Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2019/ШЦТ/322

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

Улсын яллагч Н.Д

Хохирогч Б.Ц

Шүүгдэгч Ц.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Одончимэг нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Тд холбогдох эрүүгийн 1925004650279 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Ц.Т

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ц.Т нь 2019 оны 06 сарын 19-ний өдөр ...............................дугаар байрны гадна байх машины зогсоол дээрээс иргэн Б.Цийн 00-00 улсын дугаартай “Н” загварын 10.000.000 /арван сая/ төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Ц.Тгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 05 сарын 28-нд М нь мөнгөний хэрэг болоод гээд утасдаад барьцаанд машин тавья гэж хэлж байсан. Уг нь машинаа танай гадаа авчираад тавьчихья гэхээр нь би эд зүйл нь алга болчих байх гэж бодоод аваагүй юм. 06 сарын 05-нд хашаа байшингаа зараад төлнө гэж хэлээд 4.000.000 төгрөг зээлж авсан. Өгнө гэж удаа дараа худал хэлдэг байсан. Тэгээд 06 сарын 19-ний өдөр 6-15-р байранд очиж мөнгөө нэхсэн. М нь хадам ээждээ өгсөн гээд, хадам нь гадаадаас хариу хүлээж байна гээд байсан. Тэгээд би яараад ширээн дээрээс түлхүүрийг нь аваад гарсан. Араас түлхүүрийг булаацалдаж бариагүй болохоор би зөвшөөрсөн гэж бодсон. Би машиныг чинь авлаа, мөнгөө өгөөд аваарай гэсэн. Тэгээд машиныг нь хороололд хашаанд нь аваачиж тавьсан. Одоо 1.070.000 төгрөг авсан. Үлдэгдлийг нь аваагүй. Намайг гэрээс нь түлхүүр аваад гарсныг мэдэж байгаа. Цуг гарсан. Би урьд өдөр нь 06 сарын 18-нд очиход хадам ээжийг дансаар гадаадаас 60.000.000 төгрөг орж ирсэн.  Нэг хонуулаад өгье гэсэн гэж хэлэхээр нь би явсан. Тэгээд маргааш нь ирээд М, нөхрийнх нь хамт хадам ээжийнх рүү явсан юм. Хадам ээж нь хариу ирэхгүй байна гээд утсаа бариад суугаад байсан гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Б.Цийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Дүү маань гааль дээр гацчихаад мөнгөний хэрэг болоод тэгээд Тгоос мөнгө асуусан. Хүүхдийнхээ хадгамламжийг барьцаалж зээл авч өгсөн. 06 сарын 10-ны дотор хашаа байшингийн үлдэгдэл мөнгө ирэхээр нь өгнө гэж хэлээд 4.000.000 төгрөгний зээл авсан. 06 сарын 18-нд ирээд орилж хашгираад байхаар нь би мөнгө хайж байна, жаахан хүлээж бай гэхэд уурлаж хашгичиж байгаад явсан. Тэгээд 06 сарын 19-нд ирэхэд манай ээж хөдөөнөөс ирсэн байсан ээж рүү дайрч давшлаад байсан. Тэгээд тэндээс манай хадам ээжийнх рүү хамт явсан. Тэнд очоод мөн хашгираад байсан. Би чамтай хэл амаа ололцохгүй юм байна цагдаа дуудья гэж хэлсэн. Т ширээн дээр байсан машины түлхүүрийг аваад мөнгөө өгч байж аваарай гэж хэлсэн. Би Тгоос түлхүүрээ авья гэтэл мөнгө өгч байгаад аваарай. Чи миний мөнгийг авсан юм чинь, би чиний машины түлхүүрийг өгөхгүй гэсэн. Тэгээд би буцаад орсон гэсэн мэдүүл

-Гэрч Г.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Т бид хоёр хуурай эгч дүүсийн харилцаатай хүмүүс юм. Би хүнд мөнгө зээлсэн чинь мөнгөө өгдөггүй ээ тэгээд машиныг нь аваад ирлээ гэж Ц.Т надад хэлсэн. Удахгүй 2,3 хоногоос мөнгө өгнө тэгээд машинаа авна гэж надад хэлсэн юм гэсэн мэдүүлэг /хх 32 ху/,

 

-Гэрч Ц.Цын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би өдрийг нь санахгүй байна, ямар ч байсан 2019 оны хавар шиг санаад байна, тухайн үед өөрийнхөө гэрт 4 настай хүүгийнхээ хамт байж байтал гаднаас бэр М, хүү Н нар нь Т гэх эмэгтэйгийн хамт маргалдаад орж ирсэн юм. Тэгээд Т нь орж ирээд Мийг есөн шидээр хэлээд хэрэлдээд байсан юм, би яг юу гэж хэлээд байсныг одоо санахгүй байна. М нь өөрийнхөө машины түлхүүрийг манай гэрийн ширээн дээр тавьсан чинь Т гэх эмэгтэй нь Мийн машины түлхүүрийг шүүрч аваад л гараад явсан юм. Тэгээд байж байтал Т нь нэг эрэгтэй хүн дуудаад Мийн машиныг нь аваад явсан юм. Надад өөр мэдэх зүйл байхгүй ээ гэсэн мэдүүлэг /хх 34 ху/

-Гэрч Ц.Нийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 06 сард гэж санаж байна, тухайн үед хөдөөнөөс орж ирээд ээжийнхээ гэрт байж байтал манай эхнэр М, Т хоёр гаднаас орж ирээд Т нь манай эхнэрээс мөнгөө нэхэж уурлаад хоорондоо хэрэлдээд байсан юм. Тэгээд хэрэлдэж байгаад Т нь гал Тны өрөөний ширээн дээр байсан эхнэрийн машины түлхүүрийг шүүрч аваад гараад явсан юм. Манай эхнэр гаднаас орж ирэхдээ л машиныхаа түлхүүрийг ширээн дээр тавьсан байсан гэсэн мэдүүлэг /хх 35 ху/

-Яллагдагч Ц.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 05 сарын 29-ний өдөр М гэх найздаа 4 сая төгрөгийг буцааж 2019 оны 06 сарын 05-ны өдөр авахаар зээлдүүлсэн юм. М надад хэлэхдээ 2019 оны 06 сарын 05-ны дотор буцаагаад өгнө гээд авсан юм. Мт зээлсэн 4 сая төгрөг манай хүүхдүүдийн хадгаламж барьцаалсан зээл байсан, хугацаа нь 2019 оны 06 сарын 19-ний өдөр дууссан Хугацаа нь дуусахаар нь би өөрөөсөө банкны хүүг нь төлөөд дахин сунгалт хийлгэсэн. Ингээд хугацаандаа мөнгөө өгөөгүй тул би машиныг нь барьцаанд авсан. Миний хохирлыг барагдуулвал буцаагаад машиныг нь бүрэн бүтнээр нь өгнө. Түүний машин .......................тоотод айлын хашаанд байгаа, би байрныхаа гадаа байлгавал сэлбэг хэрэгсэл янз бүрийн эд зүйл нь алга болчихож магадгүй гээд тэр айлын хашаанд байлгаж байгаа юм. Би дээрх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...очоод хоорондоо ойлголцохгүй учраа олохгүй байсан учраас би уурандаа түүний машиныг аваад явчихсан юм. Би Мийн машиныг завших, үрэгдүүлэх зорилгогүйгээр авч явсан нь үнэн гэсэн мэдүүлэг /хх 33,81-82 ху/

 

-Ц.Тгийн яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 1, 83-84 ху/

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 9-10 ху/

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-12, 64-72 ху/

-Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх 15 ху/

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 16 ху/

-Эд зүйлийн үнэлгээ /хх 21-26 ху/

              -Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 40 ху/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

            Шүүгдэгч Ц.Т нь 2019 оны 06 сарын 19-ний өдөр ...............................дугаар байрны гадна байх машины зогсоол дээрээс иргэн Б.Цийн 00-00улсын дугаартай “Нyundai sonata-7” загварын 10.000.000 /арван сая/ төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн “...05 сарын 28-нд М нь мөнгөний хэрэг болоод гээд утасдаад барьцаанд машин тавья гэж хэлж байсан. 06 сарын 05-нд хашаа байшингаа зараад төлнө гэж хэлээд 4.000.000 төгрөг авсан. Өгнө гэж удаа дараа худал хэлдэг байсан. Тэгээд 06 сарын 19-ний өдөр 6-15-р байранд очиж мөнгөө нэхсэн. М нь хадам ээждээ өгсөн гээд, хадам нь гадаадаас хариу хүлээж байна гээд байсан. Тэгээд би яараад ширээн дээрээс түлхүүрийг нь аваад гарсан. Араас түлхүүрийг булаацалдаж бариагүй болохоор би зөвшөөрсөн гэж бодсон” гэсэн, хохирогч Б.Цийн “...Манай дүү маань гааль дээр гацчихаад мөнгөний хэрэг болоод Тгоос мөнгө асуусан. Хүүхдийнхээ хадгамламжийг барьцаалж зээл авч өгсөн. 06 сарын 10-ны дотор хашаа байшингийн үлдэгдэл мөнгө ирэхээр нь өгнө гэж хэлээд 4.000.000 төгрөгний зээл авсан. 06 сарын 18-нд ирээд орилж хашгираад байхаар нь би мөнгө хайж байна, жаахан хүлээж бай гэхэд уурлаж хашгичиж байгаад явсан. Тэгээд 06 сарын 19-нд ирэхэд манай ээж хөдөөнөөс ирсэн байсан ээж рүү дайрч давшлаад байсан. Тэгээд тэндээс манай ээжийнх рүү хамт явсан. Тэнд очоод мөн хашгираад байсан. Би чамтай хэл амаа ололцохгүй юм байна цагдаа дуудья гэж хэлсэн. Т ширээн дээр байсан машины түлхүүрийг аваад мөнгөө өгч байж аваарай гэж хэлсэн. Би Тгоос түлхүүрээ авья гэтэл мөнгө өгч байгаад аваарай. Чи миний мөнгийг авсан юм чинь, би чиний машины түлхүүрийг өгөхгүй гэсэн” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Г.Т /хх 32 ху/ гэрч Ц.Ц /хх 34 ху/, Ц.Н /хх 35 ху/ нарын мэдүүлгүүд, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...энэ хэрэг дээр үндэслэлийг сайн шалгаагүй, хохирогчийн үгийг туйлын үнэн гэж үзэх боломжгүй, Тгийн үйлдэл нь энэ хэргийг шинжийг хангахгүй байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй, учир нь шүүгдэгчийн өөрийнх нь өгсөн “...би яараад ширээн дээрээс түлхүүрийг нь аваад гарсан. Араас түлхүүрийг булаацалдаж бариагүй болохоор би зөвшөөрсөн гэж бодсон. Би машиныг чинь авлаа, мөнгөө өгөөд аваарай гэж хэлсэн” гэсэн, хохирогчийн “...Т ширээн дээр байсан машины түлхүүрийг аваад мөнгөө өгч байж аваарай гэж хэлсэн. Би Тгоос түлхүүрээ авья гэтэл мөнгө өгч байгаад аваарай” гэсэн, гэрч Г.Т “...хүнд мөнгө зээлсэн чинь мөнгөө өгдөггүй ээ тэгээд машиныг нь аваад ирлээ гэж Ц.Т надад хэлсэн” гэсэн, гэрч Ц.Ц “...бэр М, хүү Н нар нь Т гэх эмэгтэйгийн хамт маргалдаад орж ирсэн юм. Тэгээд Т нь орж ирээд Мийг есөн шидээр хэлээд хэрэлдээд байсан юм, би яг юу гэж хэлээд байсныг одоо санахгүй байна. М нь өөрийнхөө машины түлхүүрийг манай гэрийн ширээн дээр тавьсан чинь Т гэх эмэгтэй нь Мийн машины түлхүүрийг шүүрч аваад л гараад явсан” гэсэн,  гэрч Ц.Нгийн “...Т нь манай эхнэрээс мөнгөө нэхэж уурлаад хоорондоо хэрэлдээд байсан юм. Тэгээд хэрэлдэж байгаад Т нь гал Тны өрөөний ширээн дээр байсан эхнэрийн машины түлхүүрийг шүүрч аваад гараад явсан юм. Манай эхнэр гаднаас орж ирэхдээ л машиныхаа түлхүүрийг ширээн дээр тавьсан байсан” гэсэн мэдүүлгүүдээр түүнийг бусдын өмчлөлийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан гэж үзэх үндэслэлтэй байна.

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Ц.Тд Эрүүгийн хуулийн тусгай 17.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Ц.Т нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэрэг байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь “машинаа өөр дээрээ авсан, Одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөр байхгүй байна.

 

            Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Т нь оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд сард 90.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

            5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            6. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй,  болохыг тус тус дурьдсугай.

            7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Ж.БАЙГАЛМАА