Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 213/МА2018/00010

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн 131/ШШ2017/00709 дүгээр шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянхонгор аймгийн ******* ХХК-д холбогдох

Хамтран ажиллах гэрээний үүрэг 25.482.403 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч ******* ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* ХХК нь манай ******* ХХК-тай худалдааны хамтран ажиллах чиглэлээр гэрээ байгуулж бараа бүтээгдэхүүн зээлээр авч ажиллаж байсан билээ. Улмаар ******* ХХК нь манай компанид нийлүүлсэн барааны төлбөрийн үлдэгдэл байгаа бөгөөд тус компанийн захирал *******тай утсаар холбогдож төлбөр төлөх, төлбөрийн асуудлаар ирж уулзахыг удаа дараа шаардсан боловч төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд бүгд төлбөр 25.482.403 /хорин таван сая дөрвөн зуун наян хоёр мянга дөрвөн зуун гурав/ төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Манай Номин трейдинг ХХК нь өөрийн салбарууд болох *******, *******, ******* компаниудаар дамжуулан Сонголт трейд ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж гэр ахуйн болон цахилгаан хэрэгсэл, гоо сайхны бараа нийлүүлэн, борлуулагчаас гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөх нөхцөлтэй гэрээ байгуулж ажилласан. Гэрээний хугацаа 2014 оны 12 сард хийгдэж, 1 жил сунган, 2016 оны 12 сард дуусгавар болсон.

Гэрээ дуусгавар болсноос хойш гэрээний үүрэг болох бүгд төлбөр 25.482.403 төгрөгийг хариуцагч ******* ХХК-төлөөгүй буюу бараа бүтээгдэхүүнийг буцаан төлөөгүй байх тул гаргуулах шаардлага гаргасан. Бид алданги тооцохдоо Иргэний хуульд нийцүүлэн төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй байхаар тооцож нэхэмжилсэн. Хэрвээ хариуцагч шүүхэд ирээд бидэнтэй уулзсан бол эвлэрч алдангийн зохих хэсгээс хасах боломжтой байсан боловч хариуцагч талаас ийм санаачлага гараагүй билээ. Шүүх хуралдаанд ирэхгүй байгаа тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн аваад хариу тайлбар, нотлох баримт ирүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан хариуцагч Сонголт трейд ХХК аас хамтран ажиллах гэрээний үүрэг 25.482.403 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Номин трейдинг ХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289.131 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 289.131 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Манай компани 2016 оны 11 дүгээр сарын 16-нд бүх авсан барааг буцаалт хийж, агуулах тус бүрд буулгаж, агуулахын няравуудтай тооцоог тулгаж, баримт үйлдэж гарын үсэг зурж хүлээлгэж, өгсөн байдаг. Няравууд нь ажил ихтэй байна. Ажлаа дуусгаад өгсөн баримтын дагуу тоолж нийлсэн тул падаан болгож шивээд явуулья гэсэн ч ондоо багтааж баримт падаанаа өгөөгүй, Гэтэл зарим компанийн няравууд хүлээн авсан барааныхаа тоог дутуу бичиж, падаанаа гаргасан байснаас тооцооны зөрүү үүссэн.

Гэтэл шүүх хурал дээр ирээд Номин трейдинг ХХК-ийн 3 охин компанийн нийт үлдэгдэл 16.988.269 төгрөг байгаагаас Сонголт трейд XXК- наас 612.766 төгрөгийн барааны буцаалт хийсэн байтал түүнийг огт тооцохгүй байгаа, мөн 295.597 төгрөгийн бараа үйлдвэрийн эвдрэлтэй байгааг хэлж, Номин трейдинг ХХК-ийн засварын газарт өгсөн, нийт дүн нь 903.363 төгрөгийг манай компанийн тооцооноос хасч тооцох ёстой байтал хасахгүй байгаа нь гайхалтай, мөн алданги гэж 8.494.134 төгрөгийг нэмж авхаар тооцуулж гаргуулсан нь шударга бус үйлдэл гэж үзэж байна. Манайх ямар нэг байдлаар бултаж байсан бол ийм байдлаар шийдүүлж болно. Гэтэл бүтэн жил шахуу өгсөн барааныхаа падаанаа' үзүүлж, тооцоогоо үнэн зөв хийе гэж баримт, гарын үсэг зурж авсан няравын падааныг үзүүлээд байхад тооцоогоо нийлж дуусгаж өгөхгүй байж Баянхонгорт шүүх дээр ирж Номин трейдинг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* тэс өөр байдлаар тайлбарлаж, алданги тооцуулан нэхэмжлэлээ баталгаажуулж авсныг шүүхийн шийдвэрээс уншаад туйлын гайхаж, харамсаж байна.

Манай компанийн төлөх 16.988.269 төгрөгнөөс одоо гарах 2 компани тооцоо нийлж, актаар гарах төлбөрийг хасуулж, үлдсэн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа болно. Хугацаа алдсан алданги гэх 8.494.134 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул шүүхийн шийдвэрээс алдангийг хасч өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* ХХК-ийн өмгөөлөгч *******гаас давж заалдах гомдолтой холбогдуулж гаргасан тайлбартаа:

Хоум Стайл ХХК, Номин электроник, ******* зэрэг нь Номин трейдинг ХХК-ийн салбар төлөөлөгчийн газар гэдэг нь нотлогдохгүй байна. Эдгээр компаниуд нь ******* ХХК-тай хамтран ажиллах гэрээний үүргээ дүгнээгүй, хоорондоо тооцоо нийлээгүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нь манай компанийн 3 салбарт нийт 16,084,906 төгрөгийн үндсэн төлбөртэй байгааг хүлээн зөвшөөрч байгаа юм.

Харин 903,363 төгрөгийн барааг хасч тооцуулах үндэслэлээ анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад нотлох хангалттай хугацаа байсаар байтал хуулиар олгосон эрх, үүргээ хэрэгжүүлээгүй атлаа давж заалдах шатны шүүхэд хандан гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.

******* миний бие “*******” ХХК-тай 2017 оны 02 дугаар сараас эхлэн холбогдож тооцоон дээр асуудал байгаа бол ирж уулзаж шийдвэрлэх мөн төлбөрийн асуудлыг заавал шүүхийн шатанд шийдвэрлэх шаардлагагүй төлбөрийг хугацаа тохирч барагдуулах саналыг удаа дараа тавьж байсан боловч хариуцагч тал асуудлыг шийдвэрлэх тал дээр идэвхи санаачлага байхгүй хойрго хандаж буйд арга буюу хууль болон гэрээнд заасны дагуу шүүхээр шийдвэрлүүлэх болсныг гуйвуулж нэхэмжлэгчийн буруутай хүнд суртлаас болж үүссэн мэтээр ойлгогдохоор бичсэн байна.

Мөн хариуцагч нь давж заалдах гомдолдоо дурьдсан баримтуудыг хавсарган өгсөн нь үндэслэлгүй юм. Учир нь хариуцагч хэргийг анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д “..Нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө..” гэж заасан байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Баянхонгор аймгийн ******* ХХК-иас хамтран ажиллах гэрээний үүрэг 25.482.403 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлоогүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Хоум Стайл ХХК, Номин электроник, ******* зэрэг нь Номин трейдинг ХХК-ийн салбар төлөөлөгчийн газар гэдгийг нотолсон хууль эрх зүйн акт буюу улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй, эдгээр компани нь салбар төлөөлөгчийн газар юм уу, эсхүл охин компани аль нь болох нь тодорхойгүй, зөвхөн Номин трейдинг ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэсэн.

******* салбарийн гүйцэтгэх захирал , Хоум Стайл ХХК-ийн захирал *******нхчимэг, ******* салбарын захирал ******* нар нь Баянхонгор аймгийн ******* ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан боловч эдгээр захирлууд нь нэхэмжлэгч толгой компани болох ******* ХХК-ийг болон тухайн өөрийн салбараа төлөөлөх эрх бүхий албан тушаалтан гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Компанийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д зааснаар “…Компанийн салбар, төлөөлөгчийн газар нь хуулийн этгээдийн эрхийг эдлэхгүй бөгөөд түүнийг байгуулсан компаниас баталсан журмын дагуу үйл ажиллагаагаа эрхлэн явуулна..”, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.11-д зааснаар “…компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол компанийн салбар төлөөлөгчийн газрын удирдлагыг төлөөлөн удирдах зөвлөл, байхгүй нөхцөлд гүйцэтгэх удирдлага томилох бөгөөд тэдгээр нь компаниас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулна..: гэж заасан байхад Хоум Стайл ХХК, Номин электроник, ******* зэрэг толгой компаниа төлөөлж үйл ажиллагаа явуулах, гэрээ хэлцэл хийж байна уу эсхүл өөрийнхөө салбарыг төлөөлж хэлцэл хийж байгаа эсэх нь тодорхойгүй, тэдгээрийг байгуулсан толгой компаниас баталсан журам болон компанийн дүрэм зэрэг нь хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

Компанийн салбар төлөөлөгчийн газар болон охин компанийн өр авлага, зээл зэргийг тэдгээрийн өмнөөс толгой компани нь тооцоо нийлэх, нэхэмжлэл гаргах зэрэг нь тухайн компанийнхаа дүрэм, зохицуулсан журам зэргээр тодорхой харагдахгүй байна.

Хоум Стайл ХХК, Номин электроник, ******* зэрэг газруудын эрх зүйн баримт бичиг байхгүй, өр авлагын тайлан /хх-ийн 69 дүгээр тал/ зэрэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй, нотариатын баталгаа байгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах, шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй байна.

Анхан шатны шүүх хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Баянхонгор аймгийн ******* ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 150.222 төгрөгийг төрийн сангийн данснаас шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж хариуцагчид олгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн 131/ШШ2017/00709 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 150.222 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж хариуцагчид олгосугай.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                                 ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

                                                   Г.УЛАМБАЯР