Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 572

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн хурлын  танхимд  нээлттэй хийсэн  иргэний  хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын *** дугаар баг, Хуурч 6-04 тоотод оршин суух хаягтай гэх, Тэрт овгийн Балганы Эрдэнэдалай /МХ-64051311/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг даргын тамгын газарт холбогдох

 “Нотариатын үйлдэл хүчингүй болгуулах” -ыг хүссэн иргэний  хэргийг хянан  хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Эрдэнэдалай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Арслан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, нарийн бичгийн даргад С.Энхтайван нар оролцов.           

     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Эрдэнэдалай шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Миний бие Балган овогтой Эрдэнэдалай нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 140 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамжаар тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үр тариа тарих зориулалттайгаар 60 га тариалангийн талбайг 60 жилийн хугацаатайгаар эзэмшихээр болсон юм. Үүний дагуу гэрчилгээгээ 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гаргуулж авсан.

Улмаар 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн газраа “Ургацын хишиг” ХХК-ийн захирал Ж.Авирмэдэд 10 жилээр ашиглуулах тухай гурвалсан гэрээг хийсэн байтал саяхан 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн захирамжаар миний газар эзэмших эрх бүхэлдээ “Ургацын хишиг” ХХК-ийн захирал Ж.Авирмэдэд 60 жилийн хугацаатайгаар шилжсэнийг олж мэдлээ. Надад энэ талаар албан ёсоор, хуулийн дагуу мэдэгдээгүйгээр ийм зүйл болсонд гомдолтой байсан учраас энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр Захиргааны хэргийн шүүхэд хандахад тухайн үед намайг байлцуулахгүйгээр надад мэдэгдэхгүйгээр сумын тамгын газрын дарга нь хүсэлтийг баталж үүний улмаас миний 60 га газар иргэн Авирмэдэд шилжсэн байна. Тухайн хүсэлт гэх бичгийг миний бие нь Авирмэдтэй хоорондоо тохиролцвол хуулинд зааснаар гэрээ хийж баталгаажуулна гэж ойлгосон боловч ямар ч тохиролцоонд хүрээгүй байхад өөрөө дур мэдэн батлуулсан байна.

Иймд 2007 оны 06 дугаар 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тамгын газрын даргын баталсан нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү! гэжээ. 

 

Хариуцагч Сэлэнгэ аймгийн засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан тайлбартаа:

...  Сэлэнгэ аймаг, Цагааннуур сумын Засаг даргын 2004 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 140 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамжаар тус сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үр тариа тарих зориулалттай газар 6 га тариалангийн талбайг 60 жилийн хугацаатай газар эзэмшихээр болж улмаар 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн газрыг “Ургацын хишиг” ХХК-ний захирал Ж.Авирмэдэд 10 жилээр ашиглуулах тухай гурвалсан гэрээг хийсэн байтал 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн захирамжаар миний газар эзэмших эрх бүхэлдээ “Ургацын хишиг” ХХК-ний захирал Ж.Авирмэдэд 60 жилийн хугацаатайгаар шилжсэн.

Энэ үед надад мэдэгдэхгүйгээр намайг байлцуулахгүйгээр тухайн үед ажиллаж байсан сумын Засаг даргын тамгын газрын дарга хүсэлтийг баталсан.

Иймээс 2007 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Сэлэнгэ аймаг, Цагааннуур сумын Засаг даргын тамгын газрын даргын баталсан нотариатын үйлдлийг хүчингүй болгож өгнө үү гэж дурьдсан бөгөөд хариуцагчаар Сэлэнгэ аймаг Цагааннуур сумын Засаг даргын тамгын газрын дарга М.Цэдэндамба миний биеийг татсан байна.

Иймд дээрх иргэний нэхэмжлэлд тухайн үед ажиллаж байсан сумын Засаг дарга Д.Алтанзоригийн баталсан нотариатын үйлдлийг миний бие хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй тул уг нэхэмжлэлээс татгалзаж буй тайлбарыг гаргаж байна! гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Б.Эрдэнэдалайгийн шүүхэд гаргасан нотариатын үйлдлийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү! гэжээ.

Иргэний хэрэгт цугларсан  нотлох баримтуудыг шинжлэн судлаж                       

ҮНДЭСЛЭХ нь:

                 Нэхэмжлэгч Б.Эрдэнэдалай нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг дагын тамгын газарт холбогдуулан “нотариатын үйлдэл хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын засаг даргын тамгын газрын дарга М.Цэдэндамба нь би энэ үйлдлийг хийгээгүй. Тухайн үед ажиллаж байсан сумын Засаг даргын тамгын газрын дарга Д.Алтанзориг баталсан нотариатын үйлдлийг миний бие хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэлэлтэй гэж үзлээ.

Учир нь: Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.Эрдэнэдалай нь 2017 оны 2007 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг дарга болон газрын даамалд гаргасан өргөдлийн үнэн зөв гэрчилсэн” үйлдлийг хийлгэсэн болох нь гэрч Д.Алтанзоригийн Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүхэд өгсөн ... өөрөө над дээр орж ирээд албан ёсоор баталгаа хийлгээд гарсан... гэх мэдүүлэгээр тогтоогдож байна.

Түүнчлэн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын Засаг дарга болон газрын даамалд гаргасан өргөдлийн үнэн зөв гэрчилсэн” үйлдлийг хийлгэсэний улмаас Б.Эрдэнэдалайгийн газар эзэмших эрх бүхэлдээ “Ургацын хишиг” ХХК-ний захирал Ж.Авирмэдэд 60 жилийн хугацаатайгаар шилжсэн гэх үйл баримт тогтоогдохгүйн дээр нэхэмжлэгч Б.Эрдэнэдалай нь “... тухайн хүсэлт гэх бичгийг Авирмэдтэй хоорондоо тохиролцвол хуулинд зааснаар гэрээ хийж баталгаажууна” гэж ойлгосон боловч ямар ч тохиролцоонд хүрээгүй байхад өөрөө дур мэдэн батлуулсан байна” гэх тайлбар түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотолж чадаагүй.

Мөн Д.Эрдэнэдалай нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн ...   нотариатын үйлдэл хийх зааврын дагуу нэхэмжлэгчийн өөрийн хүсэлтээр нотариатын үйлдлийг баталсан гэх тайлбар, гэрч Д.Алтанзоригийн ... өөрөө над дээр орж ирээд албан ёсоор баталгаа хийлгээд гарсан... гэх мэдүүлэг зэргийг тус тус няцааж чадаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг ойлгоно. 

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын засаг даргын тамгын газар нь нэхэмжлэгч Б.Эрдэнэдалайгийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан болох нь тогтоогдохгүй байх тул энэхүү нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Б.Эрдэнэдалай нэхэмжлэлийн шаардлагаа нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй тул шүүх түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Эрдэнэдалайгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нотариатын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг даргын тамгын газарт холбогдох 2007 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн “Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын Засаг дарга болон газрын даамалд гаргасан өргөдлийн үнэн зөв гэрчилсэн” үйлдлийг хүчингүй болгуулахыг хүссэн Б.Эрдэнэдалайгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.   

     

                           

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.МӨНХЗУЛ