” гэж энэ талаараа хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд манайх Жолоочийн даатгалын тухай хуулийн 17.1.4, Иргэний хуулийн 510.1-т заасны дагуу шийдвэрлэж нэхэмжлэгчид 951 200 төгрөгийн нөхөн төлбөрийг олгосон. Гэтэл нэхэмжлэгч нөхөн төлбөр хүсэхдээ болон санхүүгийн зохицуулах хороонд гомдол, шүүхэд нэхэмжлэл гаргахдаа яригдаагүй асуудлаар нэхэмжлэл гаргасныг шүүх ханган шийдвэрлэсэн тул тус шүүхийн шийдвэрийн дараах хоёр үндэслэлийг эс зөвшөөрч байна.

1. Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгуй, нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь үнэлэх ёстой. Гэвч “450 000 төгрөгийн телбөр төлсөн гэж талууд харилцан тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгчийн автомашиныг засварлуулсан тээшний таг нь хааж, онгойлгоход хүндрэл үүссэн, ачаа тээвэрлэх боломжгүй болсон, машины битүүмж алдагдсанаас болж, тоос шороо ихээр орж байгаа байдал нь хуульд заасан гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээгдсэн гэж дүгнэх боломжгүй нөхцөл болох нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл тайлбар, хохирол үнэлгээний тайланд тогтоосноор нотлогдож байна гэж шуух дугнэлээ” гэсэн шүүхийн үндэслэл нь нотлох баримтгүй юм. Учир нь хэрэгт дээрх ослын улмаас тээшний тагийг хааж, онгойлгоход хүндрэл үүссэн, машины битүүмж алдагдсан гэх нөхцөл байдлыг тогтоосон мэргэжлийн байгууллагын дүгнэлт байхгүй байхад зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэж ийм нөхцөл байдал байна гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар нотлох баримтыг үнэлээгүй гэж үзэхэд хүргэж байна. Өөрөөр хэлбэл, одоогийн тээшний тагт үүссэн нөхцөл байдлуудыг хэзээ хэрхэн юуны улмаас үүссэнийг тогтоогоогүй байж ийМ д-үгнэлт гаргасанд гомдолтой байна.

2. “М д-” ХХК-ийн зүгээс Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 9/2504 тоот шийдвэрийг эс зөвшөөрч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан боловч 65 дугаар зүйлийн 65.1.1-т зааснаар хэргийн харьяалал зөрчсөн буюу захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх асуудал гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан. Энэ нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан захирамж хэрэгт авагдсан атал энэ талаар гомдол гаргаагүй тул Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг биелүүлэхийг даалгах нь хуульд нийцнэ гэсэн байна. Даатгалын маргааныг Санхүүгийн зохицуулах хорооноос урьдчилан шийдвэрлэх журам гэж байхгүй, нотлох баримтыг хэрхэн цуглуулах, үнэлэх талаар зохицуулалт байхгүй, тэр ч байтугай нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг нь бүрэн танилцуулдаггүй. Иргэний шүүх ч Даатгалын тухай хуулийн 82.1-т заасны дагуу Санхүүгийн зрхицуулах хорооны шийдвэрт холбогдох нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалздаг атал Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг биелүүлэхийг даалгах нь хуульд нийцнэ гэсэнд гомдолтой байна.

Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т “М д- ХХК-иас 800 000 төгрөг гаргуулж, Ө.Г-ад олгуулах” гэж шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Хариуцагч “М д-” ХХК-д холбогдуулан нэхэмжлэгч Ө.Г-аас даатгалын нөхөн төлбөр 1 300 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “М д- ХХК-ийн 16211101403382 тоот албан журмын даатгуулагч “Эд” ХХК-ийн 84 53УНР улсын дугаарын Hyundai HD250 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан тус компанийн жолооч Э.Ч нь зам тээврийн хөдөлгөөнд оролцож явахдаа миний унаж явсан Toyota LandCruiser 200 маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөн зам тээврийн осол гаргасан бөгөөд бодит хохирлын үнэлгээ 1 693 200 төгрөгөөс 951 200 төгрөгийг хариуцагчаас авсан. Хариуцагч нь Санхүүгийн зохицуулах хорооны 9/2504 тоот захиргааны актыг биелүүлэх ёстой” гэж тайлбарлаж байх ба 2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр зам тээврийн осол болсон үйл баримтын талаар талууд маргаагүй байна.  

 

Гэвч нэхэмжлэгч Ө.Г- нь 0300УБЧ улсын дугаартай Toyota LandCruiser 200 маркийн автомашины өмчлөгч буюу эзэмшигч болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, уг тээврийн хэрэгслийн гэрчилгээ, эрх байгууллагын лавлагаа хэрэгт авагдаагүй бөгөөд нэхэмжлэгч уг тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг шаардах эрхтэй этгээд мөн эсэх нь тодорхойгүй байна.

 

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/03000 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “М д-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

 

                                                                       

                                           ШҮҮГЧИД                                    Т.ТУЯА

 

 

                                                                                                С.ЭНХТӨР