Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2020/00640

 

Э.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/00855 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1012 дугаар магадлалтай,

Э.Э-ийн нэхэмжлэлтэй,

С.Х-т холбогдох,

“Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ”-ний үүрэгт 65 000 000 төгрөгийг гаргуулах тухай үнсэн нэхэмжлэлтэй,

Худалдан авсан хувьцааны үнэд илүү төлсөн 48 806 600 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайханы хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Буурч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Э.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би “Х” ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигч байсан. 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурал хийж, б и өөрийн эзэмшлийн хувьцаагаа  С.Хт шилжүүлэн өгөхөөр тохиролцсон ба мөн өдөр “Х” ХХК-ийн хувьцааг худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээ болон хурлын тэмдэглэлд 70 хувийн хувьцааг 115 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон бөгөөд эхний ээлжид С.Хт 51 хувийг шилжүүлж, 50 000 000 төгрөгийг түүнээс авахаар тохиролцсон.

Тухайн үед “Х” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг сэргээхгүй байх эрсдэл үүссэн байсан учраас компанийн тусгай зөвшөөрөл сэргэсний дараа С.Х нь хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 65 000 000 төгрөгийг шилжүүлж, үлдэх 19 хувийн хувьцааг өгөхөөр тохиролцож, хувьцааг худалдах, эрх шилжүүлэх ажиллагаа явагдаж Улсын бүртгэлд бүртгэгдсэн.

Иймд хариуцагчаас хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үлдэх төлбөр 65 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: С.Х нь 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр иргэн Э.Эийн “Х” ХХК-ийн эзэмшдэг 70 хувийн хувьцаанаас 51 хувийн хувьцааг нь худалдан авахаар харилцан тохиролцож хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, хувьцааны эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, мөн өдөр компанийн дүрэмд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байдаг.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын агуулгаа “Х” ХХК-ийн эзэмшдэг ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрх сэргэвэл Э.Эийн эзэмшлийн 19 хувийн хувьцааг худалдаж авна хэмээн тохирсон гэж тайлбарласан байдаг. Талуудын хооронд ирээдүйд бий болох, үүрэг хүлээсэн, амлалт авсан хэлцэл хийгдээгүй. Нэг ёсондоо Э.Эийн ямар нэгэн эрх ашгийг С.Х хөндөөгүй учраас ямар нэг байдлаар шаардах эрх үүсээгүй. Мөн болзол тавьж хэлцэл хийгээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Тухайн үед “Х” ХХК-ийн хувьцааг нэг бүр нь 2 340 төгрөгөөр үнэлээд 510 ширхэг нийт 1 193 400 төгрөгийн үнэ бүхий хувьцааг үнийн дүнгээр худалдсан. Гэтэл Э.Э нь ямар ч үндэслэлгүйгээр хувьцааны үнэд өгсөн 50 000 000 төгрөгийг хүлээн авсан. Э.Э нь “Х” ХХК-ийн 1 193 400 төгрөгийн 51 хувийн хувьцааг 50 000 000 төгрөгөөр үнэлж, С.Хыг илтэд төөрөгдүүлэн илүү төлбөр хүлээн авч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Иймд хувьцааны үнэд илүү төлсөн 48 806 600 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Буурч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, компанийн хувьцааны үнэд 50 000 000 төгрөгийг төлсөн гэх баримтгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/00855 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1, 260.3 дахь хэсэгт зааснаар С.Хоос хувьцаа худалдан авсны үлдэгдэл төлбөр 65 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн Э.Эийн үндсэн нэхэмжлэл болон Э.Эээс хувьцааны үнэд илүү төлсөн гэх 48 806 600 төгрөг гаргуулахыг хүссэн С.Хын сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн 2018.09.11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482 950 төгрөг, хариуцагчийн 2018.12.06-ны өдөр төлсөн 401 983 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1012 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/00855 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1, 260.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Хоос 65 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Эт олгож, нэхэмжлэгч Э.Эээс хувьцааны үнэд илүү төлсөн 48 806 600 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагч С.Хын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын “56 дугаар зүйлийн 56.1” гэсний ард “56.2” гэж нэмж, “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч С.Хоос 482 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Эт олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 483 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1- д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Эрх худалдан авах гэрээнд хэлбэрийн шаардлагыг хуулиар тогтоогоогүй гэж дүгнэн С.Х нь нэхэмжлэгч Э.Эийн “Х” ХХК-д эзэмшиж буй 19 хувийн хувьцааг 65 000 000 төгрөгөөр худалдан авахыг даалган нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ” гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг хийхэд нотариат буюу хуульд заасан бусад этгээдээр гэрчлүүлнэ” гэж тус тус заасан ба Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан нотариатын үйлдлийн төрөлд 25.1.6 “хуулийн этгээд үүсгэн байгуулах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах баримт бичиг гэрчлэх” гэж заасан байдаг. Мөн хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Нотариатч хуульд заасан болон үйлчлүүлэгчийн хүсэлт гаргасан хуульд харшлаагүй дараах гэрээ, хэлцлийг гэрчилнэ” гэдэгт 46.1.8 “хувьцаа, бусад үнэт цаасыг бусдын өмчлөлд шилжүүлэх гэрээ. Өөрөөр хэлбэл компанийн үүсгэн байгуулах баримт бичиг буюу хувьцааны эрх бусдад шилжүүлэх хэлцлийг заавал нотариатаар гэрчлэхийг шаардсан хэлбэрийн хувьд бичгээр байгуулах хэлцэл байхад хувьцааны эрх шилжүүлэх хэлцлийн хэлбэрийг хуулиар тогтоогоогүй гэж дүгнэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан хөрөнгөтэй, ашгийн төлөө үндсэн зорилготой хуулийн этгээдийг компани гэнэ” гэж заасан ба “Х” ХХК нь хэлбэрийн хувьд Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.5-д заасан хязгаарлагдмал хариуцлагатай компани юм. Өөрөөр хэлбэл хувьцаа эзэмшигчдийн оруулсан хөрөнгө нь хувьцааны тоогоор нотлогддог, хувьцааны нийт үнэлгээ нь Компанийн дүрэмд зааснаар тогтоогддог хуулийн этгээд. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь “Х” ХХК-ийн нэгж хувьцааны үнэлгээнд өөрчлөлт ороогүй болох нь тодорхой нотлогдсоор байтал нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Компанийн тухай хуульд хувьцаа эзэмшигчдийн тогтоол болон тухайн хуралд оролцсон гишүүдийн хэлэлцэж буй асуудалд өгсөн саналын хуудсаар баталгааждаг.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хуралдааны тэмдэглэл гэх саналын хуудасгүй, хурлаас гарсан тогтоол буюу улсын бүртгэлд бүртгэгдсэн тогтоолын агуулга нь хуралдааны тэмдэглэлтэй зөрүүтэй байгаа хуралдааны тэмдэглэлийг үндэслэн шийдвэр гаргасан. Компанийн тухай хуульд зааснаар компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд тухайн компанийн саналын эрхтэй хувьцаа эзэмшигч нар оролцож шийдвэр гаргадаг. Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн хуралдааны тэмдэглэл гэх бичгийн баримт нь УБЕГ-аас ирүүлсэн компанийн хувийн хэрэгт огт байдаггүй бөгөөд улсын бүртгэлд бүртгэгдсэн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын агуулгатай илтэд зөрүүтэй байгааг давж заалдах шатны шүүх анхаарч үзэлгүй, буруу тайлбарлан дүгнэсэн.

Мөн давж заалдах шатны шүүхээс талуудыг хувьцаа эзэмшигчдийн шийдвэрт маргаагүй байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Гэтэл хэрэгт нотлох баримтаар авагдсан хувьцаа эзэмшигчдийн шийдвэрт маргаагүй байдлыг нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж өгсөн хуралдааны тэмдэглэлд маргаагүй мэтээр дүгнэжээ. Мөн Компанийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т “Хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлд алдаа гарсан нь уг хурлын шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй” гэж заасныг үндэслэсэн буюу нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хуралдааны тэмдэглэлийг алдаатай гэж дүгнэсэн атлаа талуудын маргаагүй хэрэгт нотлох баримтаар авагдсан тогтоолд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж дүгнэсэн нь өөрөө логик зөрчилтэй, хэргийн маргааныг тал бүрээс нь судлаагүйг илтгэж байна. Талуудын зүгээс хэрэгт авагдсан хуралдааны шийдвэр буюу хувьцаа эзэмшигчдийн тогтоол дээр маргаагүй үйл баримтыг хуралдааны тэмдэглэл дээр маргаагүй гэж үзсэн нь хууль бус.

Өөрөөр хэлбэл Компанийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-д заасан хуралдааны тэмдэглэл алдаатай байх нь гарсан тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болохгүйг заасан ба хэрэгт авагдсан тогтоол дээр нэхэмжлэгчийн 19 хувийн хувьцааг 65 сая төгрөгөөр худалдан авах тухай огт дурдаагүй байдаг. Компанийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлд агуулагдах зүйлс болон хэлбэрийг заасан бол тухайн шийдвэрийг үндэслэн гарах хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн талаар мөн хуулийн 59-73 дүгээр зүйлүүдэд тусгайлан заасан. /хувьцаа эзэмшигчийн шийдвэрийг гаргах процесс, хувьцаа эзэмшигчийн хуралд оролцох эрх, шийдвэрт гомдол гаргах эрх, санал тоолох процесс зэрэг/ Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан тэмдэглэлийг алдаатай гэж зөв дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь хууль бус байна.

Компанийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-т “Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилнэ” гэж заасны дагуу сайн дурын үндсэн дээр хариуцагч С.Х нь “Х” ХХК-ийн нэгж үнэлгээ нь 2 340 төгрөгийн үнэлгээ бүхий 510 ширхэг хувьцааны эрхийг шилжүүлэн авсан байдаг.

Өөрөөр хэлбэл С.Х нь “Х” ХХК-ийн 51 хувийн хувьцааг эзэмших хүсэлтээ гаргасныг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, зохих хууль журмын хүрээнд С.Хын өмчлөлд 510 ширхэг хувьцааг шилжүүлсэн бөгөөд харин Э.Эийн өмчлөлд байгаа 19 хувийн хувьцааг нэмж худалдан авах санал огт гаргаагүй буюу нэмж худалдан авах үүрэг огт хүлээгээгүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар С.Х нь өөрийн өмчлөлд шилжүүлсэн хувьцааны үнийг нэхэмжлэгчид бүрэн төлж эрхийг шилжүүлэн авсан нь холбогдох баримтуудаар тогтоогддог ба энэ талаар талууд маргадаггүй. Аливаа хэлцэл нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл байдаг.

Гэтэл хариуцагч С.Х нь Э.Эийн хууль ёсны өмчлөлд байх “Х” ХХК-ийн 19 хувийн хувьцааг 65 сая төгрөгөөр худалдан авах хүсэл зориг огт илэрхийлээгүй байтал давж заалдах шатны шүүхээс Э.Эийн хууль ёсны өмчлөлд байх хувьцааг ямар үндэслэлээр хариуцагчид худалдан авахыг даалган шийдвэрлэсэн нь ойлгомжгүй ба давж заалдах шатны шүүхийн магадлал нь С.Хын гэрээнд чөлөөт байдлаар нэхэмжлэгчийн гаргасан үнэлгээгээр худалдан авахыг даалган шийдвэрлэсэн нь хууль бус байна.

Иймд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/00855 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05-р сарын 31-ний өдрийн 1012 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

“Х” ХХК нь 2011 онд Увс аймгийн Зүүнхангай сумын Баянголын доод хэсэг нэртэй газарт орших 64.11 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглах 30 жилийн хугацаатай 9019010102 тоот гэрчилгээтэй, үйл ажиллагаа явуулж байсан, 2015 оны тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй үндэслэлээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №01 тоот шийдвэрээр ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл нь цуцлагджээ.

2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурлаар “...хариуцагч С.Х нь компанийн 70 хувийн хувьцааг хувьцаа эзэмшигч Э.Эээс худалдаж авахаар, ...эхний ээлжинд 51 хувийн хувьцааг шилжүүлж аваад, гүйцэтгэх захирал болж, ...компанийн тусгай зөвшөөрлийг сэргээх асуудлыг хөөцөлдөх, ...тусгай зөвшөөрөл сэргэсний дараа үлдсэн 19 хувийн хувьцааны төлбөр 65 000 000 төгрөгийг шилжүүлэх...”-ээр хэлэлцэж, мөн өдрөө “Х” ХХК-ийн  хувьцааны эрх шилжүүлэх гэрээ,  “Х” ХХК-ийн хувьцааг худалдах-худалдан авах тухай гэрээг тус тус байгуулж, тус гэрээгээр компанийн 51 хувийн хувьцааг 50 000 000 төгрөгөөр үнэлжээ.

Гэрээний дагуу М.С.Х “Х” ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал болж, компанийн дүрэм, улсын бүртгэлд өөрчлөлт орж бүртгэгдсэн.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0559 дугаартай шийдвэрээр “...Ашигт малтмал, газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийн “Х ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, МV-016957 дугаар тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2017/0713 дугаар магадлалаар найруулгын хувьд өөрчилж, “...“Тусгай зөвшөөрөл цуцлах” тухай 01 дүгээр шийдвэрийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэж өөрчилснийг Улсын Дээд шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 39 дугаартай тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээжээ.

Талуудын гэрээгээр болон хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж, тохиролцсон нөхцөл бүрдсэн, компанийн тусгай зөвшөөрлийн эрх сэргэсэн гэх үндэслэлээр хувьцаа эзэмшигч, нэхэмжлэгч Э.Э нь үлдэгдэл 19 хувийн хувьцааны үнэ 65 000 000 төгрөгийг гаргуулахаар С.Хт холбогдуулан нэхэмжлэл гаргасанд хариуцагч эс зөвшөөрч, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр хариуцагчийг төөрөгдүүлж, компанийн хувьцааг өндрөөр үнэлж, 48 806 600 төгрөгийг илүү авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэл зааж, дээрх мөнгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгчээс мөнгийг аваагүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийг хангаж, хариуцагчаас 65 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

Хоёр шатны шүүх хэргийн оролцогчоос гаргаж хэрэгт цугларсан баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүй, хэрэгт цугларсан баримтыг бүрэн гүйцэд үнэлээгүй, маргаантай үйл баримтын тогтоогоогүй, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болсон 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн Компанийн хувьцааг худалдах-худалдах авах гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй байх тул шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Тухайлбал: Нэхэмжлэгч Э.Э нь Компанийн өөрийн эзэмшлийн 51 хувийн хувьцааг худалдсан 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Х” ХХК-ийн хувьцааг худалдах-худалдан авах тухай гэрээ биелэгдсэн гэх үндэслэлээр үлдэх 19 хувийн хувьцаанд ногдох үнэ 65 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан атлаа хариуцагчаас 51 хувийн хувьцааны үнэ 50 000 000 төгрөгийг аваагүй гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбар гаргаж, маргасан байхад энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Х” ХХК-ийн хувьцааг худалдах-худалдан авах гэрээгээр 51 хувийн хувьцааны үнэ 50 000 000 төгрөгийг хувьцаа эзэмшигч буюу худалдагч Э.Эт дансаар шилжүүлнэ гэж тохиролцсон боловч зохигчийн тайлбар, талуудын мэтгэлцээнээс хувьцааны үнэ болох 50 000 000 төгрөгийг хариуцагч С.Х нь компанийн хүчингүй болгосон тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхэд зориулах, улмаар тусгай зөвшөөрлийн эрх сэргээгдснээр гэрээ биелэгдсэн гэж маргаж байх тул бодит байдалд гэрээ хэрхэн хэрэгжсэн нь тодорхойгүй, хэрэгт энэ талаар баримт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан “...50 сая төгрөгийг аваагүй гэдгийг тэмдэглэлд бичүүлмээр байна, ямар нэгэн мөнгө авсан баримтыг мэдэхгүй, ...С.Х нь 1 сая төгрөгөөр тогтохгүй зардал гаргаж компанийн хүчингүй болсон лицензийг сэргээсэн, ийм их зардал гаргачихаад компанийн хувьцааг 1 сая төгрөгөөр үнэлж байна...”, “...нэхэмжлэгч хувьцааны үнэд ямар нэгэн мөнгө авсныг мэдэхгүй, шүүгчдийн багийн зардалд ихээхэн мөнгө явсныг мэдэж байна, энэ нь надаар дамжаагүй, яг хэдэн төгрөгийн зардал гарсныг мэдэхгүй...”, “...50 сая төгрөгийг тусгай зөвшөөрөл сэргээх зардал болгоод явъя гэж тохиролцсон, ...эсхүл та нар үндэслэлгүй хөрөнгөжих гээд байгаа юм уу...” гэх нэхэмжлэгчийн тайлбар, “...нэхэмжлэгч нь 50 000 000 төгрөгийг хүлээн авснаа нэхэмжлэлд тодорхой заасан тул хариуцагчаас хувьцааны үнийг төлсөн эсэхийг нотлох шаардлагагүй...” гэх хариуцагчийн тайлбаруудыг шүүх хэрхэн үнэлсэн, ямар дүгнэлт хийсэн, улмаар зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ хуульд нийцсэн эсэх талаар шийдвэр, магадлалд тусгаагүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/00855 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1012 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайханы гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайханаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 482 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД