Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 131/ШШ2017/00709

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Номин Трейдинг ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: Сонголт Трейд ХХК-д холбогдох

Хамтран ажиллах гэрээний үүрэг 25.482.403 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхсаруул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Номин Трейдинг ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Сонголт Трейд ХХК нь манай Номин Трейдинг ХХК-тай худалдааны хамтран ажиллах чиглэлээр 2014 оны 12 сарын 24-ний өдрийн ТrН/29/33 тоот Худалдааны хамтран ажиллах гэрээг Номин Трейдинг ХХК-ийн Номин Хоумстайл салбартай байгуулж олон нэр төрлийн гэр ахуйн барааг зээлээр авах, 2015 оны 01 сарын 10-ны өдрийн ТrС/15/02 тоот Худалдааны хамтран ажиллах гэрээ-г Номин Косметикс салбартай байгуулж олон нэр төрлийн гоо сайхны барааг зээлээр авах, 2014 оны 12 сарын 18-ны өдөр ТrЕ/29/45 тоот Худалдааны хамтран ажиллах гэрээ-г Номин Электроникс салбартай цахилгаан бараа зээлээр авахаар тус тус байгуулан манай компаний зүгээс Сонголт Трейд ХХК-д бараа бүтээгдэхүүн нийлүүлж гэрээнд заасны дагуу хамтран ажиллаж байсан бөгөөд дээрх гэрээнүүдийн хугацаа 2016 онд дуусгавар болсон билээ.

Улмаар Сонголт Трейд ХХК нь манай компанид нийлүүлсэн барааны төлбөрийн үлдэгдэл байгаа бөгөөд тус компанийн захирал Д.Батжаргалтай 99110356 дугаарын утсаар холбогдож төлбөр төлөх, төлбөрийн асуудлаар ирж уулзахыг удаа дараа шаардсан боловч өнөөдөр очно, маргааш очиж уулзана гэх мэтээр шалтагласаар ирж уузлаагүй ба 2017 оны 05 сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна.

Иймд манай Номин Трейдинг ХХК-иас Сонголт Трейд ХХК-тай байгуулсан ТrН/29/33 тоот гэрээний үүрэгт төлбөрийн үлдэгдэл үндсэн төлбөр 3.128.208 төгрөг алданги 1.564.104 нийт 4.692.312 төгрөг, ТrС/15/02 тоот гэрээний үүрэгт төлбөрийн үлдэгдэл үндсэн төлбөр 3,698,357 төгрөг алданги 1,849,178 нийт 5,547,535 төгрөг, ТrЕ/29/45 тоот гэрээний үүрэгт төлбөрийн үлдэгдэл үндсэн төлбөр 10,161,704 төгрөг алданги 5,080,852 төгрөг нийт 15.242.556 төгрөг, бүгд төлбөр 25.482.403 /хорин таван сая дөрвөн зуун наян хоёр мянга дөрвөн зуун гурав/ төгрөгийг хариуцагч Сонголт Трейд ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Энхсаруул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Манай Номин трейдинг ХХК нь өөрийн салбарууд болох Номин Хоум стайл, Номин косметикс, Номин электроникс компаниудаар дамжуулан Сонголт трейд ХХК-тай худалдах худалдан авах гэрээ байгуулж гэр ахуйн болон цахилгаан хэрэгсэл, гоо сайхны бараа нийлүүлэн, борлуулагчаас гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөх нөхцөлтэй гэрээ байгуулж ажилласан. Гэрээний хугацаа 2014 оны 12 саруудад хийгдэж, 1 жил сунган, 2016 оны 12 сард дуусгавар болсон. Гэрээ дуусгавар болсноос хойш гэрээний үүрэг болох ТrН/29/33 тоот гэрээний үүрэгт төлбөрийн үлдэгдэл үндсэн төлбөр 3,128,208 төгрөг алданги 1,564,104 нийт 4,692,312 төгрөг, ТrС/15/02 тоот гэрээний үүрэгт төлбөрийн үлдэгдэл үндсэн төлбөр 3,698,357 төгрөг алданги 1,849,178 нийт 5,547,535 төгрөг, ТrЕ/29/45 тоот гэрээний үүрэгт төлбөрийн үлдэгдэл үндсэн төлбөр 10,161,704 төгрөг алданги 5,080,852 төгрөг нийт 15.242.556 төгрөг, бүгд төлбөр 25.482.403 /хорин таван сая дөрвөн зуун наян хоёр мянга дөрвөн зуун гурав/ төгрөгийг хариуцагч Сонголт Трейд ХХК-төлөөгүй буюу бараа бүтээгдэхүүнийг буцаан төлөөгүй байх тул гаргуулах шаардлага гаргасан. Энэ хугацаанд хариуцагч Д.Батжаргалтай удаа дараа утсаар холбогдон шаардахад төлбөр, алдангиа өгнө гэдэг боловч өгөөгүй өдийг хүрсэн. Манай зүгээс хохирлыг тооцохдоо гэрээ тус бүрээр нийлүүлсэн барааны үлдэгдлийг тооцон тус компаний тайлан мэдээнд үндэслэн гаргасан. Тайлан гаргаснаас хойш хариуцагч нь 1.000.000 төгрөг төлснийг нэхэмжлэлээс хасаж тооцсон байгаа. Мөн алдангийг тооцохдоо гэрээ тус бүрээр нийлүүлсэн эд хөрөнгийн тус бүрийн үнийг төлөх хугацааг хэтрүүлсэн үеэс тооцож гаргасан. Ингэхэд алданги тооцох хугацаа нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 8 сар орчим болсон тул тооцоход төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиас илт хэтэрсэн байсан тул бид Иргэний хуульд нийцүүлэн төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй байхаар тооцож нэхэмжилсэн. Хэрвээ хариуцагч шүүхэд ирээд бидэнтэй уулзсан бол эвлэрч алдангийн зохих хэсгээс хасах боломжтой байсан боловч хариуцагч талаас ийм санаачлага гараагүй, шүүх хуралдаанд ирэхгүй байгаа тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн аваад хариу тайлбар, нотлох баримт ирүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү..гэв.

Шүүх хуралдаанаар болон хэрэгт авагдсан нэхэмжлэл, зохигчийн тайлбар зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Номин Трейдинг ХХК-нь хариуцагч Сонголт Трейд ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэг 25.482.403 төгрөг гаргуулахыг хүссэн шаарджээ.

Номин трейдинг ХХК-ийн Номин электроникс салбарын гүйцэтгэх захирал Я.Наваан, Сонголт трейд ХХК-ийн захирал Д.Батжаргал нар нь 2014 оны 12 сарын 18-ны өдөр TrE/29/45 дугаартай худалдааны хамтран ажиллах гэрээ байгуулж цахилгаан барааг нийлүүлэгчээс тогтоосон үнээр нийлүүлснийг борлуулагч нь борлуулж төлбөрийг гэрээнд заасан хугацаанд хөнгөлттэй үнээр төлөхөөр харилцан тохиролцож гэрээг бичгээр байгуулсан

Номин трейдинг ХХК-ийн Хоум стайл салбарын гүйцэтгэх захирал С.Энхчимэг, Сонголт трейд ХХК-ийн захирал Д.Батжаргал нар нь 2014 оны 12 сарын 24-ний өдөр TrH/29/33 дугаартай худалдааны хамтран ажиллах гэрээ байгуулан олон нэр төрлийн гэр ахуйн барааг нийлүүлэгчээс тогтоосон үнээр нийлүүлснийг борлуулагч нь борлуулж төлбөрийг гэрээнд заасан хугацаанд хөнгөлттэй үнээр төлөхөөр харилцан тохиролцож гэрээг бичгээр байгуулсан

Номин трейдинг ХХК-ийн Номин косметикс салбарын гүйцэтгэх захирал Б.Одонтуяа, Сонголт трейд ХХК-ийн захирал Д.Батжаргал нар нь 2015 оны 01 сарын 10-ны өдөр TrС/15/02 дугаартай худалдааны хамтран ажиллах гэрээ байгуулж олон нэр төрлийн гэр ахуйн болон гоо сайханы барааг нийлүүлэгчээс тогтоосон үнээр борлуулагч нь борлуулж төлбөрийг гэрээнд заасан хугацаанд хөнгөлттэй үнээр төлөхөөр харилцан тохиролцож тус тус хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулсан байна.

Дээрхээс үзвэл зохигчдын дунд Иргэний хуулийн 476 дугаар зүйлд заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан байна.

Нэхэмжлэгч Номин трейдинг ХХК-ийн Номин электроникс салбарын өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлангаар 2015.01.01-нээс 2017.03.31-ний хооронд Сонголт трейд ХХК-аас 10661704 төгрөгийн авлагтай

Номин трейдинг ХХК-ийн Хоум стайл салбарын өглөг авлагын дэлгэрэнгүй тайлангаар 2014.01.01-нээс 2017.06.30-ны хооронд Сонголт трейд ХХК-аас 3.128.208 төгрөгийн авлагтай

Номин трейдинг ХХК-ийн Номин косметикс салбарын харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээгээр 2014.01.01-нээс 2016.12.31-ний хооронд Сонголт трейд ХХК-аас 4.198.357 төгрөгийн авлагтай ..талаарх гүйлгээний жагсаалт, ХААН банкны харилцагчийн дансны хуулгыг тус тус гаргаж ирүүлжээ.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа Номин электроникс, Номин косметикс салбарын өр авлагын тайлан гарснаас хойш хариуцагч нь тус бүрийн өрөөс 500.000 төгрөг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлага, өр авлагын тайлангийн дүн зөрүүтэй байгаа талаар, гэрээ тус бүрийн алдангийг тооцохдоо нийлүүлсэн бүтээгдэхүүн бүрийн эргэн төлөлт хийх хугацаа буюу гэрээ тус бүрийн төлбөр тооцоо бүхий хэсэгт заасны дагуу төлөх бөгөөд хугацаа хэтрүүлсэн тохиолдол бүрийн алдангийг тооцсон, ингэхдээ төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагад тусгасан гэснийг хүлээн авах үндэстэй байна.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчийн шүүх хурал дээр гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад үндэслэж дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хуулийн 476 дугаар зүйлд Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ..гэснээс дүгнэвэл зохигчдын дунд тодорхой ашиг олох зорилгоор хамтран ажиллах гэрээ бодитойгоор байгуулагдаж, нийлүүлэгч Номин трейдинг ХХК нь борлуулагч Сонголт трейд ХХК-нд өөрийн 3 салбараар дамжуулан бараа бүтээгдэхүүн нийлүүлж байсан, хариуцагч нь гэрээний хугацаанд төлбөрийг хэсэгчлэн төлж байснаас үзвэл нэхэмжлэгчийн шаардах эрх үндэслэлтэй гэж үзэв.

Зохигчдын хооронд хийгдсэн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, борлуулах хамтран ажиллах гэрээгээр нийлүүлэгч Номин трейдинг ХХК нь борлуулагч Сонголт трейд ХХК нд 2014 оны 12 сараас өөрийн салбаруудаар дамжуулан бараа бүтээгдэхүүн нийлүүлж байсан нь гэрээний хуулбарууд, өр авлагын тайлан, ХААН банкны харилцах дансны гүйлгээний хуулбаруудаар тогтоогдсон байна.

Улмаар нэхэмжлэл гаргах үеийн байдлаар Сонголт трейд ХХК нь Номин трейдинг ХХК-ийн Номин электроникс салбарт 10.661.704 төгрөгийн, Номин трейдинг ХХК-ийн Хоум стайл салбарт 3.128.208 төгрөгийн, Номин косметикс салбарт 4.198.357 төгрөгийн өглөгтэй болох нь тогтоогдсон байна.

Шүүх гэрээ тус бүрийн төлбөр тооцоо хэсэгт гэрээнд заасан хугацаанд төлбөр тооцоо хийгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцно гэсний дагуу нэхэмжлэгчээс тооцож гаргасан алдангийг хянахад нэхэмжлэгчээс алдангийг тооцохдоо Иргэний хуулийн 232.4-д заасны Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй..гэсний дагуу үнийн дүнгээс хэтэрсэн алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд нийцүүлэн гаргасан гэсэн нь үндэслэлтэй байна.

Тухайлбал шүүхээс гэрээ дуусгавар болсон 2016 оны 12 сараас хойш хугацаа хэтэрсэн нийт хоногоор алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас илт их тооцоо гарч байх тул нэхэмжлэгчээс тооцсон алдангийн хэмжээг Иргэний хуульд нийцсэн хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Түүнчлэн хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Батжаргалд шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардуулж зохигчийн эрх үүргийг танилцуулсан боловч тэрээр хуулиар олгосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ..гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэстэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282950 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 282950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан хариуцагч Сонголт трейд ХХК аас хамтран ажиллах гэрээний үүрэг 25.482.403 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Номин трейдинг ХХК-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289131 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 289131 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ