Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2020/00629

 

С.Т-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2019/01893 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2177 дугаар магадлалтай,

С.Т-ын нэхэмжлэлтэй,

Н-т холбогдох,

Нрын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч С.Тын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч С.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н-раас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1416 дугаартай шийдвэрийн дагуу төлбөр төлөгч С.Таас 64 668 900 төгрөгийг гаргуулж, Н.Тд олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч С.Тын хууль ёсны эрхийг зөрчиж, хоёр дахь албадан дуудлага худалдааг мэдэгдээгүй, түүнд өөрөө оролцох эрхийг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-т зааснаар дуудлага худалдаанд талуудаас гадна бусад этгээдүүд оролцох эрхтэй байдаг. Тухайн үед албадан дуудлага худалдаанд орж байгаа үл хөдлөх хөрөнгө нь 70 хувийн гүйцэтгэлтэй байж байгаад 100 хувийн гүйцэтгэлтэй болсон байхад хямд үнэлгээгээр үнэлж албадан дуудлага худалдааг зохион байгуулсан. Хоёр дахь албадан дуудлага худалдаанд төлбөр авагч Н.Т орж, анхны албадан дуудлага худалдааны үнээс 1 000 000 төгрөгөөр илүү үнээр худалдаж авсан нь эргэлзээтэй байна.

Хэрэгт байгаа баримтуудаас үзэхэд шийдвэр гүйцэтгэх алба нь хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулахдаа төлбөр авагч Н.Ттай үгсэн хуйвалдсан, төлбөр төлөгч С.Т өөрөө уг дуудлага худалдаанд оролцож худалдан авах эрхтэй байхад түүнд мэдэгдээгүй, 400 000 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг нь 78 319 800 төгрөгөөр хямд худалдаж авсанд гомдолтой байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1., 70.2., иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.7., 197 дугаар зүйлийн 197.24., 197.26.-д заасныг зөрчиж нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон тул Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам 18190, Найрамдлын зам гудамж, 11\2 тоотод байрлах, 97,79 м.кв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201024709 дугаарт бүртгэлтэй, хувийн сууцыг худалдан борлуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Осорбурам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1416 дугаартай шийдвэр, 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн тус шүүхийн шүүгчийн 3223 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 342 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн 2018 оны 04 дугаар сарын 18-нд тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэсэн бөгөөд энэ ажиллагаа хууль, журмыг зөрчөөгүй болно.

Шинжээчийн дүгнэлтээр барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам 18190, Найрамдлын зам гудамж, 11\2 тоотод байрлах, 97,79 м.кв талбайтай, 30 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201024709 дугаарт бүртгэлтэй, хувийн сууцыг 152 639 600 төгрөгөөр үнэлсэн. Гэрчилгээнд 30 хувийн гүйцэтгэлтэй гэж бичигдсэн боловч үнэлгээ хийлгэх үед 100 хувийн гүйцэтгэлтэй болж ашиглалтад орсон байсан, ийм байдлаар үнэлүүлсэн.

Төлбөр төлөгч нь төлбөр авагчид төлбөрөө төлөөгүй учир уг үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураасан, анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан.

Төлбөр төлөгч С.Т олон удаа шүүхэд үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлж явуулахгүй байсан бөгөөд түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон 3 шатны шүүхээс шийдвэрлэсэн. Хамгийн сүүлд шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаанд өөрөө нэхэмжлэлээ дэмжиж ирээгүйгээс шүүх нэхэмжлэлийг 2019 оны 07 дугаар сарын 25-нд буцаасан. Үүнээс хойш манай байгууллага 2019 оны 08 дугаар сарын 20-нд 9/1 тоот хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай тогтоол, мөн мэдэгдлийг С.Тд 2019 оны 08 дугаар сарын 27-нд хүлээлгэн өгсөн боловч өөрөө тогтоолд гарын үсэг зурахаас татгалзсан.

Хоёр дахь албадан дуудлага худалдаа явагдахыг мэдсэн, өөрөө оролцох эрх нь нээлттэй байсан, бид эрхийг зөрчсөн зүйл байхгүй. 2019 оны 09 дүгээр сарын 06-нд хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулан уг үл хөдлөх хөрөнгийг санал болгох доод үнийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4.-д зааснаар шинжээчийн үнэлгээний 50 хувь буюу 76 319 800 төгрөгөөр тогтоосон. Уг албадан дуудлага худалдаанд Б.Пүрэвчулуун, Н.Т гэсэн 2 хүн оролцсон бөгөөд өсгөх үнээ 500 000 төгрөгөөс эхэлж, Н.Т нь 78 319 800 төгрөгөөр худалдан авч ялагч болсон. Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулахдаа хуульд зааснаар 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Өнөөдөр сониноор нийтэд мэдээлсэн. С.Т нь өөрөө байраа худалдан авах гэсэн юм бол төлбөрөө төлчих боломж нь байсан. Гэвч өөрөө дуудлага худалдаанд оролцоогүй, шийдвэрийн дагуу төлбөр төлөхөөс байнга зайлсхийж байна. Нэхэмжлэлтэй холбоотой бүх баримтуудыг хэрэгт хуулийн шаардлага ханган гаргаж өгсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2019/01893 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2 дахь хэсэгт заасныг баримтлан Нт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай гомдол бүхий нэхэмжлэгч С.Тын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШЗ2019/07434 дугаартай захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2177 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2019/01893 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.1, 172.2.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 01-ний өдрийн 182/ШШ2019/01893 тоот шүүхийн шийдвэр, НИХДЗШатны шүүхийн 2019/12/20-ны өдрийн 2177 тоот магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2 /Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна/ дахь заалтыг зөрчсөн гэж үзэн энэхүү гомдлыг гаргаж байна.

Миний бие шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тодорхой хэсэгт нь гомдол гаргасан ч шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бүхэлд нь хянах боломжтой, мөн үүрэгтэй ч тэр үүргээ хангалттай бүрэн биелүүлсэнгүй хэмээн үзэж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар зэргийг шүүх хуралдааны явцад шинжлэн судлахдаа нэхэмжлэгч талд ашигтай үйл баримтыг дутуу судалж шүүх хуралдааны шийдвэр бүхэлдээ хариуцагчийн талд гарсанд гомдолтой байна.

Төлбөр авагч Н.Т нь 160 сая төгрөгийн үнэ бүхий бүрэн ашиглалтад орсон үл хөдлөх хөрөнгийг 78 сая төгрөгөөр буюу 2 дахин бага үнээр авсан үйл баримт нь илэрхий үндэслэл муутай, нэг талд давуу байдал олгосон бай магадлалтай байхад шүүх үнэлэлт өгсөнгүй.

Мөн С.Т миний биед дуудлага худалдаанд оруулах талаар мэдэгдээгүй, мэдэгдэх гэсэн боловч хүлээн аваагүй гэх тайлбар нь нотлох баримтаар нотлогдохгүй /шийдвэр гүйцэтгэгч нь гарын үсэг зурахаас татгалзсан хэмээн тайлбарлаж байгаа нь үнэмшилгүй бөгөөд нотлох баримт байхгүй/ байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн хэмээн дүгнэсэнтэй санал нийлэхгүй.

Түүнчлэн миний бие үнэлгээтэй холбоотой гомдлоо хуулийн хугацаанд гаргаж, улмаар иргэний хэрэг үүссэн боловч шүүх хуралдаанд оролцоогүй гэх шалтгаанаар нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн байдаг. Нэхэмжлэлийг буцааж шийдвэрлэсэн нь С.Т үнэлгээтэй холбоотой гомдлоосоо татгалзсан гэсэн үг биш бөгөөд өнөөдрийг хүртэл үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй байгаа билээ.

Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 01-ний өдрийн 182/ШШ2019/01893 тоот шийдвэр, нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019/12/20- ны өдрийн 2177 тоот магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч С.Т Нт холбогдуулан Нрын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгч С.Т шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн гүйцэт үнэлээгүй, дутуу судалсан, ...нэхэмжлэгчид дуудлага худалдааны талаар мэдэгдээгүй, ...илт үндэслэл муутай, нэг талд давуу байдал олгосон хууль бус шийдвэр гарсан тул хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3.-т зааснаар шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллага болон төлбөр төлөгчид хүргүүлнэ.

2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулагдах Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 9/1 тоот тогтоолыг 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр төлбөр төлөгчид мэдэгдэж, 4/18363 тоот мэдэгдлийг төлбөр төлөгчид хүлээлгэн өгөхөд хүлээн авахаас татгалзсан тухай шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, мэдэгдэлд бичигдсэн шийдвэр гүйцэтгэгчийн тайлбар хэрэгт авагджээ.

Иймд хоёр дахь албадан дуудлага худалдааны товыг төлбөр төлөгчид мэдэгдсэн нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

Төлбөр төлөгчийн төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахдаа санал болгох доод үнийг 76 319 800 төгрөгөөр тогтоосон, дуудлага худалдаанд оролцогч Н.Т хамгийн өндөр үнээр буюу 78 319 800 төгрөгөөр худалдан авч өмчлөгч  болсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4., 178 дугаар зүйлийн  178.2., Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр илт нэг талд давуу байдал олгож шийдвэрлэсэн, хуульд нийцээгүй гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй байна.

С.Таас 64 668 900 төгрөгийг гаргуулж Н.Тд олгуулахаар шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1416 дугаартай шийдвэр, гүйцэтгэх бичиг баримтад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан СХД-ийн 1 дүгээр хороо, Баянголын ам, 18190, Найрамдлын зам гудамж, 11/2 тоотод байрлах 97.79 м.кв талбайтай хувийн сууцыг битүүмжлэн, хурааж, албадан дуудлага худалдаанд оруулахаар үнийн санал авахад талууд тохиролцоогүй үндэслэлээр шинжээчээр үнэлүүлж, 152 639 600 төгрөгөөр үнэлсэн, анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй, хоёр дахь албадан дуудлага худалдааг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийг Н.Т 78 319 800 төгрөгөөр худалдан авч ялагч болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иймд “...хоёр дахь албадан дуудлага худалдааг төлбөр төлөгчид мэдэгдээгүй, ...хэрэгт цугларсан баримтыг бүрэн гүйцэт үнэлээгүй, ...шийдвэр, магадлал хуульд нийцээгүй...” гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Харин анхан шатны шүүх шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв хэрэглээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх хэвээр үдээсэн байх тул хяналтын шатны шүүхээс алдааг засч, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2177 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 182/ШШ2019/01893 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2.-д...” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4., 66 дугаар зүйлийн 66.3.-т...” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч С.Тын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч С.Таас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД