Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2017/03799

 

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 27 өдөр           Дугаар **1/ШШ2017/03799         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Төв байр, Самбуугийн гудамж-48, Улаанбаатар-*********байрлах к ХХК-ийн /РД:***********/ нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, 0 байр, 00 тоотод оршин суух, 40 настай, эмэгтэй, Д овогт Чийн От /**********/ холбогдох,

 

            Зээлийн гэрээний үүрэгт 117 421 957 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, хариуцагч Ч.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлдэгч Ч.О нар нь 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр №****, №**** дугаар зээл болон барьцааны гэрээ байгуулж, 33 700 000 төгрөгийн зээлийг 240 сарын хугацаатай сарын 0,67 хувийн хүүтэй, 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр №****, №**** тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж,  78 700 000 төгрөгийн зээлийг 240 сарын хугацаатай сарын 0,67 хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийг тус тус авсан.

Дээрх 2 зээлийг зээлийн гэрээнүүдийн хавсралтанд заасан хуваарийн дагуу тогтмол төлөлттэй эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгосон.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож,

1. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо 0 дугаар хороолол ** дугаар байрны 5 тоот хаягт оршин суух (Г№************, Ү-***********) дугаартай 2 өрөө орон сууц

2. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо Нарны зам гудамж 0 дугаар байр, 0 тоот хаягт орших (Г№********* Г-*************) дугаартай 2 өрөө орон сууц тус тус барьцаалж, зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Өнөөдрийг хүртэл хугацаанд №**** дугаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээлээс 2 544 077 57 төгрөг, зээлийн хүүнээс 6 684 449 37 төгрөг нэмэгдүүлсэн хүүнээс 0,44 төгрөг нийт 9 228 527 38 төгрөг, №**** дугаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээлээс 6 088 402 61 төгрөг зээлийн хүүнээс 15 045 125 12 төгрөг нэмэгдүүлсэн хүүнээс 7,13 төгрөгийг тус тус төлсөн. Гэтэл дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу үүргээ өнөөдрийг хүртэлх хугацаанд бүрэн биелүүлээгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Зээлдэгч Ч.О нь 2013 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн №**** дугаар зээлийн гэрээний дагуу төлөгдөх зээлийн өрийн үлдэгдэл дараах байдалтай байна.          

Үндсэн зээл

31 1** 922.43

Зээлийн хүү

4 019 449.46

Нэмэгдүүлсэн хүү

803 889.89

Нийт

  1. 79 261.78

 

2. Зээлдэгч Ч.О нь 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №**** дугаар зээлийн гэрээний дагуу төлөгдөх зээлийн өрийн үлдэгдэл дараах байдалтай байна.

Үндсэн зээл

72 611 597.39

Зээлийн хүү

** 025 546.21

Нэмэгдүүлсэн хүү

2 005 **9.24

Нийт

84 642 252.84

 

Иймд зээлдэгчээс нийт 120 621 514.62 төгрөг, Улсын тэмдэгтийн хураамж 761 058 төгрөгийг тус тус гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү.

Зээлдэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч 2017 оны ** дугаар сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:

2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр К ХХК-ний төлөөлөгч А.А миний гаргасан нэхэмжлэлд дараах байдлаар өөрчлөлт оруулж байна.

Зээлийн 70 хувь болох 72 611 597.39, хүү 9 154 360.25, нэмэгдүүлсэн хүү 7 669.90 төгрөг, 30 хувь болох 31 1** 922.43, хүү 3 734 285.29, нэмэгдүүлсэн хүү 4 296.93 төгрөг, нийт 116 668 132.19 төгрөг гаргуулна.

Зээлдэгч шүүхийн шийдвэрийг сайн дураараа эс биелүүлбэл барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Кны нэхэмжлэлтэй Ч.О холбогдох иргэний хэрэгт 2017 оны ** дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 116 668 132.19 төгрөг нэхэмжилсэн бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 117 421 957.24 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

 

Хариуцагч Ч.О шүүхэд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд К нь иргэн Ч.О надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлд дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Миний нөхөр Ц.Батбаяр нь 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зуурдаар нас барсан. Тэрээр амьд байхдаа буюу 2013 оны 09 дүгээр сарын 24-нй өдөр Ктай Зээлийн гэрээ байгуулан 112 400 000 төгрөгийн зээлийг авч Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, Нарны зам гудамж, 0 тоотын 51,94 м.кв 2 өрөө орон сууцыг өөрийн аав, ээж нартаа авч өгсөн байдаг. Тухайн үед би аав, ээждээ байр авч өгөх гэж байгаа юм байна л гэж ойлгосон болохоос өнөөдөр хариуцагч болно гэдгийг огт мэдээгүй. Уг байранд зээл авч энэ байрыг авснаас хойш өнөөдрийг хүртэл манай хадам аав, ээж нар амьдарч байгаа.

Би зээл болон барьцааны гэрээг огт хараагүй бөгөөд гарын үсэг зураагүй. Нэг өдөр нөхөр маань банкны хүнтэй ирээд надаар зээл төлөлтийн хуваарь дээр гарын үсэг зуруулахдаа бидний амьдардаг байрыг урьдчилгаанд тавьж байгаа л гэж хэлсэн. Би энэ зээлийн гэрээг нөхрөө нас барсны дараа ажлын өрөөнөөс нь юмыг нь авахдаа олсон.

К нь тухайн үед Зээл болон Барьцааны гэрээг байгуулахдаа надтай биш зөвхөн миний талийгаач нөхөртэй байгуулсан ба надтай ямар ч гэрээг байгуулаагүй бөгөөд намайг зээлдэгч гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Зээлийн гэрээний 12.1-д гэрээг талууд гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулж, хуулинд заасан холбогдох шаардлагуудыг хангаснаар хүчин төгөлдөр болно гэж тодорхой заасан байгаа.

Гэхдээ би манай нөхөр амьд байхдаа аав ээждээ нэгэнт байр аваад өгчихсөн юм чинь яаж ийж байгаад энэ зээлийг дуусгаад хадам аав, ээждээ гэрчилгээг нь өгмөөр байна. Иймийн тулд би Кинд 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр, 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тус тус хүсэлт гарган энэ зээлийн хүүг талийгаачийг нас барсан өдрөөр зогсоож өгөөч, болохгүй бол та нар шүүхэд өгөөд зогсоож өгөөч ээ гэж удаа дараа хүсэлт гаргаж байсныг К шийдээгүй бөгөөд өнөөдрийг хүртэл надад ямар ч хариуг өгөөгүй.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2-т үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, мөн 224 дүгээр зүйлийн 224.1-д, энэ хуулийн 223 дугаар зүйлд зааснаар хугацаа хэтрүүлсэн гэм буруутай үүрэг гүйцэтгүүлэгч ийнхүү хугацаа хэтрүүлснээс үүрэг гүйцэтгэгчид учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй, 224.2.3-т мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах гэж тус тус заасан байна.

Мөн энэ зээл нь даатгалтай байсан зээл ба жил болгон даатгалын шимтгэл гэж авч байсан баримтыг мөн нөхрийнхөө ажлын өрөөнөөс олж авсан ба банк энэ тал дээр ямар ч арга хэмжээ аваагүй болно.

Иймд Кны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.О шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Миний нөхөр Ц.Батбаяр нь 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр зуурдаар нас барсан. Тэрээр амьд байхдаа буюу 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр “К” ХХК-тай зээлийн гэрээ байгуулан 112,400,000.00 төгрөгийн зээл авч Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, нарны зам гудамж, **-р байрны ** тоотын 51,94 м.кв 2 өрөө орон сууцыг өөрийн аав ээж нартаа авч өгсөн байдаг. Тухайн үед би аав ээждээ байр авч өгөх гэж байгаа юм байна л гэж ойлгосон болохоос өнөөдөр хариуцагч болно гэдгийг огт мэдээгүй. Учир нь би зээл болон барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй. Нэг өдөр нөхөр маань дуудаад банкин дээр очоод зээлийн эргэн төлөлтийн хуваарь дээр гарын үсэг зуруулсан. Үүнийг ойлгохдоо бидний одоо амьдарч байгаа байрыг урьдчилгаанд тавьж байгаа л гэж ойлгосон. Би энэ зээлийн гэрээг нөхрөө нас барсны дараа ажлын өрөөнөөс нь юмнуудыг нь олж авахдаа  бичиг баримтуудыг олж авсан. Зээлийн гэрээг тухайн үед асуудалгүй төлөөд явж байсан. Банкны хүмүүстэй “ ийм ажил явдал боллоо” гээд очоод уулзахад “одоо та энэ зээлийг төл” гэж шаардаж байгаа нь Иргэний хуулийн 58-р зүйлийн 58.2.1 дэх хэсэгт заасан “хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ өөрийн хүссэн хэлцлээс өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн”, 58.3.3 дахь хэсэгт заасан “ хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар төөрөгдсөн” гэж үзэж байна. К нь тухайн үед зээл болон барьцааны гэрээг байгуулахдаа надтай биш зөвхөн миний талийгаач нөхөртэй байгуулсан ба надтай ямар ч гэрээг байгуулаагүй бөгөөд намайг зээлдэгч гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 195-р зүйлийн 195.3 дахь хэсэгт “хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ” гэж заасан. Мөн хуулийн 195-р зүйлийн 195.3 дахь хэсэгт “хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэнэ” гэж заасан. 200-р зүйлийн 200.5 дахь хэсэгт “стандарт нөхцөлийг илэрхийлсэн гадаад нөхцөл нь хэвшсэн хэлбэрээс өөр байсан учир нөгөө тал нь түүнийг урьдчилан мэдэх боломжгүй байсан бол стандарт нөхцөл нь гэрээний салшгүй хэсэг болохгүй. 156-р зүйлийн 156.1 дэх хэсэгт “барьцааны гэрээг бичгээр байгуулна” гэж заасан. 156.2 дахь хэсэгт “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана. 156.3 дахь хэсэгт энэ хуулийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заажээ. Үүнээс харахад би өөрийгөө хариуцагч биш юм гэж харж байгаа. Гэхдээ би манай нөхөр амьд байхдаа аав ээждээ нэгэнт байр аваад өгчихсөн юм чинь яаж ийж байгаад энэ зээлийг дуусгаад хадам аав ээждээ гэрчилгээг нь авч өгмөөр байна. Иймд би Кинд 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр, 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр, 2016 оны 09 дүгээр сарын 7-ны өдөр, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр, 2017 оны 01 дүгээр сарын 4-ний өдөр тус тус хүсэлт гарган энэ зээлийн хүүг талийгаачийг нас барсан өдрөөр зогсоож өгөөч, болохгүй бол та нар шүүхэд өгөөд зогсоож өгөөчээ гэж удаа дараа хүсэлт гаргаж байсныг К шийдээгүй бөгөөд өнөөдрийг хүртэл надад ямар нэг хариу өгөөгүй.

 Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.2 дахь хэсэгт “үүргийн гүйцэтгэл үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой тохиолдолд үүрэг гүйцэтгэгч иргэний эрх зүйн чадамжгүй, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон, түүнчлэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан”, мөн 224 дүгээр зүйлийн 224.1 дэх хэсэгт” энэ хуулийн 223 дугаар зүйлд зааснаар хугацаа хэтрүүлсэн гэм буруутай үүрэг гүйцэтгүүлэгч ийнхүү хугацаа хэтрүүлснээс үүрэг гүйцэтгэгчид учруулсан хохирлыг арилгах үүрэгтэй”, 224.2.3 дахь хэсэгт “мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдах” гэж тус тус заасан байна. Мөн энэ зээл нь даатгалтай байсан ба зээл авснаас хойш жил болгон даатгалын шимтгэл гэж авч байсан. Банк энэ тал дээр ямар нэг арга хэмжээ аваагүй болно. Гэрээний 4.2.2, 8.3.16 дахь хэсэгт даатгалын тухай дурдсан байх боловч мөн зээл тухайн үедээ илүү төлөлттэй байсан байхад даатгалын шимтгэл аваагүй байсан. Гэрээний хавсралт 1-ийн 2.5 дахь хэсэгт зээл, зээлийн хүүг төлбөрийн хуваарийн дагуу төлж гүйцэтгэх хугацааг заасан байгаа. Гэрээний 7.4 дэх заалтыг надад тайлбарлаагүй бөгөөд гарын үсэг зуруулаагүй, үзүүлээгүй. Гэрээний 8.3.2, 8.3.3 дахь заалтыг биелүүлээгүй гэж үзэж байгаа. Иймд, Кнаас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчдын шүүхэд бичгээр гаргасан тайлбар, шүүх хуралдааны үед гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ НЬ:      

 

Нэхэмжлэгч К ХХК нь хариуцагч Ч.От холбогдуулан зээлийн гэрээний төлбөрт 117 421 957 төгрөг гаргуулах, барьцааны гэрээнд заасан хөрөнгөөс хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Нэг талаас К ХХК, нөгөө талаас зээлдэгч Ц.Батбаяр нарын хооронд 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр №**** тоот Зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу Ц.Батбаяр нь 33 700 000 төгрөгийг сарын 0,67 хувь, жилийн 8 хувийн  хүүтэй, орон сууцны ипотекийн зээлийн зориулалтаар зээлж авсан болох нь зохигчдын тайлбар, тус гэрээний хуулбараар /х.х-ийн 12-17 дахь талд/ тогтоогдож байна. 

Зээлийн  барьцаанд 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан Барьцааны гэрээгээр /х.х-ийн 18-20 дахь талд/ Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороо **- байр, 5 тоотод байршилтай, ГД-************, Ү-*********** дугаар бүхий эрхийн улсын бүртгэлтэй 30 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтууд, барьцааны гэрээний хуулбаруудаар тогтоогдож байна.

Түүнчлэн К ХХК, нөгөө талаас зээлдэгч Ц.Батбаяр нарын хооронд 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр №**** тоот Зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу Ц.Батбаяр нь 78 700 000 төгрөгийг сарын 0,67 хувь, жилийн 8 хувийн  хүүтэй, орон сууцны ипотекийн зээлийн зориулалтаар зээлж авсан болох нь зохигчдын тайлбар, тус гэрээний хуулбараар /х.х-ийн 21-26 дахь талд/ тогтоогдож байна. 

Тус зээлийн  барьцаанд 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан №**** тоот Барьцааны гэрээгээр /х.х-ийн 27-33 дахь талд/ Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Нарны зам гудамж, ** дугаар байрны ** тоотод байршилтай, ГД-*********, Ү-************* дугаар бүхий эрхийн улсын бүртгэлтэй, 51,94 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтууд, барьцааны гэрээний хуулбаруудаар тогтоогдож байна.

Хариуцагч тус зээлийн гэрээнүүд нь зээлдэгч болон зээлдүүлэгч талуудын хооронд байгуулагдсан гэдэгтэй маргаагүй бөгөөд харин хамтран зээлдэгчийн үүргийг тус гэрээний хувьд хүлээхгүй гэж тайлбарлаж байна.

Тус гэрээнд гарын үсэг зурах үедээ бүрэн гүйцэд танилцаагүй, зөвхөн зээлийн хуваарь гэж ойлгосон гэж тайлбарлаж байна. Гэвч гэрээтэй уншиж танилцах боломжтой байсан боловч өөрөөс хамаарах шалтгаанаар танилцаагүй, зээлдүүлэгчийн зүгээс албадан гарын үсэг зуруулаагүй гэх тайлбараар хамтран зээлдэгчийн үүрэг хүлээх хүсэл зоригийн илэрхийллийн үүднээс гэрээнд гарын үсэг зурсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт, “Иргэний нэрийг эрх бүхий байгууллагад бүртгүүлнэ. Иргэний эрх, үүргийг иргэн өөрийн нэрээр олж авч хэрэгжүүлнэ...” гэж заасан байх бөгөөд өөрийн нэрээр эрх олж авсан, үүрэг хүлээснээ гарын үсгээр баталгаажуулсан байна.

Иймд 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №****, №**** дугаар бүхий зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр хариуцагч Ч.О үүрэг хүлээсэн болох нь тус гэрээний хуулбараар /х.х-ийн 15, 17, 24, 25 дахь талд/ тогтоогдож байна.  

 Зохигчдын хооронд байгуулсан гэрээний агуулга, гэрээгээр илэрхийлсэн талуудын хүсэл зоригийн илэрхийллээс үзэхэд, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Зээлийн гэрээ нь агуулга болон хэлбэр, гэрээ байгуулсан субъектив сэдэл буюу зорилго, субъектийн хувьд хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна.

Хариуцагч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа, “хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ өөрийн хүссэн хэлцлээс өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн”, “хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар төөрөгдсөн” гэсэн үндэслэлүүдийг тайлбарлах боловч энэ талаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, хавтаст хэрэгт авагдсан баримтаар хамтран зээлдэгчийн хувиар зээлийн гэрээний зорилго, субъектив шинжийн талаар төөрөлдсөн, хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг хэдийгээр үндсэн зээлдэгч нас барах хүртэл гэрээний үүргийн зөрчил гаргаагүй төлөлт хийж байсан ч түүнийг нас барснаас хойш төлөлт тасалдсан, иймд гэрээг цуцалж, үндсэн зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нийт 117 421 957.24 төгрөг гаргуулахаар шаардлага, үндэслэлээ тодорхойлж байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт, “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт, “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж тус тус зохицуулжээ.

            Нэхэмжлэгч талаас хэдийгээр үндсэн зээлдэгч нас барсан ч хамтран зээлдэгч гэрээний үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэх тул гэрээний үндсэн үүрэг болон зээлийн хүү, хугацаа хэтрүүлснээс үүдэх нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй гэж, хариуцагч талаас үндсэн зээлдэгч нас барснаар зээлийн хүүг зогсоох талаар удаа дараа хүсэлт, мэдэгдэл өгч байсан гэж тус тус тайлбарладаг.

            Талуудын байгуулсан зээлийн гэрээнд зээлдэгч нас барсан тохиолдолд зээлийн үүргийг хэрхэх талаар хэд хэдэн зохицуулалт оруулсан байна. Үүнд:

  • Гэрээний 4.2.**-т, “Монгол улсын Иргэний хуульд заасан нөхцөл байдал бий болсон /тухайлбал зээлдэгч нас барах, эрх зүйн чадамжгүй болох, сураг алга болсон зэрэг/ тохиолдолд хуулийн дагуу зээлдэгчийн өв залгамжлагч, хамтран зээлдэгч, батлан даагч нь үндсэн зээл, нэмэгдүүлсэн хүү, бусад төлбөрийг бүрэн барагдуулах,” гэж,
  • Гэрээний 6.4-т, “зээлдэгч нас барах, хөдөлмөрийн чадвараа алдах буюу төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд түүний эд хөрөнгийн хамтран өмчлөгч, өв залгамжлагч нь зээлийг хариуцан эргэн төлнө”, гэж
  • Гэрээний 7.3-т, “зээлдэгчийн хамтран зээлдэгч ...Ч.О нь энэхүү гэрээгээр хүлээсэн зээлийн үүргээ Гэрээний Хавсралт 1-д заасан зээл, зээлийн хүүгийн төлбөрийн  хуваарийн дагуу хэсэгчилсэн төлбөрөө гүйцэтгэхээ үүгээр баталж байна.” гэж тус тус /х.х-ийн 13, 14, 22, 23 дахь талд/ заажээ.

Гэрээний дээрх агуулга, талуудын хүлээн зөвшөөрсөн тохиролцооны дагуу үндсэн зээлдэгчийн үүрэг хэвээр хадгалагдаж байх үед хамтран зээлдэгчийн үүрэг нь гэрээний 7.3-т зааснаар, зохицуулагдахаар байна.

Харин зээлдэгч нас барсан тохиолдолд үүргийг хэрхэх зохицуулалтыг гэрээний 6.4 болон 4.2.**-т зааснаар зохицуулах бөгөөд гэрээгээр хамтран зээлдэгч үүрэг хүлээсэн үед гэрээний 4.2.**-т зааснаар үүргийг хуваарилж шийдвэрлэх агуулгатай байна.

Иймд зээлийн гэрээний зээлдэгч нас барснаар гэрээний үүрэг нь хамтран зээлдэгчид хамааран хэвийн үргэлжлэх боломжгүй бөгөөд харин гэрээний үлдэх үүрэг, үр дагаврыг хамтран зээлдэгчээс шаардах эрх нээлттэй байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгчийн шаардлага чиглэгдэх үед үүргийг /үндсэн үүрэг бус хариуцлагын үүргийг/ хамтран хүлээх үүрэг бүхий байгаа бол хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх зохицуулалттай.

Иймд Иргэний хуулийн 242.3 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргийг хамтран үүрэг гүйцэтгэгчээс шаардаж байгаа нь хуульд нийцэх боловч түүний хүлээх үүрэг, хариуцлагын хэмжээг нөгөө үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгчид хамаарах үүргээр тэнцвэржүүлэх шаардлагатай.

Зээлийн тооцооллын хувьд, зээлдэгчийг нас барах үед буюу хүүний тооцооллын үүрэг үлдээгүй байсан бөгөөд хугацаа хэтрүүлсэн зөрчилгүй байсан гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарлаж байна.

Зээлийн тооцоолол нь зээлдэгчийг нас барах үед 72 611 597,39 төгрөг болон 31 1** 922,43 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байсан гэсэн тайлбар, тооцоололтой хариуцагч тал маргаагүй байна.

Иймд тухайн үлдэгдэл төлбөрөөр үндсэн болон хамтран зээлдэгчийн үүргийг тэнцвэржүүлж, зээлдүүлэгчээс шаардах үнийн дүн гэж үзэн **3 767 520 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.

Харин зээлдэгчийг нас барснаас хойш тооцогдсон хүү болон түүнд хамаарах нэмэгдүүлсэн хүүг хангуулах үндэслэлгүй байна.

Үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын хувьд тухайн хөрөнгө нь талуудын байгуулсан барьцааны гэрээний 5.1.5-д зааснаар хамтран зээлдэгчээр төлүүлэхийг хүлээн зөвшөөрсөн нь агуулгын хувьд барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэх хүсэл зоригийн илэрхийлэл нас барсны дараа ч хүчин төгөлдөр хэвээр байх хуулийн зохицуулалтад нийцэх бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгийг барьцаалаагүй тул түүний хөрөнгөөр гүйцэтгэх агуулгагүй байна.

Хариуцагч тал барьцааны гэрээний үүргийг хүлээн зөвшөөрөхгүй гэх боловч гэрээг барьцаалуулагч тал буюу тухайн хөрөнгийн өмчлөгчтэй байгуулсан бөгөөд энэ агуулгаараа хамтран зээлдэгч нь барьцаалуулагчийн хувиар бус харин барьцааны зүйлийн хувьд үүргийг эрхлэн гүйцэтгэх агуулгатай гэж үзэв.

Иймд зээлийн үүргийг хариуцагч төлөөгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах нь үндэслэлтэй байна.

Дурдсан үндэслэлээр барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.     

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хувьд К ХХК,  “М А” ХХК, “М ОССК” ХХК нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Үйлчилгээний гэрээ байгуулан худалдсан байх боловч /х.х-ийн 40-65 дахь талд/ 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 17/04-4133 тоот албан тоотоор Үйлчилгээний гэрээний дагуу нэхэмжлэх эрх /гэрээнд нэхэмжлэл гаргах эрх гэж заасан байна/ К ХХК-д хадгалагдаж байна гэж ойлгохоор байна.

Иймд К ХХК-ийг тус зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэх эрхтэй гэж үзэх үндэслэлтэй байна.  

Нэхэмжлэгч шүүхэд 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагыг 120 621 514,62 төгрөг гэж тодорхойлон 76**58 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд төлжээ. Түүнчлэн 70 200 төгрөгийг мөн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн байна.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаас багасган өөрчилж, 116 668 132,19 төгрөг болгосон байх бөгөөд ийнхүү багасгасан хэсэгт хамаарах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн 117 421 957,24 төгрөг болгосон бөгөөд нэмэгдүүлсэн шаардлагын хэмжээг илүү төлсөн 70 200 төгрөгөөс хуваарилан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг баримтлан илүү төлсөн 70 200 төгрөгөөс нэмэгдүүлсэн шаардлагын дүнд хамаарах 753 825 төгрөгт хамаарах улсын тэмдэгтийн хураамж 22 642 төгрөгийг улсын орлогод үлдээн илүү төлөгдсөн 47 **8 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 676 788 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К ХХК-д олгуулахаар шийдвэрлэв.     

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Оээс зээлийн гэрээний төлбөрт **3 767 520 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13 654 437 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаанд тавьсан хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороо **- байр, 5 тоотод байршилтай, ГД-************, Ү-*********** дугаар бүхий эрхийн улсын бүртгэлтэй 30 м.кв 2 өрөө орон сууц, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Нарны зам гудамж, ** дугаар байрны ** тоотод байршилтай, ГД-*********, Ү-************* дугаар бүхий эрхийн улсын бүртгэлтэй, 51,94 м.кв 2 өрөө орон сууцыг зэрэг үл хөдлөх хөрөнгөөс хангуулсугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 831 258 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 47 **8 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч К ХХК-д олгож, хариуцагч Ч.Оээс 676 788 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.АМАРЖАРГАЛАН