Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 193

 

 

 

 

 

 

 

 

 

                                                  Э.Б-т холбогдох эрүүгийн

                                                                         хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Гэрэлмаа,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

                                                                                                   

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1727 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Гэрэлмаагийн бичсэн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 4 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Э.Б-т холбогдох эрүүгийн 1806000001931 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Майхан овгийн Э.Б, 19.. оны 7 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ........ дүүргийн .... дүгээр хороо, .......... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ............./;

 

 Э.Б- нь Б.Ч, Г.Г нартай бүлэглэн машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэж 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн ... дүгээр хороо, ........... тоот, иргэн Б.А-ийн байшингийн вакум цонхыг түлхэн нэвтэрч, Самсунг маркийн 45 инчийн зурагт, мөнгөн бугуйвч, үнэртэй ус, бэлэн 30.000 төгрөг хулгайлж, 420.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн Б.Ч-тай бүлэглэн машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэглэж 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, Монелийн....... тоотод, иргэн Д.А-ын гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 40 инчийн зурагт хулгайлж, 850.000  төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Б-ын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Майхан овгийн Э. Б-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг бусадтай бүлэглэн, орон байранд нэвтэрч, давтан үйлдлээр, машин механизм ашиглан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Э.Б-аас эд хөрөнгө гаргуулахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Э.Б-ын цагдан хоригдсон 8 сар 20 хоногийг баривчлах ялд нь оруулан тооцож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Э.Б- нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар Э.Б-ын эзэмшилийн 36-58 УНС улсын дугаартай “Мицубуши Лансэр” маркийн тээврийн хэрэгслийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, худалдан борлуулж, олсон орлогыг улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

            Прокурор Н.Гэрэлмаа бичсэн эсэргүүцэлдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1727 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан шаардлагыг хангаагүй байна. Энэ нь:

2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална” гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан боловч мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж заажээ.

Гэтэл шүүхээс Э.Б-т 2015 оны Эрүүгийн хуульд байхгүй, хэрхэн ямар байдлаар эдлүүлэх нь ойлгомжгүй “эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын баривчлах” ял шийтгэж, баривчлах ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т заасан “хорих ял”-ыг эдлүүлэхээр заасан зүйл, заалтыг баримталж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1727 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Э.Б-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1727 дугаартай шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй байна. Учир нь,

 

Прокуророос Э.Б-т холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хэлэлцээд Э.Б-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсэн нь буруу болжээ.

 

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулж болох ял шийтгэл /санкц/ нь эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулж болох ял шийтгэл нь хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тус тус заасан байна.

 

Гэтэл анхан шатны шүүх, шүүгдэгч Э.Б-т шинэ болон хуучин хуульд байхгүй буюу хуулиар халагдсан 6 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

 

Үүнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шийдвэрлэх боломжгүй ба анхан шатны шүүх ял шийтгэлийн талаар зохих дүгнэлт хийсний дараа давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх боломжтой байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй.

 

Иймд улсын яллагчийн эсэргүүцлээс “баривчлах ял шийтгэсэн нь буруу” гэснийг хүлээн авч, “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж засах” хэсгийг хүлээн авах боломжгүйг болохыг тэмдэглэх нь зүйтэй.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1727 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Б-т холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Э.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Т.ӨСӨХБАЯР

 

                           ШҮҮГЧ                                                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

    ШҮҮГЧ                                                                    Б.ЗОРИГ