Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 131/ШШ2017/00802

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.Мын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянхонгор аймаг Галуут сумын 6 дугаар баг, Мандал бага сургуульд холбогдох Бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 09 сарын 08-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Мөнхзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Ариунаа, хариуцагчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2014 онд Мандал бага сургуулийн бага ангийн багшийн ажилд орж 3 дахь жилдээ ажиллаж байна. 2017 оны 09 сарын 01-ний өдөр ангиа хүлээн авах гэхэд сургуулийн захирал С.Ариунаа өөр багшид манай ангийг өгсөн. 2017 оны 09 сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлсөн тухай тушаал авсан. Намайг ажлаас халсан тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, миний багшлах болон хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн. Би үүрэгт ажлаа хэвийн хэмжээнд хийж байсан. Урьд эрхлэсэн ажлынхаа талаар сахилгын шийтгэлийн арга хэмжээ авч байгаагүй. Миний хувьд 2 настай нялх хүүхэдтэй, одоо жирэмсэн. Иймд намайг бага ангий багшийн ажилд эгүүлэн тогтоож, нийт ажилгүй байсан хугацааны цалинг 642343 төгрөгөөр бодож гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Т.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2014 оны 9 дүгээр сарын 01-ны өдөр Галуут сумын Мандал бага сургуульд ажилд орсон. 2017 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр ажлаас халагдсан. Ажлаас халахдаа хуульд заасан хугацаагаар ажил олгогч мэдэгдэх ёстой мэдэгдээгүй миний ажлыг өөр багшид шилжүүлсэнд гомдолтой байна. Ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийгдээгүй саруудад бичилт хийлгэх, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах хүсэлттэй байна. Хариуцагч байгуулагын төлөөлөгч шүүхэд тайлбар өгөхдөө сургуулийн бичиг баримт аваад сураггүй алга болсон гэсэн. Тэр үед би эмчийн акттай байсан. Бичиг баримтыг авчирч өгөөрэй гэсэн хугацаанд аваачиж өгсөн. Олон хоногоор алга болсон гэдэг худлаа. Сэргэлэн багштай хамт аваачиж өгөхөд жилийн эцсийн тайлан дутуу байна гэхээр тэр өдрөө бичиж аваачиж өгсөн. Сахилгын арга хэмжээ авахдаа мэдэгдээгүй. Захирал дээр ороход сахилгын арга хэмжээ авсан гэсэн нягтлантай уулзахад 8 сарын цалин дээрээс суутгасан байсан. Сахилгын шийтгэл ногдуулсан 2017 оны 8 дугаар сарын 14-ны өдрийн Мандалын бага сургуулийн захирлын 12 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Ариунаа шүүхэд гаргасан тайлбартаа:

С. Ариунаа би 2017 оны 4 сарын 19 ний өдрөөс тус албанд томилогдон ажиллаж эхэлсэн. Ажил авсан анхны өдрөөс эхлэн аж ахуй, сургалтын чанар, ажиллах боловсон хүчний чадавхийн доройтолд орсон энэ сургуулийг сэргээн босгох ажлыг хийж эхэлсэн. Намайг ажил авахад багш Т. Мөнхзулын хувьд Галуут сумын Мандал бага сургуулийн 1а болон За ангийг дааж авсан ангийн багш байсан. 1а анги нь 4 сурагчтай, За анги нь 2 хүүхэдтэй байсан бөгөөд тандалт судалгаа анги бүрт миний бие хийсэн. Гэтэл багш Т.Мын хувьд огт хичээлийн бэлтгэлгүй хичээлд ордог, хичээл заадаггүй 1-р ангийн 4 сурагчтайгаа суу, хийгээрэй гээд л байж байдаг. Хүүхдүүд нь сууж сураагүй, төлөвшөөгүй. сурах бичгээс хуулан бичлэг хийж байдаг бөгөөд энэ байдал хичээлийн бэлтгэл шалгах, хяналт хийх бүрт харагдаж байсан бөгөөд багшийн ур чадвар маш муу байсан. Хичээлийн үйл явц, сургалтын хэрэглэгдхүүний сонголт, ээлжит хичээлийг төлөвлөсөн хөтөлбөрт хяналт тандалт хийж 3 удаа ажиглалт хийхэд юу ч байгаагүй, хичээлийн жилийн төлөвлөлт харуулсан он сар хугацаа тодорхойгүй хэдэн оны хичээлийн төлөвлөлт нь мэдэгдээгүй.

Захиргааны нэгдлийг байгуулж, хүндэвтэр, хүндрэлтэй байгаа бодлогуудыг хамтарч бодох, бусдаас суралцах, мэдээлэл солилцох арга зүйд суралцуулсан. Багш Т. Мөнхзул болон бусад багш нарт дараахь үүрэг өгсөн. Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд дараах ажлуудыг хэвшүүлж ажиллахыг үүрэг болгосон. Үүнд: Сурагчдын мэдлэгийг 7 хоног бүр дүгнэж эцэг эхэд тайлагнах, Багш бүр 1 долоо хоногийг өөрийн нэрэмжит долоо хоног болгож монгол хэл, математикийн хичээлээр олимпиад уралдааны удирдамж боловсруулан ажиллаж дүнгээ сургууль, эцэг эхэд тайлагнаж ажиллах, Өдөр бүр ангийн сурагчдаас Минутын уншлага хийж хурдан уншдаг сурагчидтай болцгоох, Хичээл эхлэхийн өмнө өдөрт нэг удаа 5 минутын чээж бичих хийж хэвших, Сургуулиараа сард нэг шүлэг хүүхдүүддээ цээжлүүлж завсарлагаанаар уншуулж байх, төрийн дууллыг өглөө хичээл орохын өмнө дуулуулах, Сурагч бүрийн бүтээлийн санг тухайн хичээлд хийсэн бүтээлээр нь гаргаж байх, өдрийн тэмдэглэл хөтлүүлэх зэрэг эдгээр 8 ажлыг сургуулийнхаа брэнд болгоё гэж зөвлөсөн. Эдгээр ажлуудыг хийсэн байсан бол бүтэн жилийн ажлын тайлан болон 4,5-р сарын үр дүнгийн урамшуулал дүгнүүлэх үндэслэл ч гарч ирж болох байсан.

Миний бие төрийн албаны сонгон шалгаруулалтад орж ирснийхээ дараа 2017 оны 05-р сарын 14,15-нд манай сургуультай ижил статустай, сургуулийн барилга 1984 онд нэг жил баригдсан Бууцагаан сумын Баянбүрдний бага сургуулийг үзэх, туршлага судлах зорилгоор байгууллагын зардлаар 500 гаруй км-т зардал гаргаж ажилласан. Сургуулийн бүх багш ажилчдыг авч явсан. Мэргэжил мэргэжлээрээ нэг бүтэн өдөр ажиллаж туршлага судлаж ажиллуулсан. Багш нараа ингэж ажиллаасай гэж итгэж байсан. Туршлагаа нэгтгэх хэлэлцүүлэг хийхэд Т.М багш юу ч олж мэдээгүй гэсэн. Ангийн сургагчдын чанар, амжилт муу байдаг.

Багш ажилчдын ээлжийн амралт дуусч 2017 оны 08 дугаар сарын 14 нд ажилдаа орсон ба сургуулийн нягтлан бодогч амралтаа авах болсон тул багш ажилчдын цалинг ажилд орох өдрөөр нь урьдчилж бодож олгосон. Т.М нь 2017 оны 8 сарын 11 ний өдөр ээлжийн амралт дуусч, 2017 оны 8 сарын 14 ний өдөр ажилдаа орохоор ээлжийн амралт цалингаа бодуулж авсан байсан бөгөөд намайг 2017 оны 08 дугаар сарын 18 нд ажилдаа очиход Т. Мөнхзул багш огт ажилдаа ирээгүй байсан. 09 сарын 01 -ний өглөө 3 хоногийн ажил таслаад ажилдаа ирэхдээ юу ч яриагүй. Эдгээр зөрчлүүдээс дүгнэхэд Мандал бага сургуулийн бага ангийн багшийн ажлын байрны тодорхойлолтын Б чиг үүргийн 3-ын Ажлын байрны 1-р зорилтын 1-8.9,10,11,15 заалт, 2-р зорилтын 2,7,8 -р заалтыг бүхэлд нь биелүүлээгүй ажилдаа мэргэжил ур чадвар тэнцэхгүйг харуулсан нотолгоо болж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Ариунаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2014 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр Галуут сумын Мандал бага сургуулийн захирлаар томилогдсон. Сурагчид сурлагын доройтолд орсон, багш боловсон хүчин чадамжгүй гэсэн үнэлгээ авсан байсан. 2017 оны 4 дүгээр сард тандалт хийж ангиудаар явсан. Мөнхзул багшийн ангид ороод хичээлийн бэлтгэл, улирал, жилийн төлөвлөгөө, ээлжит хичээлийн хөтөлбөр зэргийг шалгахад юу ч байхгүй байсан. Монгол хэлний хичээлийн жилийн хөтөлбөрийг үзүүлсэн. Энэ жилийн хөтөлбөрөө батлуулаагүй, он сар өдөр нь тодорхойгүй, цагийн төлөвлөлт байхгүй, журнал дээр зөрүүтэй байсан. 2 дахь удаа тандалд хийгээд ороход самбартайгаа харьцаагүй, хүүхэдтэйгээ харьцаж хичээл заагаагүй байдалтай байсан учраас хичээлийн явцыг ажиглаж байгаад гарсан. 7 хоногийн дараа дахин ороход хичээлээ заагаагүй хүүхдүүд үймүүлсэн байдалтай байсан. Заах аргын нэгдэл гэж байдаг. Энэ заах аргын нэгдлээр багш нарт мэдэхгүй, чадахгүй зүйл байвал түүнээгээ бие биенээсээ асууж дундаасаа нэг шийдэлд хүрдэг. Ажлын байрны тодорхойлолтод багш бүтэн жилээр хичээлийн төлөвлөлт гаргах, ээлжит хичээлийн хөтөлбөрөөр хичээл заах, сурагчдаа бодитой үнэлэх, сургалтын хэрэглэгдэхүүн сонгож хичээлээ заах, сурагчийн мэдлэгийг дүгнэх тестийн сантай байх, сурагчдын судалж оношлох, үнэлгээний даалгавараа боловсруулсан байх, явцын үнэлгээ гаргасан байх, журнал хөтлөлт ажиглалт тэмдэглэгээ хийсэн байх ёстой гэж заасан байдаг. Эдгээр заалтуудыг Мөнхзул багш биелүүлээгүй. Мөн 2 дугаар зорилтын сургалтын бичиг баримтыг стандартын дагуу хөтлөөгүй журнал буруу бөглөсөн байсан. Ажлын байран дээх мэдлэг чадвараа дээшлүүлэх үүрэг өгсөн үүнийг биелүүлээгүй. Хөдөлмөрийн дотоод журамд тухайн хичээлийн жилд багш сурагчдын сурлагын амжилтыг 70-100 хувь чанарыг 40 хувь хүргэж ажиллана гэж заасан байгаа. Мөнхзул багшийн хувьд 1 дүгээр ангийн 4 хүүхдийг амжилт 25 хувь, чанар 0 хувьтай сургаж дээрх заалтыг зөрчсөн. Хүүхэд нэг бүрийг жигд хөгжүүлэх үүргээ биелүүгүй. Хөдөө малтай байдаг төрийн ажил хийхгүй амин хувийнхаа ажлыг хөөцөлдөөд явчихдаг. Хурал цуглаанд оролцдоггүй багш байгаа. 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шуурхай хурал хийсэн. Тухайн хурал дээр Мөнхзул багш байгаагүй. 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн сурган хүмүүжүүлэх зөвлөлийн хурал дээр Мөнхзул багш ирээгүй. Энэ хурлаар үр дүнгүй ажилласан хүүхдээ сургаагүй багшид сахилгын шийтгэл оногдуулсан. Мөнхзул багш шалгалтын материалыг 2017 оны гэр лүүгээ аваад явсан байсан. 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдөр намайг амралттай байх хугацаанд Сэргэлэн багштай хамт гэрт ирж журнал шалгалтын материалаа өгсөн.Журналыг харахад ямар ч тэмдэглэгээ хийгээгүй, хийсэн тэмдэглэгээ нь буруу байхаар нь арга зүйн зөвлөгөө өгөөд явуулсан. 2-3 цагийн дараа хийчихлээ гээд аваад ирсэн. Бүтэн жилийн дүгнэх хуудсыг бөглөсөн байхаар нь журналыг авсан. Зөрчилтэй юмнуудаа зассан гэж ойлгоод архивт өгсөн. 2017 оны 8 дугаар сарын 14-ны өдөр ажилдаа орох байсан. 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр би ажилдаа ирэхэд Мөнхзул багш ажилдаа ирээгүй байхаар нь гар утас руу нь залгахад холбогдоогүй. Дараа нь надруу залгахаар нь яагаад ажилдаа ирэхгүй байгаа юм бэ гэхэд би ямар ажил хийх вэ гэхээр нь бид нар засвараа хийж байгаа гэж хэлсэн. Мөнхзул багш 9 өдөр ажил таслаад 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа ирсэн. Ангид нь ороход засвар нь дуусаагүй, хичээлийн хэрэглэгдэхүүнээ гаргаагүй байсан. Мөнхзул багшийн журналыг архиваас аваад үзэхэд журналаа бөглөөгүй зөрчилтэй байсан. Мөн Галуут суманд ажиллаж байсан хичээлийн хөтөлбөрийн цаасны ар дээр жилийнхээ төлөвлөгөө гаргаад өмнө нь ажиллаж байсан захирлын гарын үсгийг дуурайлгаж зураад зөвшөөрөлгүй тамга дараад надад өгсөн байсан. Бүтэн жилийн ажлын төлөвлөгөө өгсөн чинь он сар өдөр батлуулсан зүйл байхгүй, зөв бичих дүрмийн алдаа гаргасан байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн ажил тасласан, сургалтын бичиг баримтыг гүйцэт бөглөөгүй гэж ажлаас чөлөөлсөн гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн дэлгэцээр харуулж шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.М нь Баянхонгор аймгийн Галуут сумын Мандал бага сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж Баянхонгор аймгийн Галуут сумын Мандалын бага сургуульд холбогдуулан ажлаас буруу халсан 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, тус сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулж, цалингаас суутгал хийсэн 64234 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг гаргаж, хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Ариунаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрчээ.

1.Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан шаардлагын тухайд:

Баянхонгор аймгийн Галуут сумын Мандалын бага сургуулийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 11 дүгээр тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан, Т.Мыг ажлаас буруу халсан байх тул нэхэмжлэгч Т.Мыг Баянхонгор аймгийн Галуут сумын Мандалын бага сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Т.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Мандал бага сургуулийн захирал С.Ариунаад холбогдуулан нэхэмжлэлээ гаргасан боловч ажиллагааны явцад хариуцагчийг зөвтгөж Баянхонгор аймгийн Мандалын бага сургууль-д холбогдуулан өөрчилсөн, хэрэгт цугларсан нотлох баримтууд болох тус сургуулиас гарсан эрх зүйн актуудад Мандалын бага сургууль гэсэн байх тул хариуцагч байгууллагын нэрийг Баянхонгор аймгийн Мандалын бага сургууль гэж тодорхойлов./хх-ийн 1, 3, 37, 218-219-р тал/

Нэхэмжлэгч Т.М нь тус байгууллагад 2004 оноос эхлэн бага ангийн багшаар ажиллаж байгаад Баянхонгор аймгийн Галуут сумын Мандалын бага сургуулийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 11 дүгээр Багш Т.Мыг ажлаас халах тухай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчийн тайлбар, тушаалын хуулбар зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна./хх-ийн 1, 3, 41-р тал /

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргасан байхыг шаарддаг ба нэхэмжлэгч ажлаас чөлөөлөх тухай тушаалыг 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авсан, хариуцагч байгууллагын төлөөлөгч мөн өдөр тушаалыг гардуулан өгсөн, цаг хугацааны хувьд маргаангүй байх тул ажлаас буруу халсан тухай гомдлоо хуульд заасан хугацааны дотор шүүхэд гаргасан гэж үзэв.

Баянхонгор аймгийн Галуут сумын Мандалын бага сургуулийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 11 дүгээр Багш Т.Мыг ажлаас халах тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 21-24 дүгээр зүйл, Хөдөлмөрийн гэрээний 4.2.3, 4.2.3.1, 4.2.3.2, Ажлын байрны тодорхойлолтын багшийн чиг үүргийн 1-р үндсэн зорилтын 1,4,8,9,10,11,15 дугаар заалт, 2-р үндсэн зорилтын 2,7,8 дугаар заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 3.1.4-ын 22, 23, 5-р зүйлийн 6,9,14,19-т заасан үүргээ бүхэлд нь буюу хэсэгчлэн биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч Т.Мыг ажлаас халжээ. /ХХ-ийн 3-р тал/

Уг тушаалын агуулгаас харахад ажилтан ямар зөрчил гаргасан нь харагдахгүй, нөгөөтэйгүүр ямар зөрчлийг бүхэлд нь биелүүлээгүй, ямар зөрчлийг нь хэсэгчлэн биелүүлээгүй гэж үзэн ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь ойлгомжгүй, мөн тушаалд Хөдөлмөрийн гэрээний 4.2.3 дахь хэсэгт заасан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлийг баримталсныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах аль нэг үндэслэлийг баримталсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэгчийг 2017 оны 08 дугаар сарын 14-18, 24-25, 29-31 нийт 9 хоногийн ажил тасалсан, журнал хөтлөөгүй, хичээлийн бэлтгэл хийдэггүй, сурагчдын сурлагын чанар муу, амжилт байхгүй, шалгалтын материал гэр рүүгээ авч явсан, сургуулийн байранд засвар хийх ажилд оролцоогүй зэргээр үүргээ биелүүлээгүй, тухайн зөрчлүүдийг 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр илрүүлж, мөн өдрөө ажлаас чөлөөлсөн тухай тайлбарлаж, нотлох баримтыг гаргаж өгсөн байна.

Нэхэмжлэгч 2017 оны 08 дугаар сарын 14-18, 24-25, 29-31 нийт 9 хоногийн ажил тасалсан зөрчлийг Хөдөлмөрийн гэрээний 4.2.3.2-т заасан ба хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн Мандал бага сургуулийн багш ажилчдын цагийн бүртгэлд/хх-ийн 128-р тал/ цагийн бүртгэлийг гаргасан тус сургуулийн захирал С.Ариунаа, С.Жаргал, Б.Насаа гэсэн нэр авагдаж тус тусын гарын үсэг зурагдаагүй, тухайн бүртгэл тус сургуулийн албан ёсны цагийн бүртгэлийн дэвтрээс хуулбарлан авсан нь эргэлзээтэй, ажилчдын цагийн тооцоо баримтад цагийн тооцоо гаргасан ажилтаны гарын үсэг байхгүй/хх-ийн 130-р тал/, нэхэмжлэгч дээрхи хугацаанд буюу 2017 оны 08 дугаар сарын 14-18-ний өдрүүдэд ирсэн, 24-ний өдөр нийт ажилчид чөлөө авч найранд суусан, 29-31 өдрүүдэд жирэмсний улмаас акттай байсан/хх-ийн 14-28-р тал/ талаар тайлбарлаж байх бөгөөд энэ талаар хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн уг зөрчил нь нотлогдохгүй байна гэж дүгнэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэгчийг сурагчдын сурлагын чанар муу, амжилт байхгүй багшийн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тайлбарлаж сурагчдын үнэлгээ, сурлагын чанарын байдалд нэхэмжлэгч маргаангүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтаар сурагчдын чанар муу болох нь тогтоогдож байх хэдий ч уг үүргийг биелүүлээгүй тохиолдолд ямар баримт бичигт зохицуулсан, ямар зөрчилд тооцогдох нь ойлгомжгүй байна. /ХХ-ийн 53-36-р тал/

Хариуцагч байгууллагын нотлох баримтаар гаргаж өгсөн баримтуудаас Мандал бага сургуулийн 2 а ангийн сурагчдын уншлагын хурдны явцын үнэлгээ 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн байдал, шалгалтын матриц, шалгалтын материал, үр дүнгийн урамшууллын үнэлгээ, 2016 оны цалингийн хүснэгт, холбогдох журам, зааврууд нь нэхэмжлэлийн шаардлага, ажлаас халсан тухай туушаалын үндэслэлд хамааралгүй баримт, нэхэмжлэгчийн нотлох баримтаар гарган өгсөн хичээлийн төлөвлөгөө нь хэн гаргасан нь тодорхойгүй, төгсгөл байхгүй, тодорхойлолтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, нэгж хичээлийн хөтөлбөр баримт нь хуулбар зэрэг нотлох баримтын шаардлага хангахгүй нотлох чадвараа алдаж байна. /хх-ийн 80, 129, 114-119, 154-191-р тал/

Баянхонгор аймгийн Галуут сумын Мандалын бага сургуулийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 11 дүгээр Багш Т.Мыг ажлаас халах тухай тушаал нь агуулгын хувьд зөрчилтэй, нэхэмжлэгчийн ямар зөрчлийг, хэзээ, хэрхэн гаргасан гэж үзсэн, ажил олгогч хэзээ илрүүлсэн зэрэг нь ойлгомжгүй, хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлийн аль нэгийг баримтлаагүй, тушаалд үндэслэл болгосон ажлын байрны тодорхойлолтын заалтууд дугаарлалтгүй ойлгомжгүй зэрэг нь тус тушаалыг үндэслэлгүй гарсан гэж үзэх үндэслэл болно.

Ажил олгогчийн шийдвэрийг шүүх үндэслэлгүй гэж үзсэн учир уг тушаалыг хүчингүй болгох нь хууль зүйн хувьд ач холбогдолгүй юм.

Иймд Т.Мыг Баянхонгор аймгийн Галуут сумын Мандалын бага сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг ажил олгогчоос гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах үндэслэлтэй байна.

Т.Мын нөхөн олговрыг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д зааснаар түүний ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцох нь зүйтэй.

Нэхэмжлэгч Т.М нь ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх 3 сард нийт 2146496 төгрөгийн цалин авсан нь түүний 1008249 тоот нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдож байна./ сарын дундаж цалин 2146496:3=715498 төгрөг, өдрийн дундаж цалин 715498:21,5=33279 төгрөг /

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны цалинг тооцож, дээрхи хугацааны цалин хөлс буюу нийт 1896902 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон зохих санд шилжүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах нь зүйтэй.

2. Сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухайд:

Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Галуут сумын Мандалын бага сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулж, цалингаас суутгал хийсэн 64234 төгрөгийг гаргуулах тухайнэхэмжлэлийн шаардлага гаргаж хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Ариунаа эс зөвшөөрчээ.

Баянхонгор аймгийн Галуут сумын Мандалын бага сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд Хөдөлмөрийн гэрээний 3.2.1 Ажлын байрны тодорхойлолтонд заагдсан ажил үүргээ санаачилгатай хариуцлагатай биелүүлнэ гэсэн заалт болон Хөдөлмөрийн дотоод журмын 3.1.4-ийн ү, п заалтуудыг үндэслэсэн боловч Хөдөлмөрийн дотоод журмын 3.1.4 дэх хэсэгт ү, п гэсэн заалт байхгүй байгаа хөдөлмөрийн гэрээний баримталсан заалт ерөнхий зохицуулалт зэргээс үзэхэд хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна гэж заасантай нийцэхгүй өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмын аль заалтад зохицуулагдсан, ямар зөрчил гаргасан нь тодорхойгүй байхад сахилгын арга хэмжээ авсан, нөгөөтэйгүүр хариуцагч байгууллагын төлөөлөгч зөрчлийг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр илрүүлж, хурлаар авч хэлэлцсэн тухай тайлбарлаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар сахилгын зөрчил илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах заалтыгзөрчсөн, үндэслэлгүй тушаал гарчээ./хх-ийн 131-137, 139, 149-151-р тал/

Иймд уг тушаалыг хүчингүй болгож, үндэслэлгүй тушаалын улмаас нэхэмжлэгчийн цалингаас суутгал хийсэн 64234 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч 2017 оны 08 дугаар сарын цалингаас 10 хувь буюу 64234 төгрөгийг суутгасан гэж тайлбарлан нэхэмжилж энэ талаарх нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгээгүй боловч хариуцагч байгууллагын төлөөлөгч энэ талаар санхүүгийн баримт учир итгэж байна, нийгмийн даатгалын дэвтэр нэхэмжлэгчид байсан шалтгаанаар бичилт хийгдээгүй хэмээн тайлбарлаж мөнгөн дүнгийн тухайд талууд маргахгүй байна.

Нэхэмжлэгч Т.Мын нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Баянхонгор аймгийн Галуут сумын Мандалын бага сургуулиас улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөгийг гаргуулж, төвлөрсөн төсвийн дансанд оруулж шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Боржигон овогт Т.Мыг Баянхонгор аймгийн Галуут сумын Мандалын бага сургуулийнбага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Баянхонгор аймгийн Галуут сумын Мандалын бага сургуулиас ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны цалин 1896902 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Мд олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгасугай.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянхонгор аймгийн Галуут сумын Мандалын бага сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн дугаар 12 тушаалын Т.Мд холбогдох сахилгын шийтгэл ногдуулсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн цалингаас суутгал хийсэн 64234 төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Галуут сумын Мандалын бага сургуулиас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухайхуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Баянхонгор аймгийн Галуут сумын Мандалын бага сургуулиас улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөгийг гаргуулжтөвлөрсөн төсвийн дансанд олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА