Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/258

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Нарийн бичгийн дарга Л.Сувд,

Улсын яллагч Ч.Батзориг,

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

 Шүүгдэгч Д.О*********р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д*********ийн О*********рт холбогдох эрүүгийн 2038003000276 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Д.О*********р нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шилмэл комисс нэртэй дэлгүүрийн үүдэнд 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Б.Г*********мыг архины шилээр нуруунд нь болон нүүрэнд нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.О*********р нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шилмэл комисс нэртэй дэлгүүрийн үүдэнд 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Б.Г*********мыг архины шилээр нуруунд нь болон нүүрэнд нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038003000276 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Д.О*********рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой нэг бүрчлэн уншиж танилцлаа. Прокуророос сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Гаргасан үйлдэлдээ гэмшиж байна. Би урьд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон зүйлийг бүгдэнг нь үнэн зөвөөр ярьсан байгаа. Тухайн үед Г*********м гэх залуу намайг боож аваад байхаар нь би газарт байсан архины шилийг аваад түүнийг цохисон юм. Ингэж цохих үедээ түүний нүүрийг зүсэж гэмтээсэн. Би гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. Би Г*********м гэх залуутай хэрэг болсноос хойш зах дээр нэг удаа таарсан. Тэгж таарах үедээ түүнээс уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хх-40х/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:...Хохирогч эхлээд намайг араас хавсарч унагаад цохисон. Гэхэдээ миний буруу хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ... гэв.

Хохирогч Б.Г*********мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр зах дээр согтуу явж байгаад нэг залууд шилээр зүсүүлсэн. Хацар хэсэгт оёо тавиулсан ар нураанд бол шарх авсан. О*********р нь Атиг Аамаа гэх хүнтэй маргалдаж байхаар нь би дундуур нь орж салгасан. Тэгэхэд л архины шилээр намайг зүсэж гэмтээсэн. Намайг зодуулсныг комиссын газар ажиллуудаг эгч харсан. Миний хоёр хөл шагай хэсгээрээ тайрагдсан болохоор би байнга өсгий дээрээ явдаг. Би тахир дутуу хүн байж яасан гэж эрүүл саруул хүнтэй зодолдох билээ. Би гомдолтой байна. Одоо эмчилгээний зардал 200.000 төгрөг зарцуулсан. Эмчилгээнд гарсан зардалаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-14,18х/,

 Гэрч Б.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Хойд зах дээр хүнсний дэлгүүр орж бараа авчаад гэрлүүгээ явж байтал захын автобусны зогсоолын ар талын дэлгүүрийн эгч дэлгүүрээ түгжээд наашаа явж байтал довжоон дээр нэг залуу ирээд суусан чинь араас нь нэг согтуу залуу архины шил барьсаар гарч ирээд шууд шилээрээ нуруу руу нь цохиход шил нь хагарсан. Би хүүе яаж байна аа гэхэд хагарсан шилээр шанаа хэсэг рүү нь зүссэн. Тэр залуугийн хацраас нь цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх- 20х/,

Гэрч Ц.Дашдаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Шилмэл комисс нэртэй дэлгүүр дээрээ байж байхад захын архи уудаг хүн манай довжоон дээр зах дээр мах ачдаг хоёр ихэрийн ах нь байх шиг байсан байхаа тэр залуу нөгөө дэлгүүрийн маань үүдэнд ирээд суусан залууг нуруу руу нь шилээр цохиж, шилээ хагалаад дараа нь нүүр хэсэг рүү нь хагарсан шилээр зүссэн. Би яаж байна аа гээд очиход шилээр зүссэн залуу урд зүг рүү зугтаад шилээр зүсүүлсэн залуу газарт хэвтээд өгсөн...” гэх мэдүүлэг /хх-22х/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 219 дугаартай: 1. Б.Г*********мын биед баруун хацар, хүзүү, зүүн даланд шарх, баруун хацар, зүүн шуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаандаа үүсгэгджээ. 3. Б.Г*********мын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-29х/, Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон: 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот /хх-45х/, 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-46х/, 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-47х/, 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх[1]48х/, 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-49х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2038003000276 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.О*********р нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шилмэл комисс нэртэй дэлгүүрийн үүдэнд 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Б.Г*********мыг архины шилээр нуруунд нь болон нүүрэнд нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч Д.О*********рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/,

Хохирогч Б.Г*********мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-14,18х/, Гэрч Б.Наранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-20х/,

 Гэрч Ц.Дашдаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-22х/, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 219 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.О*********рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Д.О*********р нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

 Шүүгдэгч Д.О*********р нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Д.О*********р нь хохирогч Б.Г*********мын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан.

 Хохирогч Б.Г*********м нь шүүгдэгч Д.О*********раас нэхэмжлэх зүйлтэй гэх боловч хавтаст хэрэгт хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй учраас гэмт хэргээс учирсан хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлж иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгч Д.О*********рыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.О*********рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.О*********р нь урьд Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар, Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 6 жилийн хорих ялаар, Сум дундын 27-р шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн 41/а шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг ялын үлдэгдэл 5 сар 3 хоногийг Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн захирамжаар хугацааны өмнө суллагдаж байсан нь 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байх боловч 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 онд шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч Д.О*********рыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.О*********р нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн хувьд маргах зүйл байхгүй, хохирол төлбөргүй зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 Шүүгдэгч Д.О*********рын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Сөрөгт овогт Д*********ийн О*********рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д*********ийн О*********рт 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О*********р нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1- т зааснаар хохирогч Б.Г*********м нь энэ хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Д.О*********раас нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О*********рт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хот тохижилтын газарт хийлгэхийг, хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О*********рт шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН