Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Санги-Очирын Олзод |
Хэргийн индекс | 106/2016/0622/э |
Дугаар | 05 |
Огноо | 2016-06-14 |
Зүйл хэсэг | 215.2., |
Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,
Нарийн бичгийн дарга Ж.Оюунхүү,
Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,
Насанд хүрээгүй хохирогч Н.Эрхэмхишигт,
Хууль ёсны төлөөлөгч Н.Нансалмаа,
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Майбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн,
Шүүгдэгч Ө.Даваабаяр
Иргэний хариуцагч Х.Нэргүйбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өлзийпүрэвийн Даваабаярт холбогдох эрүүгийн201624000193 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум, 4 дүгээр багт төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 23-922 тоотод түр оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: РФ92102510 / Боржгон овогт Өлзийпүрэвийн Даваабаяр нь:
- 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 15 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нисэхийн замд Hyundai Verna маркийн 93-69 УБЛ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3-т заасан "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч 13 настай Н.Эрхэмхишигтийг мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 2-8 /,
Насанд хүрээгүй хохирогч Н.Эрхэмхишигт мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “…2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 14-15 цагийн хооронд Буянт-Ухаа цогцолборт сагсан бөмбөгийн тэмцээн үзэх гээд найзууд болох Э.Эрхэмбаяр, А.Дөлгөөн нарын хамтаар Нисэхийн урд талын замыг ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зам гарч яваад машинд мөргүүлсэн. Тэгээд толгойдоо гэмтэл аваад эмнэлэгт 23 хоноод гарсан. Зарим зүйлээ сайн санахгүй байгаад байгаа…” гэжээ. / хх 11-12 /,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нансалмаа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Миний хүү Эрхэмхишигт 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 14-15 цагийн хооронд Буянт-Ухаа цогцолборт сагсан бөмбөгийн тэмцээн үзэх гээд найзууд болох Э.Эрхэмбаяр, А.Дөлгөөн нарын хамтаар Нисэхийн урд талын замыг ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй гарч яваад машинд мөргүүлж толгойдоо гэмтэл авсан. Уг ослоос болж Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 23 хоног хэвтэж гараад, хувийн Манал оточ эмнэлэгт 35 хоног хэвтсэн. Энэ хооронд эмчилгээний зардал гэж 4 сая гаран төгрөг гарч байна. Энэ жолооч 740.000 төгрөг өгсөн. Тархины хагалгаанд ороогүй. Гэхдээ 14 хоног ухаангүй байсан. Тархины цус шимэгдэж дуусаагүй байгаа, эмчилгээнээс л шалтгаалах болно. Одоо нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа. ...Эмчилгээнд нийт 5.250.000 төгрөг гарсан ба баримтаа гаргаж өгсөн…” гэжээ / хх 13, 14 /,
Насанд хүрээгүй гэрч А.Дөлгөөн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Ангийнхаа Э.Эрхэмбаярын найз Н.Эрхэмхишигт гэх хүүхэдтэй тааралдаад, 3-лаа Буянт-Ухаа цогцолборын хажуу талаар засмал замыг урдаасаа хойшоо чиглэлтэй зам хөндлөн гарч яваад Н.Эрхэмхишигт машинд мөргүүлсэн юм. Бид зам гарахдаа машин харж байгаад шууд гүйгээд гарсан. Тэгтэл Н.Эрхэмхишигт Э.Эрхэмбаяр бид 2-ын ард гүйж яваад машинд мөргүүлсэн байсан. Зам гарахдаа машин харсан. Тэгэхэд их хол байсан. Гэхдээ энэ машин их хурдтай явж ирээд л мөргөсөн. Энэ машин хотоос Нисэх чиглэлд буюу зүүнээс баруун тийшээ замын 1 дүгээр эгнээгээр явж байсан…” гэжээ. / хх 15 /,
Насанд хүрээгүй гэрч Э.Эрхэмбаяр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 15 цагийн орчим ангийнхаа А.Дөлгөөний хамтаар явж байгаад Яармагийн автобусны 2 дугаар буудал дээр Н.Эрхэмхишигттэй тааралдсан. Тэгээд 3-лаа автобусанд суугаад Нисэх дээр буугаад буцаад замын урд талаар алхаад Буянт-Ухаа цогцолборын хажуу талаар засмал замыг урдаасаа хойшоо чиглэлтэй зам гарч яваад Н.Эрхэмхишигт машинд мөргүүлсэн. Бид зам гарахдаа машин харж байгаад шууд гүйгээд гарсан. Тэгтэл Н.Эрхэмхишигт ард гүйж яваад машинд мөргүүлсэн байсан. Зам гарахдаа машин харсан. Машин их хол байсан гэхдээ их хурдтай явж ирээд л мөргөсөн. Энэ машин хотоос нисэх чиглэлд буюу зүүнээс баруун тийшээ замын 1 дүгээр эгнээгээр явж байсан. Машин тэрэгний хөдөлгөөн бага байсан болохоор зам гарах гээд гүйж байхад гэнэтхэн л энэ цагаан машин их хурдтай орж ирээд л мөргөсөн. Дөлгөөн бид 2 урд нь амжаад зам гарсан болохоор яг яаж мөргүүлснийг бол хараагүй. Миний ард тас гээд л явсан эргээд харахад цагаан Аксент Н.Эрхэмхишигтийг мөргөөд газарт унагаасан байсан. Н.Эрхэмхишигт машинаас 5-6 алхам зайтай газарт унасан хэвтэж байсан…” гэжээ. / хх 18 /,
Иргэний хариуцагч Х.Нэргүйбаатар мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “…93-69 УБЛ дугаартай Х.Верна аксент маркийн автомашин миний нэр дээр байдаг. Би энэ машиныг 2008 онд авсан. ...машины эвдрэлд ямар нэгэн гомдол санал байхгүй, машиндаа үнэлгээ хийлгэхгүй. Ө.Даваабаяраас нэхэмжлэх зүйл байхгүй. Харин Даатгал дээр Ө.Даваабаярын нэр дээр байдаг болохоор төлбөрийг даатгалаас төлж барагдуулах болно…” гэжээ. / хх 26-27/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3125 тоот дүгнэлтэнд
1. Н.Эрхэмхишигтийн биед баруун чамархай ясны урд доод хэсгээс суурь ясны их далавч, бага далавч, хацар ясны нум дайрсан, нийлмэл хугарал, баруун чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины суурь, зүүн зулайн тархины эдийн гүнд цус хуралт, няцрал, 2 талын дух болон зулайн урд цус хуралт, аалзан бүрхүүл доорх цус харвалт, нүүрний баруун хацар, шанаанд зулгаралт, зүүн чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний явцаас хамаарна. Тухайн хэрэг, учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл болно гэжээ. / хх 43 /,
Техникийн шинжээчийн дүгнэлт 218 тоот дүгнэлтэнд:
-Х.Верна аксент маркийн 93-69 УБЛ дугаартай автомашины жолооч Ө.Даваабаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, ... ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
- Тоормосны мөр 51=45,70 метр
- Тоормосны идэвхижпийн коэффицент Кэ-1,1
- Замын дугуйн барьцалдалтын коэффицент (Тухайн нөхцөлд замын
гадаргуугийн байдлаас үзэхэд хуурай, асфальтан, уруу гэсэн байх тул) -0,7-гаар
авч үзнэ
- У=^(254*51)/Кэ=^/254*45,70*0,7/1,1= 85.9 км/цаг 93-69 УБЛ улсын дугаартай Х.Верна аксент маркийн автомашины явсан хамгийн бага хурд /Яагаад гэвэл явган зорчигчийг мөргөөд цаашаа яваад зогссон тоормосны мөрөөр хурдыг бодож гаргасан гэжээ. / хх 31-32 /,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистик шинжилгээний хэлтсийн Автотехникийн лабораторийн шинжээчийн №2402 тоот дүгнэлт / хх 34-41 /,
Шүүгдэгч Ө.Даваабаярыг 2016.03.17-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 93-94 /, 2016.04.25-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 94-96 /,
Шүүгдэгч урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 87 / зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Даваабаяр мэдүүлэхдээ: Би 2016 оны 02 дугаар 25-ны өдөр Буянт-Ухаа 2 хороолол орчихоод 15 цаг 35 минутын орчим буцаад гэр рүүгээ 1 дүгээр эгнээгээр явж байхдаа Приус-30 маркийн автомашинд шахагдаад ард нь тулаад очихдоо машиныхаа жолооны хүрдийг зүүн гар тийш нь бүтэн дараад буцаад эргэхэд зам хөндлөн 3 хүүхэд гарч байхаар нь би машиныхаа тоормосыг гишгэхэд голд нь явж байсан хүүхдийг мөргөсөн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч Н.Эрхэмхишигт мэдүүлэхдээ: Би Эрхэмбаяр, Дөлгөөн гэсэн хоёр найзтайгаа таараад Буянт-Ухаа спортын ордонд сагсан бөмбөгийн тэмцээн үзэхээр явж байсан. Замын аль хэсгээр явж байснаа сайн санахгүй байна. Миний толгой өвдөж байна. Би осолд орсноос хойш сургуульдаа яваагүй. 7 дугаар ангийн шалгалтаа өгөөгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нансалмаа мэдүүлэхдээ: Манай хүүхэд авто осолд орохоосоо өмнө цовоо сэргэлэн, хурдан хөдөлгөөнтэй, сурлага сайтай хүүхэд байсан юм. Харин осолд ороод биеийн байдал тун муу байгаа. Би эмчилгээний мөнгөгүйгээс болоод хийлгэх ёстой эмчилгээг нь хийлгээгүй. Хүү маань 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр осолд орсноос хойш хичээлдээ яваагүй. Мөн хүүхдийн халамжийн асуудлыг нь шийдвэрлүүлмээр байна. Цаашдаа сурч боловсрох боломж муутай болсон, аарцаг ясандаа 3 хугаралтай, ахар сүүл, сүүжний ясны хугаралтай, хөл нь гадагш сайргар болж өвддөг бөгөөд байнга тархины өвчин намдаах эм тариа хэрэглэж байна. Тархины цус нь одоог болтол шимэгдэж дуусаагүй. Манай хүүхэд цаашдаа бүрэн эдгэрэх, эдгэрэхгүй эсэхэд би эргэлзээтэй байна. Иймд би хүүхдээ эрүүл болгохын тулд эмчилгээний зардалд 9.082.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Х.Нэргүйбаатар мэдүүлэхдээ: Би болон манай эхнэр албан ёсны эрхэлсэн тодорхой ажилгүй, хоёр нялх хүүхэдтэй. Осол гаргасан тухайн машин банкны барьцаанд байдаг. Би даатгалын байгууллагад осолтой холбоотой баримтуудыг гаргаж өгөхөд даатгалын компани хохирол төлбөрийг төлж барагдуулна гэж хэлдэг. Машин банкны барьцаанд байдаг тул одоогоор хохирлын төлбөрийг төлөх боломжгүй байна гэв.
Шүүгдэгч Ө.Даваабаяр нь 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 15 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нисэхийн замд Hyundai Verna маркийн 93-69 УБЛ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3-т заасан " Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч 13 настай Н.Эрхэмхишигтийг мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:
-Миний хүү Эрхэмхишигт 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 14-15 цагийн хооронд Буянт-Ухаа цогцолборт сагсан бөмбөгийн тэмцээн үзэх гээд найзууд болох Э.Эрхэмбаяр, А.Дөлгөөн нарын хамтаар Нисэхийн урд талын замыг ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй гарч яваад машинд мөргүүлж толгойдоо гэмтэл авсан. Уг ослоос болж Гэмтэл согог судлалын үндэсний төвд 23 хоног хэвтэж гараад, хувийн Манал оточ эмнэлэгт 35 хоног хэвтсэн. Энэ хооронд эмчилгээний зардал гэж 4 сая гаран төгрөг гарч байна. Энэ жолооч 740.000 төгрөг өгсөн. Тархины хагалгаанд ороогүй гэхдээ 14 хоног ухаангүй байсан. Тархины цус шимэгдэж дуусаагүй байгаа эмчилгээнээс л шалтгаалах болно. Эмчилгээнд нийт 5.250.000 төгрөг гарсан ба баримтаа гаргаж өгсөн гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нансалмаагийн мэдүүлэг / хх 13, 14 /,
-Ангийнхаа Э.Эрхэмбаярын найз Н.Эрхэмхишигт гэх хүүхэдтэй тааралдаад, 3-лаа Буянт-Ухаа цогцолборын хажуу талаар засмал замыг урдаасаа хойшоо чиглэлтэй зам хөндлөн гарч яваад Н.Эрхэмхишигт машинд мөргүүлсэн юм. Бид зам гарахдаа машин харж байгаад шууд гүйгээд гарсан. Тэгтэл Н.Эрхэмхишигт Э.Эрхэмбаяр бид 2-ын ард гүйж яваад машинд мөргүүлсэн. Зам гарахдаа машин харсан. Тэгэхэд их хол байсан. Гэхдээ энэ машин их хурдтай явж ирээд л мөргөсөн гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч А.Дөлгөөний мэдүүлэг / хх 15 /,
- 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 15 цагийн орчим Буянт-Ухаа цогцолборын хажуу талаар засмал замыг урдаасаа хойшоо чиглэлтэй зам гарч яваад Н.Эрхэмхишигт машинд мөргүүлсэн. Бид зам гарахдаа машин харж байгаад шууд гүйгээд гарсан. Зам гарахдаа машин харсан. Машин их хол байсан гэхдээ их хурдтай явж ирээд л мөргөсөн. Дөлгөөн бид 2 урд нь амжаад зам гарсан болохоор яг яаж мөргүүлснийг бол хараагүй. Миний ард тас гээд л явсан эргээд харахад цагаан Аксент Н.Эрхэмхишигтийг мөргөөд газарт унагаасан байсан. Н.Эрхэмхишигт машинаас 5-6 алхам зайтай газарт унасан хэвтэж байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч Э.Эрхэмбаярын мэдүүлэг / хх 18 /,
- 93-69 УБЛ дугаартай Х.Верна аксент маркийн автомашин миний нэр дээр байдаг ба энэ машиныг 2008 онд авсан. Машины эвдрэлд ямар нэгэн гомдол санал байхгүй, машиндаа үнэлгээ хийлгэхгүй. Ө.Даваабаяраас нэхэмжлэх зүйл байхгүй. Харин Даатгал дээр Ө.Даваабаярын нэр дээр байдаг болохоор төлбөрийг даатгалаас төлж барагдуулах болно гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн иргэний хариуцагч Х.Нэргүйбаатарын мэдүүлэг / хх 26-27/,
- Хохирогч Н.Эрхэмхишигтийн биед баруун чамархай ясны урд доод хэсгээс суурь ясны их далавч, бага далавч, хацар ясны нум дайрсан, нийлмэл хугарал, баруун чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины суурь, зүүн зулайн тархины эдийн гүнд цус хуралт, няцрал, 2 талын дух болон зулайн урд цус хуралт, аалзан бүрхүүл доорх цус харвалт, нүүрний баруун хацар, шанаанд зулгаралт, зүүн чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл учирсан талаарх Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 3125 тоот шинжээчийн дүгнэлт / хх 43 /,
- Техникийн шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 218 тоот дүгнэлт / хх 31-32 /,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистик шинжилгээний хэлтсийн Автотехникийн лабораторийн шинжээчийн № 2402 тоот дүгнэлт / хх 34-41/ зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Ө.Даваабаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуулинд заасан баривчлах ялыг оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохирогчид учирсан эмчилгээний зардлын зарим болох 1.419.719 / нэг сая дөрвөн зуун арван есөн мянга долоон зуун арван есөн / төгрөгийг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Хохирогч Н.Эрхэмхишигт, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Нансалмаа нар нь эмчилгээний болон бусад зардалд 9.082.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн боловч баримтаар нотлогдсон 6.700.880 / зургаан сая долоон зуун мянга найман зуун ная /-н төгрөгийг шүүгдэгч Ө.Даваабаяр, иргэний хариуцагч Х.Нэргүйбаатар нараас гаргуулж, нэхэмжлэлээс 2.381.120 / хоёр сая гурван зуун наян нэгэн мянга нэг зуун хорь /-н төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Өлзийпүрэвийн Даваабаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Өлзийпүрэвийн Даваабаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 / хоёр / жилийн хугацаагаар хасаж, 5 / тав / сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.
3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ө.Даваабаяр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Даваабаяр, иргэний хариуцагч Х.Нэргүйбаатар нараас 6.700.880 / зургаан сая долоон зуун мянга найман зуун ная /-н төгрөгийг гаргуулан насанд хүрээгүй хохирогч Н.Эрхэмхишигт, хууль ёсны төлөөлөгч Н.Нансалмаа нарт олгож, нэхэмжлэлээс 2.381.120 / хоёр сая гурван зуун наян нэгэн мянга нэг зуун хорь /-н төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Насанд хүрээгүй хохирогч Н.Эрхэмхишигт, хууль ёсны төлөөлөгч Н.Нансалмаа нар нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6. Ө.Даваабаярт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Ө.Даваабаярын жолоочийн ¹729136 дугаартай үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, АЯ 0356194 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Х.Нэргүйбаатарт олгосугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ө.Даваабаярт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ОЛЗОД