Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Санги-Очирын Олзод |
Хэргийн индекс | 106/2016/0622/э |
Дугаар | 05А |
Огноо | 2016-08-30 |
Зүйл хэсэг | 215.2., |
Улсын яллагч | Ц.Оюун-Эрдэнэ |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 05А
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,
Нарийн бичгийн дарга О.Баясгалан,
Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,
Насанд хүрээгүй хохирогч Н.Эрхэмхишигт,
Хууль ёсны төлөөлөгч Н.Нансалмаа,
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Майбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн,
Шүүгдэгч Ө.Даваабаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өлзийпүрэвийн Даваабаярт холбогдох эрүүгийн201624000193 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сум, 4 дүгээр багт төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 23-922 тоотод түр оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: РФ92102510 / Боржгон овогт Өлзийпүрэвийн Даваабаяр нь:
- 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 15 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нисэхийн замд Hyundai Verna маркийн 93-69 УБЛ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3-т заасан "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч 13 настай Н.Эрхэмхишигтийг мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 2-8 /,
Насанд хүрээгүй хохирогч Н.Эрхэмхишигт мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “…2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 14-15 цагийн хооронд Буянт-Ухаа цогцолборт сагсан бөмбөгийн тэмцээн үзэх гээд найзууд болох Э.Эрхэмбаяр, А.Дөлгөөн нарын хамтаар Нисэхийн урд талын замыг ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зам гарч яваад машинд мөргүүлсэн. Тэгээд толгойдоо гэмтэл аваад эмнэлэгт 23 хоноод гарсан. Зарим зүйлээ сайн санахгүй байгаад байгаа…” гэжээ. / хх 11-12 /,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нансалмаа мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Миний хүү Эрхэмхишигт 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 14-15 цагийн хооронд Буянт-Ухаа цогцолборт сагсан бөмбөгийн тэмцээн үзэх гээд найзууд болох Э.Эрхэмбаяр, А.Дөлгөөн нарын хамтаар Нисэхийн урд талын замыг ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй гарч яваад машинд мөргүүлж толгойдоо гэмтэл авсан. Уг ослоос болж Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 23 хоног хэвтэж гараад, хувийн Манал оточ эмнэлэгт 35 хоног хэвтсэн. Энэ хооронд эмчилгээний зардал гэж 4 сая гаран төгрөг гарч байна. Энэ жолооч 740.000 төгрөг өгсөн. Тархины хагалгаанд ороогүй. Гэхдээ 14 хоног ухаангүй байсан. Тархины цус шимэгдэж дуусаагүй байгаа, эмчилгээнээс л шалтгаалах болно. Одоо нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа. ...Эмчилгээнд нийт 5.250.000 төгрөг гарсан ба баримтаа гаргаж өгсөн…” гэжээ / хх 13, 14 /,
Насанд хүрээгүй гэрч А.Дөлгөөн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...Ангийнхаа Э.Эрхэмбаярын найз Н.Эрхэмхишигт гэх хүүхэдтэй тааралдаад, 3-лаа Буянт-Ухаа цогцолборын хажуу талаар засмал замыг урдаасаа хойшоо чиглэлтэй зам хөндлөн гарч яваад Н.Эрхэмхишигт машинд мөргүүлсэн юм. Бид зам гарахдаа машин харж байгаад шууд гүйгээд гарсан. Тэгтэл Н.Эрхэмхишигт Э.Эрхэмбаяр бид 2-ын ард гүйж яваад машинд мөргүүлсэн байсан. Зам гарахдаа машин харсан. Тэгэхэд их хол байсан. Гэхдээ энэ машин их хурдтай явж ирээд л мөргөсөн. Энэ машин хотоос Нисэх чиглэлд буюу зүүнээс баруун тийшээ замын 1 дүгээр эгнээгээр явж байсан…” гэжээ. / хх 15 /,
Насанд хүрээгүй гэрч Э.Эрхэмбаяр мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “...2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 15 цагийн орчим ангийнхаа А.Дөлгөөний хамтаар явж байгаад Яармагийн автобусны 2 дугаар буудал дээр Н.Эрхэмхишигттэй тааралдсан. Тэгээд 3-лаа автобусанд суугаад Нисэх дээр буугаад буцаад замын урд талаар алхаад Буянт-Ухаа цогцолборын хажуу талаар засмал замыг урдаасаа хойшоо чиглэлтэй зам гарч яваад Н.Эрхэмхишигт машинд мөргүүлсэн. Бид зам гарахдаа машин харж байгаад шууд гүйгээд гарсан. Тэгтэл Н.Эрхэмхишигт ард гүйж яваад машинд мөргүүлсэн байсан. Зам гарахдаа машин харсан. Машин их хол байсан гэхдээ их хурдтай явж ирээд л мөргөсөн. Энэ машин хотоос нисэх чиглэлд буюу зүүнээс баруун тийшээ замын 1 дүгээр эгнээгээр явж байсан. Машин тэрэгний хөдөлгөөн бага байсан болохоор зам гарах гээд гүйж байхад гэнэтхэн л энэ цагаан машин их хурдтай орж ирээд л мөргөсөн. Дөлгөөн бид 2 урд нь амжаад зам гарсан болохоор яг яаж мөргүүлснийг бол хараагүй. Миний ард тас гээд л явсан эргээд харахад цагаан Аксент Н.Эрхэмхишигтийг мөргөөд газарт унагаасан байсан. Н.Эрхэмхишигт машинаас 5-6 алхам зайтай газарт унасан хэвтэж байсан…” гэжээ. / хх 18 /,
Иргэний хариуцагч Х.Нэргүйбаатар мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: “…93-69 УБЛ дугаартай Х.Верна аксент маркийн автомашин миний нэр дээр байдаг. Би энэ машиныг 2008 онд авсан. ...машины эвдрэлд ямар нэгэн гомдол санал байхгүй, машиндаа үнэлгээ хийлгэхгүй. Ө.Даваабаяраас нэхэмжлэх зүйл байхгүй. Харин Даатгал дээр Ө.Даваабаярын нэр дээр байдаг болохоор төлбөрийг даатгалаас төлж барагдуулах болно…” гэжээ. / хх 26-27/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3125 тоот дүгнэлтэнд
1. Н.Эрхэмхишигтийн биед баруун чамархай ясны урд доод хэсгээс суурь ясны их далавч, бага далавч, хацар ясны нум дайрсан, нийлмэл хугарал, баруун чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины суурь, зүүн зулайн тархины эдийн гүнд цус хуралт, няцрал, 2 талын дух болон зулайн урд цус хуралт, аалзан бүрхүүл доорх цус харвалт, нүүрний баруун хацар, шанаанд зулгаралт, зүүн чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар
гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний явцаас хамаарна. Тухайн хэрэг, учрал болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл болно гэжээ. / хх 43 /,
Техникийн шинжээчийн дүгнэлт 218 тоот дүгнэлтэнд:
-Х.Верна аксент маркийн 93-69 УБЛ дугаартай автомашины жолооч Ө.Даваабаяр нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, ... ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
- Тоормосны мөр 51=45,70 метр
- Тоормосны идэвхижпийн коэффицент Кэ-1,1
- Замын дугуйн барьцалдалтын коэффицент (Тухайн нөхцөлд замын гадаргуугийн байдлаас үзэхэд хуурай, асфальтан, уруу гэсэн байх тул) -0,7-гаар авч үзнэ
- У=^(254*51)/Кэ=^/254*45,70*0,7/1,1= 85.9 км/цаг 93-69 УБЛ улсын дугаартай Х.Верна аксент маркийн автомашины явсан хамгийн бага хурд /Яагаад гэвэл явган зорчигчийг мөргөөд цаашаа яваад зогссон тоормосны мөрөөр хурдыг бодож гаргасан гэжээ. / хх 31-32 /,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистик шинжилгээний хэлтсийн Автотехникийн лабораторийн шинжээчийн №2402 тоот дүгнэлт / хх 34-41 /,
Шүүгдэгч Ө.Даваабаярыг 2016.03.17-нд сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 93-94 /, 2016.04.25-нд яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 94-96 /,
Шүүгдэгч урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх 87 / зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Даваабаяр мэдүүлэхдээ: Би 2016 оны 02 дугаар 25-ны өдөр Буянт-Ухаа 2 хороолол орчихоод 15 цаг 35 минутын орчим буцаад гэр рүүгээ 1 дүгээр эгнээгээр явж байхдаа Приус-30 маркийн автомашинд шахагдаад ард нь тулаад очихдоо машиныхаа жолооны хүрдийг зүүн гар тийш нь бүтэн дараад буцаад эргэхэд зам хөндлөн 3 хүүхэд гүйгээд гараад ирэхээр нь би машиныхаа тоормосыг гишгэхэд сүүлд нь явж байсан хүүхдийг мөргөсөн. Тухайн үед би 65 км/ цагийн хурдтай явж байсан. Осол гарахад хурд хэтрүүлж явсан миний буруу. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө. Гэм буруугаа ойлгож гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нансалмаа мэдүүлэхдээ: Манай хүүхэд авто осолд орохоосоо өмнө цовоо сэргэлэн, хурдан хөдөлгөөнтэй, сурлага сайтай хүүхэд байсан юм. Харин осолд ороод биеийн байдал тун муу байгаа. Би эмчилгээний мөнгөгүйгээс болоод хийлгэх ёстой эмчилгээг нь хийлгээгүй. Хүү маань 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр осолд орсноос хойш хичээлдээ яваагүй. Цаашдаа сурч боловсрох боломж муутай болсон, аарцаг ясандаа 3 хугаралтай, ахар сүүл, сүүжний ясны хугаралтай, хөл нь гадагш сайргар болж өвддөг бөгөөд байнга тархины өвчин намдаах эм тариа хэрэглэж байна. Тархины цус нь одоог болтол шимэгдэж дуусаагүй. Миний хүүхдийн тархи толгой нь байнга өвддөг, хүчтэй эм тариа хэрэглэж байгаа. Одоо эмчилгээ эм тариатай холбоотой зардлаа нэхэмжилж байна. Хоол ундны зардалд 3.000.000 сая төгрөг нэхэмжилж байсныг өмгөөлөгчтэйгөө ярилцаад нэхэмжлэхгүй болсон. Хүүхдийн биеийн эрүүл мэндийн байдал бүрэн эдгээгүй байгаа. Би байнга өдөр шөнөгүй боддог “...Миний хүүхэд яах гэж зам хөндлөн гүйв дээ. Гүйгээгүй бол ийм осол гарахгүй байх байсан…” Осол гарахад миний хүүхдийн ч буруу, жолоочийн ч буруу байгаа. Цаашид миний хүүхдийг туслаж дэмжээсээ л гэж хүсэж байна. Нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Эмчилгээний зардалд 11.093.200 төгрөг нэхэмжилснээс 1.416.750 төгрөгийг Ө.Даваабаяраас, 5.000.000 төгрөгийг “ Номин даатгал” даатгалын компаниас, 2.000.000 төгрөгийг бэлнээр сая хүлээн авсан. Нийт эмчилгээний зардалд 8.419.750 төгрөг авсан. Одоо гомдол санал байхгүй. Цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх болно гэв.
Шүүгдэгч Ө.Даваабаяр нь 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 15 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нисэхийн замд Hyundai Verna маркийн 93-69 УБЛ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3-т заасан " Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч 13 настай Н.Эрхэмхишигтийг мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:
- Миний хүү Эрхэмхишигт 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 14-15 цагийн хооронд Буянт-Ухаа цогцолборт сагсан бөмбөгийн тэмцээн үзэх гээд найзууд болох Э.Эрхэмбаяр, А.Дөлгөөн нарын хамтаар Нисэхийн урд талын замыг ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй гарч яваад машинд мөргүүлж толгойдоо гэмтэл авсан. Уг ослоос болж Гэмтэл согог судлалын үндэсний төвд 23 хоног хэвтэж гараад, хувийн Манал оточ эмнэлэгт 35 хоног хэвтсэн. Энэ хооронд эмчилгээний зардал гэж 4 сая гаран төгрөг гарч байна гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Нансалмаагийн мэдүүлэг / хх 13, 14 /,
- Ангийнхаа Э.Эрхэмбаярын найз Н.Эрхэмхишигт гэх хүүхэдтэй тааралдаад, 3-лаа Буянт-Ухаа цогцолборын хажуу талаар засмал замыг урдаасаа хойшоо чиглэлтэй зам хөндлөн гарч яваад Н.Эрхэмхишигт машинд мөргүүлсэн юм. Бид зам гарахдаа машин харж байгаад шууд гүйгээд гарсан. Тэгтэл Н.Эрхэмхишигт Э.Эрхэмбаяр бид 2-ын ард гүйж яваад машинд мөргүүлсэн. Зам гарахдаа машин харсан. Тэгэхэд их хол байсан. Гэхдээ энэ машин их хурдтай явж ирээд л мөргөсөн гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч А.Дөлгөөний мэдүүлэг / хх 15 /,
- 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 15 цагийн орчим Буянт-Ухаа цогцолборын хажуу талаар засмал замыг урдаасаа хойшоо чиглэлтэй зам гарч яваад Н.Эрхэмхишигт машинд мөргүүлсэн. Бид зам гарахдаа машин харж байгаад шууд гүйгээд гарсан. Зам гарахдаа машин харсан. Машин их хол байсан гэхдээ их хурдтай явж ирээд л мөргөсөн. Дөлгөөн бид 2 урд нь амжаад зам гарсан болохоор яг яаж мөргүүлснийг бол хараагүй. Миний ард тас гээд л явсан эргээд харахад цагаан Аксент Н.Эрхэмхишигтийг мөргөөд газарт унагаасан байсан. Н.Эрхэмхишигт машинаас 5-6 алхам зайтай газарт унасан хэвтэж байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч Э.Эрхэмбаярын мэдүүлэг / хх 18 /,
- 93-69 УБЛ дугаартай Х.Верна аксент маркийн автомашин миний нэр дээр байдаг ба энэ машиныг 2008 онд авсан. Машины эвдрэлд ямар нэгэн гомдол санал байхгүй, машиндаа үнэлгээ хийлгэхгүй. Ө.Даваабаяраас нэхэмжлэх зүйл байхгүй. Харин Даатгал дээр Ө.Даваабаярын нэр дээр байдаг болохоор төлбөрийг даатгалаас төлж барагдуулах болно гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн иргэний хариуцагч Х.Нэргүйбаатарын мэдүүлэг / хх 26-27/,
- Хохирогч Н.Эрхэмхишигтийн биед баруун чамархай ясны урд доод хэсгээс суурь ясны их далавч, бага далавч, хацар ясны нум дайрсан, нийлмэл хугарал, баруун чамархайн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины суурь, зүүн зулайн тархины эдийн гүнд цус хуралт, няцрал, 2 талын дух болон зулайн урд цус хуралт, аалзан бүрхүүл доорх цус харвалт, нүүрний баруун хацар, шанаанд зулгаралт, зүүн чихний дэлбэнд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл учирсан талаарх Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 3125 тоот шинжээчийн дүгнэлт / хх 43 /,
- Техникийн шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 218 тоот дүгнэлт / хх 31-32 /,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистик шинжилгээний хэлтсийн Автотехникийн лабораторийн шинжээчийн № 2402 тоот дүгнэлт / хх 34-41/ зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Ө.Даваабаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуулинд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгч Ө.Даваабаяр нь 76 хоног цагдан хоригдсон, насанд хүрээгүй хохирогч Н.Эрхэмхишигт, хууль ёсны төлөөлөгч Н.Нансалмаа нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Өлзийпүрэвийн Даваабаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Өлзийпүрэвийн Даваабаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ө.Даваабаярт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг журамлан ялтан Ө.Даваабаярын цагдан хоригдсон 76 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Ө.Даваабаяр нь бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч Н.Эрхэмхишигт, хууль ёсны төлөөлөгч Н.Нансалмаа нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6. Ө.Даваабаярын жолоочийн ¹729136 дугаартай үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, АЯ 0356194 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний хариуцагч Х.Нэргүйбаатарт олгосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Ө.Даваабаярт оногдуулсан 2 / хоёр / жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд хяналт тавихыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
8. Ө.Даваабаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн бусдын батлан даалтанд байлгасугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ө.Даваабаярт бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД