Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 182/ШШ2019/01893

 

                                                                                                               

2019 оны 11 сарын 01 өдөр         Дугаар 182/ШШ2019/01893             Улаанбаатар хот

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

     Нэхэмжлэгч: С.Т-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

 

Нийслэлийн шүүхийн шидвэр гүйцэтгэх газрын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг  хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

    

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Осорбурам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.                                                                                                                                                                                                                                  

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Т-с шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баяраагаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1416 дугаартай шийдвэрийн дагуу төлбөр төлөгч С.Туулаас 64 668 900 төгрөгийг гаргуулж, Н.Түмэнжаргалд олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч С.Т-ын хууль ёсны эрхийг зөрчиж, хоёр дахь албадан дуудлага худалдааг мэдэгдээгүй, түүнд өөрөө оролцох эрхийг хангаагүй байна. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-т зааснаар дуудлага худалдаанд талуудаас гадна бусад этгээдүүд оролцох эрхтэй байдаг. Тухайн үед албадан дуудлага худадаанд орж байгаа үл хөдлөх хөрөнгө нь 70 хувийн гүйцэтгэлтэй байж байгаад 100 хувийн гүйцэтгэлтэй болсон байхад хямд үнэлгээгээр үнэлж албадан дуудлага худалдааг зохион байгуулсан. Хоёр дахь албадан дуудлага худалдаанд төлбөр авагч Н.Түмэнжаргал орж, анхны албадан дуудлага худалдааны үнээс 1 000 000 төгрөгөөр илүү үнээр худалдаж авсан нь эргэлзээтэй байна.

Хэрэгт байгаа баримтуудаас үзэхэд  шийдвэр гүйцэтгэх алба нь хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулахдаа төлбөр авагч Н.Түмэнжаргалтай үгсэн хуйвалдсан, төлбөр төлөгч С.Т өөрөө уг дуудлага худалдаанд оролцож худалдан авах эрхтэй байхад  түүнд мэдэгдээгүй, 400 000 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг нь 78 319 800 төгрөгөөр хямд худалдаж авсанд гомдолтой байна.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1., 70.2.,  иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.7., 197 дугаар зүйлийн 197.24., 197.26.-д заасныг зөрчиж нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироосон тул Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам 18190, Найрамдлын зам гудамж,11\2 тоотод байрлах, 97,79 м.кв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201024709 дугаарт бүртгэлтэй, хувийн сууцыг худалдан борлуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

 Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Осорбурамаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1416 дугаартай шийдвэр, 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн  тус шүүхийн шүүгчийн 3223 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, 342 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн 2018 оны  04 дугаар сарын 18-нд тогтоолоор  шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэсэн бөгөөд энэ ажиллагаа хууль, журмыг зөрчөөгүй болно.

Шинжээчийн дүгнэлтээр барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам 18190, Найрамдлын зам гудамж,11\2 тоотод байрлах, 97,79 м.кв талбайтай, 30 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201024709 дугаарт бүртгэлтэй, хувийн сууцыг 152 639 600 төгрөгөөр үнэлсэн. Гэрчилгээнд 30 хувийн гүйцэтэлтэй гэж бичигдсэн боловч үнэлгээ хийлгэх үед 100 хувийн гүйцэтгэлтэй болж ашиглалтанд орсон байсан, ийм байдлаар үнэлүүлсэн.

Төлбөр төлөгч нь төлбөр авагчид төлбөрөө төлөөгүй учир  уг үл хөдлөх эд хөрөнгийг битүүлжилж, хураасан, анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулсан.

Төлбөр төлөгч С.Т олон удаа шүүхэд үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлж явуулахгүй байсан бөгөөд түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон 3 шатны шүүхээс шийдвэрлэсэн. Хамгийн сүүлд шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл шүүхэд гаргасан боловч шүүх хуралдаанд өөрөө нэхэмжлэлээ дэмжиж ирээгүйгээс шүүх нэхэмжлэлийг 2019 оны 07 дугаар сарын 25-нд буцаасан. Үүнээс хойш манай байгууллага 2019 оны 08 дугаар сарын 20-нд 9/1 тоот хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай тогтоол, мөн мэдэгдлийг С.Т-д 2019 оны 08 дугаар сарын 27-нд хүлээлгэн  өгсөн боловч өөрөө тогтоолд гарын үсэг зурахаас татгалзсан.

Хоёр дахь албадан дуудлага худалдаа явагдахыг мэдсэн, өөрөө оролцох эрх нь нээлттэй байсан, бид эрхийг зөрчсөн зүйл байхгүй. 2019 оны 09 дүгээр сарын 06-нд хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулан уг үл хөдлөх хөрөнгийг санал болгох доод үнийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4.-д зааснаар шинжээчийн үнэлгээний 50 хувь буюу 76 319 800 төгрөгөөр тогтоосон. Уг албадан дуудлага худалдаанд Б.Пүрэвчулуун, Н.Түмэнжаргал гэсэн 2 хүн оролцсон бөгөөд өсгөх үнээ 500 000 төгрөгөөс эхэлж, Н.Түмэнжаргал нь 78 319 800 төгрөгөөр худалдан авч ялагч болсон. Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулахдаа хуульд зааснаар 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Өнөөдөр” сонингоор  нийтэд мэдээлсэн. С.Т нь өөрөө байраа худалдан авах гэсэн юм бол төлбөрөө төлчих боломж нь байсан. Гэвч өөрөө дуудлага худалдаанд оролцоогүй, шийдвэрийн дагуу төлбөр төлөхөөс байнга зайлсхийж байна. Нэхэмжлэлтэй холбоотой бүх баримтуудыг хэрэгт хуулийн шаардлага ханган гаргаж өгсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Т нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулагдсан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам 18190, Найрамдлын зам гудамж,11/2 тоотод байрлах, 97,79 м.кв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201024709 дугаарт бүртгэлтэй, хувийн сууцыг худалдсан  хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч С.Т нь төлбөрийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам 18190, Найрамдлын зам гудамж,11/2 тоотод байрлах, 97,79 м.кв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201024709 дугаарт бүртгэлтэй, хувийн сууцыг худалдан борлуулахдаа 2019 оны 09 дүгээр сарын 06-нд  хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулах талаар болон уг албадан дуудлага худалдааг явуулах тухай тогтооолыг төлбөр төлөгчид мэдэгдээгүй, нийтэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй, хоёр дахь албадан дуудлага худалдаанд төлбөр төлөгчийг оролцуулаагүй, төлбөр авагч Н.Түмэнжаргал дангаараа оролцож 400 000 000 төгрөгийн үнэтэй үл хөдлөх эд хөрөнгийг маань худалдан авсан нь миний хууль ёсны эрхийг зөрчсөн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь нэхэмжлэлийг үл зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасан журмын дагуу явагдсан, төлбөр төлөгчийн дээрх хувийн сууцыг  шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч томилон үнэлүүүлэхэд 100 хувийн гүйцэтгэлтэй болсон бөгөөд хувийн сууцны зах зээлийн бодит үнэлгээг 152 639 600 төгрөгөөр тогтоосон, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д зааснаар тогтоосон үнээс нь 70 хувиар тооцон анхны албадан дуудлага худалдааг 2019 оны 05 дугаар сарын 10-нд зохион байгуулахад ямар нэгэн үнийн санал ирээгүй,  ингээд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4.-д зааснаар тогтоосон үнээс нь 50 хувиар тооцон 76 319 800 төгрөгөөр дуудлага худалдааны саал болгох  доод  үнийг тогтоон, хоёр дахь албадан дуудлага худалдааг  2019 оны 09 дүгээр сарын 06-нд  явуулахаар тогтоол гарсныг болон мэдэгдлийг төлбөр төлөгч С.Т-д 2019 оны 08 дугаар сарын 27-нд  мэдэгдсэн боловч мэдэгдэлд гарын үсэг зурахаас татгалзсан, хоёр дахь албадан дуудлага худалдаа хууль зөрчөөгүй гэж  маргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй дүгнэв.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь нэхэмжлэгч С.Т-аас зээлийн гэрээний үүрэгт 64 194 000 төгрөг гаргуулж, хариуцагч Н.Түмэнжаргалд  олгож, төлбөрөө сайн дураар төлөөгүй нөхцөлд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам 18190, Найрамдлын зам гудамж,11/2 тоотод байрлах, 97,79 м.кв талбайтай, 30 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201024709 дугаарт бүртгэлтэй, хувийн сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1416 дугаартай шийдвэр, 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн  тус шүүхийн шүүгчийн 3223 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамж, 342 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн 2018 оны  04 дүгээр сарын 18-нд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үүсгэж 18270697 дугаартай тогтоол үйлджээ.

Төлбөр төлөгч С.Т нь төлбөрийг төлөөгүйгээс уг тогтоолын дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49.,  54 дүгээр зүйлийн 54. дүгээр  заасны дагуу барьцааны зүйл болох нэхэмжлэгчийн өмчлөлийн, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам 18190, Найрамдлын зам гудамж,11/2 тоотод байрлах, 97,79 м.кв талбайтай,  эрхийн улсын бүртгэлийн Ү-2201024709 дугаарт бүртгэлтэй, хувийн сууцыг 2018 оны 08 дугаар  сарын 23-ны өдрийн 18270697/2 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-р битүүмжилж, 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн  18270697/3 тоот “Эд хөрөнгө хураах тухай тогтоол”-р дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хураасан байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1.-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд санал болгох үнийг тохиролцоогүйгээс шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 09 дүгээр  сарын 24-ний өдрийн 230 тоот “Шинжээч томилох тухай тогтоол”-оор “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь барьцааны зүйл болох нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 152 639 600 төгрөгөөр тогтоосон байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанууд  Шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 7., 49., 54., 42 дугаар зүйлийн 42.1., 55 дугаар зүйлийн 55.2.2.-т заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ талаар С.Т-ын үнэлгээг хүчингүй болгуулах тухай хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2370 дугаар шийдвэр,  уг шийдвэрийг хэвээр баталж шийвэрлэсэн  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 130 дугаар магадлал хэрэгт авагдаж, эдгээр шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Үүнээс хойш шийдвэр гүйцэтгэгчээс 2019 оны 04 дүгээр сарын 03-нд  төлбөр төлөгч С.Туулд шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдэж, анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, мэдэгдлийг  2019 оны 05 дугаар сарын  02-нд С.Т-д танилцуулж,  2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нийтэд мэдээлэн, уг албадан дуудлага худалдааг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулсан боловч нэхэмжлэгч С.Т-ын өмчлөлийн барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдоогүй байна.

Дээрх үйл баримт нь  шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 18270697/10 тоот шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, “Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай”  2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5/28 тоот тогтоол, “Өнөөдөр” сонины 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дугаарт хэвлэгдсэн албадан дуудлага худалдааны мэдээлэл, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 4/10304 тоот мэдэгдэл, 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн шийдвэр гүцэтгэгчийн тэмдэглэл, 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл” зэргээр нотлогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2.-т “ Анхны дуудлага худалдаагаар санал болгосон үнэд хүрэх санал гаргаагүй...бол хоёр дахь дуудлага худалдааг явуулна” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2.-д  “анхны санал болгосон үнэд хүрэх санал гараагүй”   бол хоёр дахь дуудлага худалдааг явуулахаар,  177.3.-т “Хоёр дахь албадан дуудлага худалдааг эхний дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулна...” гэж тус тус  заасан байна.

Нэхэмжлэгч С.Т нь  дээрх хуульд заасан хугацааны дотор буюу 2019 оны 05 дугаар сарын 07-нд  үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг 152 639 600 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох нэхэмжлэлийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гарган,  нэхэмжлэгчийн хүсэлтээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 1416 дугаартай шийдвэрийн дагуу явагдаж байгаа шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг тус шүүхийн шүүгчийн  2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 4620 дугаартай захирамжаар иргэний хэргийг хянан шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд түдгэлзүүлжээ.

Гэвч С.Т нь хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэсэн үндэслэлээр шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2.-т заасны дагуу  нэхэмжлэлийг нэхэмжлэгч С.Т-д буцаан шийдвэрлэсэн болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 6106 дугаартай “Нэхэмжлэлийг буцаах тухай” захирамжаар нотлогдсон.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2., 177.3., мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2.-д  заасны дагуу 2019 оны 08 дугаар сарын 20-нд 9/1 тоот “Хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тогтоол”-ыг үйлдэж, 2019 оны 08 дугаар сарын 22-нд уг тогтоол болон 4/18363 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч С.Т-д 2019 оны 08 дугаар сарын 27-нд танилцуулан, мэдэгдсэн боловч нэхэмжлэгч нь тогтоол, мэдэгдлийг хүлээн аваагүй, тогтоолд гарын үсэг зураагүй талаар шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэсэн болох нь мөн өдрийн огноотой шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл зэргээр нотлогдсон байна.

Иймд хариуцагч байгууллага нь үл хөдлөх эд хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулж худалдан борлуулах талаар төлбөр төлөгчид мэдэгдсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5., 66 дугаар зүйлийн 66.3.-т заасан шаардлагыг хангасан гэж үзнэ.

Түүнчлэн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  70 дугаар зүйлийн 70.1.-д заасны дагуу 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр явагдах хоёр дахь албадан дуудлага худалдааг “Өнөөдөр” сонины 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 165 дугаарт зарлан нийтэд мэдээлж, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1., 68.2., 75 дугаар зүйлийн 75.1.2.-т зааснаар 2019 оны 09 дүгээр сарын 06-нд хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулж, уг дуудлага худалдаан оролцсон төлбөр авагч Н.Түмэнжаргал Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам 18190, Найрамдлын зам гудамж,11/2 тоотод байрлах, 97,79 м.кв талбайтай,  эрхийн улсын бүртгэлийн Ү-2201024709 дугаарт бүртгэлтэй, хувийн сууцыг 78 319 800 төгрөгөөр хулдан авах эрхтэй болсон нь Өнөөдөр” сонины 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 165 дугаарт нийтлэгдсэн “Албадан дуудлага худалдаа” гэсэн сонины баримт, 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн  “Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл” зэрэг баримтуудаар нотлогджээ.

 

Хариуцагч Нийслэлийн  шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгчийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201024709  дугаарт бүртгэлтэй, хувийн сууцыг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулж  борлуулсан  шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1., 65 дугаар зүйлийн 65.1., 66., 68., 69 дүгээр зүйлийн 69.1., 70., 71., 75.1.2., Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2., 177.3.-д тус тус  заасан журмыг зөрчөөгүй, хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгч талын хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулах тухай тогтооолыг мэдэгдээгүй, нийтэд мэдээлэх үүргээ биелүүлээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

Мөн хоёр дахь албадан дуудлага худалдаанд төлбөр төлөгч Н.Түмэнжаргал оролцсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-т заасныг зөрчөөгүй бөгөөд Н.Түмэнжаргалыг шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хуйвалдан барьцааны зүйлийг худалдан авсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4.-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийг албадан худалдан борлуулах шийдвэрийн талаар болон хөрөнгийн үнэлгээний талаар энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.7.-д зааны дагуу шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлсэн бол тухайн асуудлаар хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааны явцад шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй” гэж заасныг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч С.Туулд  2019 оны 09 дүгээр сарын 09-нд 4/10537 тоот мэдэгдлээр 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн  хоёр дахь албадан дуудлага худалдаагаар үл хөдлөх эд хөрөнгийг 78 319 800 төгрөгөөр худалдан борлуулсныг мэдэгдсэн байх бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гаргасан төлбөр төлөгчийн гомдолд  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албанаас 2019 оны 09 дүгээр сарын 18-нд 4/1977 тоот албан бичгээр хариу өгч шийдвэрлэжээ.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч С.Т нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5.-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо тус шүүхэд 2019 оны 09 дүгээр сарын 10-нд гаргасан нь хуульд заасан хугацааг зөрчөөгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэрийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дугаар сарын 26-ны өдрийн 2370 дугаартай шийдвэрийг биелүүлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа төлбөр төлөгчийн хуульд заасан эрхийг зөрчсөн, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй, хуульд заасны дагуу хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулсан байх тул нэхэмжлэгч С.Туулын шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын ам 18190, Найрамдлын зам гудамж,11/2 тоотод байрлах, 97,79 м.кв талбайтай, 70 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201024709 дугаарт бүртгэлтэй, хувийн сууцыг худалдсан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115. дугаар зүйлийн 115.2.3., 116., 118., 160 дугаар зүйлийн 160.1.2.-т заасныг удирдлага болгон   

                                                                                        ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2.-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай гомдол бүхий нэхэмжлэгч С.Т-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 182/ШЗ2019/07434 дугаартай захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.   

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

    

 

 

ДАРГАЛАГЧ                                Ж.БАЙГАЛМАА