Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 286

 

С.З-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2017/03082 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.З-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШШГГ-т холбогдох

 

Баянгол дүүрэг 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ард аюуш гудамж, 15 дугаар байр, 87 тоотод байрлах, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205000585 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчд шилжүүлсэнийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 04669 дугаар захирамжаар С.З-гээс 29 953 333 төгрөг гаргуулж “Э Э Э ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан үл хөдлөх хөрөнгө болох Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 15 дугаар байр, 87 тоотод байрлах 1 өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж анхан шатны дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй. Хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй буюу худалдан борлогдоогүй. 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч болон төлбөр авагч, төлбөр төлөгч нарын хооронд хурал болсон. Тус хурлын тэмдэглэлд тусгагдсанаар С.З- нь өөрийн байрыг төлбөр авагчид шилжүүлэхийг хүлээн зөвшөөрч тэмдэглэлд гарын үсэг зурсан. Ингээд НШШГГ-ын Ж.Наранбаатар хурандаа Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс рүү хүсэлт явуулсан бөгөөд дээрх хөрөнгийг “Э Э Э ББСБ” ХХК-д шилжүүлсэн. Нэхэмжлэгч талаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дараалал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Тухайн үед хүчинтэй байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар анхан болон хоёр дахь шатны дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгийг санал болгох албадан дуудлага худалдааны комиссын хурлыг зохион байгуулж төлбөр төлөгчид санал болгох комиссын хурлаар шийдвэрлэх байсан бөгөөд 7-8 хүний бүрэлдэхүүнтэй болох ёстой байсан. Тус хурлаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар оролцох бөгөөд худалдан борлогдоогүй өмч хөрөнгийг төлбөртөө авах уу гэсэн хүсэлтийг төлбөр авагчид тавьдаг. Хэрэв төлбөр авагч нь өөрийн өмчлөлд авахыг зөвшөөрвөл өөрийн өмчлөлд авдаг. Авахгүй гэвэл гүйцэтгэх хуудсыг төлбөр авагчид буцааж өгдөг журамтай. Гэтэл уг журмыг зөрчиж комиссын хурал бололгүйгээр шууд тэмдэглэл үйлдэж төлбөр авагчид дээрх үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасныг зөрчиж Баянгол дүүрэг 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард аюушийн гудамж, 15 дугаар байр, 87 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч “Э Э Э ББСБ” ХХК-д шилжүүлснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/04669 дугаар захирамжаар С.З-, С.Б нараас 30 107 193 төгрөгийг гаргуулж “Э Э Э ББСБ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч С.З-, А.Б нар төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны гэрээнд дурдсан Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 15 дугаар байр, 87 тоотод байрлах 18 м.кв талбай бүхий орон сууцыг худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөрт хураан авсан С.З-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205000585 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 15 дугаар байр, 87 тоот 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудын харилцан тохиролцсон үнэ 140 000 000 төгрөгийн 70 хувиар тооцон 98 000 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох тус албаны 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 3/34674 дүгээр үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч С.З-, А.Б нарт гардуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу анхны дуудлага худалдаанд 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр оруулсан боловч үнийн санал ирээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу 2 дахь албадан дуудлага худалдаанд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр оруулсан боловч мөн үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй. Албадан дуудлага худалдаанд барьцаа хөрөнгө худалдан борлогдоогүй талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасан хуулийн заалтыг талуудад танилцуулж, барьцаа хөрөнгийг гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг санал болгох талаар мэдэгдэхэд талууд харилцан тохиролцож үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205000585 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 15 дугаар байрны 87 тоот 18 м.кв талбайтай 1 өрөө орон сууцыг төлбөр авагч “Э Э Э ББСБ” ХХК-ийн өмчлөлд төлбөрт тооцож шилжүүлэн өгч гүйцэтгэх хуудсыг дуусгавар болгох хүсэлтийг тус албанд ирүүлсэн. Төлбөр төлөгч, төлбөр авагч талуудаас гаргасан хүсэлтийг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1/3311 дугаар албан бичгээр өмчлөх эрхийг шилжүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т заасны дагуу 17/110 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шийдвэрээр төлбөр төлөгч нь төлбөр авагчид үл хөдлөх хөрөнгийг шилжүүлээгүй. 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр А.Б гомдол гаргасан, харин С.З- гомдол гаргаагүй. Талууд эвлэрсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т заасны дагуу гомдол гаргах эрхгүй талаар талуудад мэдэгдсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж дууссан. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасны дагуу нэхэмжлэгч хуулийн хугацаанд гомдлоо гаргаагүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэхтухай хуулийн /2002 он/ 48 дугаар зүйлийн 48.7-д заасныг зөрчсөн нь тогтоогдохгүй байх тул хариуцагч НШШГГ-т холбогдох Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюуш гудамж, 15 дугаар байр, 87 тоотод байрлах, эд хөрөнгийн эрхийн улсын бүртэглийн Ү-2205000585 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагч “Э Э Э” ББСБ-д шилжүүлснийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.З-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.З-гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2017/03082 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь барьцааны эд зүйлийг дуудлага худалдаанд оруулаад үнийн санал ирээгүй тул Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс рүү албан тоот явуулж “Э Э Э ББСБ” ХХК-ийн өмчлөлд С.З-гийн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн хэмээн анхан шатны шүүх хуралдааны үед мэтгэлцсэн. С.З-гийн хүсэлтийг үндэслэж үл хөдлөх хөрөнгө шилжсэн эсхүл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны бичгийг үндэслэж үл хөдлөх хөрөнгө шилжсэн үү гэсэн асуудал тодорхойгүй болсон. Хариуцагчийн тайлбартай холбогдуулан Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст лавлагаа ирүүлж хэний оролцоотойгоор үл хөдлөх хөрөнгөд хөдөлгөөн орсныг тогтоолгох арга хэмжээ авъя гэсэн хүсэлт гаргасан. Шүүх хүсэлт гаргах дараалал алдагдсан гэх буюу хүсэлтийг зөвхөн шүүх хуралдааны эхэнд хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө гаргадаг гэсэн үндэслэл зааж хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон.

Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн лавлагаагаар НШШГГ- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь заалтыг зөрчсөн эсэх нь тодорхой болох байтал уг боломжийг үгүйсгэж хүсэлтийг хүлээн аваагүй байтлаа уг хуулийн заалтыг зөрчсөн нь тогтоогдохгүй байна хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаана уу гэжээ.  

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Баянгол дүүрэг 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард аюушийн гудамж, 15 дугаар байр, 87 тоотод байрлах, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205000585 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэнийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.З-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч НШШГГ- эс зөвшөөрч маргасан байна.

 

Хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШШ2016/04669 дугаар захирамжаар хариуцагч С.З-, С.Б нар нь нэхэмжлэгч “Э Э Э ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 29 953 333 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ны дотор тогтоосон хугацаанд төлөх, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцааны гэрээнд дурдсан Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 15 дугаар байр, 87 тоотод байрлах 18 м.кв талбай бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба шийдвэрийг хариуцагч С.З-, А.Б нар сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр НШШГГ- шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулжээ.

 

Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт зааснаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг санал болгох албадан дуудлага худалдааны комиссын хурлыг зохион байгуулалгүйгээр үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан байх боловч төлбөр төлөгч нар нь төлбөр авагчтай үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 15 дугаар байр, 87 тоотод байрлах 18 м.кв талбай бүхий орон сууцыг эргэн худалдан авах нөхцөлтэйгөөр өмчлөх эрх шилжүүлэхээр тохиролцож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлтийг өөрсдөө гаргасан гэх үндэслэлээр хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна. /хэргийн 10,12-14 дүгээр тал/

 

Тодруулбал, төлбөр төлөгч А.Б, С.З- нар нь төлбөр авагч “Э Э Э ББСБ” ХХК-тай тохиролцож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлтийг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагч байгууллагад гаргасныг үндэслэн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай 17/110 дугаартай тогтоол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т “төлбөр төлөгч, төлбөр авагч хоорондоо эвлэрвэл тэдгээрийн гаргасан тодорхойлолтоор шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, шийдвэр гарган, гүйцэтгэх баримт бичгийг хаана” гэж заасанд нийцжээ.

 

Иймээс хариуцагчийн явуулсан дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3, 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй гэж анхан шатны шүүх дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн завж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 102/ШШ2017/03082 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ЗОЛЗАЯА

 

                                               ШҮҮГЧИД                                  Ч.ЦЭНД

 

                                                                       С.ЭНХТӨР