Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 24

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ, нэхэмжлэгч О.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, хариуцагч Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг дарга Б.Бнарыг оролцуулан, нэхэмжлэгч О.Бын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргад холбогдох Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/146 дугаар захирамжийн 1 дэх заалтын О.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Б, хариуцагч Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг дарга Б.Бнар шүүх хуралдааны явцад эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ: Нэг талаас нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн 1 дүгээр багийн иргэн О.Б, нөгөө талаас хариуцагч Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг дарга Б.Бнар нь доорх байдлаар эвлэрэн хэлэлцэж гэрээ байгуулав.

1. Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/146 дугаар захирамжийн 1 дэх заалтаас О.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг дарга Б.Бнь бүхэлд нь хүлээн зөвшөөрөхөөр,

2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Сэлэнгэ аймгийн Сант сумын Ивэн 1 дүгээр багийн зэгэстэй гэх газарт байрлах өвөлжөөний зориулалттай 0.7494 м.кв газрыг нэхэмжлэгч О.Бт буцаан олгохоор,

3.Хариуцагч О.Бын газрыг гэрчилгээнд заагдсан 0.7494 м.кв газрыг зориулалтын дагуу ашиглуулах ба илүү газарт ашиглахгүй, бусад хүмүүсийн өвөлжөөнд буулгаж суулгахгүй байх,

4.Талууд гэрчилгээнд заагдсан 0.7494 м.кв газрыг кадастрын зургийн дагуу хэмжиж, хэрэв илүү гарсан талаар газрын маргаан гарвал нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч, Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын шаардлагыг биелүүлэхээр эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Б, хариуцагч Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг дарга Б.Бнар нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчээс гаргасан Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/146 дугаартай захирамжийн 1 дэх заалтын О.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд харилцан буулт хийж эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Дээрх эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дүгээр зүйлийн 20.1.1-д нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах, 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.2-т Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна, 68.3-д Нэхэмжлэгч, хариуцагч хоёрын эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүгч эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасантай нийцсэн байна.

Тодруулбал, нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/146 дугаар захирамжийн 1 дэх заалтын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүх маргаж буй газрыг бусдад эзэмшүүлж, ашиглуулсан талаар 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 112 дугаар албан бичгээр хариуцагчид хандахад тус газрыг бусдад эзэмшүүлж, ашиглуулаагүй талаар 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 223 дугаар албан бичгийг шүүхэд ирүүлсэн зэргээс үзвэл нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрэлийг батлахад бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байна гэж шүүх үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсний үр дагавар болох шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ, нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргад холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж заасныг танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан болно.

Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-д заасныг баримтлан О.Бын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргад холбогдох Сэлэнгэ аймгийн Сант сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/146 дугаар захирамжийн 1 дэх заалтын О.Бт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.4, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч О.Б нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА