Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 00171

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                    Х.Чулуун-Эрдэнийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Орхон аймаг дахь шүүхийн

шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч С.Уранчимэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2017/00915 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Х.Чулуун-Эрдэнийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

“Шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус ажиллагааг зогсоолгох” тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 10 дугаар 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Лхамягмар, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч Х.Чулуун-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Х.Чулуун-Эрдэнэ нь 2015 оны 6 дугаар сарын 20-нд Булган аймгийн Хангал сумын нутагт авто осол гаргаж Булган аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр ял шийтгэгдсэн юм. Үйлдсэн энэ хэргийн улмаас нэг хүний амь нас хохирсон бөгөөд оршуулгын зардлыг бүрэн төлсөн боловч талийгаачийн ар гэрийнхэн иргэний журмаар нэхэмжлэл гаргаад энэ нэхэмжлэлийг нь УБ хотод Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 101\ШШ2016\0447 дугаартай шийдвэрээр талийгаачийн эхнэр Б.Болормаагийн нэхэмжпэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож насанд хүрээгүй хүүхдүүдийг нь тэжээн тэтгэхэд зориулж Х.Чулуун-Эрдэнээс сар бүр 113.500 төгрөг гаргуулж 3 хүүхдэд олгуулахаар шийдвэрлэсэн. Уг нь тэжээгчээ алдсаны тэтгэмж талийгаачийн авч байсан цалингийн зөрүү нь 95.920 төгрөг гэж шийтгэх тогтоолд заасан байсан боловч би энэ зөрүүгээр төлнө гэж шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргалгүй орхисон юм. Гэтэл нэхэмжлэгч Б.Болормаа нь Нийслэлийн шүүхэд дээрхи шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд 95.920 гэж заасан ч иргэний хэргийн шүүх 113.500 гэснийг өөрчлөх шаардлагагүй гээд нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм. Тэгээд Орхон аймгийн ШШГА-нд гүйцэтгэх хуудас бичигдэж ирээд надаас шийдвэр гарахаас өмнөх цалин тэтгэмжийг нөхөн гаргуулсаны дараа Б.Болормаа нь гүйцэтгэх хуудсанд сар бүр 113.500 төгрөгийг надаас гаргуулах гэж бичигдэж ирсэнийг зөвшөөрөхгүй, хүүхэд тус бүрт нь 113.500 төгрөг гаргуулах ёстой гээд маргаан үүсээд шийдвэр гүйцэтгэгч Лхамягмар нь Сүхбаатар дүүргийн шүүхээс шийдвэрийг тайлбарлуулна гээд албан бичиг явуулсан юм. Гэтэл Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Баатар гэдэг хүн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дугаартай албан бичгээр тус шүүхийн 2016 оны 8 сарын 4-ний өдрийн шийдвэрийн 1 дэх заалтын ...2002 оны 4 сарын 13-ны өдөр төрсөн охин Б.Долгор 2010 оны 3 сарын 4-ний өдөр төрсөн хүү Б.Ганбаатар, 2013 оны 9 сарын 23-ны өдөр төрсөн охин Б.Дэлгэр нарт цалин тэтгэмжийн зөрүү 113.000 төгрөгийг сар бүр гаргуулж ... гэдгийг хүүхэд тус бүрт цалин тэтгэмжийн зөрүү 113.000 төгрөгийг сар бүр гаргуулж олгоно гэж хуульд заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэнэ үү гэсэн албан бичгийг үндэслээд одоо надаас сар бүр /113.500 хЗ =340.500/ төгрөг суутгаж эхлээд байна. Сүхбаатар дүүргийн шүүхээс шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт заасан 113.500 төгрөгийг Х.Чулуун-Эрдэнээс гаргуулж Б.Болормаад олгох тухай гүйцэтгэх хуудас бичигдэж ирсэн байхад түүнд бичигдсэн дүнгээс хууль бусаар илүү мөнгө авч байгаад гомдолтой байна. Иймд шийдвэр гүйцэтгэгч Ц.Лхамягмарын энэ хууль бус ажиллагааг зогсоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Лхамягмар шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбартаа :

Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа анхнаасаа маргаантай байсан учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.5 дахь хэсэгт заасны дагуу Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэрийг хэрхэн гүйцэтгэх талаар тайлбарлуулахаар хүсэлт явуулсан. Ингэхэд ерөнхий шүүгч Б.Баатар ... хүүхэд нэг бүрт цалин тэтгэмжийн зөрүү 113.000 төгрөг сар бүр гаргуулж олгоно гэж тайлбар ирүүлсэн.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хүүхэд тус бүрт 113.500 төгрөг олгоно гэж тодорхой заасан бөгөөд, давж заалдах шатны магадлалд ...Анхан шатны шүүх талийгаач Н.Балжиннямын нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн гурван сарын дундаж 570.520 төгрөгөөр сарын цалин хөлс тооцож, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг 113.200 төгрөг гэж тооцож насанд хүрээгүй 3 хүүхдэд 18 нас хүртэл олгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Хүүхэд тус бүрт ногдох тэтгэмжийн хэмжээ адил, гэр бүлийн гишүүн насанд хүрсэн хөдөлмөрийн чадвартай болсон тохиолдолд үлдэх гишүүдэд ногдох хэсэг тэнцүү хэмжээгээр нэмэгдэх тул хүн тус бүрээр заан тэтгэмжийг тодорхойлоогүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдолыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй болно. Мөн шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртлэх цалин, тэтгэврийн зөрүүд 783.000 төгрөгийг хариуцагчаас нөхөн гаргуулж, төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нэхэмжлэгч Б.Болормаад оногдох хэсгийг хасч тооцсон нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.3 дах хэсэгт заасантай нийцсэн байна гэж бичсэн байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 142/ШШ2017/00915 дугаар шийдвэрээр:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.1, 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг тус тус баримтлан Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох гүйцэтгэх хуудсанд бичигдэж ирсэнээс илүү мөнгө суутгаж байгаа шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус ажиллагааг зогсоолгох-ыг хүссэн Х.Чулуун-Эрдэнийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунчимэг давж заалдсан гомдолдоо:

Шүүх шийдвэр гүйцэтгэлийн хууль бус ажиллагааг зогсоолгохыг хүссэн нэхэмжпэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү шийдвэрлэх болсон үндэслэлээ “гүйцэтгэх хуудсанд бичигдсэн үнийн дүнгээс илүү мөнгө авч байгаа гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул “гэжээ.Гэтэл хариуцагч тал гүйцэтгэх хуудсанд , бичигдсэнээс илүү авч байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн тайлбарыг өгсөн байдаг бөгөөд нотлох баримт судлах шатанд нэхэмжлэгч Х.Чулуун-Эрдэний цалингийн хуудсыг нотлох баримтаар судалсан юм.Өөрөөр хэлбэл хариуцагчийн тайлбар болон цалингийн хуудсаар шүүхийн гүйцэтгэх хуудсанд бичигдсэн үнийн дүн болох 113 000 төгрөөгс илүү буюу энэ дүнг 3 дахин ихэсгэсэн дүнгээр Х.Чулуун-Эрдэний цалингаас нь суутгаж байгаа нь нотлогдож байгаа юм.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 101\ШШ2016\0447 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт Х.Чулуун-Эрдэнээс сар бүр 113.000 төгрөг гаргуулж талийгаачийн насанд хүрээгүй 3 хүүхэд болох Б.Долгор,Б.Ганбаатар,Б.Дэлгэр нарт олгох гэж заасныг тус шүүх гүйцэтгэх хуудсандаа бичиж Орхон аймгийн ШШГА-нд ирүүлсэн байдаг. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч Ц.Лхамягмар нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Баатарын ирүүлсэн албан бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх хуудсан бичигдсэн үнийн дүнг 3 дахин ихэсгэж төлүүлж байгаа гэсэн тайлбарыг өгсөн байдаг. Шийдвэр гүйцэтгэгч нь ерөнхий шүүгч Б.Баатарын албан бичгийг шийдвэрийг тайлбарласан тайлбар гэж үзээд заавал гүйцэтгэх ёстой гээд байгаа бөгөөд ИХШХШТ хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1-д “ Шаардлагатай тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчийн хүсэлтээр гагцхүү уг шийдвэрийг биелүүлж эхлэхээс өмнө түүний хууль зүйн үндэслэлийг аман болон эсхүл бичгийн хэлбэрээр тайлбарлаж болно” гэжээ.Гэтэл Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Баатар нь энэ хэргийг шийдвэрлээгүй, шүүх бүрэлдэхүүнд ч ороогүй юм. Тиймээс шийдвэрийг тайлбарлах эрхгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж эхэлсэнээс хойш уг албан бичгийг ирүүлсэн байдаг. Тийм учраас гүйцэтгэх хуудсанд бичигдсэн дүнгээс илүү мөнгө суутгаж байгаа ажиллагаа нь хууль бус болж байгаа тул нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй юм. Иймд нэхэмжлэлийг хангасан заалтыг шийдвэрт оруулна уу гэжээ.

                                                  ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Х.Чулуун-Эрдэнэ нь хариуцагч Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан “Шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус ажиллагааг зогсоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.1, 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг тус тус баримтлан Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох гүйцэтгэх хуудсанд бичигдэж ирсэнээс илүү мөнгө суутгаж байгаа шийдвэр гүйцэтгэгчийн хууль бус ажиллагааг зогсоолгох-ыг хүссэн Х.Чулуун-Эрдэнийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Х.Чулуун-Эрдэнийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна. Гүйцэтгэх хуудсанд бичигдсэн дүнгээс хууль бусаар илүү мөнгө авч байгаа гэх боловч энэ нь хэдэн төгрөг илүү аваад байгаа эсхүл 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн цалин, хөлс бусад орлогоос суутгал хийх тухай мэдэгдэлд “ Хашхүүгийн Чулуун-Эрдэний сар бүрийн цалин хөлс /орлого/-ын 50 хувиар суутгал хийж” гэж заасныг зогсоолгох гэж байгаа эсэх нь тодорхойгүй байхад хэргийг хянан шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т заасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг шүүх тодруулаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1-д “ Шаардлагатай тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчийн хүсэлтээр гагцхүү уг шийдвэрийг биелүүлж эхлэхээс өмнө түүний хууль зүйн үндэслэлийг аман болон эсхүл бичгийн хэлбэрээр тайлбарлаж болно” гэж заажээ.

2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хариу хүргүүлэх тухай Ерөнхий шүүгч Б.Баатар албан бичиг ирүүлсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байхад шүүх үнэлж шийдвэрлэсэн нь буруу болжээ.  

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр 15-ны өдрийн 142/ШШ2017/00915 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

          2. Нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                       ШҮҮГЧИД                                                     С.УРАНЧИМЭГ

 

                                                                                             Б.БАТТӨР