Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/01446

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/01446

 

 

Ц.Түмэнбаярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 183/ШШ2018/00804 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ц.Түмэнбаярын нэхэмжлэлтэй

Хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Ц.Түмэнбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Түмэнбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Миний бие Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн авлага барагдуулах хэсгийн монтёроор ажиллаж байсан бөгөөд байгууллагын захиргаа нь 5024614 кодтой хэрэглэгчдийн цахилгааны төлбөрийг 2016 оны 10 дугаар сарын  20-ны өдөр хүлээн авч 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр тушаасныг Хөдөлмөрийн дотоод журамд заасан ажлын байрны тодорхойлолтонд тусгагдаагүй ажил үүргийг дур мэдэн гүйцэтгэсэн ноцтой зөрчил гаргасан гэж эрхэлж байсан ажил, албан тушаалаас халах сахилгын шийтгэл оногдуулсан.  Би Эрчим хүчний яаманд уг асуудлаар гомдол гаргаж, гомдлын хариуг 2017 оны 6 дугаар сарын 17-нд хүлээн авсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасан  боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл, 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан шүүгчийн 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 128/ШЗ2017/14440 тоот захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, уг асуудлаар Иргэний хэргийн шүүхэд ханд гэсэн. Би хариуцагч байгууллагад өөрийн мэргэжил, боловсролынхоо хүрээнд даалгасан ажлыг цаг тухайд үр дүнтэй гүйцэтгэж байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж байсан бөгөөд ямар нэг ажил мэргэжлийн алдаа, дутагдал гаргаагүй. Намайг ямар ч шалтгаангүйгээр, үндэслэлгүй ажлаас халж 2016 оны 11 сараас одоог хүртэл 8 сар ажилгүй хохироож байна. Иймд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/693 тоот ажлаас халсан тушаал хууль бус болохыг тогтоож, намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Түмэнбаяр нь тус компанийн хэрэглэгчтэй харилцах албанд ажиллаж байсан бөгөөд тэрээр өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй, ажлаа хийдэггүй, байнга 1 хоногийн гурван өдөр ажиллаж, үлдсэн хоёр өдөр эмнэлэгээс акт авч цагаа бүртгүүлэхгүй зөрчил гаргаж олон удаа цалингийн арга хэмжээ авагдаж байсан. Дээрх нөхцөл байдлаас болж түүний ажлын байрыг өөрчлөх зорилгоор Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн авлага барагдуулах хэсгийн монтёроор шилжүүлж ажиллуулсан. Гэтэл дээрх алдаа дутагдал байнга давтагдаж 5024615 кодтой хэрэглэгчээс цахилгааны төлбөрийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр аваад өөр дээрээ 4 хоног байлгаж байгаад тушаасан зөрчил гаргасан. Хэрэглэгч цахилгаан хэрэглэсний төлбөрөө төлсөн байтал мөнгийг тушаахгүй олон хоног болсон талаар гомдол гаргаснаар уг зөрчил илэрсэн. Энэ нь ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй ажил үүргийг дур мэдэн гүйцэтгэсэн ноцтой зөрчил тул гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/693 дугаар тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан болно. Уг тушаал гарснаас хойш 9 сарын хугацаа өнгөрсөн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан бөгөөд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд Ц.Түмэнбаярын зөрчилд тохирох шийтгэлийг ногдуулсан ба нэхэмжлэгч гомдол гаргах хугацаагаа алдсан тул нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай Ц.Түмэнбаярын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгож  шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Ц.Түмэнбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

... Анхан шатны шүүх миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хэрэглэгч монтёрт мөнгөө өгөөд алдсан гэсэн дуудлагын дагуу намайг уг мөнгийг авсан гэдгийг илрүүлж ажлаас халсан, мөн хэрэглэгчдийн мөнгийг аваад банкинд хийж, хүүг нь авдаг мэтээр тайлбарлаж, авлагын монтёрын ажлын огт мэддэггүй мэтээр буруутгасан тайлбарыг хариуцагч талаас гаргасан. Шүүх нөхцөл байдлыг үнэн зөвөөр дүгнээгүй. Айлууд монтёрын хувцастай хүнд төлбөр тушаачих гээд мөнгө өгөхгүй, тогийг нь таслах гээд очихоор төлбөрөө одоо өгье, тог битгий таслаач гэж гуйдаг. Миний нэр дээр хэрэглэгчээс ирсэн гомдлыг шалгуулах хүсэлт гаргасан нь хэрэгт авагдсан. Энэ асуудлаар надад тодруулах зүйл олон байна. Би инженер хэдий ч намайг монтёроор томилоход гомдол гаргаагүй. Учир нь шилжиж очсон салбар манай гэртээ ойрхон байсан, мөн би ажлаас шилжүүлсэн тушаалд гомдол гаргах боломжтой байсан гэдгийг мэдээгүй. Би монтёроор томилогдсоноос хойш маш их ачаалалтай ажиллаж байсан бөгөөд ажлаа хурдан амжуулахын тулд амьдралын элдэв шалтаг тооцсон хэрэглэгчдийн хүсэлтээр мөнгийг нь авч тушаадаг асуудал байсан, энэ нь хэвийн л үзэгдэл. Уг мөнгийг төлөлгүй 4 хоног саатуулсан нь миний буруу байсан боловч олон хүний төлбөрийг аваад төлөөгүй гэсэн асуудал байхгүй. Би шүүхийн шийдвэрт... Захиргааны хэргийн шүүхэд хандахаар очиход үүднээс нь хүн хүлээж аваад... гэснийг засуулмаар байна. Захиргааны хэргийн шүүхийн мэдээлэл лавлагаанд очиж бүрдүүлэх материалаа асуухад тушаал гараад 1 сар 8 хоногийн хугацаа өнгөрсөн байсан тул Захиргааны хэргийн шүүхэд хоёр ч удаа хандаад хариугаа авч чадаагүй нь харагдах болов уу гэж бодон гуйж байгаад дардас даруулсан. Эрчим хүчний яамнаас миний бие хариугаа авч чадалгүй удсан, хариуцагч байгууллагад хөөн хэлэлцэх хугацааг дуусгах ашиг сонирхол байсан, уг хөөн хэлэлцэх хугацааг дуусгах гэж арга мэх хэрэглэсэн нь илэрхий байх тул уг хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Түмэнбаяр нь хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрөн маргажээ.

 

Хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/693 тоот тушаалаар нэхэмжлэгч Ц.Түмэнбаярыг Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Авлага барагдуулах хэсгийн монтёр /авлага барагдуулагч/-ын ажлаас халж, уг тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг баримталсан байна. Ажил олгогч тушаалдаа нэхэмжлэгч Ц.Түмэнбаярыг хөдөлмөрийн дотоод журамд заасан ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй ажил үүргийг дур мэдэн гүйцэтгэсэн гэсэн үндэслэл заасан байна. /хх-ийн 9 тал/

 

Нэхэмжлэгч Ц.Түмэнбаяр нь 5024615 кодтой хэрэглэгчээс цахилгааны төлбөрийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр аваад 4 хоногийн дараа тушаасан зөрчил гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч уг зөрчлийг гаргаснаа үгүйсгээгүй болно.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болох Авлага барагдуулах хэсгийн монтёр /авлага барагдуулагч/ Ц.Түмэнбаярын ажлын байрны тодорхойлолтод ...бичилтийг бүрэн оруулах, түдгэлзүүлэх мэдэгдэл авсан хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр түдгэлзүүлэх ажлыг циклийн турш дэд станц нэг бүрээр жигд хийх, түдгэлзүүлсэн хэрэглэгчдээс орсон орлогыг бүртгэх, хариуцсан дэд станцын үлдэгдлийн бууралтыг хянаж хуримтлагдсан үлдэгдэлтэй айлын судалгааг гаргаж тусгай төлөвлөгөө гарган түдгэлзүүлэх ажлыг давтан хийх, шүүхэд өгөх санал гаргах, цахилгаан сүлжээ болон тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааны илэрхий гэмтэл доголдол, хэрэглэгчийн зөрчил, хөдөлгөөний талаарх мэдээллийг холбогдох ажилтнуудад мэдээлэх, гэмтэл согогийн дэвтэрт тэмдэглэх, аюулыг мэдээлэх хуудсаар мэдэгдэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн осол зөрчилгүй ажиллах, ажлын байрны зорилтын хүрээнд явуулах бусад үйл ажиллагааг хариуцуулах-аар заасан байна. /хх-ийн 56-60 тал/

 

Мөн ажил олгогч байгууллагын хөдөлмөрийн дотоод журам хэрэгт авагдсан байх бөгөөд уг журмын 4.42-т ажилтан нь үнэнч шударгаар хөдөлмөрлөж, хууль тогтоомж, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, компаниас тогтоосон дэг жаяг, ажлын байрны тодорхойлолт болон удирдлагаас амаар болон бичгээр өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажиллах, 11.2.1-т ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүрэг, 11.2.5.1-т ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй ажил үүргийг дур мэдэн гүйцэтгэсэн хэрэглэгчтэй хуйвалдаж ажил олгогчийн итгэл алдсан нь нэгжийн удирдлага, хамт олны тодорхойлолт, бусад байдлаар тогтоогдсон бол хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцална гэж тус тус заажээ. /хх-ийн 45-55 тал/

 

Иймд ажил олгогчийг ажилтныг хууль бус үндэслэлээр ажлаас халсан гэж үзэх боломжгүй юм.

 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 129.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Хэргийн 89 дүгээр талд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн мэдээлэл гэсэн баримт авагдсан байх бөгөөд уг баримтад 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэсэн огноотой тэмдэг дарагдсан, нэхэмжлэгч Ц.Түмэнбаяр нэхэмжлэл гаргахаар захиргааны хэргийн шүүхэд хандахад уг мэдээллийг өгч өөр байгууллагад хандах талаар зөвлөгөө өгсөн гэж тайлбарласан байна. /хх-ийн 89 тал/

 

Дээрх бичгийн баримт болон нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Ц.Түмэнбаяр нь уг асуудлаар зохих ёсоор харъяалсан шүүхэд хандаагүй боловч ажлаас чөлөөлсөн тушаал гарснаас хойш 3 хоногийн дараа Захиргааны хэргийн шүүхэд хандаж байсан байх бөгөөд шүүхээс тухайн нэхэмжлэлийг өөрийн харъяалалын маргаан биш бол хүлээн авахаас татгалзах ажиллагаа хийх байтал мэдээллийн лавлагааны ажилтан нь нэхэмжлэгч Ц.Түмэнбаярт зөвлөгөө өгч буцааснаар өөр байгууллагад хандаж хугацаа алдсан байх тул гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхгүй. Иймд шүүх нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгосон нь буруу.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 183/ШШ2018/00804 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтын ... 129 дүгээр зүйлийн 129.2 гэснийг ... 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Түмэнбаярын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Түмэнбаяр нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

  ШҮҮГЧИД                           А.МӨНХЗУЛ

                                                   Ц.ИЧИНХОРЛОО