Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2018/00256

 

К Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын  27-ны өдрийн 101/ШШ2017/03799 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: К Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ч.О-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 117 421 957 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтанхундага шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Очирын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Зээлдэгч Ч.О- нар нь 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр №128 тоот зээл,  барьцааны гэрээ байгуулж, 33 700 000 төгрөгийн зээлийг 240 сарын хугацаатай сарын 0,67 хувийн хүүтэй, 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр №129  тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, 78 700 000 төгрөгийн зээлийг 240 сарын хугацаатай сарын 0,67 хувийн хүүтэй зээлсэн. Энэ нь орон сууцны ипотекийн зээл байсан. Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хороолол 6-А байрны 5 тоот (Г№000150515, Ү-2204002172) 2 өрөө орон сууц, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Нарны зам гудамж 55 дугаар байр, 10 тоот  (Г№000272958 Г-2203026878) сууцыг тус тус барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлдэгч  нь №128 тоот гэрээгээр зээлд 2 544 077.57 төгрөг, хүүд 6 684 449.37 төгрөг нэмэгдүүлсэн хүүд 0,44 төгрөг нийт 9 228 527.38 төгрөг, №129 тоот гэрээгээр зээлээс 6 088 402.61 төгрөг, хүүгээс 15 045 125.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 7,13 төгрөгийг тус тус төлсөн. Өнөөдрийг хүртэлх хугацаанд бүрэн биелүүлээгүй. Иймд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 116 668 132.19 төгрөг нэхэмжилж, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл 117 421 957.24 төгрөг болгон  шаардлагаа нэмэгдүүлсэн гэжээ.

 

Хариуцагч Ч.О-ийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:   Ц.Батбаяр нь 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр зуурдаар нас барсан. Тэрээр 2013 оны 9 дүгээр сарын 24-нй өдөр К Б-тай Зээлийн гэрээ байгуулан 112 400 000 төгрөгийг  авч Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны зам гудамж, 55-10 тоотын 51,94 м.кв 2 өрөө орон сууцыг өөрийн аав, ээждээ авч өгсөн. Уг байранд аав, ээж нь амьдарч байна. Зээл,  барьцааны гэрээг огт хараагүй, гарын үсэг зураагүй. Нөхөр Ц.Батбаяр нь  зээл төлөлтийн хуваарь дээр гарын үсэг зуруулсан. Зээлийн гэрээг нөхрөө нас барсны дараа ажлын өрөөнөөс нь олсон. Гэхдээ аав ээждээ нэгэнт байр аваад өгчихсөн юм чинь яаж ийж байгаад энэ зээлийг дуусгаад гэрчилгээг нь өгмөөр байдаг. Иймд К Б-инд 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр, 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр, 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тус тус хүсэлт гарган энэ зээлийн хүүг талийгаачийг нас барсан өдрөөр зогсоох, эсхүл шүүхэд өгөхийг хүсч байсан ч К Б- шийдээгүй.

Дээрх зээл нь даатгалтай байсан зээл ба жил болгон даатгалын шимтгэл гэж авч байсан баримтыг талийгаачийн ажлын өрөөнөөс олсон ба банк энэ тал дээр ямар ч арга хэмжээ аваагүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.О-ээс зээлийн гэрээний төлбөрт 103 767 520 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К Б- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13 654 437 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаанд тавьсан хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороо 6-А байр, 5 тоотод байршилтай, ГД-000150515, Ү-2204002172 дугаар бүхий эрхийн улсын бүртгэлтэй 30 м.кв 2 өрөө орон сууц, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Нарны зам гудамж, 55 дугаар байрны 10 тоотод байршилтай, ГД-000272958, Ү-2203026878 дугаар бүхий эрхийн улсын бүртгэлтэй, 51,94 м.кв 2 өрөө орон сууцыг зэрэг үл хөдлөх хөрөнгөөс хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 831 258 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, улсын орлогоос буюу Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас 47 558 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч К Б- ХХК-д олгож, хариуцагч Ч.О-ээс 676 788 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К Б- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Ариунболд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх зээлдэгчийг нас барснаас хойш тооцогдсон хүү болон түүнд хамааарах нэмэгдүүлсэн хүү хангуулах үндэслэлгүй гэсэн нь ойлгомжгүй байна. К Б- нь нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 128 дугаар зээлийн гэрээний үлдэгдэл 31 155 922.43 төгрөг, хүүд 3 959 633 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5 376.37 төгрөг, нийт 35 120 931.03 төгрөг, 129 дүгээр зээлийн гэрээний үлдэгдэл 72 611 597.39 төгрөг, хүүд 9 679 550.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 9 877.84 төгрөг, нийт 82 301 026.21 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 753 825.05 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 117 421 957.24 төгрөгийг нэхэмжилсэн. Зээлийн үлдэгдэлтэй талуудын хэн аль нь маргаагүй байхад шүүх үндэслэлгүйгээр хасч шийдвэрлэсэн нь ямар нэгэн тоо, тооцоолол байхгүй бөгөөд хэрхэн тооцож энэхүү дүнг гаргасан нь ойлгомжгүй. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байгааг зөвтгөн өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч К Б- ХХК нь хариуцагч Ч.О-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 117 421 957 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийн хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч зээл, барьцааны гэрээг байгуулаагүй, хариуцагч биш гэж маргажээ.

 

К Б- ХХК нь Ц.Батбаяр, Ч.О- нартай 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 128 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, 33 700 000 төгрөгийг, мөн өдөр 129 тоот зээл, барьцааны гэрээг байгуулж 78 700 000 төгрөгийг тус бүр 240 сарын хугацаатай, сарын 0,67 хувь, жилийн 8 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцож, зээлийг нэхэмжлэгч нь зээлдэгч нарын өмчлөлд шилжүүлжээ. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 128 тоот гэрээгээр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 6а байрны 5 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2204002172 дугаартай, 30 мкв талбайтай, 2 өрөө орон сууц, 129 тоот гэрээгээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Нарны зам гудамж 55 дугаар байр, 10 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2203026878 дугаартай, 51.94 мкв талбайтай 2 өрөө орон сууц зэргийг барьцаалжээ. Барьцааны гэрээг бичгээр байгуулж өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээл, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл байна. /х.х-ийн 12-20, 21-33/

 

Зээлдэгч нар нь 128 тоот гэрээгээр зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд 9 228 527 төгрөг, 129 тоот гэрээгээр зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 21 133 534 төгрөг төлсөнд талууд маргаангүй.

 

Зээл, барьцааны гэрээнд гарын үсэг зурснаар бичгээр байгуулах гэрээг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар байгуулсанд тооцох  юм. Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй, үүрэг гүйцэтгэгч тус бүр хэсгээр үүрэг хүлээхээр гэрээнд заагаагүй тул тэдгээрийн үүрэг тэнцүү байх юм.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүй гэрээнээс татгалзаж болдог. Хамтран зээлдэгч Ц.Батбаяр нас барсан, зээлдэгч Ч.О- жирэмсэн, нялх хүүхдүүдийн хамтаар үлдсэн байдал нь зээлийн эргэн төлөлтөд эрсдэл үүсгэж мэдэх, хүндэтгэн үзэх үндэслэл бөгөөд гэрээнээс татгалзах эрх зээлдэгчид нээлттэй байсан гэж үзнэ.

 

Зээлдэгч Ч.О- нь 2016 оны 5 дугаар сарын 13-ны  өдөр, 5 дугаар сарын 23-ны өдөр гэхчилэн удаа дараа гэрээг цуцлахаа мэдэгдсэн. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2 дах хэсэгт зааснаар зээлдэгч Ч.О- нь нэг талын санаачилгаар, хүндэтгэн үзэх үндэслэлээр гэрээг цуцалсан гэж үзнэ. Тиймээс нэхэмжлэгч тал гэрээг цуцлагдсанаас хойш хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох эрхгүй юм.  

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 13 654 437 төгрөг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах арга нь барьцаалуулагч сайн дураар хангах зэрэг олон хэлбэртэй байж болох ч тухайн тохиолдолд барьцааны үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдахыг нэхэмжлэгч шаардсан байх тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй. 

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын  27-ны өдрийн 101/ШШ2017/03799 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “169 дүгээр зүйлийн 169.1” гэснийг “175 дугаар зүйлийн 175.1” гэж, “үл хөдлөх хөрөнгөөс хангуулсугай” гэснийг “барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

     2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч К Б- ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226 223 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                               ШҮҮГЧИД                                                Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                                Ш.ОЮУНХАНД