Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 00156

 

 

 

 

 

 

 

 

                                   С.Пүрвээгийн нэхэмжлэлтэй

                                        иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2017/00833 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: С.Пүрвээгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.Батболд, Б.Оюун нарт холбогдох

“Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 27.200.000 төгрөг гаргуулах” тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Батболдын “Зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, С.Пүрвээгээс Д.Батболдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Y-201003753 тоот гэрчилгээг гаргуулан Д.Батболдод олгох” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул,

Хариуцагч Д.Батболд,

Хариуцагч Д.Батболдын өмгөөлөгч Р.Нямцэрэн,

Нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч С.Пүрвээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч С.Пүрвээ би хариуцагч Д.Батболдод 2015 оны 11 сарын 20-нд 17.000.000 төгрөгийг сарын 10%-ийн хүүтэйгээр 1 сарын буюу 30 хоногийн хугацаатайгаар түүний Зэст багт байрлах 1-16-08 тоот З6,0 мкв 3 өрөө байрыг барьцаалан зээлдүүлсэн болно. Зээлийн болон барьцааны гэрээг нотриатаар баталгаажуулж үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлсэн болно. Зээлээ төлөх хугацаа болоход Батболд нь зээлийн 1 сарын хүү болох 1.700.000 төгрөгийг 4 удаа буюу 12 сар, 1 сар, 2 сар, 3 сарын хүү болох нийт 6 800 000 төгрөгний хүү өгч сунгуулж ирсэн. Ингээд үүнээс хойш зээлээ төлөхгүй өнөөдрийг хүрлээ. Зээлээ төлөхийг шаардахад энэ зээлийг авч өөрийн дүү Оюунд өгч хэрэглүүлсэн.

Түүний ажил бүтэхгүй, зээлийг төлөхгүй байна гэдэг шалтгааныг тоочсоор өнөөдрийг хүрч байна. Ийм учраас Батболдоос зээлийг төлөхийг шаардаж ирсэн. Ингээд бидний хооронд хийсэн зээлийн гэрээний 3-т заасны дагуу зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5%-иар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэх заалт байгаа. Үүний дагуу Батболд зээлээ төлөөгүй 11 сар гаран болж байгаа учраас алдангийн хэмжээ үндсэн зээлийн 50%-иас хэтэрч байгаа тул хуулийн хүрээнд нийлүүлэн үндсэн өгсөн зээл болох 17 сая төгрөгний 50% болох 8.500.000 төгрөгний алдангийг нэхэмжилж байна. Иймд хариуцагчаас үндсэн зээл 17 000 000 төгрөг, сунгасан хугацаа болох 2015 оны 04 дүгээр сарын 20 хүртэл 1 сарын хүү 1 700 000 төгрөг, алданги 8 500 000 төгрөг, нийт 27 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Батболд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Иргэн С.Пүрвээгээс 2015 оны 11 дүгээр сарын 20-нд 17 000 000 төгрөг зээлж авсан гэрээ байгаа. Гэхдээ энэ мөнгийг би хүлээж аваагүй. Энэ өдөр миний танил Б.Оюун над руу утасдаж Батболд ахаа та надад туслаач би банкны зээлийн үлдэгдэлээ төлөөд дахиад зээл авах гэтэл барьцаа хөрөнгө хэрэгтэй болоод байна, та байраа түр барьцаалаад хүнээс зээл авах гэрээнд зураад өгөөч гэхээр нь би бодож үзье гээд нэг удаа туслья гээд зөвшөөрсөн. Ингээд намайг үйлчилгээний төвийн урд иргэний үнэмлэх, байрны гэрчилгээтэй хүрээд ир гэхээр нь би очсон. Гэтэл одоо нэг хүн ирнэ гээд хүлээж байтал намхандуу махлаг эрэгтэй ирсэн. Тэгээд бид нотариат орсон. Тэр эрэгтэй зээлийн гэрээний заримыг бичсэн байсан нотариат дээр заримыг нь миний бичиг баримтыг үндэслэн бичсэн. Тэгээд зээлийн гэрээ барьцааны гэрээнд би гарын үсэг зурсан. Би ямар ч мөнгө аваагүй. Б.Оюун, С.Пүрвээ нар хоорондоо хэдэн төгрөг өгч авсныг би мэдэхгүй гэжээ.

Хариуцагч Б.Оюун шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Би 500.000.000 төгрөгийн зээл хөөцөлдөж байсан юм. 2-13-р байранд байрлах дэлгүүрийн гэрчилгээ Б.Оюун-Эрдэнэ эгчид 30.000.000 төгрөгийн барьцаанд байсан. Яагаад тэр гэрчилгээг авах болсон гэхээр Б.Оюун-Эрдэнийн барьцаанд байсан дэлгүүрээ суллаж авах гээд ийм зүйл болсон. Зөрүү барьцаагаа авахын тулд Д.Батболд ахаас байрыг нь гуйж байсан. Дэлгүүрээ барьцаанаас чөлөөлж аваад зөрүүлж Д.Батболд ахын байрыг барьцаанд тавьсан. Түүнээс бэлэн мөнгө авсан зүйл байхгүй. Би Б.Оюун-Эрдэнэ эгчээс 2013 оноос хойш барьцаатай, барьцаагүй мөнгө зээлж авч байсан. Тэр өдөр би болон Д.Батболд ах ямар ч мөнгө Пүрвээгээс аваагүй гэжээ.

Хариуцагч Д.Батболд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

...2015 оны 11 дүгээр сарын 20-ны үед миний хуучин танил С.Оюун над руу утасдаж "Батболд ахаа таны байрны гэрчилгээ энд тэнд тавигдаагүй байгаа биз дээ" гэхээр тийм гэдгээ хэлсэн. Гэтэл "Та надад нэг туслаач, би өөрийн байраа банкинд барьцаалсан байгаа, зээл авах гэхээр заавал өөрийн үл хөдлөх хөрөнгө хэрэгтэй, эсхүл энэ зээлээ хаагаад дараагийн зээл ав гээд байна" гэж гуйсан. Нотариатаар би С.Пүрвээгээс 17 000 000 төгрөг зээлсэн болж, үүүнийхээ барьцаанд 1-16-08 тоот орон сууцаа барьцаалсан гэрээ хийж би гарын үсгээ зурсан.

Дараа нь үл хөдлөх хөрөнгийн газар очиж гэрээг бүртгүүлсэн. Одоо гэтэл С.Пүрвээ надаас зээл гэж 17 000 000 төгрөг, хүү 1 700 000 төгрөг, алданги 8 500 000 төгрөг, бүгд 27 200 000 төгрөг нэхэмжилж байна.

Иймд би С.Пүрвээгийн нэхэмжилж байгаа 17 000 000 төгрөг, түүний хүү, алданги байх бол түүнийг нь уг мөнгийг өөрөөс нь авсан жинхэнэ эзэн Б.Оюунаас нь гаргуулах, мөнгө аваагүй атлаа Б.Оюун, С.Пүрвээ нарын хоорондын ярианд хууртаж байгуулсан зээлийн гэрээг хүчингүйд тооцуулах, С.Пүрвээгээс орон сууцныхаа барьцааг чөлөөлүүлэхээс аргагүй боллоо.

Иймд дараах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

1. Дансранжавын Батболд миний 2015 оны 11 дүгээр сарын 20-нд Сүх-Очирын Пүрвээтэй байгуулсан 17 000 000 /арван долоон сая/ төгрөгийн зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү.

2. Дүр үзүүлсэн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны 17 000 000 төгрөгийн зээлийн гэрээг дагалдуулан С.Пүрвээтэй хийсэн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн миний өөрийн өмчлөлийн 1-16-08 тоот 3 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар мөн хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, С.Пүрвээгээс миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Ү-201003753 тоот гэрчилгээг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Батболд нь мөнгө аваагүй байталаа зээлийн гэрээгээр үүрэг хүлээж үл хөдлөх хөрөнгөө барьцаалж барьцааны гэрээ хийх үү, яаж ч бодсон мөнгө аваагүй хүн ийм хийхгүй. Зээлийг авсан гээд байгаа Оюун Оюун-Эрдэнэ надаас урьд өмнө нь мөнгө зээлдэг байсан боловч энэ зээлтэй хамааруулж ярьж байгаа нь үндэслэлгүй юм гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2017/00833 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч С.Пүрвээгийн хариуцагч Д.Батболдод холбогдуулан гаргасан 27 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг нэхэмжлэгч С.Пүрвээ хариуцагч Б.Оюунд холбогдуулан шаардлага гаргаагүй, хариуцагч Д.Батболд Б.Оюунд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул Б.Оюунд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасныг баримтлан 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр С.Пүрвээ Д.Батболд нарын хооронд байгуулагдсан 17 000 000 төгрөгийн зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасныг баримтлан 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр С.Пүрвээ Д.Батболд нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө / Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст баг 1-16-08 тоот / барьцаалсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэгч С.Пүрвээгээс Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст баг 1-16-08 тоот байрны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан хариуцагч Д.Батболдод олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Пүрвээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294 000 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 776 900 төгрөг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Батболдоос нэмж 242 950 төгрөг гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч С.Пүрвээ Батболд, Оюун нарт холбогдуулан 27.200.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэ нь 2015 оны 11-р сарын 20-нд 17.000.000 төгрөгийг сарын 10%-ийн хүүтэй 1 сарын хугацаатайгаар 1-16-08 тоот 3 өрөө байрыг барьцаалан зээлдүүлсэн зээлийн болон барьцааны гэрээг үндэслэж байгаа болно.

Нэхэмжлэгч С.Пүрвээ нь хариуцагч Батболдод 17.000.000 төгрөгийг бэлнээр өгч зээлийн болон барьцааны гэрээг байгуулж гарын үсэг зурцгаасан. Өгсөн мөнгөн дэвсгэртийг хүртэл тоолж бичиж зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан юм. Уг зээлсэн мөнгөний хугацаа болоод төлөхийг шаардахад Оюун авсан Оюунаараа төлүүлнэ гэж Оюунаар зээлийн хүүг төлүүлж байсан. Зээлийн гэрээний хугацааг сунгаж Батболд сунгасан хугацааны хүүг төлөх нэмэлт үүргийг хүлээж гарын үсэг зурж байсан. Гэрээг бид хүсэл зорилгоо илэрхийлж хийсэн. Гэрээг хийх хүсэлгүй мөнгө аваагүй бол хүн юу гэж зээлийн болон барьцааны гэрээ хийж, нотариатоор батлуулж үл хөдлөх хөрөнгөө барьцаанд тавьж үл хөдлөх улсын бүртгэлийн газар бүртгүүлэх билээ.

Шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ С.Пүрвээ нь мөнгө шилжүүлж өгсөн нь нотлогдоогүй гэж үзэж хэрэгсэхгүй болголоо. Зөвхөн банкаар шилжүүлж өгсөн бол үнэн бэлэн тоолж өгсөн бол нотлогдохгүй гэж шийдэж байгааг хэтэрхий өрөөсгөл шийдлээ гэж үзэж байна.

Хариуцагч Оюуныг энэ хэрэгт хамтран хариуцагчаар татсаны учир нь уг мөнгийг Оюун “Би өөрөө авсан Батболдод хамаагүй” гээд байгаа учраас хүсэлт гаргаж хариуцагчаар татсан билээ. Оюун, Оюун-Эрдэнэ бидний хороонд урьд өмнө мөнгө төгрөг зээлж авсан асуудал байсан.

 Гэтэл шүүх Оюун, Оюун-Эрдэнээс 2015.08.25-нд 10.000.000 төгрөг зээлж авсан нь тогтоогдож байна гэж дүгнээд С.Пүрвээ, Батболд нарын хоорондох 17.000.000 төгрөгний зээлийн болон барьцааны гэрээ хийх үед Оюун, Оюун-Эрдэнэд өртэй байсан нь тогтоогдож байна гэж үзсэн нь үндэслэл бүхий дүгнэлт болж чадсангүй. Хэдийгээр Батболдод энэ мөнгө хамаагүй би өөрөө авсан гэж Оюун хэлж байгаа боловч нэгэнт зээлийн гэрээ болон барьцааны гэрээг Батболд хийж эл хөрөнгөө тавьж үүрэг хүлээсэн учраас Батболд төлөх ёстой гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж С.Пүрвээгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч С.Пүрвээ зээлийн гэрээний үүрэг 27.200.000 төгрөг гаргуулах, хариуцагч Д.Батболд Зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, С.Пүрвээгээс өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн Y-201003753 тоот гэрчилгээг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу хариуцагч Б.Оюуныг хамтран хариуцагчаар татаж оролцуулсан, Д.Батболдын нэхэмжлэлтэй С.Пүрвээ, Б.Оюунд холбогдуулан үндсэн зээл 17.000.000 төгрөг, зээлийн хүү 1.700.000 төгрөг, алданги 8.500.000 төгрөг гаргуулах, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тухай иргэний хэргийг 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 3523 дугаар захирамжаар нэгтгэсэн, хариуцагч Д.Батболд 7 дугаар сарын 19-ний өдөр сөрөг нэхэмжлэл гаргахдаа  2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр өөрчилсөн “...миний нэрээр 2015 оны 11 дүгээр сарын 20-нд гэрээ хийж зээлдэн авсан гэх 17.000.000 төгрөг нь Б.Оюун, С.Пүрвээ нарын хоорондын зээл, тооцоо болохыг тогтоох, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан байна. /хх-ийн 109, 106, тал/

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Д.Батболдын дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан, улсын тэмдэгтийн хураамж төлөгдөөгүй сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байна.

Түүнчлэн шүүх С.Пүрвээгийн нэхэмжлэлтэй Д.Батболдод холбогдох 27.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Б.Оюуныг хамтран хариуцагчаар татан оролцуулсан атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгч С.Пүрвээ нь Б.Оюунд холбогдуулан шаардлага гаргаагүй, Д.Батболд сөрөг нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэгч С.Пүрвээд холбогдуулан гаргасан байхад хариуцагч Д.Батболд, Б.Оюун нарт холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан гэж үзэж түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлж чадаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 142/ШШ2017/00833 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгосугай.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.УРАНЧИМЭГ

 

                     ШҮҮГЧИД                                           Б.БАТТӨР

                                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ