Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2700

 

 

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 31 өдөр

      Дугаар 181/ШШ2017/02700

                  Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо 7 дугаар хороолол 30-27 тоотод оршин суух Батмөнхийн Г /РД:ХИ82112976/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо Зүүн сэлбэ 10 дугаар гудамж 19 тоотод оршин суух, Боржигон овогт Сармандахын Н /РД:ЦЕ75111906/

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо Зүүн сэлбэ 10 дугаар гудамж 19 тоотод байрлах, улсын бүртгэлийн 9011285039, регистрийн 5468558 дугаартай, “Тэнгисийн хөх сувд” ХХК-д тус тус холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: “Бэрэн констракшн энд автомэшн” ХХК, болон “Грийн ресурс констракшн” ХХК,

37.258.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хэлцлийг хүчингүйд тооцуулах тухай сөрөг шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Очирбал, хариуцагч С.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан, А.Эрдэнэбилэг нар, хариуцагч “Тэнгисийн хөх сувд” ХХК-ийн захирал С.Н, гэрч Б.Болороо, Б.Батдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх зохицуулалтын дагуу Г Наас нийтдээ 24.298.000 төгрөгийг нэхэмжилж байгаа энэ нь 2013 онд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсаны дагуу энэ мөнгийг шаардаж байгаа юм. 2 дахь нь 12.960.000 төгрөгийг гэм хороор шаардаж байгаа учир нь ажил гүйцэтгүүлсэн хариу төлбөрийг өгөөгүй учраас Г бол зээл авсан. Зээлийн хүүгийн төлбөр өгч хохирсон байгаа энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа гэж үзэж байна, эхний нэхэмжлэлийн шаардлага болох 24.298.000 төгрөгийг ямар учраас ямар хуулийн заалтыг үндэслэж нэхэмжилж байгаа гэдгийг тайлбарлая. Гийн хувьд Нтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу “Бэрэн констракшн энд автомэшн” ХХК болон “Грийн ресурс констракшн” ХХК-д вакум цонх болон хаалга нийлүүлэх ажилд туслан гүйцэтгэгчээр оролцож ажлынхаа үр дүнгээс хамаарч хөлс авахаар тохиролцсон. Эхнийх нь 2011 оны 10 сард “Грийн ресурс констракшн” ХХК-д хийх ёстой ажлаа гүйцэтгэсэн Мөн оны 11 сард “Бэрэн констракшн энд автомэшн” ХХК-нд хийх ёстой ажлаа хийж гүйцэтгэсэн. Талуудын хооронд үүргийн эрх зүйн харилцаа үүссэн нь үр дагавраар нотлогдож байна, Гуравдагч этгээдүүд хаалга цонхыг хүлээж авснаа хүлээн зөвшөөрдөг. Түмэннаст хорооллын барилгын цонх хаалганы мөнгө 120 сая төгрөг төлөх байснаас 110 сая төгрөгийг төлөөд үлдэгдэлийг төлөөгүй сая төгрөг дутуу, иймд 24 сая төгрөгийг нэхэмжилж байна. Өр төлбөрөө төлөөгүй байгаа нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтаар нотлогддог, Хан-Уул дүүргийн шүүхэд Тэнгисийн хөх сувд ХХК-ийн нэхэмжлэлтэй Бэрэн констракшн энд автомэшн ХХК-д холбогдох хэрэгт Н нь би мөнгийг авах гээд байгаа юм биш Гэд өгөх гээд байна гэж мэдүүлсэн байдаг. Энэ хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. Баянзүрх дүүргийн шүүхэд гаргасан тайлбартаа бид энэ мөнгийг авах гээд байгаа юм биш Гэд өгөх гээд байна Г нь шаардаад байна гэж мэдүүлсэн. Шүүхэд үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй үүний дагуу үнэн зөв тайлбар өгсөн байх энэ байдал нь 2 шүүхийн шийдвэр болон хурлын тэмдэглэлээр нотлогдоно. Талуудын хооронд зуучлалын гэрээ хийгдээд зуучлалын хөлсөө авсан гэж мэдүүлсэн байдаг эсвэл би энэ баримтыг гаргаж өгөөгүй гэж янз бүр тайлбарладаг. Өр төлбөртэй болох нь тайлбар мэдүүлгээр нотлогдож байна. 2 дахь шаардлага хариуцагч хугацаандаа мөнгөө өгсөн бол энэ зээлийн хүү мөнгө тооцогдохгүй байсан. 2 хариуцагч татсан. Ныг яагаад татсан бэ? гэвэл уг ХХК-ийг ганц төлөөлөх эрхтэй этгээд нь Н, Н нь өр төлбөртэй баримтад гарын үсэг зурсан байгаа, Хэрэгт авагдсан нотлох баримтад байгаа тэрэнд Бэрэн констракшн энд автомэшн ХХК-д 15.980.000 төгрөгийг Тэнгисийн хөх сувд ХХК дансаараа хүлээн аваад 39 сая төгрөг дутуу өгсөн гэдгийг хариуцагч ярихгүй байгаа харин ч авах ёстой мөнгөө авсан юм байна. Цаг хугацаандаа шаардаж аваагүй учраас хохирсон юм байна. Иймд нийт 37.258.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2017 оны 7 сарын 5-нд шүүх хуралдаан болсон талууд мэтгэлцсэн. Нэхэмжлэгч шаардлагаа нотлохдоо ломбардны бичиг гаргаж өгсөн. Ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд орсон гэдэг боловч аль нь ч ийм харилцаанд ороогүй энэ тал дээр шүүх анхаараасай. Тэнгисийн хөх сувд ХХК нь Грийн ресурс констракшн ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан нь үйл баримтаар тогтоогдоно. Бэрэн констракшн энд автомэшн ХХК-тай гэрээ байгуулсан нь мөн тогтоогдоно. Энэ 2 гэрээ бүрэн хэрэгжээгүй, 2 компаний хийсэн хаалга, цонх чанаргүй байсан учир гэрээ цуцлагдсан гэж ярьдаг. Тэнгисийн хөх сувд  ХХК-ийн Н Чанар үзэмж ХХК-ийн захирал Болороо нар аль аль нь эмэгтэй хүмүүс Тэнгисийн хөх сувд ХХК-ийг үүсгэн байгуулснаас хойш анх удаа Бэрэн констракшн энд автомэшн ХХК-тай 200-д саяын маш том гэрээ байгуулсан. Энэ ажлын 50 хувийг Тэнгисийн хөх сувд ХХК гүйцэтгэх байсан гэвч Чанар үзэмж констракшн ХХК-ийн чанаргүй цонх хийснээс гэрээ цуцлагдаж хохирсон. Ажил аваад хэнээр гүйцэтгүүлэх вэ гэхэд Н Болороотой уулзахад манай ХХК-ийг сонгооч таньд зуучилсны хөлс мөнгийг төлнөө гэж ярьсан байдаг. Н та нар уг ажлыг Тэнгисийн хөх сувд ХХК-ийн ажилчид байна гээд хийгээрэй гэж хэлсэн байдаг. Энэ талаар барилгынхан гэрчилнэ. Г ирж хаалга цонхныг сольдог байсан. Н, Гтэй гэрээ хийгээгүй, 2013-6-13 өдрийн хэлцлийг Болороо бичиж ирсэн энэ 2 хоолны газар сууж байгаад Н эгчээ бид нар орон сууцны зээл авах гээд байна бусдаас авлагатай гэвэл зээл авах боломжтой юм байна гээд энэ бичигт гарын үсэг зуруулж авсан байдаг. Хэлцэл хийгдсэн баталгаа болгож Төрийн банкнаас Г 2013.7.15 өдөр орон сууц худалдан авах зээлийг авсан байна гэсэн баримт ирсэн. Эндээс 2013.06.13-ны бичгээ ашиглаад төрийн банкнаас зээл авсан байна. 2013.07.15-гд Төрийн банкнаас 75 саяын зээл авсан Гийн шүүхэд өгсөн барьцаат зээлийн тасалбар гээд нэг юм байгаа, ломбард 24 саяын зээл өгөх үү, 75 саяын зээлтэй хүнд 24 саяын зээл өгөх үү энэ дээр шүүх анхаарч үзээсэй, нэхэмжлэгч бол Болороо тиймээс нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч “Тэнгисийн хөх сувд” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбар, сөрөг шаардлагадаа: “Тэнгисийн хөх сувд” ХХК нь модон эдлэл үйлдвэрлэдэг, содон цонх, хаалга нийлүүлдэг зндэсний жижиг комдани билээ. Манай компани 2011 онд хамгийн ашигтай  2 гэрээ хэлцлийг байгуулж чадсан. “Тэнгисийн хөх сувд” ХХК нь “Бэрэн констракшн энд автомэшн” ХХК-тай 2011.10.27-ны өдөр 293.106.400 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ болон “Грийн ресурс” ХХК-тай 2011.10.27-ны өдрийн 59.776.160 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулсан. Ингээд 100 айлд вакум цонх хийдэг “Чанар үзэмж констракшн” ХХК болон түүни йзахирал Б.Болороотай хамтран ажиллах гэрээг амаар байгуулж туслан гүйцэтгэгчээр оруулсан. Ниймтдээ Б.Болороо нь “Бэрэн констракшн энд автомэшн” ХХК-аас 164.736.210 төгрөг, “Грийн ресурс” ХХК-иас 46.577.400 төгрөгийг авч цонх, хаалга үйлдвэрлэж нийлүүлсэн болно. Болороогийн “Чанар үзэмж констракшн” ХХК-д үйлдвэрлэсэн цонх, хаалгыг “Бэрэн констракшн энд автомэшн” ХХК, “Грийн ресурс” ХХК-д нийлүүлсэн бөгөөд чанарын шаардлага хангаагүй вакум цонх, хаалга хийж нийлүүлснээс болж 2 гэрээ бүхэлдээ цуцлагдсан. Миний бие 2012 онд гэр ахуйн газанд түлэгдэж улмаар хүүхдээ дутуу төрүүлж эмнэлэгт байсан бөгөөд “Бэрэн констракшн энд автомэшн” ХХК, “Грийн ресурс” ХХК-иас чанаргүй цонх, хаалганы талаархи гомдол тасралтгүй ирж байсан бөгөөд “Чанар үзэмж констракшн” ХХК-ийн ажилтан Б.Г хоёр дүүгийнхээ хамтаар засвар үйлчилгээг хариуцаж хийсэн боловчнэгэнт чадваргүй, чанаргүй ажлаас болж гэрээ цуцлагдсан төдийгүй манай компанийн нийлүүлэх ажил ажил болох хар, цагаан замаск, паркетэн шал, блинтус зэрэг 158 000 000 төгрөгийн ажил давхар цуцлагдаж, гүйцэтгэж чадаагүй хохирсон. Мөн манай компаний дансаар орсон мөнгөнд СБД-ийн татварын хэлтэс 21 048 000 төгрөгийн татвар төлөх акт гаргаж, мөн л татварын өрөнд орж хохироод байна. Өнөөдөр “Чанар үзэмж констракшн” ХХК-ийн захирал Болороо болон “Тэнгисийн хөх сувд” ХХК нь гэрээний дагуу хийсэн ажлаа дүгнэх шаардлагатай бөгөөд Тэнгисийн хөх сувд” ХХК нь “Бэрэн констракшн энд автомэшн” ХХК болон “Грийн ресурс” ХХК-ийг шүүхэд өгч нэхэмжлэл гаргасан. Шүүхэд маргаан хянагдаж байхад нэхэмжлэл гаргасан Б.Гийг ирж эрх ашгаа хамгаалж оролцохыг удаа дараа мэдэгдэж баталгаат шуудангаар 2016.09.05-нд Мэдэгдэл хүргүүлж нотлох баримт, тооцоогоо гаргаж өгөхийг хүссэн боловч ирж оролцоогүй. Иймд нэхэмжлэгч биш этгээдийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Сөрөг шаардлагадаа: Б.Г нь эхнэр Б.Болороотой хамтарч банкнаас зээл авах гэсэн юм гээд 2013.06.13 өдөр 24 298 000 төгрөгийн авлагатай гэсэн бичиг хийлгэж авсан. Энэхүү баримт нь банкнаас зээл авахад нь зориулж бичиж өгсөн байтал шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэлээ болгосон тул энэхүү шаардлагыг гаргаж байна. Энэ нь өөр хэлцлийг халхавчилсан гэж үзэж байна. Ганхүн нь энэхүү 24 298 000 төгрөг өгнө гэсэн тооцоог санаанаасаа зохиосон тоо бөгөөд үүнийгээ өөрөө нотлох үүрэгтэй. Учир нь С.Н нь Гийн “Грийн ресурс” ХХК, “Бэрэн констракшн энд автомэшн” ХХК хийж гүйцэтгэсэн ажилд хяналт тавьдаггүй байсан бөгөөд Б.Г нь “Грийн ресурс” ХХК, “Бэрэн констракшн энд автомэшн” ХХК-ийн инженерүүдэд ажлаа хянуулж, хүлээлгэн өгсөн байдаг. Мөн Г нь вакум цонх, хаалганы тооцоогоо хадгалж байгаа болохоо илэрхийлж гэрчээр мэдүүлэг өгч байсан бөгөөд шүүх Гээс нотлох баримт гаргуулахаар шаардаж байсан. Н нь “Чанар үзэмж констракшн” ХХК-ийн захирал Болороотой хэлэлцэн тохиролцож энэхүү ажлыг өгсөн бөгөөд байгууллагын данснд орж ирсэн мөнгийг Болороо авдаг байсан Үүнийг нотлох гэрч байгаа тул Б.Г, С.Н нарын хооронд байгуулагдсан 2013.06.13-ны өдрийн хэлцлийг хүчингүйд тооцуулах шаардлага гаргасныг хангаж өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Бэрэн констракшн энд автомэшн” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Тус дүүргийн шүүхийн шүүгчийн 2015 оны 02 сарын 17-ны өдрийн 609000 тоот захирамжаар иргэн Б.Гийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Нд холбогдох иргэний хэрэгт барилгын “Бэрэн констракшн энд автомэшн” ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татсан байна. Манай компани нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувьд ИХШХШТ хуулийн 29.4-т “бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэл ба нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээс татгалзах, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, эвлэрэхээс бусад  зохигчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ” гэж заасны дагуу зохигчийн эрхийг бүрэн эдлэхгүй учраас дэлгэрэнгүй тайлбар өгөхөөс энэ удаа түдгэлзэж байна. Мөн хуулийн 29.5-д “Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй” гэж заасны дагуу манай компанитай холбоотой гэж асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй байхыг хүсье.

            Нэмэлт тайлбартаа: 1. “Бэрэн констракшн энд автомэшн” ХХК нь “Тэнгисийн хөх сувд” ХХК-тай 2011.09.02-ны өдөр 89/11 тоот  Барилгын зарим ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд “Тэнгисийн хөх сувд” ХХК нь вакум цонх, хаалганы ажил чанаргүй гүйцэтгэж, ажлаа хаяж явсан. Нэгэнт вакум цонх, хаалганы ажил чанаргүй хийгдсэн, актаар ажлаа хүлээлцээгүй тул гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй болж хар замаск, цагаан замаск, паркетан шал, блинтус нийлүүлэх зэрэг гэрээгээр заагдсан бусад ажил үргэлжлэх боломжгүй болж гэрээ цуцлагдсан болно. “Тэнгисийн хөх сувд” ХХК нь Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж “Бэрэн констракшн энд автомэшн” ХХК-иас 9.783.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд тус шүүхээс 2016.11.15-ны өдөр 183/ШШ2016/01121 тоот шийдвэр гарч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон билээ. Тус шүүхэд “Тэнгисийн хөх сувд” ХХК нь гэрчээр  Г, Болороо нарыг оролцуулсан бөгөөд гэрч Г нь хэдэн м.кв вакум цонх, хаалга “Бэрэн констракшн энд автомэшн” ХХК-д нийлүүлу, хийж гүйцэтгэсэн болхоо нотолж чадаагүй, нийсэн ажлынхаа тоцоог ч мэдэхгүй байсан болно. Мөн чанаргүй цонх хийсэн гэдгээ Г өөрөө шүүхэд хүлээн зөвшөөрсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

            2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд биеэр оролцох шаардлагагүй бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2016.11.15-ны өдөр 138/ШШ2016/001121 тоот шийдвэр гарсан тул ИХШХШТХ-ийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч С.Н, “Тэнгисийн хөх сувд” ХХК-д тус тус холбогдуулан 37.258.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч С.Н нь нэхэмжлэгч Б.Гэд холбогдуулан 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хэлцлийг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зохигч талууд бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна. 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Хариуцагч С.Н буюу “Тэнгисийн хөх сувд” ХХК нь 2011 оны 09 сарын 02-ны өдөр “Бэрэн констракшн энд автомэшн” ХХК-тай барилгын зарим ажил гүйцэтгэх гэрээг, мөн “Грийн ресурс констракшн” ХХК-тай “Тэнгисийн хөх сувд” ХХК нь 2011 оны 10 сарын 27-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г тус тус байгуулсан байх бөгөөд энэхүү гэрээний дагуу вакум цонх, хаалгыг нь иргэн Б.Гээр хийж гүйцэтгүүлэхээр зохигчид харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан “Грийн ресурс констракшн” ХХК-тай “Тэнгисийн хөх сувд” ХХК нарын хооронд 2011 оны 10 сарын 27-ны өдөр байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ”, мөн “Бэрэн констракшн энд автомэшн” ХХК-тай “Тэнгисийн хөх сувд” ХХК-ний хооронд 2011 оны 09 сарын 02-ны өдөр байгуулагдсан “Барилгын зарим ажил гүйцэтгэх гэрээ” зэрэг /1-р хавтаст хэргийн 55-61 дүгээр хуудас/ бичгийн баримтаар нотлогдож байна.

Энэ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

Хууль болон гэрээнд зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан хэдий ч ямар хэмжээтэй, хэдэн ширхэг, ямар үнэтэй вакум цонх, хаалгыг ямар хугацаанд хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөх, хэчнээн төгрөгийн үнэ хөлс төлөх талаар харилцан тохиролцсон бичгийн нотлох баримт байхгүй, нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч С.Н болон “Тэнгисийн хөх сувд” ХХК нараас нэхэмжлэлээр шаардаж буй “цонхнуудыг зээлээр, зах зээлийн үнээс доогуур үнээр аваад, өөрийн компанийн нэрийн өмнөөс бусдад борлуулах ба шаардуулж байж миний мөнгийг өгдөг байсан ч 24 298 000 төгрөг төлөөгүй үлдсэн” гэж нэхэмжилж байгаа боловч энэхүү шаардлагаа бичгийн баримтаар нотолж чадаагүй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй бичгийн нотлох баримт болох 2013 оны 06 сарын 13-нд С.Н, Б.Г нарын хооронд хийсэн хэлцэл нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д “Ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно”, 58.2.2-т “хэлцэл хийгч этгээд хүссэн зүйлийнхээ утгыг эндүүрсэн” тохиолдолд ноцтой төөрөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна гэж үзлээ.

Тухайлбал, 2013 оны 06 сарын 13-нд С.Н, Б.Г нарын хооронд хийсэн гэх хэлцлийг нэхэмжлэгч Б.Г, түүний эхнэр Болороо нар өөрсдөө нэг хувь бичиж авч очоод С.Нтай цайны газарт орж, цай ууж суухдаа түүгээр гарын үсэг зуруулсан болох нь шүүх хуралдаанд оролцсон гэрч Б.Болороогийн мэдүүлгээр нотлогдож байна.

Хариуцагч С.Н нь нэхэмжлэгч Б.Гэд тухайн хэлцэлд бичигдсэнээр: “...24 298 000 төгрөг өгөх ёстой нь үнэн болно” гэдэг нь зохигч талуудын хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөх ажлын хөлсний тооцоог нийлсэн талаар бичгийн нотлох баримт байхгүй тул бүрэн нотолж чадахгүй байна гэж үзэв.

Гэрч Б.Болороо нь Б.Г, С.Н бид гурав өөрсдөө байж байгаад вакум цонх, хаалганы төлөгдөөгүй тооцоог хийсэн гэж тайлбарлаж байгаа боловч түүний мэдүүлэг бичгийн бусад баримтаар давхар нотлогдохгүй байна.

Б.Г, Б.Болороо нар нь С.Наар тухайн хэлцэлд гарын үсэг зуруулах үед С.Н нь хүсэл зоригоо илэрхийлэх үйлдэл дээрээ төөрөгдөхийн нэгэн адил хүсэл зоригийн обьектив илэрхийлэл хүсэл зоригоо илэрхийлэгчийн бодит, дотоод хүсэл зоригтой үл нийцэж, зөрүү үүссэн. Хүсэл зоригоо илэрхийлэгч өөрөө ухамсарлалгүйгээр хүсэл зоригийн илэрхийллийнхээ агуулгын талаар буруу ойлголт, төсөөлөлтэй болсон байна.

Иймд, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д “Ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно” гэж зааснаар 2013 оны 06 сарын 13-нд С.Н, Б.Г нарын хооронд хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нь “...бусдаас материал зээлээр авч цонхнуудыг хийсэн. Хэрэв С.Н “мөнгийг чинь яг төдийд өгнө” гэж хэлээд тэр талаар баримт үйлдээгүй бол материалын өрийг дарахын тулд 1 сарын хугацаатай 24 000 000 төгрөгийн зээл авч, сар бүр 1 440 000 төгрөгийн хүү төлж хохирохгүй байсан учир өөрт учирсан хохирол болох 12.960.000 төгрөгийг үндсэн төлбөр дээр нэмж гаргуулна” гэж шаардаж байгаа боловч энэхүү шаардлага нь үндэслэлгүй болох нь дээрх дүгнэлтээр батлагдаж байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн сөрөг шаардлагыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргадаг.

Нэхэмжлэгч Б.Г, шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Б.Болороо нар хариуцагч С.Наар 2013 оны 06 сарын 13-нд С.Н, Б.Г нарын хооронд хийсэн гэх хэлцэлд гарын үсэг зуруулахдаа: “...банкнаас зээл авах гэж байгаа тул бусдаас авах авлагатай гэсэн баримт байвал зээл олдох боломжтой байна та үүнд гарын үсэг зураад өгөөч” гэж гуйсных нь дагуу тухайн хэлцэлд гарын үсэг зурсан болох нь талуудын тайлбар, мэдүүлгээр нотлогдож байна.

Хэрэгт авагдсан Нийслэлийн прокурорын газрын 2013.10.28-ны өдрийн 5/2332 тоот хариу мэдэгдэх хуудсаар Монголын өмгөөлөгчийн холбооны гишүүн өмгөөлөгч Г.Нацагдоржид “гомдлын хариу” хүргүүлсэн болон Сүхбаатар дүүргийн прокурорын газрын прокурорын 2016 оны 06 сарын 24-ний өдрийн 1813 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” тогтоол зэрэг баримтаас үзэхэд хариуцагч С.Наар тухайн хэлцэлд Б.Г, Б.Болороо нар гарын үсэг зуруулахдаа “...банкнаас зээл авах гэж байгаа тул бусдаас авах авлагатай гэсэн баримт байвал зээл олдох боломжтой байна та үүнд гарын үсэг зураад өгөөч” гэж хэлээд надаар уг баримтанд гарын үсэг зуруулсан байж сүүлд намайг цагдаагийн газар дуудахад нь би очоод надаар гарын үсэг зуруулсан тэр бичгээр намайг залилсан гэж гүтгэж хандсан байсныг анх мэдсэн гэсэн С.Нын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр түүний нэхэмжлэл гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолох нь хуульд нийцнэ. /1-р х.х-ийн 3, 2-р х.х-ийн 1 дүгээр хуудас/

Түүнчлэн, хариуцагч С.Н нь 2012 оны 08 сарын 09-ний өдөр халуун хоол унданд түлэгдэн “Толгой хүзүүний түлэгдэл” оношоор яаралтай тусламж авсан болох нь Гэмтэл согог судлалын үндэсний төв статистик, тандалт судалгааны албаны тодорхойлолтоор, 2012 оны 09 сарын 03-ны өдөр кесар хагалгаагаар хүүхэд төрүүлсэн болох нь төрсөн тухай эмнэлгийн гэрчилгээ зэрэг бичгийн баримтууд хэрэгт авагджээ./2-р х.х-ийн 43-44 дүгээр тал/

Хариуцагч нь 2015 оны 05 сарын 19-ний өдөр Б.Гэд холбогдуулан “Б.Г, С.Н нарын хооронд байгуулагдсан 2013.06.13-ны өдрийн хэлцлийг хүчингүйд тооцуулах тухай” сөрөг нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх боловч Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 06 сарын 05-ны өдрийн 19223 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан байна. /1-р х.х-ийн 75-79 дүгээр хуудас/

Иймээс, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна”, 75.2-т “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараахь тохиолдолд хөөн  хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ” 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” байхаар тус тус зохицуулсны дагуу хариуцагч С.Нын анх мэдсэн гэх 2013 оны 06 сарын 24-нөөс шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан 2015 оны 05 сарын 19-ний өдөр хүртэлх хугацаагаар тооцоход хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 228 дугаар зүйлийн 228.1, 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Гийн хариуцагч С.Н, “Тэнгисийн хөх сувд” ХХК нарт холбогдуулан гаргасан 37.258.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Б.Г, С.Н нарын хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344440 төгрөгийн 344240 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, илүү төлсөн 200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж Б.Гэд, хариуцагч С.Наас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 280000 төгрөгийн 279440 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, илүү төлсөн 560 төгрөгийг улсын орлогоос, нэхэмжлэгч Б.Гээс 279440 төгрөгийг тус тус гаргуулан С.Нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ТҮМЭНЦЭЦЭГ