| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 171/2019/0284/э |
| Дугаар | 2019/ШЦТ/321 |
| Огноо | 2019-10-29 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 18.6.1., |
| Улсын яллагч | Л.О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2019/ШЦТ/321
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Л.О
Шүүгдэгч С.Б, Ч.Э
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б, Ч.Э нарт холбогдох эрүүгийн 1825008220318 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: С.Б
Биеийн байцаалт: Ч.Э
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч С.Б нь 2018 оны 11 сарын 28-ны өдөр ...................тоотод оршин суух З.Мийн байшинд хууль бусаар нэвтэрч 43 инчийн Скай ворд загварын зурагт, хонины гуя 2 ширхэгийг хулгайлан 886.000 төгрөгийн хохирол учруулсан, Ч.Э нь 2018 оны 11 сарын 28-ны өдөр С.Бын ...................тоотод оршин суух З.М-н байшинд хууль бусаар нэвтэрч хулгайлсан 43 инчийн Скай ворд загварын зурагтыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж бусдад зарж борлуулан ашигласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч С.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 11 сарын 28-нд хүргэн ахтайгаа 2 шил архи уусан. Тэгээд харьж яваад М-ийнхээр очиход хүнгүй байсан. Цонхыг нь хагалж ороод зурагт, хонины 2 гуя авсан. Тэгээд гудамжинд гараад иртэл Э ах бид 2 хамт явж Төгөл дээр ирж 250.000 төгрөгөөр зарсан. Хэргийн талаар маргахгүй. Зурагт зарсан мөнгөөрөө хоол унданд орж, архи ууж дуусгасан. Дахин ийм зүйл хийхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Зурагт зарсан хүнээ мэддэг байсан учир зурагтыг хохирогчид буцааж өгсөн. 2 хонины гуяыг 20.000 төгрөгөөр гудманд хүнд зарсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг,
-Шүүгдэгч Ч.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хэргийн хувьд маргахгүй. Б М-ийнхээс зурагтыг нь авчихлаа гэж хэлсэн. Уг нь би буцааж оруулж тавь гэж хэлсэн. Тэгэхэд Бадрах яадгийн аваад явчихья гэж хэлэхээр нь аваад явчихсан. Архи ууснаас болсон. Энэ хэрэгт холбогдсон нь миний буруу. Толгойндоо гэмтэл авч хагалгаанд орсон. Группэд орсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Аав маань хэвтэрт байдаг гэсэн мэдүүлэг,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.К- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Хохирогч гэж анх мэдүүлэг өгсөн С нь хэрэг гарах үед миний төрсөн дүү Мтэй хамтран амьдарч байсан юм. Тэгээд хэрэг гарсанаас хойш С нь Мийн гэрээс өөрт хамааралтай эд зүйлээ аваад бүрмөсөн явсан. М 2019 оны 05 сарын 08-ны өдөр тархины тал цус харвалт өгч биеийн байдал нь маш муу доройтсон. Одоо бүрэн оюун ухаан байхгүй хагас дутуу ярьдаг үе үе уналт таталт өгдөг өвчтэй болсон. 2019 оны 08 сарын 26-ны өдөр хулгайд алдсан зурагтаа албан ёсоор хүлээн авсан учраас дүү бид хоёрт гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх 37 ху/,
-Гэрч А.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2018 оны 11 сарын 28-ны өдөр Спорт ордны урдуур явж байгаад Төгөл их дэлгүүрийн хажуугаар явж өнгөрөх үед 2 халамцуу залуу ЛСД зурагт зарна гээд үзүүлээд зогсож байсан. Би хэд гэж байгаа юм бэ гэхэд өндөр нуруутай бор залуу 300.000 төгрөгөнд өглөө ямар нэгэн асуудал байхгүй, миний зурагт би өөрөө хөдөө ажил хийж байгаад 850.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Надад яаралтай мөнгөний хэрэг гараад маш хямд үнээр зарлаа гэж надад хэлсэн. 43 инчийн Скай ворд зурагт байсан. ...надад нэхэмжлэх зүйл байхгүй С.Б, Ч.Э нарын ар гэрийн хүн болох Х гэх эмэгтэй 250.000 төгрөг тоолж өгсөн учраас би 43 инчийн зурагтыг буцааж өглөө гэсэн мэдүүлэг /хх 75-76 ху/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 91 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй гэсэн дүгнэлт /хх 50-51 ху/
-С.Быг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 1, 4-5 ху/
-Ч.Эыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 9, 12-13 ху/
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл / хх 14 ху/
-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 15, 32-33
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 30-31 ху/
-Эд зүйлийн үнэлгээ /хх 39-42 ху/
-Эд зүйл хураан авч, хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх 48 ху/
-Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас / хх 95, 99 ху/
-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 08-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх 96-98, 100-102 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч С.Б нь 2018 оны 11 сарын 28-ны өдөр ...................14-01 тоотод оршин суух З.М-ийн байшинд хууль бусаар нэвтэрч 43 инчийн Скай ворд загварын зурагт, хонины гуя 2 ширхэгийг хулгайлан 886.000 төгрөгийн хохирол учруулсан, Ч.Э нь 2018 оны 11 сарын 28-ны өдөр С.Бын ...................14-01 тоотод оршин суух З.М-ийн байшинд хууль бусаар нэвтэрч хулгайлсан 43 инчийн Скай ворд загварын зурагтыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж бусдад зарж борлуулан ашигласан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Бын өгсөн “...2018 оны 11 сарын 28-нд хүргэн ахтайгаа 2 шил архи уусан. Тэгээд харьж яваад М-ийнхээр очиход хүнгүй байсан. Цонхыг нь хагалж ороод зурагт, 2 хонины гуя авсан. Тэгээд гудамжинд гараад иртэл Эрдэнэбаяр ах бид 2 хамт явж Төгөл дээр ирж 250.000 төгрөгөөр зарсан. Хэргийн талаар маргахгүй” гэсэн, шүүгдэгч Ч.Эын “Хэргийн хувьд маргахгүй. М-ийнхээс зурагтыг нь авчихлаа гэж хэлсэн. Уг нь би буцааж оруулж тавь гэж хэлсэн. Тэгэхэд Бадрах яадгийн аваад явчихья гэж хэлэхээр нь аваад явчихсан” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.К “...2019 оны 08 сарын 26-ны өдөр хулгайд алдсан зурагтаа албан ёсоор хүлээн авсан учраас дүү бид хоёрт гомдол санал байхгүй” гэсэн /хх 37 ху/ мэдүүлгүүд, гэрч А.А-ийн / хх 75-76 ху/ өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, эд зүйлийг хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж захиран зарцуулах гэмт хэргийн үндсэн шинжийг тус тус агуулж байна гэж дүгнэлээ.
Орхон аймгийн прокуророос шүүгдэгч С.Бад Эрүүгийн хуулийн тусгай 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Ч.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул тэднийг дээрхи гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Б, Ч.Э нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Хохирлын хувьд 43 инчийн Скай ворд загварын зурагтыг хохирогчид буцаан өгсөн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Кулыхааны мэдүүлэг, мөн эд зүйлийг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр нотлогдож байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөр байхгүй байна.
Шүүгдэгч С.Б, Ч.Э нарын цагдан хоригдсон тус бүрийн 6 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овгийн Чын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж захиран зарцуулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Быг 2 /хоёр/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Эыг 6 /зургаа/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бын эдлэх 2 жилийн хорих ялыг, шүүгдэгч Ч.Эын эдлэх 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Ч.Э нарын цагдан хоригдсон тус бүрийн 6 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б, Ч.Э нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА