Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 222

 

Б.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/02700 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Г-ийн

Хариуцагч С.Н-, “Т” ХХК нарт холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Бэнд автомэшн” ХХК, “Г” ХХК,

 

37 258 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хэлцлийг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.О

Хариуцагч С.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А

Хариуцагч С.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э

Хариуцагч “Т” ХХК-ийн төлөөлөгч С.Н-

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

            Нэхэмжлэгч Б.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч С.Н-тай анх хамтран ажиллахаар болж, вакум, цонх, хаалгыг барилгад суулгаж өгсөн. Хариуцагч С.Н- нь ажлын хөлсний үлдэгдэл 24 298 000 төгрөгийг төлөөгүй. Би тухайн үед вакум, цонх, хаалганы материалыг зээлж, энэ зээлээ төлөхийн тулд 1 сарын хугацаатай 24 000 000 төгрөгийн зээл авч, сар бүр 1 440 000 төгрөгийн хүүг төлдөг байсан. Иймд би бусдад хүү төлж хохирсон учир өөрт учирсан хохиролд 12 960 000 төгрөгийг үндсэн төлбөр дээр нэмж гаргуулахаар шүүхэд хандаж байна. Учир нь талууд ажил гүйцэтгэх гэрээний дагуу “Бэнд автомэшн” ХХК, “Г” ХХК-д вакум цонх болон хаалга нийлүүлэх ажилд туслан гүйцэтгэгчээр оролцож ажлынхаа үр дүнгээс хамаарч хөлс авахаар тохиролцсон. Өөрөөр хэлбэл 2011 оны 10 сард “Г” ХХК-д, мөн оны 11 сард “Бэнд автомэшн” ХХК-д хийх ёстой ажлаа хийж гүйцэтгэсэн. Эдгээр компаниуд хаалга цонхыг хүлээж авснаа хүлээн зөвшөөрдөг. Түмэннаст хорооллын барилгын цонх, хаалганы үнэд 120 000 000 төгрөг төлөх байснаас 110 000 000 төгрөгийг төлөөд үлдэгдлийг төлөөгүй.

            Хан-Уул дүүргийн шүүхэд “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Бэнд автомэшн” ХХК-д холбогдох хэрэгт С.Н- “... би мөнгийг авах гэсэн зүйлгүй, харин Б.Г-эд өгөх гэж байна” гэж мэдүүлсэн нь түүнийг ажлын хөлс төлөх өртэй болохыг нотолж байна. Мөн С.Н- нь баримтад гарын үсэг зурсан. Иймд хариуцагчаас нийт 37 258 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч С.Н-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа нотолж ломбардны бичгийг гаргаж өгсөн. “Т” ХХК нь “Г” ХХК-тай болон “Бэнд автомэшн” ХХК-тай гэрээ байгуулсан. Гэхдээ энэ 2 гэрээ бүрэн хэрэгжээгүй. Өөрөөр хэлбэл, 2 компанийн хийсэн хаалга, цонх чанаргүй байсан тул гэрээ цуцлагдсан гэдэг. Хариуцагч “Т” ХХК-ийн төлөөлөгч С.Н-, “Чанар үзэмж” ХХК-ийн төлөөлөгч н.Болороо нар “Т” ХХК-ийг үүсгэн байгуулснаас хойш анх удаа “Бэнд автомэшн” ХХК-тай 200 000 000 төгрөгийн гэрээ байгуулсан боловч “Чанар үзэмж” ХХК-ийн чанаргүй хийсэн цонхноос болж гэрээ цуцлагдсан. Иймд Б.Г- нь С.Н-тай гэрээ байгуулаагүй. Харин н.Болороо нь 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хэлцлийг бичсэн, тухайн үед н.Болороо, С.Н- нар ярилцаад, н.Болороо нь “... орон сууцны зээл авах гэсэн юм, бусдаас авах авлагатай гэвэл зээл авах боломжтой юм байна” гээд уг хэлцэл гэх баримтад гарын үсэг зуруулсан. Ингээд хэлцэл хийгдсэн баталгаа болгож, Төрийн банкнаас Б.Г- нь 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр орон сууц худалдан авах зээлийг авсан гэх баримт ирсэн. Үүнээс харвал 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хэлцэл гэх баримтыг үндэслээд Төрийн банкнаас зээл авсан байна. Иймд нэхэмжлэгч нь н.Болороо байх тул нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч “Т” ХХК-ийн төлөөлөгч С.Н- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тухайн үед цонхтой холбоотой гомдол 2 компаниас байнга ирдэг байсан. Харин тэр үед Б.Г- очиж засдаг байсан. Сүүлдээ Б.Г- хаяж явахад нь би ажилчдаа явуулдаг болсон. Би хийн газанд түлэгдээд хүүхдээ дутуу төрүүлж, 1 жил гаруй хугацаанд өвчтэй эмнэлгээр явсан. Харин дээрх хэлцэл гэх баримтад яагаад гарын үсэг зурсан гэхээр н.Болороо бид 2 хоол идэж сууж байхад н.Болороо нь “... та надад туслаач, банкнаас зээл авах гэсэн юм” гэхэд нь би санаанд ч ороогүй, хоол идэж байхдаа зурчихсан. Гэтэл энэ баримт нь шүүхэд ирсэн байна. Би үүнийг гайхаж байна. Мөн тухайн үед “Т” ХХК гэсэн тамга, тэмдэгтэй баримтыг бичүүлж авсан. Тэр баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна. Дараа нь татварын албанаас таны дансаар ийм их хэмжээний мөнгө гарсан байна, энэ өрөө төл гэж нэхэмжилж эхэлсэн.

            Харин би Б.Г-эд тухай бүрт нь мөнгөө өгч байсан. Гэхдээ Б.Г- нь миний өмнө хоёр автомашин худалдаж авч байсан. Үүнээс болж өр төлбөрт орохоос аргагүй юм. Би мөнгөтэй болох бүртээ шууд н.Болороод өгдөг байсан. Миний зүгээс тооцоо нийлнэ гэхээр холбогдох баримтаа гаргаж өгдөггүй байсан атлаа одоо юунд үндэслэж мөнгө нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Тухайн үед Б.Г-тэй олон удаа ярилцаж үзээгүй. Өнөөдрийн байдлаар би бүх дансаа хаалгачихсан. Үүнд би гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч С.Н- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.Г- нь эхнэр Б.Болороотой хамтарч “... банкнаас зээл авах гэсэн юм” гээд 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 24 298 000 төгрөгийн авлагатай гэсэн бичгийг надаар хийлгүүлж авсан. Би уг баримтыг банкнаас зээл авахад нь тусалж бичиж өгсөн байтал шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ашигласан байна. Өөрөөр хэлбэл энэ нь өөр хэлцлийг халхавчилсан гэж үзэх үндэслэлтэй байна. Б.Г- 24 298 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэх боловч үүнийгээ өөрөө нотлох үүрэгтэй. Учир нь С.Н- нь Б.Г-ийн “Г” ХХК, “Бэнд автомэшн” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажилд хяналт тавьдаггүй байсан бөгөөд нэхэмжлэгч нь дээрх компаниудын инженерүүдэд ажлаа хянуулж, хүлээлгэн өгсөн. Мөн нэхэмжлэгч вакум цонх, хаалганы тооцоогоо хадгалж байгаа болохоо илэрхийлж, гэрчээр мэдүүлэг өгч байсан ба шүүх Б.Г-ээс нотлох баримт гаргуулахаар шаардаж байсан. Би “Чанар үзэмж ” ХХК-ийн захирал н.Болороотой харилцан тохиролцож, уг ажлыг өгсөн бөгөөд байгууллагын дансанд орж ирсэн мөнгийг н.Болороо авсан байсан.

            Би “Г” ХХК-тай 59 776 160 төгрөг, “Бэнд автомэшн” ХХК-тай 293 106 400 төгрөгийн гэрээг тус тус 2011 оны 9, 10 сард байгуулсан бөгөөд гэрээний дагуу ажлыг амжилттай хийж гүйцэтгэхийн тулд н.Болороотой хамтран ажилласан. Үүний дагуу дээрх компаниудад Б.Г-, н.Болороо нар вакум, цонх, хаалга нийлүүлсэн. Гэтэл дээрх хүмүүс цонх, хаалгыг чанаргүй гүйцэтгэсэн. Хэрэв Б.Болороо, Б.Г- нар энэхүү ажлыг хийж гүйцэтгэсэн бол барилгын материал нийлүүлэх миний ажил амжилттай болж, ашиг орлоготой ажиллаж боломжтой байсан тул 153 775 600 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсанаас үүссэн хохирол барилгын ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсанаас үүссэн гэм хорын хохиролд 10 000 000 төгрөгийг, мөн “Т” ХХК-ийн дансаар вакум цонх, хаалга хийж гүйцэтгэсний төлбөр гэж нийт 150 358 000 төгрөгийн орлого орсон. Уг гүйлгээний 10 хувийг ажил олгогч, хамтран ажиллагчийн хувьд шаардах эрхтэй гэж үзэж 15 358 000 төгрөгийг, мөн “Т” ХХК нь НӨАТ-ын өрөнд Б.Г-ийн өмнөөс 15 358 000 төгрөг төлөхөөр болсон тул нэхэмжлэгч Б.Г-ээс нийт 40 716 000 төгрөгийг гаргуулан, 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хэлцлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгч Б.Г-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нь ямар үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр буст тооцуулах гээд байгааг тайлбарлах ёстой. Хэрэв Иргэний хуулийн 58 дугаар зүйлээр шаардсан бол шаардах эрхийн хугацаа аль хэдийн дууссан байна. Өөрөөр хэлбэл ноцтой төөрөгдсөн гэж үзэж байгаа бол тэр нь зээлийн харилцаанд илүү ашиглах зорилгоор энэ баримтыг хйисэн байдаг. Төрийн банкны зээлийн баримтаас баримт гаргуулахад тэр дотор энэ баримт байгаагүй. Иймд энэ үйл баримт нь тогтоогдохгүй байна. Хариуцагч хууран мэхлэгдсэн гэж үзэж байгаа бол хууран мэхлэгдсэнээ мэдсэнээс хойш 1 жилийн хугацаанд гомдол гаргах ёстой байсан. Уг хэлцэл гэх баримт  нь 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд Б.Г- уг баримтаар хэзээ цагдаагийн байгууллагад гомдол гаргасныг мэдэхгүй боловч прокурорын байгууллагаас хариу мэдэгдэх хуудас 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ирсэн. Энэ баримтыг хэзээ үйлдсэн эсэхээ санадаггүй юм гэхэд цагдаагийн байгууллагад уг баримтаар төлбөр гаргуулах асуудал яригдсанаас хойш 1 жилийн дотор гомдлын шаардлага гаргаж байсан тохиолдол байхгүй. Иймд хууран мэхлэгдсэн гэж үзэж гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан учир сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 228 дугаар зүйлийн 228.1, 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Г-ийн хариуцагч С.Н-, “Т” ХХК нарт холбогдуулан гаргасан 37 258 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Б.Г-, С.Н- нарын хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344 440 төгрөгийн 344 240 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, илүү төлсөн 200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан Б.Г-эд, хариуцагч С.Н-аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 280 000 төгрөгийн 279 440 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, илүү төлсөн 560 төгрөгийг улсын орлогоос, нэхэмжлэгч Б.Г-ээс 279 440 төгрөгийг тус тус гаргуулан С.Н-д олгож шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгч Б.Г- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгч нь “Т” ХХК-ийн захирал С.Н-ын хүсэлтээр “Грийн ресурс” ХХК болон “Бэнд автомэшн” ХХК нарын барьж буй орон сууцны вакум цонх, хаалгыг хийх, суурилуулах ажлыг туслан гүйцэтгэгчийн хувиар гүйцэтгэсэн бөгөөд үндсэн ажил гүйцэтгэгч тал болох “Т” ХХК ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг “Бэнд автомэшн” ХХК-ийн Түмэннаст хороололд хийсэн цонх, хаалганы төлбөрт 127 495 000 төгрөг төлөх ёстойгоос 110 968 000 төгрөг төлж, үлдэгдэл 16 527 000 төгрөгийг төлөөгүй. Мөн “Г” ХХК-ийн барилгад хийсэн цонх, хаалганы төлбөр 48 686 000 төгрөг төлөх ёстойгоос 40 915 000 төгрөгийг төлж, 7 771 000 төгрөгийг төлөөгүй тул гэрээний төлбөрт нийт 24 298 000 төгрөгийг нэхэмжилсэн. Б.Г- болон “Т” ХХК, С.Н- нарын хооронд гэрээний харилцаа үүссэн, төлбөрийн үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд: 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн С.Н-, Б.Г- нарын гарын үсэг зурж, баталгаажуулсан баримт, энэхүү баримтыг талууд сайн дурын үндсэн дээр үйлдсэн бөгөөд С.Н- уг тооцоог хэрхэн хийсэн тухайгаа сайтар мэдэж байгаа. Харин хожим нь төлбөрийн үүргээ биелүүлэхээс санаатайгаар зайлсхийхийн тулд ноцтой төөрөгдсөн, хууран мэхлэгдсэн зэргээр үгүйсгэх болсон. Мөн Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шүүхийн шийдвэр, хуралдааны тэмдэглэлд “Т” ХХК-ийн захирал С.Н- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Б.Г-, Б.Болороо нар нь чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүнээр цонх, хаалга хийх ажлыг гүйцэтгэсэн, Б.Г- нь Сүхбаатар дүүргийн шүүхэд хандан “Т” ХХК-ийн захирал С.Н-аас ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг шаардсаны улмаас манай талд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргах эрх үүссэн. Б.Г- чанартай хаалга, цонх хийж гүйцэтгэсэн, энэхүү ажлын талаар “Бэнд автомэшн” ХХК маргаан гаргаагүй гэж үзэж байгаа учраас ажлын хөлсний үлдэгдэл 9 783 000 төгрөгийг гаргуулж байна” “Б.Г- нь чанартай хаалга, цонх хийсэн, “Бэнд автомэшн” ХХК-иас нэхэмжлээд байгаа мөнгийг С.Н- авах гээд байгаа юм биш. Энэ мөнгийг хариуцагчаас гаргуулаад гэрч Б.Г-эд гаргаж өгөх гээд байна” хэмээн бичсэн байдаг.

            2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2016/05753 тоот шийдвэрийн тодорхойлох хэсэгт “Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “... манай компани “Г” ХХК-ийн ажлыг хийж гүйцэтгэхээр тулд “Чанар үзэмж” ХХК-ийн захирал Б.Болороотой тохиролцож, нөхөн Б.Г- нь вакум цонх хаалгыг хийж гүйцэтгэхээр болсон. Манай компанийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлс дансаар төлөгдсөн. Харин үлдэгдэл тооцоогоор 9 776 160 төгрөг болж байгаа бөгөөд “Г” ХХК төлөх үүрэгтэй” хэмээн шаардсанаас үзэхэд “Т” ХХК нь нэхэмжлэгч Б.Г- надад төлбөрийн өртэй болохоо хүлээн зөвшөөрч байсан нь харагдаж байна. 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2016/05753 тоот шийдвэрээр “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Г” ХХК-д холбогдох хэргийг шийдвэрлээд нийт нэхэмжлэлийн шаардлага болох 9 776 160 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн.

            “Т” ХХК-ийн Төрийн банкны депозит дансны харилцагчийн хуулгаас үзэхэд 2011 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 09-ний хооронд ажил гүйцэтгэх гэрээний захиалагч тал болох “Бэнд автомэшн” ХХК-иас нийт 7 удаагийн гүйлгээгээр 159 840 514 төгрөгийг “Т” ХХК-д шилжүүлсэн, энэ мөнгөнөөс одоогийн байдлаар бид 110 968 000 төгрөгийг хүлээн авсан байдаг нь хариуцагч “Т” ХХК уг гэрээний улмаас хохироогүй, гэрээний төлбөрөөс Б.Г-эд төлбөрийн өртэй болох нь нотлогдоно.

            Нийслэлийн прокурорын газрын 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 5/2332 тоот гомдлын хариу мэдэгдэх тухай албан бичигт “С.Н-, Б.Г-, Б.Болороо нар нь цонхондоо 3 жилийн баталгаа өгсөн. Өнгөрсөн өвлөөс буюу 2012 оны 10 сараас эхлээд засвар үйлчилгээ хий гэж барилгуудаас шаардлага тавихад Б.Г-, Б.Болороо нар нь ганц, хоёр удаа очоод дахин очоогүй, одоо мөнгөө авмаар байна гээд байгаа... “Г” ХХК-иас 7 700 000 төгрөг, “Бэнд автомэшн” ХХК-иас 12 600 000 төгрөгийн үлдэгдэл мөнгө авах ёстой хэмээн тайлбар өгчээ гэснээс үзэхэд тухайн үед С.Н- нь Б.Г-эд төлбөрийн өртэй болохоо хүлээн зөвшөөрсөн.

            Дээрх баримтуудаар захиалагч нь гүйцэтгэгчид төлөх гэрээний төлбөрийн үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь нотлогдож байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа бичгийн нотлох баримтаар нотолж чадаагүй хэмээн дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна. Түүнчлэн шүүхээс талуудын хооронд 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдөр үйлдсэн хэлцлийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, ийнхүү хууль хэрэглэхдээ шаардах эрх хэрэгжүүлэх талаарх Иргэний хуулийн заалтыг зөрчсөн хэмээн үзэж байна. Талуудын хооронд байгуулсан хэлцлийг үйлдэхэд С.Н- нь ямар учраас төөрөгдсөн хэмээн шүүх үзсэн нь ойлгомжгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Б.Г-, Б.Болороо нар  нь С.Н-аар тухайн хэлцэлд гарын үсэг зуруулах үед С.Н- нь хүсэл зоригийн илэрхийлэх үйлдэл дээрээ төөрөгдөхийн нэгэн адил хүсэл зоригийн обьектив илэрхийлэл хүсэл зоригоо илэрхийлэгчийн бодит, дотоод хүсэл зоригтой үл нийцэж зөрүү үүссэн. Хүсэл зоригоо илэрхийлэгч өөрөө ухамсарлалгүйгээр хүсэл зоригийн илэрхийллийнхээ агуулгын талаар буруу ойлголт, төсөөлөлттэй болсон байна” хэмээн дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй, ноцтой төөрөгдөл үүссэн гэх үндэслэл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. 

            Нэхэмжлэгч Б.Г- нь хариуцагч С.Н-, “Т” ХХК нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 37 258 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 2013 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хэлцлийг хүчингүйд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

            Хариуцагч “Т” ХХК-ийг төлөөлж захирал С.Н-, 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Г” ХХК-тай вакум цонх, хаалга нийлүүлж, барилгад суулгах, мөн оны 9 дүгээр сарын 02-ны өдөр “Бэнд автомэшн” ХХК-тай цагаан, хар замаска, паркетан шал, блинтус, вакум цонх, хаалга зэргийг хийж, нийлүүлэх гэрээг тус тус байгуулж, уг гэрээгээр хийх ажлаа нэхэмжлэгч Б.Г-ээр туслан гүйцэтгүүлсэн болох нь талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /1хх-55-61, 2хх-189-191, 198/

Хариуцагч нар татгалзлын үндэслэлээ “...талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаагүй гэж тайлбарлаж байгаа боловч Б.Г-ийг вакум цонх, хаалгаа чанаргүй хийснээс болж гэрээ цуцлагдсан гэх зөрүүтэй тайлбарыг тус тус гаргаж байгаагаас дүгнэхэд хариуцагч талын, нэхэмжлэгч Б.Г-ийн гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн доголдлын талаар тайлбар гаргаж байгаа нь өөрөө тэдгээрийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгчтэй аман хэлбэрээр тохиролцон ажил гүйцэтгүүлсэн болохыг нотолж байна. /2хх-189, 193/

Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт “ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болохыг, энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болохоор зохицуулсан учир зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. /1хх-..., 2хх-7-38 дахь тал/

Анхан шатны шүүх эрх зүйн харилцааны талаар зөв дүгнэсэн боловч нэхэмжлэгчийг хэр хэмжээтэй, хичнээн ширхэг, ямар үнэтэй вакум цонх, хаалгыг хэдий хугацаанд хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгсөн, хичнээн төгрөгийн үнэ хөлс төлөх талаар тохиролцсон нотлох баримт байхгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй гэсэн дүгнэлт хийж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан дүгнэхгүйгээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2 дахь хэсэгт нийцэхгүй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлын үр дүнгээ хүлээлгэж өгөөгүй гэх боловч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Баянзүрх болон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн шүүх хуралдааны тэмдэглэл, шийдвэрээс үзвэл хариуцагч “Т” ХХК нь “Г” ХХК болон “Бэнд автомэшн” ХХК-иудад холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагадаа нэхэмжлэгч Б.Г-ийг ажлаа чанартай гүйцэтгэсэн, барилгыг улсын комисс актаар хүлээн авсан талаар тайлбарлаж байжээ. /2хх-7-8, 28, 31, 36 дахь тал/ Иймээс хариуцагчийг нэхэмжлэгчээс ажлын үр дүнгээ хүлээн авсан гэж үзнэ.

 Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэсэн буюу цонхыг нийлүүлж, барилгад суурилуулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул гүйцэтгэсэн ажлын хөлсөө хариуцагчаас шаардах эрхтэй.

            Нэхэмжлэгч Б.Г- нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор хариуцагч Б.Наранзулын ажлын хөлсний үлдэгдэлд 24 298 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгчээ. /2хх-139 дэх тал/ Хариуцагч тал уг баримтыг ноцтой төөрөгдсөний улмаас үйлдсэн гэх үндэслэлээр хүчингүйд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчин, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагч Б.Наранзулын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй байна.

 Учир нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-т ноцтой төөрөгдсөн гэж үзэх, 58.3 дахь хэсэгт ноцтой төөрөгдсөн гэж үзэж болох тохиолдлуудыг нэрлэн заасан бөгөөд хариуцагч Б.Наранзулын ажлын хөлсний үлдэгдэл дүнг тооцож, төлөх баримтад гарын үсэг зурсан үйлдэл нь дээрх хуульд заасан тохиолдлын алинд ч хамаарахгүй байхаас гадна хариуцагч тал ноцтой төөрөгдсөн гэдгээ нотлоогүй байна.

Иймээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Н-, “Т” ХХК-иас 24 298 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Г-эд олгох нь зүйтэй гэж үзлээ. Харин хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч барьцаалан зээлдүүлэх газраас зээл авсан, улмаар 12 960 000 төгрөгийн хохирол учирсан гэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй учир уг шаардлагад холбогдох хэсгийг, мөн хариуцагч С.Н-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/02700 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Н-, “Т” ХХК-иас 24 298 000 /хорин дөрвөн сая хоёр зуун ерэн найман мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Г-эд олгож, хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12 960 000 /арван хоёр сая есөн зуун жаран мянган/ төгрөгийг, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч С.Н-ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “560 төгрөгийг улсын орлогоос” гэснийг “ 560 төгрөг улсын орлогоос гаргуулан хариуцагчид олгож” гэсний дараа “хариуцагч нараас 279 440 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 344 240 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ц.ИЧИНХОРЛОО

                                                  

                              ШҮҮГЧИД                                                 Д.ЦОГТСАЙХАН

                                   

                                                                                                Ч.ЦЭНД