Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2017/ШЦТ/222

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2017/0229/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин

Улсын яллагч Н.Дуламсүрэн,

Хохирогч Г.О

Хохирогчийн өмгөөлөгч Л.Оюунсувд

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа

Шүүгдэгч М. Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Б М.Б-д холбогдох эрүүгийн 201709000357 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .... оны ... дугаар сарын ......-ний өдөр.......... аймагт төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, .......... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой  ажилгүй, ......... тэтгэвэрт байдаг, ам бүл ........ .... хамт ........аймгийн ........ сумын .... дугаар баг ....... дугаар байрны ........ тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт М.Б, регистрийн дугаар..................

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б нь 2017 оны 06 дугаар сарын 6-ны өглөө 08 цаг 16 минутын үед ...... аймгийн ...........сум .......дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ........ төвийн урд төв зам дээр .......... улсын дугаартай ......... маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар бүлэг 13.1 “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж, явган зорчигч А.С-г мөргөсний улмаас эмчлэгдэж байгаад 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нас барсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч М.Б  нь 2017 оны 06 дугаар сарын 6-ны өглөө 08 цаг 16 минутын үед ......... аймгийн .......... сумын ......дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах......... төвийн урд төв зам дээр ............ улсын дугаартай ........ маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар бүлэг 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч А.С-ыг мөргөж зам тээврийн осол гаргасан. Уг ослын улмаас хохирогч А.С-ын биед хүнд гэмтэл учирснаас эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаад 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нас барсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч М. Б-гийн өгсөн: “2017 оны 6 дугаар сарын 6-ны өглөө 08:30 цагаас сүү, тараг авах гээд машинтайгаа явж байхад ийм зүйл болсон. Хохирол, буяны ажил, эмчилгээний зардалд 7,800,500 /долоон сая найман зуун мянга таван зуу/ төгрөг төлсөн, сэтгэл санааны хохиролд 5,000,000 \таван сая\ төгрөг төлнө” гэх мэдүүлэг,

Хохирогч Г.О-гийн өгсөн: “2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр би гэртээ байж байтал миний ээжийг мөргөсөн гэсэн мэдээг дуулсан. Тэгээд би цагдаад дуудлага өгөхөд цагдаа ирэхгүй болохоор би эмнэлэг рүү ээжийгээ авч явсан. Биеийн байдал нь муу байсаар байгаад 2017 оны 06 дугаар сарын 10-нд нас барсан. Шүүгдэгч оршуулгын зардал гээд 7,800,000 төгрөгийг төлсөн. Сэтгэл санааны хохирол гээд 20 сая төгрөг нэхэмжилсэн боловч энэ хүн үнэн байдлаа хэлсэн тул би 5 сая төгрөгийг сэтгэл санааны хохирол болгож авахаар тохиролцсон. Талийгаач урьд өмнө нь ерөөсөө өвчин зовлон хэлдэггүй хүн байсан гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч А. С-ын өгсөн: " ...2017 оны 06 дугаар сарын 06-ны өглөө 07-09 цагийн хооронд байх Парк тойрч алхаад гэр лүүгээ явж байсан юм. Ингээд гэрийн харалдаа зам гараад явган хүний гарцны харалдаа зогсоод дараагийн зам гарах гэж байхад нэг машин урд зогсож байсан. Тэгээд би хажуу тийшээ харахад машин байхгүй байхаар нь зам гартал миний баруун талаас машин ирж намайг мөргөж, би газар унасан. Тэгээд жолооч нь бууж ирээд намайг аваад шууд эмнэлэгт ирсэн”.......гэх тайлбар /хх-ийн 14/,

Гэрч П.Б-ийн өгсөн: “...Би Монгол ардын намын байранд жижүүрийн үүрэг гүйцэтгээд буух гэж байсан. Өглөө 8 цагийн орчим мод услаад зогсож байтал машин тоормослох чимээ гарахаар нь хартал намын байрны урд зам дээр 2 машин зогсож байсан. Очоод хартал нэг машин нь хөдлөөд явсан. Тэр машин хүн дайрсан гэсэн. Би яг мөргөхийг нь хараагүй. Цагаан саарал өнгийн Приүс машин байсан...” гэх мэдүүлэг /хх-39/

Гэрч Д.Э өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 06-нд 16 цагаас жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэсэн. Тэгэхэд А.С гэх хөгшин машинд мөргүүлсэн гээд эмнэлэгт хэвтсэн байсан. Биеийн байдал нь хүндэвтэр, ухаантай, хэвтрийн байдалтай, цонхигор царайтай, баруун цавь, умдаг орчмоор эмзэглэлтэй байсан. Шөнөдөө эмчилгээ хийгээд хоносон. Маргаашнаас нь эмчлэгч эмчээр томилогдон эмчилж эхэлсэн. 2017 оны 6 дугаар сарын   08-ны орой өвчтөний биеийн байдал гэнэт муудлаа гэхээр нь очиж үзэхэд царай нь хөхөрсөн, амь тэмцсэн байдалтай байсан болохоор яаралтай сэхээний тасагт шилжүүлсэн хэвтүүлж эмчилгээг үргэлжлүүлсэн. 2017 оны 6 дугаар сарын 10-ны 13 цагт амьсгал, зүрх, судасны дутагдлаар нас барсан...” гэх мэдүүлэг /хх-40/,

1. Талийгаачийн биед тархины зөөлөн бүрхүүлийн доорх голомтлог цус хуралт, аарцаг ясны умдаг хэсгийн зөрөөтэй битүү хугарал, чацархайн уг, умдагны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн гарт зулгаралттай гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл болно.

3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр буюу автомашинд мөргүүлэх, цохигдох үед үүсэх боломжтой.

4. Талийгаачийн биед үүссэн баруун талын умдаг ясны зөрөөтэй битүү хугарал гэмлтийн хүндрэл нь үхэлд нөлөөлсөн байна. Чацархайн уг, умдагны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн гарын зулгаралт гэмтэл нь үхэлд нөлөөлөөгүй байна.

5. Талийгаачийг амьд байх үед үүсэн баруун талын умдаг ясны зөрөөтэй битүү хугарал, умдагны цус хуралт, баруун зүүн гарын зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

6. Талийгаачийг нас барсны дараа шинжилгээний явцад тогтоогдсон гэмтэл болох тархины зөөлөн бүрхүүлийн доорх голомтлог цус харвалттай гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.

7.  Талийгаачийн биед цусны архаг цус хомсрол, элэг, бөөрний архаг үрэвсэлт өвчин тогтоогдсон нь үхэлд нөлөөлөөгүй болно.  

 

8.  Талийгаач нь уушгины артери, капилярын өөхөн бөглөрлөөс болж тархи уушги хавагнаж нас баржээ.

9.  Талийгаач нь цус нь 0I бүлэг байна.

10.Талийгаачийн цусанд этилийн спирт илэрсэнгүй.

11 .Талийгаачийн биед үүссэн умдаг ясны битүү хугарлын үед буюу гэмтсэy хэсгийн венийн судасны хөндийд өөхөн дусал орж цусны урсгалаар зүрхний баруун ховдлоор дамжин уушгины артери капиляр судсыг бөглөнө. Үүнээс болж тархи уушиг хавагнаж нас бардаг гэх Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 47 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 42-45/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-6/, Ослын дүгнэлт, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9/,

............ улсын дугаартай ........ маркийн тээврийн хэрэгслийн жолооны хүрдний ажиллагаа хэвийн, сул явалт зөвшөөрөгдөх хэмжээнд хөндлөн болон босоо тулгуурууд хэвийн, шарнир, тяг гулзайлтгүй байна. Техникийн хувьд эвдрэлгүй тул осол гарахад нөлөөлсөн зүйлгүй гэх тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 53-56/,

..............маркийн ........... улсын дугаартай авто машины жолооч М.Б нь МУ-ын ЗХДүрмийн 13-р бүлэг, 13.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн тул уг зам тээврийн осол гарсан байна гэх шинжээч Замын Цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч хошууч С.Хурцбилигийн дүгнэлт /хх-ийн 60/,

Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас, өвчний түүх /хх-136-165/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “осол болох үед хийгдсэн ............ төвийн хяналтын камерийн бичлэг бүхий” CD зэрэг хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М. Б-г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан ба шүүгдэгч М.Б-ийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч хохирогч А.С-ын  биед хүнд гэмтэл учирсан, улмаар хохирогч А.С нас барсан болох нь нотлогдож байх тул М.Б-г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэвч 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь оногдуулах ялын хэмжээ багасаж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч М. Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.С-н амь нас хохирсон ба хохирогч Г.О нь оршуулгын зардал 7,800,500 төгрөг, сэтгэл санааны хохирол 5,000,000 төгрөг тус тус нэхэмжилсэн ба шүүгдэгч М.Б  нь оршуулгын зардалд 7,800,500 төгрөг төлсөн, сэтгэл санааны хохирол 5,000,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчтой тохиролцсон болох нь хохирогч, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-177/, сэтгэл санааны хохирол 5,000,000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн баталгаа зэргээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч М.Б нь оршуулгын зардалд 7,800,500 төгрөг төлсөн, сэтгэл санааны хохирол 5,000,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

2. Ял, эрүүгийн хариуцлагын талаар

Шүүгдэгч М. Б  нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар 50 хувь алдсан болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт зэргээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч М.Б тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, сэтгэл санааны хохиролд 5,000,000 /таван сая/ төгрөг төлөхөө илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан ба уг гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд хүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг заавал оногдуулахаар хуульчилсан байна.

Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялыг үндсэн, эрх хасах ялыг нэмэгдэл ялаар хэрэглэнэ” гэж заажээ.

Иймд тухайн зүйл хэсэгт заасан үндсэн ял болох хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн нөхцөлд нэмэгдэл ялыг дангаар оногдуулах боломжгүй юм.

Шүүгдэгч М.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоож, хохирогчийн сэтгэл санааны хохирол 5,000,000 /таван сая/ төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний дотор төлж барагдуулах үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.   

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, М.Б-гийн эзэмшлийн ...........улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч М.Б нь хохиролд 7,800,500 /долоон сая найман зуун мянга таван зуу/ төгрөг төлсөн, сэтгэл санааны хохирол 5,000,000 \таван сая\ төгрөг төлөхөө илэрхийлсэн болохыг дурдсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М. Батбаясгаланг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 3 дахь  хэсгийн 3.4-д зааснаар шүүгдэгч М.Б-д тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хориглох хязгаарлалт тогтоож, хохирогчид сэтгэл санааны хохиролд 5,000,000 \таван сая\ төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний дотор төлж барагдуулах үүргийг хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч М.Бнь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан 1 ширхэг рентген зураг, 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, М.Б-ийн 293087 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

 

8. Шүүгдэгч М.Батбаясгалангийн өмчлөлийн ........улсын дугаартай .............  маркийн автомашиныг битүүмжилсэн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ИХТАМИР