Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 102/ШШ2017/03082

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: С.З-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Баянгол дүүрэг 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ард аюуш гудамж, 15 дугаар байр, 87 тоотод байрлах, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205000585 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч “Э” ББСБ-д шилжүүлсэнийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Згийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жүгдэрдорж нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч С.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/04669 дугаар захирамжаар С.Згээс 29,953,333 төгрөг гаргуулж “Э” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 01 сарын 23-ны өдөр үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ард аюуш гудамж 15 дугаар байр, 87 тоотод байрлах 1 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж анхны болон 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй тул үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн. Ийнхүү шилжүүлэхдээ тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг санал болгох албадан дуудлага худалдааны комиссын хурлыг зохион байгуулалгүйгээр шилжүүлсэн байна. Миний бие хамтран зээл эзэмшигч А.Б-оор биечлэн 2017 оны 06 сарын 27-ны өдөр энэ тухай шийдвэр гүйцэтгэгч н.Отгонбаярт гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна. Өмчлөгчийн хувьд амьдарч байгаа орон байрыг нь төлбөр авагчид өнөөгийн зах зээлийн ханшнаас хэт бага үнээр буюу 29,953,333 төгрөгөөр бодож төлбөр авагчид шууд шилжүүлсэнд гомдолтой байна. Иймд Баянгол дүүрэг 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюуш гудамж, 15 дугаар байр, 87 тоотод байрлах Ү-2205000585 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч “Э” ББСБ-д шилжүүлснийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгч С.Згийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 07 сарын 21-ний өдрийн 04669 дугаар захирамжаар иргэн С.Згээс 29,953,333 төгрөг гаргуулж “Э ББСБ” ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгө болох Баянгол дүүрэг, 8 хороо, 4 хороолол, 15 байр, 87 тоотод байрлах 1 өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж анхан шатны дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй. Хоёр дахь албадан дуудлага худалдаан оруулсан боловч үнийн санал ирээгүй буюу худалдан борлогдоогүй. 2017 оны 01 сарын 23-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч Б.Отгонбаяр болон төлбөр авагч, төлбөр төлөгч нарын хооронд хурал болсон. Тус хурлын тэмдэглэлд тусгагдсанаар С.З нь өөрийн байрыг төлбөр авагчид шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч тэмдэглэлд гарын үсэг зурсан. Ингээд НШШГГ-ын Ж.Н хурандаа Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэсрүү хүсэлт явуулсан бөгөөд дээрх хөрөнгийг “Э ББСБ” ХХК-д шилжүүлсэн. Нэхэмжлэгч талаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дараалал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Тухайн үед хүчинтэй байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48.7-д зааснаар анхан болон хоёр дахь шатны дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийг санал болгох албадан дуудлага худалдааны комиссын хурлыг зохион байгуулж төлбөр төлөгчид санал болгох комиссын хурлаар шийдвэрлэх байсан бөгөөд 7-8 хүний бүрэлдэхүүнтэй болох ёстой байсан. Тус хурлаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар оролцох бөгөөд худалдан борлогдоогүй өмч хөрөнгийг төлбөртөө авах уу гэсэн хүсэлтийг төлбөр авагчид тавьдаг. Хэрэв төлбөр авагч нь өөрийн өмчлөлд авахыг зөвшөөрвөл өөрийн өмчлөлд авдаг. Авахгүй гэвэл гүйцэтгэх хуудсыг төлбөр авагчид буцааж өгдөг журамтай. Гэтэл уг журмыг зөрчиж комиссын хурал бололгүйгээр шууд тэмдэглэл үйлдэж төлбөр авагчид дээрх үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийн 48.7-д заасныг зөрчиж Баянгол дүүрэг 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард аюуш гудамж, 15 дугаар байр, 87 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч “Э” ББСБ-д шилжүүлснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/04669 дугаар захирамжаар С.З, С.Б нараас 30,107,193 төгрөгийг гаргуулж “Э” ББСБ-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч С.З, А.Б нар төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны гэрээнд дурдсан Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 15 дугаар байр, 87 тоотод байрлах 18 м.кв талбайтай орон сууцыг худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөрт хураан авсан С.Згийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205000585 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 15 дугаар байр, 87 тоот 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудын харилцан тохиролцсон үнэ 140,000,000 төгрөгийн 70 хувиар тооцон 98,000,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох тус албаны 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 3/34674 дүгээр үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч С.З, А.Б нарт гардуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу анхны дуудлага худалдаанд 2016 оны 11 сарын 29-ний өдөр оруулсан боловч үнийн санал ирээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу 2 дахь албадан дуудлага худалдаанд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр оруулсан боловч мөн үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй. Албадан дуудлага худалдаанд барьцаа хөрөнгө худалдан борлогдоогүй талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасан хуулийн заалтыг талуудад танилцуулж, барьцаа хөрөнгийг гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг санал болгох талаар мэдэгдэхэд талууд харилцан тохиролцож үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205000585 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 15 дугаар байрны 87 тоот 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг төлбөр авагч “Э” ББСБ-ын өмчлөлд төлбөрт тооцож шилжүүлэн өгч  гүйцэтгэх хуудсыг дуусгавар болгох хүсэлтийг тус албанд ирүүлсэн. Төлбөр төлөгч, төлбөр авагч талуудаас гаргасан хүсэлтийг үндэслэн 2017 оны 01 сарын 23-ны өдрийн 1/3311 дугаар албан бичгээр өмчлөх эрхийг шилжүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т заасны дагуу 17/110 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шийдвэрээр төлбөр төлөгч нь төлбөр авагчид үл хөдлөх хөрөнгийг шилжүүлээгүй. 2017 оны 06 сарын 27-ны өдөр А.Б гомдол гаргасан, харин С.З гомдол гаргаагүй. Талууд эвлэрсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хуулийн 16.3-т заасны дагуу гомдол гаргах эрхгүй талаар талуудад мэдэгдсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж дууссан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасны дагуу нэхэмжлэгч хуулийн хугацаанд гомдлоо гаргаагүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.З нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Баянгол дүүрэг 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюуш гудамж, 15 дугаар байр, 87 тоотод байрлах, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205000585 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч “Э” ББСБ-д шилжүүлснийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, төлбөр төлөгч, төлбөр авагч хоорондоо эвлэрсэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/04669 дугаар захирамжаар хариуцагч С.З, С.Б нар нэхэмжлэгч “Э” ББСБ-ийн нэхэмжилсэн 29,953,333 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны дотор тогтоосон хугацаанд төлөх, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч С.З, А.Б нар төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны гэрээнд дурдсан Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 15 дугаар байр, 87 тоотод байрлах 18 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

Дээрх шүүхийн шийдвэрийг хариуцагч С.З, С.Б нар сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэр, 2016 оны 09 сарын 06-ны өдөр бичигдсэн гүйцэтгэх хуудсын дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан байна.

 

2002 оны 01 сарын 10-ны өдөр батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т “төлбөр төлөгч, төлбөр авагч хоорондоо эвлэрвэл тэдгээрийн гаргасан тодорхойлолтоор” шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, шийдвэр гарган, гүйцэтгэх баримт бичгийг хаана гэжээ.

 

Нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг санал болгох албадан дуудлага худалдааны комиссын хурлыг зохион байгуулалгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн гэх боловч төлбөр төлөгч А.Б, С.З нар нь төлбөр авагч “Э ББСБ” ХХК-тай Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 15 дугаар байр, 87 тоотод байрлах 18 м.кв талбайтай орон сууцыг эргэн худалдан авах нөхцөлтэйгөөр өмчлөх эрх шилжүүлэхээр тохиролцож, эвлэрснээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон болох нь талуудын 2017 оны 01 сарын 23-ны өдөр талууд эвлэрч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохоор шийдвэр гүйцэтгэгчид гаргасан  хүсэлт, мөн өдрийн талуудын уулзалтын тэмдэглэл, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 17/110 дугаар тогтоол зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Зохигч дээрх хүсэлтийг гаргаж, уулзалтад оролцож, тэмдэглэлд гарын үсэг зурсан тухайд маргаагүй болно. /хх-ийн  10,12-14 дүгээр тал/

 

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  16 дугаар зүйлийн 16.3-т “Энэ хуулийн 16.1.1, 16.1.3-т заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч хоорондоо эвлэрсэн, төлбөр авагч нь төлбөр авахаас татгалзсан бол шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд энэ үндэслэлээр гомдол гаргах эрхгүй” гэж заасан байх тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбогдуулан талууд гомдол гаргах, орон сууцыг өнөөгийн зах зээлийн ханшнаас хэт бага үнээр бодож төлбөр авагчид шууд шилжүүлсэн буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Төлбөр төлөгч, төлбөр авагч дээрх орон сууцыг эргэн худалдан авах нөхцөлтэйгөөр, өмчлөх эрх шилжүүлэхээр тохиролцож эвлэрсэн, төлбөр авагч шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 01 сарын 23-ны өдрийн 1/3311 дугаар албан бичгээр Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст С.З, А.Б нарын өмчлөлд бүртгэлтэй маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг “Э ББСБ” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг мэдэгдсэнийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянгол дүүрэг 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюуш гудамж, 15 дугаар байр, 87 тоотод байрлах, эд хөрөнгийн эрхийн улсын бүртэглийн Ү-2205000585 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч “Э” ББСБ-д шилжүүлснийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Згийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 он/ 48 дугаар зүйлийн 48.7-д заасныг зөрчсөн нь тогтоогдохгүй байх тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюуш гудамж, 15 дугаар байр, 87 тоотод байрлах, эд хөрөнгийн эрхийн улсын бүртэглийн Ү-2205000585 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч “Э” ББСБ-д шилжүүлснийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Згийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

       

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Згээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.АЗБАЯР