Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 184/2019/00600/И |
Дугаар | 001/ХТ2020/00768 |
Огноо | 2020-11-05 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2020 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 001/ХТ2020/00768
“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” УТҮГ-ын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2019/01129 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1217 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч: “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” Улсын төсөвт үйлдвэрийн газар /УТҮГ/
Хариуцагч: “.. оргил трейд” ХХК
141,374,956 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хануулах тухай иргэний хэргийг
Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жаргалсайханы гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Халиун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан, нарийн бичгийн даргад Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14.5.2, Төсөл сонгон шалгаруулах комиссын 2014-05-29-ний өдрийн шийдвэр, зээлдэгчийн хүсэлтийг тус тус үндэслэн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан нь .. оргил трейд ХХК-тай 2014-11-07-ны өдөр 2014/36 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан. Зээлийн гэрээний 3.1-т заасны дагуу .. оргил трейд ХХК-д нийт 100 сая төгрөгийг, жилийн 3,3 хувийн хүүтэй, мөн гэрээний 3.3 дахь хэсэгт зааснаар 60 сарын хугацаатайгаар, хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон. Гэвч зээлдэгч зээлийн эргэн төлөлтийг тохиролцсон хуваарийн дагуу төлөлгүй, зээлийн гэрээний 7.1-т заасан зөрчлийг гаргасан тул тус гэрээний 10.2.1-т зааснаар үндсэн зээлийн үлдэгдэл 99,949,990 төгрөг, алдангид 37,901,292 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг, нийт 137,871,282 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч тайлбартаа: 100 сая төгрөгийг зээлж, Б...болдын өмчлөлийн хөрөнгийг зээлийн барьцаанд тавьсан. Гэрээг 2014-11-07-ны өдөр байгуулсан боловч 12-24-ний өдөр дансаар мөнгөн хөрөнгө орж ирсэн. 100 сая төгрөгийн зээлийг авсан гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа. Үндсэн зээлээс 50,010 төгрөгийг төлсөн гэдгийг зөвшөөрч үндсэн зээлийн үлдэгдэл 99,949,990 төгрөгийг төлөөгүй болохоо зөвшөөрч байна. Хүүний төлбөр нэхэмжлээгүй байна гэж ойлгосон. Харин алданги болох 37,901,292 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлийн эргэн төлөлтийн хуваарь дээр манай байгууллагыг төлөөлж гарын үсэг зураагүй, мөн нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцалсан. Зээлийн гэрээнд 0.1%-н алданги тооцно гэж заасан байгаа боловч зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь хүчин төгөлдөр бус учраас алданги тооцох боломжгүй юм. Тиймээс үндсэн зээлийн төлбөр 99,949,990 төгрөг, нотариатын зардал баримтаар тогтоогдсон 12,000 төгрөг, нийт 99,961,990 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Алдангийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 184/ШШ2019/01129 дүгээр шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан .. оргил трейд ХХК-с 137,863,282 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 8,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Б...болдын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, .. дүгээр хороо, .... тоот хаягт байрлах, хувийн сууцны зориулалттай, 126 м.кв талбайтай, нэг давхар, улсын бүртгэлийн Ү-2........00 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын ........2373 дугаартай, 620 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, улсын бүртгэлийн Г-.......77 дугаартай өмчлөлийн газар зэргийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, орсон орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба хариуцагчаас 847,266.41 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1217 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2019/01129 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосон байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жаргалсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. “.. оргил трейд” ХХК нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулахдаа тус компанийн захирал Д.Б- нь өөрийн хүү болох Б...болдоос итгэмжлэл авч түүний 126 м2 талбай бүхий хувийн сууц, 620 м2 талбай бүхий газрыг тус тус барьцаанд тавих, зээлийн болон барьцааны гэрээнд төлөөлөх үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж хууль ёсны дагуу эрх үүргээ ойлгож тус итгэмжлэлийг өгсөн байдаг. Мөн тухайн өдөр болох 2014-11-07-нд тус компаний захирал Ц.Б- нь өөрийн хүү болох Б...болдод сантай байгуулах зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах УБЕГ бүртгүүлэх итгэмжлэлийг тухайн өдрөө өгсөн байдаг. Хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээнүүдэд Б...болд нь гарын үсэг зурсан байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримтыг давж заалдах шатны шүүх дутуу үнэлж шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн заалт байсаар байтал түүнийг хэрэглэхгүй байгаад гомдолтой байна. Иймд хуульд заасны дагуу магадлалыг хянан үзэж түүнийг хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” УТҮГ 2019-02-19-ний өдөр нэхэмжлэл гаргаж, “.. оргил трейд” ХХК-иас нийт 137,871,282 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахыг шаардсан бөгөөд үндэслэлээ тайлбарлахдаа “...зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 100 сая төгрөгийг жилийн 3,3 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлүүлсэн боловч төлбөр төлөгдөөгүй тул үндсэн зээл 99,949,990 төгрөг, 605 хоногийн алдангид 37,901,292 төгрөг, нотариатын зардал 20,000 төгрөг, хариуцагчаас гаргуулна...” гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “..гэрээний хугацаа дуусаагүй...” гэж маргасан байна.
Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2014-11-07-ны өдрийн 2014/36 дугаартай зээлийн гэрээ болон зээлийн барьцааны гэрээнээс үзвэл, Д.Б нь Б...болд болон “.. оргил трейд” ХХК-г төлөөлөн нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулан 100 сая төгрөгийг нэг жилийн 3,3 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлд Сонгинохайрхан дүүрэг, .. дүгээр хороо, ... тоот хаягт байрлах 126 м.кв талбайтай хувийн сууц, 620 м.кв хэмжээтэй газрыг барьцаалсан байна.
Хэрэгт авагдсан баримтаар, Д.Б- нь Б...болд болон “.. оргил трейд” ХХК-г төлөөлөх бүрэн эрхтэй нь тогтоогджээ.
Тодруулбал, Б...болд нь өөрийн эцэг Д.Б-т 2014-11-07-ны өдөр итгэмжлэл олгосон, уг итгэмжлэлээр Д.Б- нь “...Сонгинохайрхан дүүргийн ..-р хороо, Толгойтын ... тоотын 620 кв.м газар, 126 кв.м хувийн сууц...-г ЖДҮХ сангийн 100 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавих... зээл болон зээлийн барьцааны гэрээнд төлөөлөх үүргийн гүйцэтгэлийг хангах үйлдэл хийх эрхтэй...” /хх9/ байна. “.. оргил трейд” ХХК-ийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд нь Д.Б- болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2019-02-22-ны өдрийн лавлагаа /хх22/-р нотлогдсон байх ба эдгээрийг үгүйсгэх баримт хэрэгт байхгүй байна.
2. Нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байх тул гэрээнд заасан үүргээ зээлдэгч болон зээлдүүлэгч биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.
“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан” УТҮГ нь 2014-11-07-ны өдрийн зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлсэн буюу зээлдэгч 100 сая төгрөгийг хүлээн авсан байх тул зээлдүүлэгч үүргээ биелүүлсэн гэж шүүх үзнэ.
Зээлдэгч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй нь тогтоогдсон, нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг шаардсан нь Иргэний хуулийн 451, 221, 227 дугаар зүйлийн зохицуулалтад нийцсэн байна.
3. Анхан шатны шүүх Д.Б-ыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан, 2014-11-07-ны өдрийн итгэмжлэлд зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үйлдэл хийх эрхийн талаар заасан, барьцааны гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагын талаар хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо татгалзал илэрхийлээгүй буюу эсэргүүцээгүй байна. Иймд анхан шатны шүүх хариуцагчийг оролцуулан, барьцааны гэрээний үүрэгтэй холбоотой шаардлагыг шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 242 дугаар зүйлийн 242.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгийн агуулгыг зөрчөөгүй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.
4. Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээнэ. Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хянан шийдвэрлэнэ.
Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэх баримтгүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1217 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2019/01129 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ