Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2020/00679

 

“Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/00797 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 968 дугаар магадлалтай,

“Р” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Н.Д-од холбогдох,

“Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 19 667 000 төгрөг, алданги 9 833 500 төгрөг, нийт 29 500 500 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Эрүүл ахуйн шаардлага хангаагүй, доголдолтой орон сууц хүлээлгэн өгснөөс учирсан хохиролд 72 448 798 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, хариуцагч Н.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болортуяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Р” ХХК нь Н.Дтой 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 83А/55 дугаар “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулан захиалгын дагуу Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Юу Би Таун хотхоны 83А байрны, 55 тоот хаягт байрлах 62.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 133 917 000 төгрөгөөр худалдахаар тохиролцон, орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг ипотекийн зээлд хамруулахад шаардлагатай материалыг хүлээлгэн өгсөн. Гэвч Н.Д гэрээгээр хүлээсэн үлдэгдэл төлбөрт 19 667 000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд гэрээний дагуу үлдэгдэл төлбөрт 19 667 000 төгрөг, алдангид 9 833 500 төгрөг, нийт 29 500 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Р “ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулж, уг гэрээний дагуу 19 667 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Гэхдээ “Р” ХХК-иас хүлээлгэн өгсөн орон сууцанд хүн амьдрах боломжгүй, 100 хувийн чийгшилтэй, мөөгөнцөр ургасан болох нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 02.03-276/828 тоот дүгнэлт, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 02.07-117/880 тоот албан шаардлага, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 12.03-065/850 тоот дүгнэлт, “Гоё дөлгөөн өргөө” ХХК-ийн хийсэн барилгын дулааны алдагдлыг хэмжсэн хэмжилтийн тайлан зэргээр тус тус нотлогдоно.

“Р” ХХК-тай 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хэлцэл байгуулж, уг хэлцлээр гэр доторх чийгийг арилгах, дахин мөөгөнцөр ургуулахгүй орчин үеийн бодис хэрэглэх, агааржуулалтын сувгийг стандартын дагуу гүйцэтгэх, Мэргэжлийн хяналтын газарт хийсэн ажлаа хүлээлгэн өгөх, агааржуулалтын сэнсийг солих, дуугүй болгох, хаалгыг солих, жорлонгийн суултуурыг солих, паркетин шалыг бүрэн хуулж хатааж солих, шавьж устгах ариутгах үйлчилгээ хийх, ханын дотор талд 10 см дуу нэвтрүүлдэггүй дулаалга хана хийх, одоо байгаа талбайнаас шинээр хийсэн хавтангийн талбайн эзлэхүүнээр тооцож хасагдсан талбайн мөнгийг хүлээлгэн өгөх, ханын арзгарыг гөлгөр болгох, цонхны рамыг болон шилийг бүрэн солих, обой шалыг бүрэн сольж шалны хүрээ хийх, таазны ус нэвтрэхгүй засвар хийх үүрэг хүлээсэн боловч үүргээ биелүүлээгүй, одоо хүртэл хүн амьдрах боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцанч Н.Д шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч хуулиар хүлээсэн эрүүл ахуйн шаардлага хангасан, доголдолгүй орон сууц хүлээлгэн өгөөгүйгээс учирсан хохирлыг шаардаж байна.

Үүнд: Уг мөөгөнцөртэй орон сууцанд амьдарснаас болж охин Д.Цэцэнбилэг өвчин тусч /бронхит, астма/, 2016 оны 1 дүгээр сараас 7 дугаар сар хүртэлх хугацааны эмчилгээний зардалд төлсөн 1 278 000 төгрөгийг, байрны ханын шүүгээнд байсан эд зүйлс хөгзөрч, анхны байдалдаа орохооргүй болсон тул цоохор ирвэсний арьсны үнэ 2 500 000 төгрөг, эмэгтэй хүний өвлийн шуба 800 000 төгрөг, эмэгтэй хүний өвлийн напин куртка 60 000 төгрөг, эмэгтэй хүний урт түрийтэй гутал 133 333 төгрөг, эмэгтэй хүний хавар намрын түрийтэй гутал 180 000 төгрөг, эмэгтэй хүний өвлийн урт түрийтэй гутал 120 000 төгрөг, нийт 3 793 333 төгрөгийг, мөөгөнцөрт эдэгдсэн хувцаснуудыг хими цэвэрлэгээнд өгсөн 280 000 төгрөгийг, уг орон сууцанд амьдрах боломжгүй болсон тул 2016 оны 7 дугаар сарааас 2019 оны 3 дугаар сар хүртэл орон сууц хөлслөхөд 1 сарын 800 000 төгрөг буюу 33 сарын төлбөрт 26 400 000 төгрөг, орон сууцны хөгц, мөөгөнцөрийг ариутгах, засч доголдлыг арилгахад шаардлагатай зардалд 5 435 000 төгрөгийг, бизнесийн орлогоо алдсан тул 1 сарын дундаж цэвэр орлого 5 000 000 төгрөгийг 6 сараар тооцож 30 000 000 төгрөгийг, дулаан алдагдалын хэмжилт хийлгэсэн ажлын хөлс 180 000 төгрөгийг, орон сууцны хөгц, мөөгөнцөр устгах, ариутгах үйлчилгээний үнэ 4 382 000 төгрөг, нийт 72 448 798 төгрөгийг хохиролд тооцож “Р” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Орон сууцны хөгц, мөөгөнцөрийг засч, доголдлыг арилгахад шаардлагатай зардалд 5 435 000 төгрөгийг, эмэгтэй хүний өвлийн напин куртка 60 000 төгрөг, эмэгтэй хүний урт түрийтэй гутал 133 333 төгрөг, эмэгтэй хүний хавар намрын түрийтэй гутал 180 000 төгрөг, эмэгтэй хүний өвлийн урт түрийтэй гутал 120 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, бусад нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2019/00797 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Н.Доос гэрээний үүргийн гүйцэтгэлд 19 667 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Р” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9 833 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

  Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 261 дүгээр зүйлийн 261.1, 228 дугаар зүйлийн 228.1, 228.2, 229 дүгээр зүйлийн 229.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Р” ХХК-иас гэрээнээс учирсан хохиролд 27 210 333 төгрөг гаргуулан хариуцагч Н.Дод олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45 238 465 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Р” ХХК-иас 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 305 500 төгрөгийг, хариуцагч Н.Доос 2018 оны 5 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 700 465 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Доос 256 285 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Р” ХХК-д олгож, нэхэмжлэгч “Р” ХХК-иас 294 001 төгрөг гаргуулан хариуцагч Н.Дод олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 968 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 183/ШШ2019/00797 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад “...27 210 333...” гэснийг “... 25 615 333 ...” гэж, “...45 238 465...” гэснийг “...46 833 465...” гэж, 3 дах заалтад “...294 001...” гэснийг “...286 017...” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 264 360 төгрөг, хариуцагчаас төлсөн 219 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 968 дугаар магадлалыг эс зөвшөөрч, тус шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ИХШХШТХ-иар тогтоосон нотлох баримт үнэлэх журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-иар тогтоосон нотлох баримт үнэлэх журмыг ноцтой зөрчсөн тухайд:

Давж заалдах шатны шүүх ИХШХШХ-ийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөнд гомдолтой байна.

Шүүх “...Б.Бийн өмчлөлийн БГД 8-р хороо, 4-р хороолол, 11-р байр 319 тоот 2 ерөө орон сууцыг нэг сарын 800 000 төгрөгөөр хөлслөн оршин суусан гэдэг нь 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Түрээсийн гэрээгээр нотлогдож 12 005 000 төгрөг төлсөн байх тул хөлсийг “Р” ХХК-иас гаргуулах нь зүйтэй...” гэх дүгнэлтийг хийхдээ тус үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримт болох ХУД-15хороо, Штаун 83а-55 тоот орон сууцанд 2016.02.18-2018.05.24-ны өдрийг хүртэл хүн амьдран сууж байсныг нотлох “УБЦТС” ХК-ийн хэрэглэгчийн дэлгэрэнгүй тайланг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлэх ИХШХШХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийн заалтыг ноцтой зөрчсөн.

Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 01 дугаартай зөвлөмжийн 1.2 Тусгай зарчимд заасан хэргийн байдлыг бүрэн шинжлэх хэрэгт холбогдох бүхий л нөхцөл байдлыг хянан үзэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохигчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж буй бүх асуудлыг хамааруулан шинжлэхийг зөвлөсөн боловч шүүх “...цоохор ирвэсний арьс 2 500 000 төгрөг, хөгц, мөөгөнцөр устгах ариутгах үйлчилгээнд гарах зардалд 4 382 000 төгрөгийг гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт нь цоохор ирвэсний арьс ханын шүүгээнд байсан гэдэг нь тогтоогдоогүй байхад мөн хийгдээгүй буюу бодит зардал гараагүй ариутгалын зардлыг гаргахаар шийдвэрлэсэн нь ИХШХШХ-ийн 40.1 дэх хэсгийг ноцтой зөрчсөн.

Мөн тус магадлалд “....“Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 2.3-т ....захиалагч хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.3 хувиар торгуулийг гүйцэтгэгч талд төлнө” гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алдангийг төлөх талаар зохицуулалттай нийцээгүй тул алдангийн талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй...” гэх дүгнэлтийг гаргасан нь Иргэний хуулийн 41.1, 41.2-т хүсэл зоригийн илэрхийлэл, 198.1-198.6-д заасан гэрээг тайлбарлах, гэрээний аль нэг нөхцөл ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах, гэрээний зорилгыг харгалзан талуудын нэгдмэл санааг тодруулах, ажил хэргийн хүрээнд тогтсон заншил зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэсэн хуулийн зохицуулалтыг анхаарч үзэлгүйгээр хариуцагчийн тайлбар, сөрөг нэхэмжлэлд алдангийн талаар маргаагүй байдалд дүгнэлт өгөөгүй, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймд гомдлыг хүлээн авч, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дүгээр сарын 27-ны өдрийн 968 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байх тул магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Р” ХХК нь иргэн Н.Дод холбогдуулан “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 19 667 000 төгрөг, алданги 9 833 500 төгрөг, нийт 29 500 500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, доголдолтой орон сууц хүлээлгэн өгснөөс учирсан хохиролд 72 448 798 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч Н.Доос 19 667 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээс 27 210 333 төгрөгийг хангаж нэхэмжлэгчээс гаргуулахаар, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчээс “27 210 333 төгрөг” гаргуулсан шийдвэрийг “25 615 333 төгрөг” болгон, дээрх үнийн дүнд холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжтай холбоотой заалтыг өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...шүүх нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн, ...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх үндэслэл зааж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхээр буцааж өгнө үү...” гэжээ.

  1. Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Нэхэмжлэгч “Р” ХХК нь Н.Дод холбогдуулан “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 19 667 000 төгрөг, алдангид 9 833 500  төгрөг, нийт 29 500 500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Зохигчдын хооронд 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 83А/55 дугаартай “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ” байгуулагдаж, тус гэрээгээр “Р”  ХХК нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан “UB town” хотхоны 83А дугаар байрны 55 тоот 62.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг, Иргэний хууль, Барилгын тухай хууль болон бусад норм, дүрэм стандартын дагуу орон сууцны зориулалтын хэрэгцээ, чанарын шаардлага ханган шилжүүлэн өгөх, захиалагч Н.Д уг орон сууцны төлбөрт 133 917 000 төгрөгийг гэрээгээр тохирсон хуваарийн дагуу шилжүүлэн өгөхөөр тус тус тохиролцжээ.

Гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл, талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. дэх заалтад нийцсэн байна.

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх, худалдан авагч харилцан тохиролцсон үнийг төлөх үүрэгтэй бөгөөд худалдагч орон сууцыг шилжүүлсэн өгсөн тул худалдан авагчаас үлдэгдэл төлбөрөө шаардах эрхтэй, хариуцагч гэрээний дагуу төлбөл зохих 133 917 000 төгрөгөөс 19 667 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар маргаагүй үндэслэлээр дээрх төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуульд нийцсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Харин үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс гэрээгээр тохирсон алдангид 9 833 500 төгрөгийг нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй тогтоогдсонгүй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3.-т хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.4.-т анз нь торгууль, алданги гэсэн хоёр төрөлтэй байна гэжээ.

Зохигчийн хооронд байгуулсан гэрээний 2.3.-т “...захиалагч хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгээс 0.3 хувиар торгуулийг гүйцэтгэгч талд төлнө...” гэж заасныг үндэслэн шүүх талууд гэрээнд алдангийн талаар тохиролцсон гэж үзэх боломжгүй гэж дүгнэж, улмаар алданги нэхэмжилсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Иймд “...шүүх гэрээний заалтыг дүгнэхдээ талуудын хүсэл зоригийн илэрхийллийг анхааралгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй алдангийг хэрэгсэхгүй болгосон...” гэх нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй гэж үзлээ.

  1. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн талаар:

 Хариуцагч Н.Д нь нэхэмжлэгч “Р” ХХК-д холбогдуулан нэхэмжлэгчээс эд хөрөнгийн доголдолтой, хүн амьдрах боломжгүй, эрүүл ахуйн нөхцөл шаардлагад нийцэхгүй орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгснөөс охин Д.Цэцэнбилэг нь астма өвчин тусаж, 2016 оны 01 дүгээр сараас 07 дугаар сарын хооронд эмчилгээний зардалд 1 278 000 төгрөгийн зардал гарсан, байрны ханын шүүгээнд байсан эд зүйлс хөгцөрч, анхны байдалдаа орохгүй болсон тул эдгээр эд хөрөнгийн үнэ 3 793 333 төгрөг, мөөгөнцөрт идэгдсэн хувцаснуудыг хими цэвэрлэгээнд өгсний зардал 280 000 төгрөг, уг орон сууцанд амьдрах боломжгүй болсноос байр хөлслөхөд гарсан зардал 26 400 000 төгрөг, орон сууцны хөгц, мөөгөнцөрийг ариутгах, засаж, доголдлыг бүрэн арилгахад шаардлагатай зардалд 5 435 000 төгрөг, энэ асуудлаас болж бизнесийн орлогоо алдсан тул олох байсан орлого 30 000 000 төгрөг, дулаан алдагдлын хэмжилт хийлгэсэн ажлын хөлс 180 000 төгрөг, орон сууцны хөгц, мөөгөнцөр устгах, ариутгах үйлчилгээний үнэ 4 382 000 төгрөг, нийт 72 448 798 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1.-д худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, ...үүрэгтэй гэж, 253.2.-т ...доголдлыг арилгахтай холбогдсон зардлыг худалдагч хариуцна гэж, 254 дүгээр зүйлийн 254.1.-д  худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх ...шаардлага гаргах эрхтэй гэж, 261 дүгээр зүйлийн 261.1.-д ...гэрээний аль нэг тал нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс нөгөө талдаа учруулсан хохирлыг гэм хор арилгах нийтлэг журмыг баримтлан арилгана гэж, 229 дүгээр зүйлийн 229.1.-д үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

Нэхэмжлэгчийн хүлээлгэн өгсөн орон сууц хүн амьдрах боломжгүй, 100 хувийн чийгшилтэй, мөөгөнцөр ургасан болох нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 02.03.-276/828 тоот дүгнэлт, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 02.07.-117/880 тоот албан шаардлага, 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 12.03.-065/850 тоот дүгнэлт, “Гоё Дөлгөөн өргөө” ХХК-ийн барилгын дулааны алдагдлыг хэмжсэн хэмжилтийн тайлангаар, 3 793 333 төгрөгийн үнэ бүхий хувцас, эд зүйлс мөөгөнцөрт идэгдсэн, дахин ашиглах боломжгүй болсон нь “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээгээр, тухайн орон сууцанд 4 382 00 төгрөгөөр устгал, ариутгал хийгдэх нь “Улаанбаатар ариутгал” ХХК-ийн нэхэмжлэхээр тус тус тогтоогджээ.

Анхан шатны шүүх Иргэний хуульд зааснаар худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч доголдлыг арилгах, доголдлыг арилгахтай холбогдсон зардлыг хариуцах үүрэгтэй гэх үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим болох дахин ашиглах боломжгүй болж хөгцөрсөн хувцас, эд зүйлийн үнэ, орон сууц хөлсөлсний зардал, орон сууцанд засвар хийх, хөгц, мөөгөнцөр устгах, ариутгах үйлчилгээнд гарах зардал, нийт 27 210 333 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн, шийдвэр Иргэний хуулийн 253 дугаар зүйлийн 253.1., 253.2, 254 дүгээр зүйлийн 254.1., 228 дугаар зүйлийн 228.1., 229 дүгээр зүйлийн 229.1. дэх заалтад нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа анхан шатны шүүх нэхэмжлэгчээс орон сууц хөлсөлсний төлбөрт 13 600 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлсэн гэж дүгнэн, 12 005 000 төгрөг болгон багасгаж, нэхэмжлэгчээс нийт 25 615 333 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгуулахаар өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, өөрийн эрх хэмжээний хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтад нийцсэн, сөрөг нэхэмжлэлийг багасгаж шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаагүй байна.

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: “...хариуцагч орон сууцандаа амьдарч байсан нь түүний “УБЦТС” ТӨХК-д төлбөр төлж байсан баримтаар нотлогдож байхад орон сууц хөлсөлсний төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн, ...хариуцагчийн цоохор ирвэсний арьс ханын шүүгээнд байсан нь тогтоогдоогүй байхад арьсны үнэ гаргуулсан, ...хөгц, мөөгөнцөр устгах, ариутгах үйлчилгээ хийгдээгүй байхад ариутгалын зардлыг гаргуулахаар шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэх үүргээ ноцтой зөрчсөн... тул магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг үгүйсгэсэн, татгалзсан тайлбар, үндэслэлээ  баримтаар нотлоогүй, хоёр шатны шүүх хэрэгт цугларсан баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2. дахь заалтыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 968 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмраар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “Р”  ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 825 647 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД