Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2017/02331

 

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2017/02331

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  . . . . . . . . . . . оршин суух Р овогт Ц.Т /РД: . . . . . . . ./-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч:  . . . . . . . . . . .байрлах У.Ц.Т.С ТӨХК-нд холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, нөхөн бичилт хийлгэх тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие У.Ц.Т.С ТӨХК-ийн харьяа Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн авлага барагдуулах хэсгийн монтёр /авлага барагдуулагч/-оор ажиллаж байсан бөгөөд намайг байгууллагын захиргаанаас 5024614 кодтой хэрэглэгчдийн цахилгааны төлбөрийг 2016.10.20-ны өдөр хүлээн авч 2016.10.24-ний өдөр тушааж Хөдөлмөрийн дотоод журамд заасан ажлын байрны тодорхойлолтонд тусгагдаагүй ажил үүргийг дур мэдэн гүйцэтгэсэн ноцтой зөрчил гаргасан гэж эрхэлж байсан ажил, албан тушаалаас халах сахилгын шийтгэл оногдуулсан.

Би энэ талаар Монгол улсын Эрчим хүчний яаманд хандаж УБЦС ТӨХК-ийн захирлын намайг ажлаас халсан шийдвэр материалыг хүргүүлж хянуулсан боловч тодорхой арга хэмжээ аваагүй намайг хохироосон шийдвэр гаргаж миний гомдлыг хүлээж аваагүй.

Би энэхүү өргөдөл гомдлынхоо хариуг МУ-н Эрчим хүчний яамнаас 2017.06.07-ны өдрийн огноотой 1/1866 тоот албан тоотоор 2017.06.17-нд хүлээн аваад энэ талаар Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017.06.16-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11-р зүйл, 54-р зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг 2017.07.06-ны өдрийн 128/ШЗ2017/14440 тоот захирамж гаргаж намайг нэхэмжлэлээ Иргэний хэргийн шүүхэд хандаж гарга гэсэн үндэслэлээр буцаасан.

Би УБЦТС ТӨХК-д өөрийн мэргэжил, боловсролынхоо хүрээнд даалгасан ажлыг цаг тухайд нь үр дүнтэй гүйцэтгэж байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж байсан бөгөөд ямар нэг ажил мэргэжлийн алдаа, дутагдал гаргаагүй болно. Намайг ямар ч шалтгаангүйгээр үндэслэлгүйгээр ажлаас халж, 2016 оны 11 сараас одоог хүртэл 8 сар ажилгүй хохироож байна.

Иймд УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2016.11.21-ний өдрийн Б/693 тоот ажлаас халсан тушаалыг хууль бусаар болохыг тогтоолгон ажилдээ эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн нийгмийн даатгалын төлбөрийг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Т нь тус компанийн хэрэглэгчтэй харилцах албанд ажиллаж байсан ба өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, ажил хөдөлмөрөө хийхгүй, байнга ажлын таван өдрийн гурван өдөр ажиллаж үлдсэн 2 өдөр эмнэлгээс байнга акт авдаг бөгөөд цагаа бүртгүүлэхгүй байнга зөрчил гаргаж олон удаа цалингийн арга хэмжээ авч байсан. Дээрх нөхцөл байдлаас болж ажлын байр өөрчлөх зорилгоор Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Авлага барагдуулах хэсгийн монтёр /авлага барагдуулагч/-оор шилжүүлж ажиллуулсан. Гэтэл дээрх алдаа дутагдал байнга давтагдаж 5024615 кодтой хэрэглэгчээс цахилгааны төлбөрийг 2016.10.20-ны өдөр буюу дөрөв дэх өдөр авч өөр дээрээ 4 хоног байлгаж байгаад тушаасан зөрчил гаргасан. Дээрх хэрэглэгч цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө төлсөн байтал яагаад миний мөнгийг тушаахгүй олон хоног болсон талаар гомдол гаргаснаар зөрчил илэрсэн болно.

Хэрэглэгчээс бэлэн мөнгө авч ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй ажил үүргийг дур мэдэн гүйцэтгэсэн ноцтой зөрчил гаргасан тул гүйцэтгэх захирлын 2016 оны 11 сарын 21-ний өдрийн Б/693 дугаар тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан болно. Уг тушаал гарснаас хойш 9 сарын хугацаа өнгөрсөн байна. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан бөгөөд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд Ц.Т-ын зөрчилд тохирох шийтгэлийг ногдуулсан ба нэхэмжлэгч гомдол гаргах хугацаагаа алдсан тул нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Т хариуцагч У.Ц.Т.С ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч түүнийг эс зөвшөөрчээ.

Дараах нөхцөл байдлууд тогтоогдлоо. Үүнд:

Нэхэмжлэгч Ц.Т нь У.Ц.Т.С ТӨХК-д Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн авлага барагдуулах хэсгийн монтёр/ авлага барагдуулагч/-оор ажиллаж байгаад 2016 оны 11 сарын 21-ний өдөр тус байгууллагын гүйцэтгэх захирлын Б/693 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачилгаар ажлаасаа халагджээ.

Хариуцагч УБЦТС ТӨХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тушаалыг 2016 оны 11 сарын 22-ны өдөр гардуулан өгсөн бөгөөд гомдол гаргах хугацаа нэгэнт дууссан байна гэж байгааг нэхэмжлэгч үгүйсгэж анхан шатны шүүхэд хандаж байсан мөн Эрчим хүчний яаманд хандан гомдол гаргасны дараа Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан цаг хугацааг алдсан байна гэж тайлбарлаж байна.

Дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо.

Нэхэмжлэгч Ц.Т дээрх 2016 оны 11 сарын 21-ний өдрийн Б/693 дугаартай ажлаа халсан тушаалыг 2016 оны 11 сарын 22-ны өдөр гардан авсан бөгөөд түүнээс хойш Эрчим хүчний яаманд хандаж, тус яамнаас 2017 оны 6 сарын 7-нд түүнд албан бичгээр хариу өгсний үндсэн дээр мөн оны 6 сарын 30-ны өдөр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны гомдол гаргасан байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасныг зөрчиж шүүхэд 2017 оны 8 сарын 2-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна.

Харин дээрх хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно. гэж заасан хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байх тул дээрх хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тогтоох үндэслэл байхгүй гэж үзлээ.

Учир нь Ц.Т тушаалыг гардан аваад анхан шатны шүүхэд хандсан боловч дээд шатны байгууллагад ханд гэж намайг явуулсан гэх тайлбараа нотлох баримтаар нотлож чадахгүй байна. Түүний Эрчим хүчний яаманд болон Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж байсан буюу хууль мэдэхгүйгээс буруу байгууллагад гомдол гаргаж байсан явдал нь хүндэтгэн үзэх явдал болохгүй юм.

Иймд нэхэмжлэгч ажлаас буруу халсан тушаалын үндэслэлийг хянан хэлэлцүүлэхээр шаардах эрхээ алдсан байх тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хангахгүй орхих нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдвал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар У.Б.Ц.Т.С ТӨХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгуулах тухай нэхэмжлэгч Ц.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ШҮҮГЧ                          Ц.УРАНГУА