Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2018/ШЦТ/316

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

                                                                              Хэргийн индекс: 166/2017/0170/Э

 

Дархан Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн Прокурорын гакрын хяналтын прокурор Г.Яндаг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа,

Шүүгдэгч Ж.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х- овогт Ж-гийн Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201709000184 дугаартай хэргийг Монгол Улсын дээд шүүхээс 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 42 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Буян зах дээр түүхийн эдийн ченж ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан Уул аймгийн Дархан сумын ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд: Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, биечлэн эдлүүлэхгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х- овогт Ж-гийн Б- /РД: /,

 

Үйлдсэн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Б- нь “2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт ХХ-ХХ ДАХ улсын дугаартай Тоёота Премио маркийн автомашин дотор ховор зэрэглэлийн ангилалд орох Х- бугын арьсыг тээвэрлэж байгаль орчинд 7,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холдогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Б- нь 2017 оны 1 дүгээр сард Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хаданд байрлах Б- ХХК-ийн түүхий эд авдаг газрын хог дээрээс ховор зэрэглэлийн ангилалд орох Х- бугын арьс олж аван 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ХХ-ХХ ДАХ улсын дугаартай Тоёота Премио маркийн автомашинаар тээвэрлэсэн болох нь:

 

Шүүгдэгч Ж.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 1 сард бугын арьсыг Улаанбаатар хотод айлын хогон дээр байхыг харсан. Дарханд найзуудтай юм ярьж байгаад тэнд тийм арьс байсан гэж хэлтэл адсага хийвэл гоё болдог гэхээр нь хүргэнийгээ очоод аваадах гэж хэлээд авхуулсан. Тэгээд 2017 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хот орохдоо дүүгийнхээ гэрт нь очиж нөгөө арьсаа аваад Дарханд ирээд гэрийнхээ үүднээс цагдаа нарт баригдсан. Яг юуны арьс гэдгийг нь мэдээгүй, Х- бугын арьс гэдгийг сүүлд мэдсэн” гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Х- буга нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтад орсон хөхтөн овгийн ховор зэрэглэлийн ангилалд орох амьтан байгаа юм. Х- бугын экологи эдийн засгийн үнэлгээг тогтоохдоо Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтанд заасан эр Х- буга нь 6.500.000 төгрөг, эм буга нь 7.500.000 төгрөг гэж заасан байдаг. Ж.Б- гэж хүний автомашин дотроос хурааж авсан Х- бугын арьсыг Шинжлэх Ухааны Академийн ерөнхий болон биологийн хүрээлэнгийн шинжээч Г.Ц-ын 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн №08 дугаартай дүгнэлтэд “шинжилгээнд хүргүүлсэн 1 ширхэг арьс нь Х- бугын арьс мөн бөгөөд нас бие гүйцсэн эм бодгалийн арьс болно” гэж тогтоогдсон байна. Ж.Б- гэж хүнээс хурааж авсан Х- бугын арьсны экологи эдийн засгийн үнэлгээг бүтэн Х- эм бугын үнэлгээгээр тогтоож явна. Өөрөөр хэлбэл Х- бугын арьс нь дангаараа 7,500,000 төгрөг болж явна гэсэн үг юм. Шүүх гэм буруутай этгээдээр хохирлыг төлүүлэх шийдвэр гаргавал амьтны тухайн хуулийн 37.2-т зааснаар Засгийн газраас тогтоосон амьтны экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэж заасан байдаг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27/,

 

Гэрч А.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн цагдаа хийдэг. Миний хувьд өдрийн цагаар ХХ-ХХ ДАХ улсын дугаартай автомашинаар Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад тус багийн нутаг дэвсгэрт явж байсан ХХ-ХХ ДАХ улсын дугаартай Тоёота премио маркийн автомашиныг зогсоож тус автомашины багаж хэсгийг шалгахад машины багажинд ангийн гэмээр үл мэдэгдэх амьтны арьс байсан. Тэгээд би тус автомашины жолооч Б- гэж хүнээс энэ ямар амьтны арьс юм бэ? та үүнийг хаанаас авсан юм бэ? гэж асуухад тэрээр надад Улаанбаатар хотод байдаг И- гэж нэртэй найзынхаа хашаан дотроос авсан юм гэж хэлсэн. Яг ямар амьтны арьс гэдгийг нь надад хэлээгүй. Ингээд би тухайн иргэнийг Цагдаагийн газар дээр авчирч жижүүрийн шуурхай албанд хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28/,

 

Гэрч Б.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сард байсан санагдаж байна, яг хэдний өдрийг нь сайн санахгүй байна. Намайг нэг өдөр гэртээ байж байхад манай эхнэрийн төрсөн ах Б- над руу залгаад Шар хадны эцэст байдаг И-ийн хашаан дотор нэг арьс байгаа, чи түүнийг очоод аваадах. Би танайд очихоороо авъя гэж хэлсэн. Ингээд би маргааш өдөр нь гадуур ажилтай явж байгаад замаараа Шар хадны эцэс рүү явж Б- ахын яриад байсан арьсыг нь И-ийн хашаан дотор байдаг хогийн цэг дээрээс аваад гэртээ авч ирсэн. Гэхдээ би тухайн арьсыг яг ямар амьтны арьс гэдгийг нь мэдээгүй. Хэд хоногийн дараа Б- ах ажлаар ирэхдээ манайхаас тэр арьсыг авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31/,

 

Гэрч Б.И-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын эхээр би өдрийг санахгүй байна. Манай хаягдал түүхий эд авдаг газарт түүхий эд тушаадаг Болдоо гэх залуу /би бүтэн нэрийг нь мэдэхгүй/ миний 99116567 дугаарын гар утас руу залгаад “би танай түүхий эд авдаг хашааны хогон дээр байсан арьсыг аваад Дарханд ирсэн чинь цагдаад баригдчихлаа, хаанаас олсон арьс юм бэ?” гэж асуусан. Тэгэхээр нь би “мэдэхгүй байна, ямар учиртай арьс юм бэ?” гэж асуухад “танай ажилтан Батсүх олсон гэж надад хэлсэн” гэсэн. Тэгэхээр нь би өөрийн ажилтан Батсүхээс юу болсон талаар асуухад “Шар хадны 80 дугаар гудамжны үзүүрээс газар хэвтэж байхад нь олсон арьс” гэж надад хэлсэн юм.” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 33/,

 

Гэрч Ө.Батсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын сүүлээр /би өдрийг санахгүй байна/ өдөр 14 цагийн орчим Налайх дүүргээс Портер машинаар хоёрдогч түүхий эд буюу хаягдал хайлш хүргэж өгөөд буцаад ажил руугаа ирж явахад Шар хадны 6-р гудамжны зүүн урд буланд ар тал нь цагаан өнгийн шуудайтай зүйл байхаар нь машинаасаа буугаад шуудайг дэлгээд харахад арьс байсан. Тэгэхээр нь би үхрийн арьс юм байна гэж бодоод машиндаа хийгээд ажил дээрээ ирээд шуудайнаас нь гаргаад харахад үхрийн арьс биш байсан. Тэр хавьд байсан хүмүүсээс энэ юуны арьс вэ гэж асуухад гахайн арьс байна гэж надад хэлсэн юм. Тэгэхээр нь хэрэггүй юм байна гэж бодоод ажлынхаа хогон дээр хаясан. Хэд хоногийн дараа Дарханы Болдоо ах ирээд хогон дээр байсан тэр арьсыг хараад энүүгээр чинь би юм хийнэ ээ гэж хэлээд аваад явсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34/,

 

Шинжлэх ухааны академи, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн шинжээч Г.Ц-ын:

 

1. Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг арьс нь Бугын овгийн Бугын төрөлд хамаарах Х- бугын /Cervus elaphus Linnaeus, 1758) арьс мөн болно.

2. Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг арьс нь Х- бугын арьс мөн болохыг манай хүрээлэнгийн цуглуулгын санд хадгалагдаж буй Х- бугын арьстай харьцуулан үзэхэд арьсны өнгө зүс тохирч байгаа зэргээр тогтоосон болно.

3. Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг арьс нь Х- бугын арьс мөн бөгөөд нас бие гүйцсэн эм бодгалийн арьс болно.

4. Х- буга нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7-р тогтоолын 1-р хавсралтад ховор зэрэглэлээр бүртгэгдсэн болно.

5. Х- бугын экологи-эдийн засгийн үнэлгээ нь эр бодгаль 6,600,000 төгрөг, эм бодгаль 7,500,000 төгрөг,

 

Жич: Үнэлгээ гаргахад Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтыг мөн 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Амьтны тухай” хууль, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт зэргийг баримталсан болно.” гэх 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 38-39/, эд мөрийн баримтаар хураагдсан бугын арьс зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Х- буга нь Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад зааснаар ховор амьтны жагсаалтад ордог бөгөөд эм Х- бугын экологи эдийн засгийн үнэлгээ нь Засгийн газрын 2011 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад зааснаар 7,500,000 төгрөг байна. /хавтаст хэргийн 44-49/

 

Хууль тогтоогч ховор, нэн ховор амьтныг хамгаалах зорилгоор тусгай зөвшөөрөлгүйгээр нэн ховор, ховор амьтныг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэжээж гаршуулсан,тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байх ба уг амьтныг хэн агнаснаас үл хамааран тэдгээрийн гаралтай түүхий эдийг тээвэрлэсэн үйлдлийг ч гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

 

Ж.Б- нь Х- бугын буюу ховор амьтны ангилалд хамаарах амьтны арьсыг тээвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар хангалттай нотлогдсон байна.

 

Нэн ховор, ховор амьтны гаралтай түүхий эдийг тээвэрлэснийг гэмт хэрэгт тооцдог болохыг мэдэхгүй байх нь гэм бурууг үгүйсгэх нөхцөл болохгүй ба Ж.Б- нь уг бугыг агнасан, худалдан авсан үйл баримт тогтоогдоогүй байна.

 

Иймд Ж.Б-ыг ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203-р зүйлийн 203.1 дэх хэсэгт заасан “Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

2015 оны Эрүүгийн хуулиар дээрх гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлсэн байх тул гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийг хэрэглэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцох ба Ж.Б- нь ховор амьтныг агнасан үйл баримт тогтоогдоогүй байх тул Х- бугын экологи-эдийн засгийн үнэлгээгээр Ж.Б-аас байгаль орчинд учирсан хохирлыг гаргуулах үндэслэлгүй байна.

 

Учир нь Ж.Б- Х- бугын арьсыг тээвэрлэж явснаар байгаль орчинд хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй ба уг бугыг хэн, хаана, хэзээ, хэрхэн агнасан болох нь тогтоогдохгүй байна.

 

Бусдад хууль бус үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй тул Ж.Б-аас 7,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Ж.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Ж.Б- бугын арьс тээвэрлэж явсан гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй зэргийг харгалзан түүнд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203-р зүйлийн 203.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ж.Б- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бугын арьсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар, Б.Батмандахын эзэмшлийн 4800000 төгрөгийн үнэлгээ бүхий ХХ-ХХ ДАХ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8-р зүйлийн  дэх хэсэг, 1.9-р зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Х- овогт Жадамбын Б-ыг ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203-р зүйлийн 203.1 дэх хэсэгт заасан “Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Ж.Б-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203-р зүйлийн 203.1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суугаа газар, ажил сургулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж, хүлээлгэсэн үүрэг биелүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Шүүгдэгч Ж.Б-аас гаргуулах төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бугын арьсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт Б.Батмандахын эзэмшлийн 4800000 төгрөгийн үнэлгээ бүхий ХХ-ХХ ДАХ улсын дугаартай автомашиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-т авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ГЭРЭЛТ-ОД