Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 213/Ма2018/00003

 

Т.Мын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 131/ШШ2017/00802 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч  Т.Мын нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянхонгор аймгийн Галуут сумын Мандал бага сургуульд холбогдох

Бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгүүлэх, сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгч П.Өлзийбаярын давж заалдсан гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч  Т.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Ариунаа, хариуцагчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр, нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нар оролцов.

Нэхэмжлэгч  Т.Маас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2014 онд Мандал бага сургуулийн бага ангийн багшийн ажилд орж 3 дахь жилдээ ажиллаж байна. Хичээлийн жил эхлээд 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ангиа хүлээн авах гэхэд сургуулийн захирал С.Ариунаа өөр багшид манай ангийг өгсөн. Би 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлсөн тухай тушаал авсан. Намайг ажлаас халсан тушаал нь хууль зүйн үндэслэлгүй, миний багшлах болон хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн. Би үүрэгт ажлаа хэвийн хэмжээнд хийж байсан. Урьд эрхэлсэн ажлынхаа талаар сахилгын шийтгэлийн арга хэмжээ авагдаж байгаагүй. Миний хувьд 2 настай нялх хүүхэдтэй, одоо жирэмсэн. Иймд намайг бага ангий багшийн ажилд эгүүлэн тогтоож, нийт ажилгүй байсан хугацааны цалинг бодож гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч  Т.Маас анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

 Ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийгдээгүй саруудад бичилт хийлгэх, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах хүсэлттэй байна. Хариуцагч байгуулагын төлөөлөгч шүүхэд тайлбар өгөхдөө сургуулийн бичиг баримт аваад сураггүй алга болсон гэсэн. Тэр үед би эмчийн акттай байсан. Бичиг баримтыг авчирч өгөөрэй гэсэн хугацаанд аваачиж өгсөн. Сахилгын шийтгэл ногдуулсан 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Мандалын бага сургуулийн захирлын 12 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Галуут сумын Мандал бага сургуулийн захирал С.Ариунаа шүүхэд гаргасан тайлбартаа:

Багш ажилчдын ээлжийн амралт дуусч 2017 оны 08 дугаар сарын 14 нд бид ажилдаа орсон ба сургуулийн нягтлан бодогч амралтаа авах болсон тул багш ажилчдын цалинг ажилд орох өдрөөр нь урьдчилж бодож олгосон.  Т.М нь 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ээлжийн амралт дуусч, 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ажилдаа орохоор ээлжийн амралт цалингаа бодуулж авсан байсан бөгөөд намайг 2017 оны 08 дугаар сарын 18-нд ажилдаа очиход  Т.М багш огт ажилдаа ирээгүй байсан. Мөн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өглөө 3 хоногийн ажил таслаад ажилдаа ирэхдээ юу ч яриагүй. Эдгээр зөрчлүүдээс дүгнэхэд Мандал бага сургуулийн бага ангийн багшийн ажлын байрны тодорхойлолтын Б чиг үүргийн 3-ын ажлын байрны 1 дүгээр зорилтын 1-8.9,10,11,15 заалт, 2 дугаар зорилтын 2,7,8 -р заалтыг бүхэлд нь биелүүлээгүй ажилдаа мэргэжил ур чадвар тэнцэхгүйг харуулсан нотолгоо болж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ариунаа анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие 2014 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Галуут сумын Мандал бага сургуулийн захирлаар томилогдсон. Сурагчид сурлагын доройтолд орсон, багш боловсон хүчин чадамжгүй гэсэн үнэлгээ авсан байсан.  Т.М 2017 оны 8 дугаар сарын 14-ны өдөр ажилдаа орох байсан. Би 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр ажилдаа ирэхэд  Т.М багш ажилдаа ирээгүй байсан. Мөнхзул багш 9 өдөр ажил таслаад 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа ирсэн. Ангид нь ороход засвар нь дуусаагүй, хичээлийн хэрэглэгдэхүүнээ гаргаагүй байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн ажил тасласан, сургалтын бичиг баримтыг гүйцэт бөглөөгүй гэж ажлаас чөлөөлсөн гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Боржигон овогт  Т.Мыг Баянхонгор аймгийн Галуут сумын Мандалын бага сургуулийн бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Баянхонгор аймгийн Галуут сумын Мандалын бага сургуулиас ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны цалин 1.896.902 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  Т.Мд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянхонгор аймгийн Галуут сумын Мандалын бага сургуулийн захирлын 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн дугаар 12 тушаалын  Т.Мд холбогдох сахилгын шийтгэл ногдуулсан хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн цалингаас суутгал хийсэн 64.234 төгрөгийг хариуцагч Баянхонгор аймгийн Галуут сумын Мандалын бага сургуулиас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 Шүүх тус шийдвэрийн үндэслэх хэсэгтээ ажилтан ямар зөрчил гаргасан нь харагдахгүй, нөгөөтэйгүүр ямар зөрчлийг бүхэлд нь биелүүлээгүй, ямар зөрчлийг хэсэгчлэн биелүүлээгүй гэж үзэн ажил олгогчийн санаачлагаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь ойлгомжгүй, мөн тушаалд Хөдөлмөрийн гэрээний 4.2.3 дэх хэсэг буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлийг баримталсан байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах аль нэг үндэслэлийг баримталсан гэж үзэх үндэслэл болохгүй юм гэж дүгнэжээ.

Ажил олгогчоос Мандалын бага сургуулийн багш  Т.Мыг ажлаас халсан 11 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 т заасан үндэслэл буюу хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зерчил гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээний 4.2.3.1 буюу ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, 4.2.3.2 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 аас дээш хоногийн ажил тасалсан мөн ажлын байрны тодорхойлолтын 1,2 дугаар үндсэн зорилтын хүрээнд хэрэгжүүлэх сургалтын хөтөлбөр төлөвлөгөө боловсруулаагүй, сурагчдаа судлаж оношлоогүй, үнэлгээний даалгавар боловсруулах арга хэлбэрээ сонгоогүй, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулаагүй, журнал хөтөлж ажиглалт тэмдэглэгээ хийгээгүй, сурагчдын суралцах үйл явц, үр дүнг үнэлэх, оношлох, сургалтын баримт бичиг, хөтлөх /журнал, судалгаа, хувийн хэрэг, мэдээ/ мэргэжил дээшлүүлэх, сургалтанд хамрагдах, бусад багш нарт зориулан сургалт, семинар, зохион байгуулах зэрэг чиг үүргээ хэрэгжүүлээгүй болон хөдөлмөрийн дотоод журамд заасан ажил үүргээ биелүүлээгүй гэж үзэн ажлаас халсан байдаг.

 Т.М багш нь тус ажил үүргээ биелүүлдэггүй нь хичээлийн жилийн явцад харагдаж байсан боловч шинэ хичээлийн жил эхлэхэд буюу 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өнгөрсөн хичээлийн жилийн журнал болон баримт бичгийг авч харахад ямар нэгэн хичээл ороогүй тэмдэглэгээ хийгдээгүй, журнал огт хөтлөгдөөгүй байснаас гадна хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсон, түүнчлэн ээлжийн амралтаа эдлээд 2017 оны 08 дугаар сарын 14-нд ажилдаа орох байсан боловч ороогүй. 8 дугаар сарын 14-16, 24-25, 29-31-ний хугацаанд 9 хоногийн ажил тасалсан зөрчлийг тус тус гаргасан тул хөдөлмөрийн харилцааг шууд зогсоож ажлаас халсан гэж тайлбарладаг.

Сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухайд гэвэл 2017 оны 05 дугаар сарын 25 ны өдрөөс эхлэн анги дэвших суурь шалгалтууд авагдаж эхэлсэн бөгөөд  Т.М багшийн дааж авсан 1а ангийн 4 сурагч математикийн хичээлд амжилт 50 хувь, чанар 25 хувь, монгол хэлний хичээлд амжилт 25 хувь, чанар 25 хувьтай, За ангийн 1 сурагч F үнэлгээтэй буюу амжилт 0 хувь 8 чанар 0 хувьтай шалгагдсан байдаг. Ингээд 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр багш ажилчдын хурлаар энэ тухай хэлэлцэж, сахилгын арга хэмжээг 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр оногдуулсан нь хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131,2-т заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор сахилгын арга хэмжээ авна гэж үзэн сахилгын арга хэмжээ авах үндэслэлтэй буюу хуульд заасан хугацаанд сахилгын шийтгэл оногдуулсан байна. Иймд сахилгын шийтгэл оногдуулсаныг хүчингүйд тооцсон шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсзхгүй болгож өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  Т.Маас бага ангийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгүүлэх, сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

Шүүх хуралдааны тэмдэглэлд /хх-ийн 25 дугаар тал/ Шүүхийн тогтоолд гэж тэмдэглэжээ. Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд шүүхийн шийдвэр гарсан байхад шүүх хуралдааны тэмдэглэлд “…даргалагчаас Шүүх хуралдааныг үргэлжлүүлж, шүүхийн тогтоолын тогтоох хэсгийн агуулыг танилцуулж, бусад хэсгийг тайлбарлав..” гээд Шүүхийн тогтоолд гээд тогтоох хэсгийн агуулыг бичжээ. Шүүх хуралдааны тэмдэглэлээр анхан шатны шүүхээс Шүүхийн тогтоол гаргасан байгаа нь шийдвэртэйгээ зөрчилдөж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1, 96.3-д заасныг зөрчсөн байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагыг хангаагүй байна. Тухайлбал багш  Т.Мыг ажлаас халах тухай Мандалын бага сургуулийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 11 тоот тушаал дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасныг баримталж шийдвэрлэсэн байхад шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “…Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах аль нэг үндэслэлийг баримталсан гэж үзэх үндэслэл болохгүй юм..”, “..Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлийн аль нэгийг баримтлаагүй..” гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаас зөрүүтэй дүгнэлт хийж, шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.

Багш, ажилчдын цагийн бүртгэл болон бусад нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт ажилтан ямар зөрчил гаргасан нь харагдахгүй байна, хэзээ зөрчлийг илрүүлсэн нь ойлгомжгүй байна, ажилтан ямар зөрчлийн хэсэгчлэн биелүүлээгүй, ямар зөрчлийн бүхэлд нь биелүүлээгүй нь ойлгомжгүй гэх мэтээр хэрэгт байгаа нотлох баримтанд хууль зүйн үндэслэлтэй үнэлэлт, дүгнэлт өгөлгүй, гуйвуулж тайлбарласан.

Анхан шатны шүүх хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Галуут сумын Мандалын бага сургуулиас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 131/ШШ2017/00802 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Галуут сумын Мандалын бага сургуулиас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                                ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

                                                  Г.УЛАМБАЯР