Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 128/2016/0258/з |
Дугаар | 221/МА2016/0537 |
Огноо | 2016-08-11 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2016/0537
Л.*******гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 430 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Л.*******гийн нэхэмжлэлтэй, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 430 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 23 дугаар зүйлийн 23.5, 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг тус тус баримтлан хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзэн дахин шинэ акт гартал Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/25 дугаар тушаалын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ууганбаатар, И.Мөнхбаяр нар давж заалдах гомдолдоо: ...1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 526 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 498 дугаар магадлалаар Б.Төмөрбаатарыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилохоор шийдвэрлэсэн.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78.1-д “Хэргийн оролцогчид захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн биелүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу дээрх шүүхийн шийдвэрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/25 дугаар тушаалаар Л.*******г Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын албан тушаалаас чөлөөлж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Б/26 дугаар тушаалаар Б.Төмөрбаатарыг Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын албан тушаалд эгүүлэн томилсон.
2. Л.*******г ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40.2-т “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэж заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Түүний урьд хашиж байсан албан тушаалын зэрэглэл нь ТЗ-10-д хамаарах бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт тухайн үед уг зэрэглэлийн албан тушаалын сул орон тоо байхгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг биелүүлэх боломжгүй байсан.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хил, хорио цээрийн хяналтын газрын дарга 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Л.******* нь мэргэжлийн хувьд Хил, хорио цээрийн хяналтын газрын даргын албан тушаалд тавигдах шаардлагад нийцэхгүй. Төрийн байгууллагад гарсан сул орон тоог нөхөх, сул ажлын байран дээр шаардлага хангасан этгээдийг сонгон шалгаруулж, томилон ажиллуулах асуудал нь тухайн төрийн байгууллагын дотоод асуудал юм. Одоогоор манай байгууллагад сул орон тоо байхгүй байна.
Анхан шатны шүүх хэргийг хянан шалгахдаа холбогдох хууль тогтоомжийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, үйл баримт, нотлох баримтуудыг буруу үнэлсэн гэж үзэж байгаа тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 430 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Л.******* нь анх “...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Төрийн захиргаа, удирдлагын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох...” нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус газрын Хил, хорио цээрийн хяналтын газрын даргын албан тушаалын сул орон тоо гарсан учраас “тухайн ажил, албан тушаалд томилуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.
Нэхэмжлэгч Л.******* нь төрийн жинхэнэ албан хаагч болохын хувьд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар орон тоо хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр албан тушаалд шилжих...” гэсэн нэмэгдэл баталгаагаар хангагдах ёстой.
Хил хорио цээрийн хяналтын газрын даргын ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтод “дээд боловсролтой, бакалаврын зэрэгтэй, тухайн салбарын аль нэг чиглэлийн мэргэжилтэй байх, төрийн удирдлагын менежер...” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч Л.*******гийн хувьд дээд боловсролтой, хүүхдийн их эмч мэргэжилтэй, Төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалтын менежерээр мэргэшсэн байдал нь тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан гэж үзэхээр байна.
Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журмын 6.3-д зааснаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагч тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа тохиолдолд албан тушаалын зэрэглэлээсээ тухайн ангилал дотроо түүнээс дээшхи зэрэглэлийн төрийн жинхэнэ албан тушаалд томилогдох боломжтой юм.
Иймээс Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нэхэмжлэгч Л.*******гийн хашиж байсан албан тушаалын ангилал, зэрэглэлтэй /ТЗ-10/ ижил төвшний Хил хорио цээрийн хяналтын газрын даргын ажил, албан тушаалд түүнийг томилох боломжтой эсэхийг судлан, хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Мандахаас “Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцох болсон тул шүүх хуралдааныг хойшлуулах”, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангараваас “өмгөөлөгч Н.Мандахын шүүх хуралдаан давхацсан тул миний бие өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох боломжгүй” гэсэн агуулга бүхий хүсэлтүүдийг 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 09 цаг 20 минутад тус шүүхэд ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар давж заалдах шатны шүүхээс энэхүү шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдод хуулийн хугацаанд буюу 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр мэдэгдсэн байх тул дээрх хүсэлтийг хангахгүй орхисон болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР