Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 181/2019/01641/И |
Дугаар | 001/ХТ2020/00626 |
Огноо | 2020-10-01 |
Маргааны төрөл | үл хөдлөх эд хөрөнгийг дуудлга, худалдаагаар худалдах журам зөрчсөн , |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 001/ХТ2020/00626
Ц.Ц, Л.Б нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/02364 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 89 дүгээр магадлалтай,
Ц.Ц, Л.Б нарын нэхэмжлэлтэй,
Н-т холбогдох,
Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 6/27 болон 6/28 тоот тогтоолуудыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Ц.Ц, Л.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Ц, Л.Б, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадрах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч Ц.Ц, Л.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч бид 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Ж” ХХК-ийн захирал Ш.Б ЖГ/08-09, ЖГ/15-09, ЖГ/13-09 тоот гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 51Б байрны 27 тоот орон сууцанд Ц.Ц, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 51А байрны 68 тоот орон сууцанд Б.Л.Б бид орсон. Улмаар 2013 оны 6 дугаар сарын 30-нд нэмэлт гэрээ байгуулан дээрх орон сууцуудыг өмчлөлдөө шилжүүлэхээр тохиролцсон.
Гэтэл “Ж” ХХК-ийн захирал Ш.Батхүү нь дээрх гэрээг зөрчиж, дээр дурдсан орон сууцуудыг Ш.Батсайханы нэр дээр шилжүүлэн, “О” ХХК-д барьцаалсан байсан тул бид шүүхэд хандаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 5417 дугаартай шийдвэрээр Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 51 Б байрны 27 тоот орон сууцны өмчлөгчөөр Ц.Цг, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 51А байрны 68 тоот орон сууцны өмчлөгчөөр Л.Бг тогтоосон.
Энэхүү шүүхийн шийдвэрийг Н нь биелүүлэлгүйгээр бидний орон сууцыг “О” ХХК-ийн барьцааны эрхийг хангахын тулд дуудлага худалдаанд 2019 оны 6 дугаар сарын 07-нд оруулахаар шийдвэрлэсэн байна.
Нрын Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Г.Идэрчулуун, 153 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Даваасүрэн нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг ноцтой зөрчиж, банк бус санхүүгийн байгууллагатай хамтран орон сууцны өмчлөгч Ц.Ц, Б.Л.Б бидний эрхийг зөрчиж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хууль бус ажиллагаа явуулж байна.
Тухайлбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд хөрөнгийг битүүмжлэх, хураах талаар хуульчилсан байдаг. Шийдвэр гүйцэтгэгч нь бидний эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах үндэслэл гээд байгаа битүүмжлэх хураах тогтоолоо хууль зөрчиж үйлдсэн. Учир нь, Эд хөрөнгийг битүүмжлэх 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 151/18, 151/19 тоот тогтоол, 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10/05, 10/06 тоот тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлд заасан хөндлөнгийн гэрч оролцуулах заалтуудыг ноцтой зөрчсөн. Уг тогтоолоос харахад шийдвэр гүйцэтгэгч М.Үүлэнсолонго гэх хүн хөндлөнгийн гэрч гэх гарын үсэг үйлдсэн нөгөө нь гарын үсгийн тайлал байхгүй байдаг. 151/19 тоот тогтоолд М.Үүлэнсолонго нь байлцсан гэх бөгөөд хөндлөнгийн гэрчгүйгээр битүүмжлэх тогтоол үйлдсэн. Эд хөрөнгө хураах, битүүмжлэх тогтоолд оролцсон хөндлөнгийн гэрч хэн болох регистрийн дугаар, овог нэр бүгд дурдагдах ёстой гэтэл хууль зөрчигдсөн 2015 оны хууль бус тогтоолыг үндэслэн хоёр дахь удаагаа хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулах гэж байна. 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 6/51 тоот Үл хөдлөх хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолоор дуудлага худалдаанд оруулсан. Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд 1 л удаа оруулахаар заасан.
Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Г.Идэрчулууны 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 6/27 болон 6/28 тоот тогтоол нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг үндэслэсэн байх боловч бодит байдал дээр уг хуульд заасан дуудлага худалдаанд нэг оролцогч ирсэн, анхны санал болгосон үнэд хүрэх санал гараагүй, дуудлага худалдааны ялагч төлбөрийг тогтоосон хугацаанд хийгээгүй зэрэг асуудал үүсээгүй бөгөөд өөр бусад асуудлаар дуудлага худалдааг хүчингүйд тооцох хуулийн зохицуулалт байхгүй. Мөн уг тогтоолд өмчлөгч нь Ш.Батсайхан гэх ба биднийг өмчлөгчийн хувьд бүртгэх шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй, өмчлөгчийн талаарх мэдээллийг буруу оруулсан байна. Уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөрөнгийн өмчлөгчийн эрх, үүргийг биелүүлэх боломж олголгүй бидний байрыг хямд үнээр дуудлага худалдаанд оруулж, биднийг ноцтой хохироож байна.
Иймд Н нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хууль зөрчиж явуулсан тул Нрын Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага явуулах тухай 6/27 болон 6/28 тоот тогтоолыг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “О” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгалан, Б.Бадрах нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 5417 дугаар шийдвэрийн дагуу нэхэмжлэгч нарыг өмчлөгчөөр тогтоосон. Шүүхийн шийдвэр гарахдаа орон сууцыг барьцаалсан барьцаалагчийн шаардлага хангах эрхийг зөрчих эрхгүй гэсэн. Энэ дагуу ажиллагаа явуулж байгаа.
Нэхэмжлэгч нар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэр хянуулах хүсэлт гаргасныг шүүх хангаагүй ба дараа нь нэхэмжлэгч нар Нт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Энэ үед 2 дахь албадан дуудлага худалдаа товлогдсон байсан.
Нэхэмжлэгч нар 2018 онд манай байгууллага болон “Ж” ХХК-ийг хариуцагчаар татаж, Улсын Дээд шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 494 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч нарын өмчлөх эрхтэй орон сууцыг “Ж” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгч нар хохирч байна гэх үндэслэлээр “Ж” ХХК-иас Ц.Цд 95 520 400 төгрөг, Л.Бд 56 154 000 төгрөг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч нар өмчлөх эрхээсээ татгалзаж, “Жаст гурпп” ХХК-иас мөнгө авах болчихсон, одоо өмчлөгч биш болсон гэж үзэхээр байна. Иймд өмчлөгчийн эрх зөрчигдсөн гэж үзэхгүй.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 5417 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч нар тодорхой хэмжээний төлбөр төлж, өмчлөх эрх олж авах ёстой байсан. Тухайн төлбөрөө төлөөгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/02364 дүгээр шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 6/27 болон 6/28 тоот тогтоолуудыг хүчингүй болгуулахыг хүссэн Ц.Ц, Л.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 89 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/02364 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ц.Ц, Л.Б нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/02364 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч Ц.Ц, Л.Б бид эс зөвшөөрч, дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг шүүх зөрчсөн.
Тухайлбал, Анхан шатны шүүх нэхэмжлэгч Ц.Ц, Л.Б нар нь орон сууцны өмчлөх эрхээ “Ж” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн хэрэгжүүлж чадахгүй болсон үндэслэлээр орон сууцны үнийг гэм хорын хохиролд тооцон “Ж” ХХК-иас гаргуулах нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлсэн тул өмчлөгчийн хувиар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох үндэслэлгүй гэж дүгнэсэн нь илт хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 5417 дугаартай шийдвэрээр Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 51Б байрны 27 тоот орон сууцны өмчлөгчөөр Ц.Цг, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 14 хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 51А байрны 68 тоот орон сууцны өмчлөгчөөр Л.Бг тогтоосон байдаг. Уг шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаа нь Нт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаар шүүхэд мэдүүлсэн.
Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч буюу Нрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулан хэргийг шийдвэрлүүлэх, дээр дурдсан орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоох шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж байгаа шийдвэр гүйцэтгэгч нь өвчтэй гэх шалтгаанаар тус газраас нотлох баримт гаргуулан авах боломж байхгүй байх тул шүүхийн журмаар гаргуулах хүсэлтийг хангаагүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Нрын Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Г.Идэрчулуун, 153 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Д.Даваасүрэн нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг ноцтой зөрчиж, банк бус санхүүгийн байгууллагатай хамтран орон сууцны өмчлөгч Ц.Ц, Б.Л.Б бидний эрхийг зөрчиж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хууль бус ажиллагаа явуулж байгаа талаарх хэргийг хариуцагчийг оролцуулалгүй шийдвэрлэсэн, мөн биднийг хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаагүйд гомдолтой байна.
Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2019/023 64 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 89 тоот магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцааг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Ц.Ц, Л.Б нар нь хариуцагч Нт холбогдуулан Сүхбаатар дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 6/27 болон 6/28 тоот тогтоолуудыг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Нрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 6/27, 6/28 дугаартай тогтоолоор Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2621 дүгээр шийдвэр, 2222 тоот гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөр төлөгч “Ж” ХХК-ийн төлбөрт хураагдсан, Ш.Батсайханы өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 51А байрны 68 тоот 37.63 м.кв талбайтай нэг өрөө орон сууц, 51Б байрны 27 тоот 56.7 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг тус тус 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрсдийн өмчлөх эрхийг зөрчиж, хууль бус ажиллагаа явуулж байна гэж тайлбарласан байна.
Нэхэмжлэгч Ц.Ц, Л.Б нар нь 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Ж” ХХК-тай байгуулсан “Орон сууц эзэмшүүлэх гэрээ”-ний үндсэн дээр маргааны зүйл болсон Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороололд байрлах 51А байрны 68 тоот, 51Б байрны 27 тоот орон сууцыг тус тус эзэмшиж байсан, 2013 оны нэмэлт гэрээгээр үлдэгдэл төлбөрөө төлөөд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж авахаар харилцан тохиролцжээ.
“Ж” ХХК нь 2010 онд дээрх орон сууцыг Ш.Батсайханы өмчлөлд бүртгүүлж, “О” ХХК-иас зээл авахдаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалжээ.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2621/С дүгээр шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 556 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 518 дугаар тогтоолоор “Ж” ХХК нь “О” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 690 678 296 төгрөгийг төлөхөөр, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар болсон.
Ц.Ц, Л.Б нар нь “Ж” ХХК, Ш.Батсайхан нарын хооронд байгуулагдсан хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, Ш.Батсайханы нэр дээр олгогдсон орон сууцны өмчлөх эрхийг хүчингүй болгож, маргаж буй орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 5417 дугаартай шийдвэрээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 51Б байрны 27 тоот орон сууцны өмчлөгчөөр Ц.Цг, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 51А байрны 68 тоот орон сууцны өмчлөгчөөр Л.Бг тус тус тогтоож, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Улмаар нэхэмжлэгч Ц.Ц, Л.Б нар “Ж” ХХК болон “О” ХХК-ийн хооронд 2013 оны 05 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 13/4045 дугаартай “Хөрөнгө барьцаалах гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах, орон сууцнуудыг барьцаанаас чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/03175 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, маргааны зүйл болсон хоёр орон сууц иргэн Ш.Батсайханы өмчлөлд бүртгэлтэй байсан тул барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзээгүй байна.
“О” ХХК, нэхэмжлэгч нарын хооронд ямар нэг үүрэг үүсээгүй, “Ж” ХХК орон сууцыг барьцаалахдаа эзэмшигч нарт мэдэгдээгүй тул дээрх орон сууцнуудын зах зээлийн үнэлгээ болох Л.Бгийн өмчлөлийн 51А байрны 68 тоот орон сууцны үнэ 75 000 000 төгрөг, Ц.Цгийн өмчлөлийн 51Б байрны 27 тоот сууцны үнэ 100 000 000 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2018/01744 дүгээр шийдвэрээр “Ж” ХХК-иас 95 520 400 төгрөгийг гаргуулан Ц.Цд, 56 154 000 төгрөгийг гаргуулан Л.Бд тус тус олгуулахаар, нэхэмжлэлийн үлдэх хэсэг, “О” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь мөн хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтын хүрээнд зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Ц.Ц, Л.Б нар нь орон сууцны өмчлөх эрхээ “Ж” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн хэрэгжүүлж чадахгүй болсон үндэслэлээр орон сууцны үнийг “Ж” ХХК-иас гаргуулахаар нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэсэн тул цаашид орон сууцны өмчлөгчийн хувиар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцох үндэслэлгүй, нэхэмжлэгч нарын өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй гэх хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...хариуцагчийг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн, ...мөн бидний нотлох баримт шүүхийн журмаар гаргуулах, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно, энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэж хэргийг хянан шийдвэрлэнэ гэж, 100.4.-т хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно гэжээ.
Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй үндэслэлээр шүүх хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч нарын гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд, төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд нэхэмжлэл гаргахаар Иргэний хуулийн 122 дугаар зүйлийн 122.1.-д зохицуулсан.
Нэхэмжлэгч нарын гомдолтой маргааныг хуулийн энэ зохицуулалтаар шийдвэрлэх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 89 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2019/02364 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...122.5....” гэснийг “...122.1....” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Ц.Ц, Л.Б нарын гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Л.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД